Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2023/0211

 

    2023         03          13                                    128/ШШ2023/0211

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дамдинбазарын Гал-Эрдэнэ /РД:/,

Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын дарга,

Маргааны төрөл: “мөрдөгчийг цагдаагийн албанаас халж, цолыг хураасан шийдвэрийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, цолыг сэргээлгэх, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах” тухай маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Гал-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Б.Содболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранбаатар, Э.Болор-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн нарыг оролцуулав.      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/1230 дугаартай “Албанаас халж, цагдаагийн цол хураах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, цагдаагийн ахмад цолыг сэргээлгэх, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах.

Хоёр. Болсон үйл баримтын тухайд.

1. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргын тушаалаар Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Гал-Эрдэнийг цагдаагийн бусад албан хаагчдын хамт 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс Сэлэнгэ аймгийн Ерөө сум, 3 дугаар баг Бугант тосгон “16-гийн даваа” гэх хууль бус алт олборлолт явагдаж байсан газарт  хамгаалалтын үүрэг гүйцэтгүүлэхээр томилж ажиллуулсан.

2. Тухайн байршлаас 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Зил 131 маркийн 3 автомашинаар алттай гэх шороо ачуулан тээвэрлүүлсэн гэх үйлдэл илэрч, Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-аюулгүй байдлын газар, мөн Экологийн цагдаагийн алба шалгалт явуулж, Дотоод хяналт-аюулгүй байдлын газар 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр танилцуулга бичсэн,

3. Уг танилцуулгаар Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Гал-Эрдэнийг Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх хэсэгт зааснаар албанаас халах санал гаргаж,

4. 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Д.Гал-Эрдэнэд албаны шалгалтын дагуу гаргах шийдвэрийн талаар сонсох ажиллагаа явуулж,

5. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/1230 дугаар тушаалаар Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Гал-Эрдэнийг “алт олборлох хууль бус үйл ажиллагаа явагдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн хамгаалалтад авсан газарт гадны иргэн, автомашин нэвтрүүлэн, хориглосон үйл ажиллагааг хамтран явуулж, хууль бус үйлдлээ нуун дарагдуулсан, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэлгүй Төрийн албаны тухай  хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.1, 2.3.6, 2.3.8, .2.3.10, 2.4.2, .2.4.5, дахь заалтад заасныг тус тус зөрчсөн” гэх үндэслэлээр Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх заалтаар цагдаагийн албанаас халж, цагдаагийн ахмад цолыг хураасан.

6. Экологийн цагдаагийн алба “2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр нэр бүхий иргэд газрын хэвлийд хууль бусаар халдахад тухайн цаг хугацаанд эргүүл, хяналт шалгалтын ажил гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагчид нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй” гэх мэдээллээр шалгасан материалд Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллыг тогтоон Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн бөгөөд захиргааны энэ хэрэг шүүхээр шийдвэрлэгдэх хугацаанд хэрэг бүртгэлтийн хэрэг шийдвэрлэгдээгүй байсан болно.   

7. Д.Гал-Эрдэнэ Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, Төрийн албаны зөвлөл “Цагдаагийн албаны тухай хуулиар шийдвэрлэсэн тул харьяаллын хувьд маргаан үүсгэн шийдвэрлэх боломжгүй” хэмээн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн албан бичгээр хариу өгч, уг хариуг 10 дугаар сарын 17-нд хүлээн авснаар шүүхэд 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.

Гурав. Маргаж буй үндэслэл.

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Гал-Эрдэнэ миний бие 2015 онд Хууль сахиулахын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөөд цагдаагийн дэслэгч цол авч, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт хэсгийн байцаагчаар, 2016 оны 6 дугаар сард Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт мөрдөн байцаагчаар, 2022 оны 4 дүгээр сард ахлах мөрдөгчөөр, цагдаагийн ахмад цолтойгоор ажилласан. Ажиллах хугацаандаа Цагдаагийн ерөнхий газрын даргын хүндэт жуух бичиг, Мөрдөн байцаах албаны баярын бичиг, Сүхбаатар сумын Засаг даргын жуух бичиг, Сэлэнгэ аймгийн Засаг даргын жуух бичгээр шагнуулж ажил хөдөлмөрөө үнэлүүлж байсан, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын “ажил мэргэжлийн шилдэг албан хаагч”-аар шалгарч байсан, цагдаагийн албанд өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж, холбогдох хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөж ажиллаж байсан бөгөөд ямар нэгэн ёс зүйн алдаа дутагдал, хууль бус үйлдэл гаргаж байгаагүй болно.

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргын тушаалаар 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс Сэлэнгэ аймгийн Ерөө сум, 3 дугаар баг Бугант тосгон “16-гийн даваа” гэх хууль бус алт олборлолт явагдаж байсан газарт  цагдаагийн 7 албан хаагчийн хамт хамгаалалтын үүрэг гүйцэтгэхээр очиж ажилласан. Тус газраа хамгаалалтын үүрэг гүйцэтгэж ажиллаж байх хугацаанд 2022.08.28-ны өдрийн өглөө 09.00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газарт геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч О.Алтанбаярын хамт Хүдэр сумын чиглэлд эргүүл, хяналт шалгалт хийхээр яваад 12.00 цаг өнгөрч байхад хяналтын пост дээрээ ирсэн. Намайг эргүүл хяналтаар яваад ирэх тус хугацаанд хяналтын постоор 3 ширхэг Зил-131 маркийн авто машин нэвтэрч улмаар шороо ачиж гарч явсан гэх үйл баримт Экологийн цагдаагийн алба, Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газраас ирсэн бүрэлдэхүүний шалгалтын явцаар тогтоогдсон гэх зүйл яригдах болсон. Миний бие тухайн 3 машин хэзээ хэрхэн нэвтэрсэн, хаанаас хэр хэмжээний шороо ачиж буцаж гарсан талаар мэдэхгүй бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын даргын Б/1230 дугаар тушаалын 1 дэх заалтад бичигдсэнчлэн “хамгаалалтад авсан газарт гадны иргэн, авто машин нэвтрүүлэн, хориглосон үйл ажиллагааг хамтран явуулж, хууль бус үйлдлээ нуун дарагдуулсан, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй” хэмээн намайг буруутгаж албанаас халсан шиг тийм зүйл огт болоогүй юм. Ямар үндэслэл, нотлох баримтаар намайг ийнхүү буруутгаж байгааг миний бие огт ойлгохгүй байгаа бөгөөд дээрх асуудалтай холбоотойгоор Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа ба өнөөдрийн байдлаар Д.Гал-Эрдэнэ намайг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсан зүйл байхгүй.

Гэтэл 2022.09.12-ны өдрийн Б/1230 дугаартай тушаал гарсан гэдгийг 2022.09.13-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Захиргаа удирдлагын тасгийн дарга надад танилцуулсан. Тушаалтай танилцахад Д.Гал-Эрдэнэ намайг гэм буруутай, гэм буруу нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон мэтээр бичсэн байсан бөгөөд миний бие тушаалын үндэслэлийг хүлээн зөвшөөрөөгүй тул уг тушаалын 2 дахь заалтад бичигдсэнээр Төрийн албаны зөвлөлд албан ёсоор гомдол гаргаж, 2022.10.04-ний өдрийн 01/1933 дугаартай албан тоотоор хариуг ирүүлснийг 2022.10.17-ны өдөр хүлээн авч, ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд “шүүхээр гэм буруутайг эцэслэн шийдвэрлэхээс өмнө хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож үл болно” хэмээн заасан байдаг боловч ЦЕГ-ын даргын Б/1230 дугаар тушаал нь Үндсэн хуулийн дээрх зарчмыг зөрчсөн төдийгүй, цагдаагийн алба хаагч миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөнд маш их гомдолтой байна. Миний бие тушаал дээр дурдагдсан асуудалд ямар ч хамааралгүй, буруугүй бөгөөд өөрийн гэм буруугүйг тогтоогдоно гэдэгт итгэлтэй байна.

Албаны шалгалтын үед ямар ч эрх, үүрэг сануулахгүйгээр тайлбар авсан. Экологийн цагдаагийн албанаас алттай шороог тээвэрлэсэн байж болзошгүй гэх асуудлаар гэрчийн мэдүүлэг авсан. Холбогдолгүй гэдгээ гэрчийн мэдүүлгээр өгсөн байгаа, уг үйл баримттай холбоотойгоор олон хүнээс гэрчийн мэдүүлэг авсан. Бусад алба хаагчдын гэрчийн мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй. 

Би 3 машин оруулах зөвшөөрлийг өгөөгүй, тухайн газар нь олны анхаарал татсан, хөл хөдөлгөөн ихтэй учраас хувийн байдлаар ашигт малтмал олборлож болзошгүй иргэд байдаг. Бид өдөрт уулаар явж иргэд байвал тараах үйл ажиллагааг явуулдаг. Би н.Алтанбаяр гэх мэргэжлийн хяналтын улсын байцаагчтай хяналт шалгалтын ажил гүйцэтгэж байсан. Гэтэл Бугант тосгоны байгаль орчны асуудал эрхэлсэн мэргэжилтэн н.Мөнхбат хүн утсаар ярьж оруулах уу гэж н.Алтанбаяраас асуухад нь би сонсоод оруулчих гэсэн. Тухайн үед нөхөн сэргээлттэй холбоотой асуудлыг Мэргэжлийн хяналтын газар хариуцаж байсан. Тэр үед би нөхөн сэргээлттэй холбоотой машин ирсэн юм байхдаа гэж бодсон. Шороо ачаад гарахыг мэдээгүй. Машин гарсны дараа би ирсэн. Хяналтын постод н.Гантулга гэх цагдаа байсан, орж гарч байгаа машиныг шалгах үүрэгтэй. Дотор ажиллаж байсан экскаватор нөхөн сэргээлт хийж байсан. Машиныг нөхөн сэргээлт хийхээр орж байна гэж бодсон, гарсан эсэхийг н.Гантулга цагдаагаас мартаад тодруулаагүй.

Цагдаагийн ерөнхий газраас намайг ажлаас халах арга хэмжээ авахаар боллоо гэх агуулгатай албан бичиг ирсэн. Улмаар сонсох ажиллагааны тэмдэглэлд бичихдээ “миний хариуцаж ажилласан талбайгаас үнэхээр алттай байж болзошгүй гэх шороо гарсан бол миний анхааралгүй, алба хаагч нараа үүрэгжүүлээгүй асуудлаас боллоо гэж бодсон. Тиймээс алба хаагч нарын  сонор сэрэмжийг сулруулсан гэх асуудлаар арга хэмжээ авахдаа шууд халах арга хэмжээ авч байгаа нь маш хүнд хариуцлага болно” гэсэн утгаар уг хүсэлтийг бичсэн болохоос зөрчил гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа агуулгагүй.” гэв.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/1230 дугаартай тушаалын хууль зүйн үндэслэл нь Цагдаагийн албаны тухай хуулийн 82.1.1, 97.1.1-т заасныг үндэслэж, Цагдаагийн ёс зүйн дүрэм, сахилгын дүрмүүдийн тодорхой заалтуудыг зөрчсөн гэж үзэж албанаас халах шийдвэрийг гаргасан байдаг. Дээрх үндэслэлүүдээр Д.Гал-Эрдэнийг гэм буруутай үйл ажиллагаа хийсэн гэх үйл баримт тогтоогдохгүй, ямар нэг хуулийн байгууллага, шүүхийн шийдвэрээр тогтоосон зүйл байхгүй. Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн тохиолдолд ажлаас халахаар зохицуулсан. Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-аюулгүй байдлын газрын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 191 дугаартай танилцуулгын дүгнэлт, саналыг үндэслэж уг асуудал тогтоогдсон гэж үзсэн. Дээрх танилцуулгын дүгнэлт, саналаар уг хэрэгт холбогдсон нэр бүхий этгээдүүд буюу Д.Гал-Эрдэнийг ажлаас халах саналыг гаргаж, сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргасан. Ажлаас халах, сахилгын шийтгэл оногдуулах, ажил албан тушаалыг түдгэлзүүлэх гэсэн 3 өөр төрлийн нэршлийг Цагдаагийн албаны тухай хуулиар зохицуулсан. Тиймээс Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-т заасан халах үндэслэл бүрдээгүй байсан.

Тухайн холбогдсон гэх асуудлын хувьд ямар ч хууль зөрчөөгүй, хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлж ажилласан. Алттай шороог авч гарсантай холбоотой үйлдэлд санаатайгаар тээвэрлүүлсэн зүйл байхгүй гэдэг тайлбарыг Экологийн цагдаагийн алба, Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалт-аюулгүй байдлын газраас авсан мэдүүлэгт тодорхой тайлбарласан. Экологийн цагдаагийн алба, Дотоод хяналт шалгалт-аюулгүй байдлын газар холбогдох бүх хүмүүсээс тайлбар авсан. Уг үйлдлийг гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулахаар  Экологийн цагдаагийн албанаас Авлигатай тэмцэх газарт шилжүүлж шалгагдаж байгаа. Эрүүгийн хэрэгт энэ хүний гэм буруутай эсэхийг тогтоохоос биш захиргааны хэрэгт гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна гэх тайлбараар Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалт-аюулгүй байдлын газраас албаны шалгалтаар тогтоох боломжгүй. Нэгдүгээрт, уг холбогдсон гэх асуудалд огт буруугүй, хоёрдугаарт гэм буруутай эсэхийг албан ёсоор тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй. Тэгэхээр Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх заалт, 81, 80 дугаар зүйлийн аль зохицуулалтыг энэ тохиолдолд хэрэглэх ёстой байсантай, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/1230 дугаартай тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар маргаж байгаа.

Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-ийн урьдчилсан нөхцөл нь “өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн” байх гэж заасан. Тэгэхээр ёс зүй, сахилгын ноцтой зөрчил гэж юуг ойлгохыг, энэ тохиолдолд ямар ноцтой зөрчил тогтоогдсон бэ. Хариуцагч байгууллагаас цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм болон сахилгын дүрмийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Ноцтой зөрчил гаргасан гэдэг нь тогтоогдож байгаа гээд Дотоод хяналт шалгалт-аюулгүй байдлын газрын танилцуулгыг гаргаж өгсөн, уг танилцуулгыг шинжлэн судлахаар ямар зөрчил гаргасан нь харагдаж, үүн дээр нь сахилгын шийтгэл оногдуулах дүгнэлтүүд байсан. Танилцуулгад Ес зүйн дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.5.4-т заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж огт дүгнээгүй, “Д.Гал-Эрдэнэ өөрийн удирдлага ба алба хаагчдын сонор сэрэмж, сахилга хариуцлагыг сулруулж, цагдаагийн хамгаалалтад байгаа талбай руу гадны иргэн, автомашин нэвтрүүлж албан ажилдаа хариуцлагагүй хандсан үйлдэл нь гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоож байна” гэсэн. Тэгэхээр Цагдаагийн ерөнхий газрын дарга энэ дүгнэлтэд үндэслэсэн бол үндэслэсэн талаарх тайлбараа нотлох баримтаар тайлбарлах ёстой. Иймд ноцтой зөрчил үйлдсэн байж Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-т заасныг хэрэглэх нь зүйтэй.

Гэтэл Д.Гал-Эрдэнэд Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх заалтыг үндэслэж ажлаас халах шийдвэр гаргасан, уг зохицуулалтын агуулга нь сахилгын шийтгэл биш ажлаас халах зохицуулалт бөгөөд мөн хуулийн 81 дүгээр зүйлд цагдаагийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах талаарх зохицуулалтыг тусгасан байгаа. Хэрвээ сахилгын зөрчил гэж үзвэл Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4-т заасан 5 төрлийн шийтгэл байгаа бөгөөд 81.4.5-д цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах гэж заасан. Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах гэж буй бол Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5-т заасан зохицуулалт байгаа. Тэгэхээр дүгнэлтийн агуулга нь сахилгын шийтгэл оногдуулсан нөхцөл бүрдээд байна, ёс зүйн зөрчил гаргасан байна гэж үзсэн атлаа шийдвэр гаргахдаа Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д заасны дагуу халах шийдвэр гаргасан юм.

Хариуцагч тал өмнөх шүүх хуралдаанд эрүүгийн хэргийг шийдвэрлэх хүртэл уг хэргийг түдгэлзүүлэх хүсэлт гаргаж байсан, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/1230 дугаартай тушаалын үндэслэл нь Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд цагдаагийн албанаас халах заалт биш. Тэгэхээр сахилгын шийтгэлээр халах, ажлаас халах гэж хооронд нь халдааж хэрэглэж болохгүй. Уг хуулийг тохирсон хэрэгт нь нарийвчилж хэрэглэх болохоос зүгээр барагцаалж хэрэглэж болохгүй. Үүний үр дагаварт Д.Гал-Эрдэнэ нь үнэхээр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож ажлаас халагдсан юм шиг нөхцөл байдал үүсэж байгаа юм.

Экологийн цагдаагийн албанаас шалгаад эрх бүхий байгууллагад харьяаллаар шилжүүлж шалгуулж байгаа, энэ тохиолдолд тухайн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т зааснаар гэмт хэрэг, зөрчил болон ёс зүй, сахилгын зөрчилд холбогдсон цагдаагийн алба хаагчийн бүрэн эрхийг уг асуудлыг шалгах хугацаагаар түр түдгэлзүүлж болох байсан.  

Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалт-аюулгүй байдлын газар болон Экологийн цагдаагийн албаны хамтарч явуулсан шалгалтаар тогтоогдсон гэрчийн мэдүүлгүүдийг үндэслэл болгож байна. Уг шалгах ажиллагааны материалыг сонсох ажиллагааны явцад танилцуулаагүй, эрүүгийн хэргийн шинжтэй учраас цааш холбогдох байгууллага руу шилжүүлсэн гэж хэллээ. Тэгэхээр энэ гэрчүүдийн мэдүүлэг нь Авлигатай тэмцэх газарт үнэлэгдэх, дүгнэгдэх асуудал яригдана, тиймээс уг гэрчийн мэдүүлэг нь нотлох баримтын үндсэн шинжийг агуулж, шүүх энэ талаар үнэлж дүгнэх асуудал давхардах магадлалтай гэдгийг дурдмаар байна.

Уг хэрэг нь ганцхан Д.Гал-Эрдэнэд хамааралтай асуудал биш, тухайн газарт томилогдсон нийт алба хаагчтай холбоотой асуудал юм. Үүний талаар хэн ямар оролцоотой гэдгийг Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалт-аюулгүй байдлын газар болон Экологийн цагдаагийн албаар дүгнүүлж хоёр хүнийг ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан, Цагдаагийн газрын даргыг цалингийн 20 хувийг бууруулах, орлогч даргыг албан тушаал бууруулах, Ерөө сумын хэсгийн төлөөлөгчийг цол бууруулах гэсэн арга хэмжээг авсан. Эдгээр хүмүүсийн аль нь ч ажлын хариуцлага алдсан байж болно, энэ талаар одоо дөнгөж Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа. Хэн албан үүрэгтээ хайхрамжгүй хандсан болох, бусдад давуу байдал бий болгосон болохыг тогтоогоогүй.

Мөн гаргасан зөрчил, оногдуулж буй хариуцлага хоёр нь хоорондоо тэнцвэртэй байх зарчим байдаг. Тэгэхээр нэхэмжлэгч машин гаднаас орж байгааг сонссон, гарсныг мэдээгүй байхад ажлаас халах арга хэмжээ авч байгаа бол үүнийхээ үндэслэлийг тайлбарлах хэрэгтэй. Сахилгын шийтгэл оногдуулах гэж байвал Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-т заасан 5 төрлийн шийтгэлийг оногдуулах ёстой. Гэтэл тухайн дүгнэлтэд ноцтой зөрчил гэж огт дурдаагүй. Хэрвээ халахаас өөр аргагүй нөхцөлд байвал уг хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5-т зааснаар цагдаагийн албанд нэг жил хүртэлх хугацаагаар эргэж орох эрхгүйгээр халах гэсэн хувилбарууд байгаа.

Д.Гал-Эрдэнийн гэм буруугийн асуудал шийдвэрлэгдээгүй байхад урьдчилж гэрчийн мэдүүлэгт дүгнэлт хийж, ажлаас халах шийдвэр гаргаж байгаа нь бодит байдалд нийцсэн эсэх, тухайн зөрчилд нь тохирсон шийтгэл мөн эсэхэд эргэлзээ төрүүлж байгаа юм. Цагдаагийн албаны тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.12-т хуульд зааснаас бусад үндэслэлээр цагдаагийн алба хаагчийг ажлаас чөлөөлөх, халах, өөр ажил албан тушаалд шилжүүлэхийг хориглоно гэж заасан.

Захиргааны хэргийн шүүх нь Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалын хууль зүйн үндэслэлийг хянах ёстой болохоос Д.Гал-Эрдэнэ гэх хүн зөрчил гаргасан эсэхийг хариуцагч шүүхэд ирж нотлох ёсгүй. Танай байгууллага шийдвэр гаргахаасаа өмнө энэ процессыг нотолсон байх ёстой. Тийм ч учраас шүүх хуралдаан эрүүгийн хэргийг дүгнэх шинжтэй буюу гэрчүүдийн мэдүүлэгт үнэлэлт, дүгнэлт өгөх асуудал болоод байна. Мөн эдгээр нотлох баримтууд нь Авлигатай тэмцэх газар руу явуулсан баримтууд бөгөөд Д.Гал-Эрдэнийн гэм буруугийн талаарх асуудлыг шийдвэрлэхэд эрүүгийн хэргийн шүүхээс захиргааны хэргийн шүүхээс шийдвэрлэсэн асуудалд дахин үнэлэлт, дүгнэлт хийх ямар ч боломжгүй. Нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахиж тогтоохгүй гэсэн зарчимтай зөрчилдөнө. Эндээс харагдаж буй нэг зүйл нь Д.Гал-Эрдэнийг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг дотооддоо хүлээн зөвшөөрч, арга хэмжээг хэтрүүлээд авсан байна. Гэтэл тухайн байгууллагад гэм бурууг шийдвэрлэх эрх байхгүй, Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д заасныг баримталж тайлбарлаж буй нь хууль хэрэглээ болон нотлох баримтын хувьд үндэслэлгүй байгаа нь тогтоогдож байна.” гэв.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбартаа: “Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр сумдын нутагт хууль бусаар ашигт малтмал олборлож, байгаль орчинд хохирол учруулах зөрчлийн улмаас иргэд хохирох явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор тус аймгийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/361 дугаартай "Хяналтын цэг" ажиллуулах тухай захирамж гарч, захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд 1 дүгээр ээлжинд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдын ажлыг 2 дугаар ээлжийн алба хаагчдад хүлээлцүүлэхээр Цагдаагийн газрын дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Оюунбатаар ахлуулсан бүрэлдэхүүн 08 дугаар сарын 25-ны өдөр "16-гийн даваа" гэх газарт очиж, цагдаагийн ахмад Д.Гал-Эрдэнийг алба хаагчдыг удирдан хариуцан үлдэх үүргийг цагдаагийн дэд хурандаа Б.Оюунбатаас өгч, Сэлэнгэ аймгийн төв рүү 08 дугаар сарын 28-ны өдөр буцсан байна. Цагдаагийн газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр баталсан хуваарь, томилгоогоор "16-гийн даваа"-нд үүрэг гүйцэтгэх 2 дугаар ээлжинд ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Гал-Эрдэнэ, эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Мягмарцэнд, цагдаагийн ахлах ахлагч Х.Цэнддорж, цагдаагийн дэд ахлагч Ц.Нармандах, Т.Гантулга, цагдаа-жолооч, цагдаагийн ахлагч Э.Болдбаяр нар үүрэг гүйцэтгэж, 24-ний өдөр 10 заалттай зааварчилгаатай танилцаж, гарын үсэг зурцгаасан байна. Мөн тухайн үед хамгаалалтад авсан талбай дээр Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч О.Алтанбаяр, П.Жаргалтөр, Бугант тосгон дахь байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Мөнхбат, тус аймгийн Онцгой байдлын газрын харьяа Хүдэр сум дахь Эрэн хайх аврах салбарын аврагч, дэд ахлагч Б.Бат-Эрдэнэ, Ж.Чойсүрэн нар цагдаагийн алба хаагчидтай хамтран хяналт шалгалтын үүргийг гүйцэтгэн ажиллаж байсан.

Улмаар Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч О.Алтанбаяр, П.Жаргалтөр, Бугант тосгон дахь байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Мөнхбат, тус цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Гал-Эрдэнэ, цагдаа-жолооч, цагдаагийн дэд ахлагч Т.Гантулга, тус аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн иргэн О.Нямсайхан, тус сумын Бугант тосгоны иргэн Б.Орхон нар үгсэн тохирч Бугант тосгоны нутаг дэвсгэр болох "16-гийн даваа" гэх газарт нөхөн сэргээлт хийх нэрийдлээр 2022 оны 08 дугаар сарын 28-ны өглөөний 07-оос 08 цагийн орчим Hyundai-2900 LC маркийн 7815 УН улсын дугаартай экскаваторын операторчин Б.Орхонцогтоор Зил-131 маркийн 5790 ДАА, 9578 УНЯ, 2801 СЭҮ улсын дугаартай гурван тээврийн хэрэгсэлд алттай гэх шороог ачуулан тээвэрлүүлсэн үйлдэл нь гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдсон.

Цагдаагийн ахмад Д.Гал-Эрдэнэ нь хууль бусаар алт олборлож, ашиг олох зорилгоор бусадтай үгсэн тохирч цагдаагийн хамгаалалтад авсан талбайгаас 1 ширхэг экскаватор ашиглан бусдаар ухуулж, Зил-131 маркийн 3 ширхэг автомашинаар алттай гэх шороо зөөвөрлүүлсэн, мөн өөрийн удирдлагад байгаа алба хаагчдын сонор, сэрэмж, сахилга хариуцлагыг сулруулж, цагдаагийн хамгаалалтад байгаа талбай руу гадны иргэн, автомашин нэвтрүүлэн албан ажилдаа хариуцлагагүй хандсан үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх "Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх", Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, ЦЕГ-ын даргын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн A/201 дүгээр тушаалаар батлагдсан "Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм"-ийн 2.1.1-д заасан "Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, хэм хэмжээний эрх зүйн акт, дээд шатны байгууллага, албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг ёсчлон биелүүлж, захирах, захирагдах ёсны зарчмыг баримтлах", 2.1.3-т заасан "Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд мөрдөж байгаа дүрэм, журам, заавар, байгууллагын соёл, дэг журмыг чанд баримтлах", 2.3.6-д заасан "Авлига, хээл хахууль авах, өгөх, зуучлахгүй байх", 2.3.8-д заасан "Албан тушаал, хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглахгүй байх, албан үүргээ гүйцэтгэхдээ холбогдуулан аливаа этгээдэд давуу байдал бий болгох, үгсэн тохирох, амлалт өгөх, шан харамж авах, үйлчилгээ, зээл авах, ийнхүү авахаар шахаж шаардах, ятгах, бусдад зуучлах, хуульд харш болзол тавих, далайлган сүрдүүлэх, бусдын өмч хөрөнгийг хувийн болон албан ажилд ашиглахгүй байх", 2.3.10-т заасан "Цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах аливаа үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байх", 2.3.12-т заасан "Албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн төлөө хариуцлага хүлээдэг байх", 2.4.2-т заасан "Албан ажилд шаардлагатай мэдээллийг нуун дарагдуулах, буруу мэдээллээр хангах замаар удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд саад учруулахгүй байх", 2.4.5-д заасан "Алба хаагч нь албаны үүргээ хэрэгжүүлэхдээ итгэл дааж ажиллах бөгөөд голч шударга, үнэнч, чармайлттай, туйлбартай, хүнийг сонсож чаддаг, тэсвэр тэвчээртэй, худал амладаггүй, хуурч мэхэлдэггүй, хоёр нүүрлэдэггүй чанараа хөсөрдүүлбэл итгэл даахгүй гэдгийг байнга санаж ажиллаж байхаас цагдаагийн байгууллагын нэр хүнд алба хаагч нэг бүрийн нэр төрөөс шууд шалтгаална гэдгийг байнга анхаарч байх", Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн A/201 дугаартай тушаалаар батлагдсан "Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм"-ийн 2.1.4-т заасан "Албан үүргээ биелүүлэхдээ байгууллагын үнэт зүйл, эрх ашгийг ямагт эрхэмлэн дээдэлж, амин хувийн эрх ашигт автахгүй, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх", 2.1.5-д заасан "Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, танил тал харах, аливаа этгээдийн өмнө хууль бус үүрэг хүлээх, албан үүргээ хэрэгжүүлсний төлөө бэлэг дурсгал, шан харамж авахгүй байх" гэх заалтуудыг зөрчжээ.

Цагдаагийн албаны тухай хуулийн 80 дугаар зүйл буюу бүрэн эрхийг түдгэлзүүлэх зохицуулалтыг хоёр тохиолдолд 80.1.1-д хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн шийдвэрийг үндэслэн, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу ажил, албанаас чөлөөлөх таслан сэргийлэх арга хэмжээ авах хүрээнд түдгэлзүүлэх бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад уг арга хэмжээг аваагүй, 80.1.2-т алба хаагч үргэлжлүүлэн албан үүргээ гүйцэтгэх нь шалгалтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй тухай санал, дүгнэлтийг Дотоод хяналт-аюулгүй байдал хариуцсан нэгж, алба хаагчаас ирүүлсэн бол түдгэлзүүлэх асуудал яригдана. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарлаж буй хуулийн хэрэглээний талаарх асуудал биш.  

2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн өглөөний 07-оос 08  цагийн орчим Хюндай 2900 Эл Си маркийн 7815 УН улсын дугаартай экскаваторын операторчин Б.Орхонцогтоор Зил-131 маркийн 5790 ДАА, 9578 УНЯ, 2801 СЭҮ улсын дугаартай гурван тээврийн хэрэгсэлд алттай гэх шороог ачуулан тээвэрлүүлсэн үйлдэл нь албаны шалгалтын явцад авагдсан материалаар хангалттай нотлогдсон гэж үзэж байгаа. Өөрийнх нь сонсох ажиллагааны тайлбараас харвал уг гаргасан үйлдлээ өөрийн буруугаас болсныг хүлээн зөвшөөрч хөнгөн шийтгэл буюу албанаас халахгүй байна уу гэсэн тайлбарыг сонсох ажиллагааны тэмдэглэлд бичиж өгсөн байдаг. Гэрч н.Бат-Эрдэнийн мэдүүлэгт “Д.Гал-Эрдэнэ ахмад надад “шороо ачсан 3  машиныг асуувал мэдэхгүй гэж хэлээрэй” улсын хяналтын байцаагч н.Алтанбаяр гуйхаар нь ах нь оруулсан шүү, хүнд хэлж болохгүй” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг байгаа нь уг хүн алттай шороо гаргасан гэдгээ мэдэж байсан гэдгийг нотолж байгаа юм. Мөн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргын тушаалаар албанаас халагдсан н.Гантулга цагдаагийн өгсөн мэдүүлэгт ““алттай шороо гаргачихлаа яах вэ” гэхэд “мэдэхгүй, хараагүй гэж хэлэхгүй юу яавал гэж” гэсэн” гэдэг. Эдгээр мэдүүлгээр тухайн дүгнэлт хангалттай нотлогдсон гэж үзэж байна. Дотоод албаны шалгалтын танилцуулгаар н.Гантулга болон Д.Гал-Эрдэнэ нарт Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-т өргөсөн тангараг, ёс зүйн дүрмээ ноцтой зөрчсөн учраас албанаас халах саналыг Цагдаагийн ерөнхий газрын даргад танилцуулсан. Сахилгын шийтгэл оногдуулах, албанаас халах үйл шийдвэр гаргах бүрэн эрх Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан Цагдаагийн газрын даргын бүрэн эрхэд хамаарах асуудал. Шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдлыг Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-шалгалт аюулгүй байдлын газраас танилцуулсан. Иймд энэ хүний гаргасан зөрчилд гаргасан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/1230 дугаартай тушаал нь хууль зүйн хувьд үндэслэлтэй.  

Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалт-аюулгүй байдлын газар, Экологийн цагдаагийн алба хаагчидтай нэг ажлын хэсэг гарч маргаан бүхий газарт очиж шалгалт хийж, Сэлэнгэ аймаг дахь прокурорын газарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээлгүүлж, уг маргаан цагдаагийн алба хаагчидтай холбоотой маргаан учраас хэргийн харьяаллыг Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн. Экологийн цагдаагийн албанаас одоо шалгаж байгаа хэрэг байхгүй. Шороо ачиж гарсан 3 машины жолооч нартай холбоотой асуудлыг Авлигатай тэмцэх газарт хамт шалгаж байгаа.

н.Гантулга болон н.Бат-Эрдэнэ нарын гэрчийн мэдүүлгээр Д.Гал-Эрдэнийг оролцоотой гэж үзсэн. “Уул руу мод авах гэж явахад н.Алтанбаярын машин байсан шүү битгий хэлээрэй ахын дүү, гуйгаад байхаар нь оруулчихсан юм” гэх мэдүүлэг, н.Гантулгын “нууц гэж хэлэхгүй юу, би нууцаар шороо гаргуулчихсан учраас цааш нь дэлгэж ярьж чадаагүй” гэх мэдүүлгүүд судлагдсан. Д.Гал-Эрдэнийг хэрэг гарах үед тухайн газарт байгаагүй гэдэгтээ маргаагүй. Пост дээр байсан цагдаа орсон 3 машин гарахдаа шороотой гарч байна гэж Д.Гал-Эрдэнэд мэдэгдсэн зүйл байхгүй.

Д.Гал-Эрдэнэ оруул гэсэн учраас буцааж гаргах нь зөв байх гэсэн агуулгатай тайлбар байгаа. Машинуудыг гарга гэсэн Д.Гал-Эрдэнийн идэвхтэй оролцоо байхгүй ч гэхдээ бүхий л үйл ажиллагааг хянах үүрэгтэй байсан. 

Сонсох ажиллагааны үед нэхэмжлэгч өөрөө буруутай учраас оногдуулах шийтгэлийг зөөлрүүлж өгөхийг хүссэн гэдэг. Авлигатай тэмцэх газар болон Экологийн цагдаагийн алба нь албан хаагчийг буруутай, буруугүй эсэх асуудлыг шийдвэрлэдэг байгууллага биш. Урьдчилсан хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан баримтын хүрээнд Д.Гал-Эрдэнийг албанаас халсан тушаалын хууль зүйн үндэслэл нотлогдож байгаа. Экологийн цагдаагийн алба шалгаж, Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа хэрэг нь албан хаагчийн гаргасан үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн эсэх, эрүүгийн хуульд зааснаар ял хүлээлгэх ёстой эсэхийг шийдэхээс ба захиргааны хэрэгт үнэлсэн баримтыг эрүүгийн хэргийн шүүхэд дахин үнэлэхгүй гэсэн дүрэм, журам миний мэдэх хуулийн хүрээнд байхгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Д.Гал-Эрдэнэ нь Цагдаагийн албаны тухай хууль зөрчсөн гэдэг нь хангалттай нотлогдож байх тул Цагдаагийн ерөнхий газрын дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/1230 тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байна.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд нэхэмжлэгч Д.Гал-Эрдэнийн гаргасан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/1230 дугаартай “албанаас халж, цагдаагийн цол хураасан” тушаалыг хүчингүй болгуулах, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, цагдаагийн ахмад цолыг сэргээлгэх, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх” шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар:

1. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/1230 дугаар тушаалаар Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Гал-Эрдэнийг “алт олборлох хууль бус үйл ажиллагаа явагдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн хамгаалалтад авсан газарт гадны иргэн, автомашин нэвтрүүлэн, хориглосон үйл ажиллагааг хамтран явуулж, хууль бус үйлдлээ нуун дарагдуулсан, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэлгүй Төрийн албаны тухай  хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.1, 2.3.6, 2.3.8, .2.3.10, 2.4.2, .2.4.5 дахь заалтыг тус тус зөрчсөн” гэх үндэслэл зааж цагдаагийн албанаас халж, цагдаагийн ахмад цолыг хураасан байна.

2. Цагдаагийн мөрдөгчийг албанд томилох, халах, сахилгын шийтгэл хүлээлгэх шийдвэр гаргах нь Цагдаагийн албаны тухай хуулиар Цагдаагийн ерөнхий газрын даргын бүрэн эрхийн хүрээнд байх бөгөөд, ийнхүү шийдвэрлэхдээ Цагдаагийн албаны тухай хуулийн нарийвчилсан зохицуулалтыг хэрэглэсэн нь зөв, учир нь нийгмийн хэв журам, хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх цагдаагийн хэрэг бүртгэх мөрдөн байцаах офицерын алба нь төрийн тусгай албанд хамаарах бөгөөд эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай хуулийн зэрэгцээ Цагдаагийн албаны тухай хуулиар, тухайлбал цагдаагийн албанд томилох, чөлөөлөх, халах, сахилгын шийтгэл хүлээлгэх, цол олгох, хураахтай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан байна.

3. Харин ийнхүү Цагдаагийн албаны тухай хуулиар зохицуулснаар, уг хуулийг хэрэглэсэн албан хаагчийн алба хашихтай холбоотой шийдвэр Төрийн албаны зөвлөлийн хяналтаас гарах учиргүйг дурьдах нь зүйтэй.

4. Нэхэмжлэгчид гаргасан зөрчил гэж үзэж буй үйлдэл, хүлээлгэх хариуцлагын талаарх үндэслэлийг танилцуулж, тайлбар авах сонсох ажиллагааг хийж хариуцагч байгууллага шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

5. Нэхэмжлэгчийг цагдаагийн албанаас халахдаа Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх “өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн” гэх цагдаагийн албанаас халах үндэслэлийг баримталжээ. Өөрөөр хэлбэл түүнийг “цагдаагийн хамгаалалтад авсан газарт гадны иргэн, автомашин нэвтрүүлэн, хориглосон үйл ажиллагааг хамтран явуулж, хууль бус үйлдлээ нуун дарагдуулсан, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй” үйлдэлд буруутган энэ ньөргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийн ноцтой зөрчил” гэж үзсэн ба энэ нь дор дурдсанаар хууль зүйн үндэслэлтэй болж чадаагүй байна.

1/ Ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Гал-Эрдэнэ цагдаагийн бусад албан хаагчдын хамт 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс Сэлэнгэ аймгийн Ерөө сум, 3 дугаар баг Бугант тосгон “16-гийн даваа” гэх хууль бус алт олборлолт явагдаж байсан газарт  хамгаалалтын үүрэг гүйцэтгүүлэхээр томилогдож ажилласан бөгөөд тухайн байршилд цагдаагийн хамгаалалтад байсан хяналтын цэгээр 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Зил 131 маркийн 3 автомашин орж, алттай гэх шороо тээвэрлэн гарсан үйлдэл илэрсэн, тус тусын чиг үүргийн хүрээнд Экологийн цагдаагийн алба “цагдаагийн хамгаалалтад авсан газарт гадны иргэн, автомашин нэвтэрч хориглосон үйл ажиллагаа явуулсан” асуудлыг, Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-аюулгүй байдлын газар “уг хэрэг зөрчилд цагдаагийн албан хаагчид оролцсон эсэх, албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн эсэх”-д албаны шалгалт явуулж, “ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Гал-Эрдэнэ, цагдаа жолооч цагдаагийн дэд ахлагч Т.Гантулга нь хууль бусаар алт олборлож, ашиг олох зорилгоор бусадтай үгсэн тохирч цагдаагийн хамгаалалтад авсан талбайгаас экскаватор ашиглан бусдаар ухуулж, 3 автомашинаар алттай гэх шороо зөөвөрлүүлсэн” үйлдлийг харьяаллын дагуу  Авлигатай тэмцэх газарт шилжүүлж шалгуулахыг Экологийн цагдаагийн албанд даалгасан байдаг.

Экологийн цагдаагийн албанаас 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр “нэр бүхий иргэд хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдахад тухайн цаг хугацаанд эргүүл, хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагчид нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх”-ийг мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгах үндэслэл тогтоогдсон гэж үзэж харьяаллын дагуу шилжүүлэх санал хүргүүлснээр прокурор 9 дүгээр сарын 19-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, уг хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахыг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасан байдаг.

Өөрөөр хэлбэл уг хэрэг зөрчилд цагдаагийн албан хаагчид оролцсон эсэх, албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн эсэхэд албаны шалгалт явуулж, цагдаагийн ахмад Д.Гал-Эрдэнэ, дэд ахлагч Т.Гантулга нарыг холбогдуулан “хууль бусаар алт олборлож, ашиг олох зорилгоор бусадтай үгсэн тохирч цагдаагийн хамгаалалтад авсан талбайгаас экскаватор ашиглан бусдаар ухуулж, 3 автомашинаар алттай гэх шороо зөөвөрлүүлсэн” гэх үйлдлийг мөрдөн байцаалтын ажиллагаагаар шалгуулахаар харьяаллын дагуу тусгай субьектын мөрдөх албанд шилжүүлсэн, Авлигатай тэмцэх газарт цагдаагийн эрх бүхий албан тушаалтнууд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэр бүхий иргэдийг хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдах нөхцөл байдлыг бүрдүүлж давуу байдал бий болгосон гэх үйлдэлд ахлах мөрдөгчөөр ажиллаж байсан Д.Гал-Эрдэнэ нарын нэр бүхий албан тушаалтнуудад холбогдуулан хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа[1] буюу эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.

2/ Гэтэл Дотоод хяналт-аюулгүй байдлын газар 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр зарим албан хаагчдын гаргасан хууль бус үйлдэлтэй холбоотой мэдээлэлд явуулсан албаны шалгалтын дүнгийн талаарх танилцуулгад “албаны шалгалтаар Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч О.Алтанбаяр, П.Жаргалтөр, Бугант тосгон дахь байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Мөнхбат, ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Гал-Эрдэнэ, цагдаа жолооч цагдаагийн дэд ахлагч Т.Гантулга, Ерөө сумын иргэн О.Нямсайхан, Бугант тосгоны иргэн Б.Орхон нар үгсэн тохирч нөхөн сэргээлт хийх нэрийдлээр экскаваторын операторчин Б.Орхонцогтоор ачуулан 3 тээврийн хэрэгсэлд алттай гэх шороо ачуулан тээвэрлүүлсэн”, ... “ахлах мөрдөгч цагдаагийн ахмад Д.Гал-Эрдэнэ нь өөрийн удирдлагад байгаа албан хаагчдын сонор сэрэмж, сахилга хариуцлагыг сулруулж цагдаагийн хамгаалалтад байгаа талбай руу гадны иргэн, автомашин нэвтрүүлэн албан ажилдаа хариуцлагагүй хандсан” үйлдэл нь тогтоогдож байна гэж дүгнэсэн атлаа “хууль бусаар алт олборлож, ашиг олох зорилгоор бусадтай үгсэн тохирч цагдаагийн хамгаалалтад авсан талбайгаас экскаватор ашиглан бусдаар ухуулж, 3 автомашинаар алттай гэх шороо зөөвөрлүүлсэн” гэх харьяаллын дагуу тусгай субьектын мөрдөх байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн үйлдлийг дурдаад цагдаагийн ахмад Д.Гал-Эрдэнийг Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх заалтаар албанаас халах санал хүргүүлсэн байдаг.    

Өөрөөр хэлбэл албаны шалгалтаар тогтоогдсон гэх “өөрийн удирдлагад байгаа албан хаагчдын сонор сэрэмж, сахилга хариуцлагыг сулруулж ... албан ажилдаа хариуцлагагүй хандсан” гэх үйлдлээс гадна эрүүгийн журмаар мөрдөх байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн  “хууль бусаар алт олборлож, ашиг олох зорилгоор бусадтай үгсэн тохирч ... бусдаар ухуулж, ... зөөвөрлүүлсэн” гэсэн 2 өөр санаа зорилго, оролцоо шаардах, өөр өөр хууль зүйн үр дагаварт хүргэх үйлдлүүдийг хамт дүгнээд эдгээр үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 37.1.1-д заасан “хууль дээдлэн хүндэтгэх, сахин биелүүлэх” төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн зүйлчлэл тогтоосон заалтыг, мөн цагдаагийн албан хаагчийн ёс зүйн болон сахилгын дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзээд албанаас халах санал гаргаж, үүнийг үндэслэн өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн тохиолдолд баримтлах Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх заалтаар албанаас халсан нь үндэслэлгүй болжээ.   

3/ Экологийн цагдаагийн алба, Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-аюулгүй байдлын газрын явуулсан албаны шалгалтын ажиллагаагаар цагдаагийн хамгаалалтад авсан газарт гадны иргэн, автомашин нэвтэрч хориглосон үйл ажиллагаа явуулсан асуудалд цагдаагийн албан хаагчид нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож оролцсон гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг тусгай субьектын харьяаллын мөрдөх байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгах үндэслэл тогтоогдсон гэж үзэж хэрэг бүртгэлтийн хэрэг нээн харьяалал тогтоон шалгуулж байгаа, уг хэрэг бүртгэлтийн хэрэг шийдвэрлэгдээгүй байхад ахмад Д.Гал-Эрдэнийг “хууль бусаар алт олборлож, ашиг олох зорилгоор бусадтай үгсэн тохирч ... бусдаар ухуулж, ... зөөвөрлүүлсэн, хориглосон үйл ажиллагааг хамтран явуулж, хууль бус үйлдлээ нуун дарагдуулсан” гэж шууд дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Учир нь цагдаагийн албан хаагчид нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож оролцсон гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг тусгай субьектын харьяаллын мөрдөх байгууллага шалгаж, хэрэв тогтоогдсон гэж үзвэл эрүүгийн хэргийн шүүх шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож шийдвэрлэх бөгөөд, үүнээс өмнө бусад аль ч байгууллага “хууль бусаар алт олборлож, ашиг олох зорилгоор бусадтай үгсэн тохирч ... бусдаар ухуулж, ... зөөвөрлүүлсэн, хориглосон үйл ажиллагааг хамтран явуулж, хууль бус үйлдлээ нуун дарагдуулсан” гэж шууд дүгнэх боломжгүй юм.

Ийнхүү дүгнэх нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т заасан “гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэсэн зарчимд нийцэхгүй.

4/ Нэхэмжлэгчийг цагдаагийн албанаас халсан тушаалын хууль зүйн үндэслэлийг нотлохоор хариуцагчаас Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалт-аюулгүй байдлын газрын албаны шалгалтын хүрээнд Д.Гал-Эрдэнээс 2 удаа тайлбар авсан тэмдэглэлээс гадна Экологийн цагдаагийн албаны мөрдөгчийн  гэрчүүдээс мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийг[2] шүүхэд ирүүлсэн байх бөгөөд гэмт хэргийн шинжтэй үйлдэл шалгаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн материалын гэрчийн мэдүүлгийг захиргааны хэрэгт захиргааны актын хууль зүйн үндэслэлд хамаатуулан үнэлэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсгийн “шүүхэд урьдаас хөтөлбөргүй хөтөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэсэн заалтад нийцэхгүй.

Өөрөөр хэлбэл шийдвэрлэгдээгүй эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэгт авагдсан хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор үнэлэгдээгүй гэрчийн мэдүүлгийг захиргааны хэргийн шүүх энэ хэрэгт үнэн зөв, эргэлзээгүй хэмээн үнэлэх боломжгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй.

5/ Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Экологийн цагдаагийн албаны мөрдөгчийн авсан гэрчүүдийн мэдүүлгүүдээр нэхэмжлэгчийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдсон мэтээр маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг нотлохоор тайлбарлаж буй нь мөн дээрх гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэсэн зарчимд, “шүүхэд урьдаас хөтөлбөргүй хөтөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэсэн заалтад тус тус нийцэхгүй байна.

6/ Д.Гал-Эрдэнэ нь Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалт-аюулгүй байдлын газрын албаны шалгалтын явцад өгсөн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар “тэрээр ачааны автомашин хяналтын цэгээр нэвтрэх үед хяналтын цэгт байгаагүй, өөр байршилд үүрэг гүйцэтгэж явсан, автомашин хяналтын цэгээр орсон талаар мэдсэн, оруулах зөвшөөрөл өгөөгүй, талбайд нөхөн сэргээлтийн механизм ажиллаж байсан, нөхөн сэргээлт хийх зорилгоор орсон гэж ойлгосон, автомашиныг ачаатай гарсан талаар мэдээгүй” гэж тайлбарлах бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Д.Гал-Эрдэнийг автомашиныг орох гарах хөдөлгөөн хийж нэвтрэх үед хяналтын цэгт байгаагүй гэдэгтэй маргаагүй. Хяналтын цэг дээр байсан цагдаа орсон 3 машин гарахдаа шороотой гарч байна гэж Д.Гал-Эрдэнэд мэдэгдсэн зүйл байхгүй. Д.Гал-Эрдэнэ оруулах зөвшөөрөл өгсөн гэж ойлгосон учраас буцааж гаргах нь зөв байх гэсэн агуулгатай тайлбар байгаа. Машинуудыг гаргах зөвшөөрөл өгсөн Д.Гал-Эрдэнийн идэвхтэй оролцоо байхгүйг” хүлээн зөвшөөрдөг бөгөөд Экологийн цагдаагийн албаны шалгалтын явцад авсан гэрчүүдийн мэдүүлгээр Д.Гал-Эрдэнийн оролцоо нотлогдоно гэж тайлбарладаг.

Иймээс нэхэмжлэгчийг цагдаагийн албанаас халсан үндэслэлд дурдсан “цагдаагийн хамгаалалтад авсан газарт гадны иргэн, автомашин нэвтрүүлэн, хориглосон үйл ажиллагааг хамтран явуулж, хууль бус үйлдлээ нуун дарагдуулсан, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй” гэх үйлдэл албаны шалгалтаар тогтоогдоогүй байх тул Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх заалтаар цагдаагийн албанаас халж, цагдаагийн ахмад цолыг хурааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болоогүй байна.

7/ Тушаалд дурдсанчлан өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл албаны шалгалтаар нотлох баримтаар тогтоогдоогүй, ямар үйлдлийг хэрхэн ноцтой зөрчил гэж үзсэнээ хариуцагч тайлбарлаж маргаагүй болно.

5. Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарт дурдсанчлан Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлд “албан хаагчийг Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, ёс зүй, сахилгын дүрэм зөрчсөн тохиолдолд сануулахаас эхлээд цалин бууруулах, албан тушаал бууруулах, цол бууруулах, цагдаагийн албанд 1 жил эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэлийг Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэлийг зөрчлийн шинж байдалд тохируулах зарчмыг баримтлан ногдуулах”-аар заасан байдаг.  

6. Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.8 дахь хэсэгт хэрэв цагдаагийн албан хаагчийг гэмт хэрэг, зөрчилд холбогдуулан шалгаж хэрэгсэхгүй болгосон, холбогдолгүй болох нь тогтоогдсон ч тэр үйлдэл нь ёс зүй, сахилгын зөрчил гэж үзвэл ийнхүү эрүүгийн, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл хүлээлгэх боломжтой зохицуулалт байхаас гадна, мөн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд цагдаагийн албанаас халах зохицуулалт энэ хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-т байна.

Тодруулбал хамгаалалтад авсан газарт гадны иргэн авто машин нэвтрүүлж, хориглосон үйл ажиллагаа хамтран явуулж албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хууль бус үйлдэл, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэх эс үйлдэхүй бий эсэхийг харьяаллын дагуу мөрдөх алба эрүүгийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж шалган тогтоож, шийдвэрлэсэн тохиолдолд эрүүгийн болон сахилгын хариуцлага хүлээлгэх зохицуулалт хуульд нэгэнт тодорхой  байна.

Хоёр. Нэхэмжлэлийн шаардлагын талаар.

1. Дээрх байдлаар хууль зүйн үндэслэлтэй гарч чадаагүй “албанаас халж, цолыг хураасан” шийдвэрийг шүүх хүчингүй болгож нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

2. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/1230 дугаартай тушаалыг ийнхүү хүчингүй болгож шүүх шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэлийн бусад шаардлага болох Д.Гал-Эрдэнийг Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, цагдаагийн ахмад цолыг сэргээж, 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах шаардлагыг мөн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

3. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хуулиар зохицуулаагүй хөдөлмөрийн харилцаатай холбоотой бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсгээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны цалинг түүнд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр ажил олгогч нөхөн олгохоор заасан тул ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах энэ өдрөөр тогтоох боломжгүй, нэхэмжлэгчийг ажлаар хангах хүртэл хугацаагаар бодож олгогдохыг тайлбарлах нь зүйтэй.

4. Нэхэмжлэгчийг албанаас халсан тушаал 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гарсан хэдий ч цалингийн картаар тухайн сард ажлын 14 хоногоор цалин бодогдсон байгааг харгалзан 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс ажилгүй байсан хугацааг тооцож, дундаж цалин хөлсөнд үндсэн цалин 819,842 төгрөг, ажилласан жил, цол, онцгой албаны нэмэгдлүүдийг оруулан бодно.  

5. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар хариуцагч нь ажилгүй байсан дээрх хугацаанд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэлийг нөхөн төлөх, тайлагнах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй болно.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.4, Цагдаагийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.3, 81 дүгээр зүйлийн 81.8, 82 дугаар зүйлийн 82.1.1, 82.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Гал-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/1230 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Д.Гал-Эрдэнийг Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, цагдаагийн ахмад цолыг сэргээж, 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш, ажлаар хангах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Д.Гал-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Цагдаагийн ерөнхий газраас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Гал-Эрдэнэд олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА

 

 

 

 

 

[1] Хэргийн 136 дугаар хуудас

[2] Хэргийн 33-89 дүгээр хуудас