Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2021/ДШМ/67

 

 

Ц.Хд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Энхмаа, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Мөнхтулга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гансүх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Цэндоо /онлайн/,

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн, 2021 оны 06 сарын 07-ны өдрийн 169 дүгээр шийтгэх тогтоолтой Ц.Хд холбогдох 2034000000532 дугаартай 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Цэндоо, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 07 сарын 06-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,

 

Шүүгдэгч Ц.Х нь Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багийн нутагт 2020 оны 08 сарын 22-ны өдрийн 20-21 цагийн үед согтуурсан үедээ 6157-ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Лүн сумын 3 дугаар баг 210 тоот хашааны үүдэнд ухрах үйлдэл хийхдээ хашааны хаалга мөргөж цаана нь зогсож байсан Т.Баярсайханыг дайрч улмаар түүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 07-ны өдрийн 169 дүгээр шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Адууч овгийн Цэвээн-Очирын Хг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хг 2 /хоёр/  жил хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Эрүүгийн 2034000000532 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, №135814 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Хд буцаан олгохоор,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Өлзийбаяр нь хэлэлцээгүй орхисон 20.797.360 /хорин сая долоон зуун ерэн долоон мянга гурван зуун жар/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа  нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагаас 3.408.180 /гурван сая дөрвөн зуун найман мянга нэг зуун ная/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдэж,

Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Цэндоо гаргасан давж заалдах гомдолдоо: “...Ц.Хд прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг шүүх уг зүйл хэсгээр шийдвэрлэснийг үл зөвшөөрч шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн байр суурийг илэрхийлсэн боловч шүүх Ц.Хд Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж нээлттэй хорих ангид эдлүүлж шийдвэрлэсэн. Ц.Х нь согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчиж автомашинаар ухрах хөдөлгөөн хийхдээ хохирогчийн хашааны хаалганы шонг мөргөж ард нь зогсож байсан Баярсайханы нүүр рүү цохисноос амь насыг нь хохироосон үйл явдал тодорхой байхад зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Тодруулбал: Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар зүйлчилж яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлсэн бол хуульд нийцнэ гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа бөгөөд цар тахлын улмаас энэ тухай хүсэлтээ өмнө нь гаргах боломж олдоогүйг тэмдэглэж байна. Гэмт хэргийн улмаас хохирогчийн ар гэрт учирсан гэм хорын хохирол, төлбөрийн хувь учир дутагдалтай шийдвэрлэгдсэн гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж хэргийг Прокурорын газарт хуулийн зүйчлэлийг зөвтгүүлэхээр буцаалгахаар гомдол гаргав.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гансүх гаргасан давж заалдах гомдолдоо: “...Нэг.

Шүүх Ц.Хд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ “шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлөхүйц ноцтой зөрүүтэй”, “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэх үндэслэлийн тухайд: Шүүх түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, мөн 3 дахь хэсэгт заасан хариуцлагыг хөнгөрүүлэх ердийн болон онцгой нөхцөл байдлуудыг харгалзан үзээгүй, мөрдөн байцаалтад анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн улмаас учирсан бодит хохиролд 18 684 636 төгрөгийг сайн дураараа нөхөн төлсөн зэргээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх бүрэн боломжтой байхад шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, зөвхөн яллах талын гомдол хүсэлтэд үндэслэн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Үүнд:

1. Шүүгдэгч Ц.Х гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй нь найзынхаа амь нас эрсэдсэнд туйлын ихээр харамсан гэмшиж, ар гэрээс нь нэхэмжилсэн гэм хорын хохирлыг хохирогч талын шаардсан баримтын хэмжээнд, түүнээс бүр илүү хэмжээнд сайн дураараа нөхөн төлсөн, гэмшин цочирдсоноос хэрэг учрал болох үеэр өөрөө сэтгэцийн шоконд орж Улаанбаатар хотод Сэтгэцийн төв эмнэлэгт 5 хоног хэвтэн эмчлүүлсэн нөхцөл байдлаар тус тус тодорхойлогдоно.

2. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 мөн 3 дахь хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ердийн болон онцгой нөхцөл байдлуудыг гүйцэд харгалзан үзсэнгүй.

3. Ц.Х нь хохирогч, талийгаачтай бие биедээ тус дэм, өмөг түшиг болж олон жил нөхөрлөсөн сайн нөхөд, түүний амины хэдэн малыг олон жил маллаж сайхан нөхөрлөж явсан, нутаг усандаа, найз нөхөддөө нэр хүндтэй, бусдад тусархаг, хөдөлмөрч эгэл жирийн нэгэн малчин хүн юм. Энэ талаар хх-ийн 53, 54 дүгээр хуудаст гэрч Т.Буян, Ю.Баасанжаргал нарын мэдүүлэгт тодорхой авагдсан.

4. Дэлгүүрээс тамхи аваад машинтайгаа ирж талийгаачийн хашааны хаалганы гадна зогсохоор тормос гишгэх гэтэл хөл дэх тавчик нь сугарч хальтран барьц алдан хаазаа гишгэснээс хашааны явган хүний жижиг хаалга, машин оруулдаг том хаалга хоёрын дундах шонг мөргөсөн байдаг, мөргөлтөөс шон унаж ард нь явсан хохирогч талийгаач толгойдоо цохигдон тархины хүнд гэмтэл авч Гэмтэл согог судлалын эмнэлэгт 5 хоног эмчлэгдэх явцдаа 2 удаа мэс засалд ороод нас барсан золгүй явдал тохиолдсон. Үүнийг Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан "тохиолдлын шинжтэй нөхцөл байдал" гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдалд тооцох бүрэн боломжтой гэж үзнэ.

5. Ц.Х нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн ангиллын гэмт хэргийг хайхрамж болгоомжгүй үйлдсэн, хор уршгийг санамсаргүй учруулсан, хохирогчийн амь эрсдэхэд түүний гэм буруу тогтоогдсон хэдий ч тухайн үед хохирогч гагнуур хийж буй атлаа "...ядраад байна, 100 грамм татъя" /гэрч Х.Оунгэрэл, Х.Оюунцэцэг нарын мэдүүлэг, хх-36-38, 42, 44/ гэж архи уухыг санаачилснаар хоёр шил архи авчруулж, ууж согтуурцгаасан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцлийг бүрдүүлсэн, өөрөөр хэлбэл, амь хохирогчийн согтсон, биеэ хамгаалах, аюулаас зайлсхийх чадвар алдагдсан нь энэхүү золгүй явдал, хэрэг учрал гарахад нөлөөлсөн.

6. Эрүүл, мэндийн бодит хохирол болон оршуулагатай холбогдсон зайлшгүй зардлыг сайн дураар нөхөн төлсөөр байхад хохирогч талаас хуулийн үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө, хөрөнгө /50 000 000 төг/ нэмж өгөхийг утас, мессежээр болон бусад хэлбэрээр шаардаж, "...тохирсондоо хүрч чадахгүй бол чиний наад бөндгөрийг чинь машиныхаа дугуйн дор оруулахаа нэг мэдье, тэгээд чамайг яахыг чинь хараад баясаад инээгээд байж бас чадна шүү ...Муу адгийн алуурчин минь санууллаа шүү...” гэх мэтээр сэтгэл зүйгээр дарамталсан, сүрдүүлсэн нөхцөл байдал үүсгэсэн хэдий ч гэм буруугаа түмэнтээ ойлгож цаашид хохирогчийн ар гэрт эд мөнгөний тусламж үзүүлнэ гэдгээ илэрхийлж, мөнгө хөрөнгийг зохих хэмжээнд хуримтлуулахыг эрмэлзэж ирсэн.

7. Шинэчлэн найруулж 2015 онд баталсан Эрүүгийн хуулийн гол үзэл баримтлал бол Эрүүгийн хариуцлагын зорилгыг өөрчлөн хариуцлагын төрөл хэмжээг өргөтгөн тогтоосонд оршино. Эрүүгийн хариуцлагын зорилго бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийг чанга хатуу ял шийтгэл оногдуулж, зөвхөн цээрлүүлэхдээ гол нь бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тухайн этгээдийг нийгэмшүүлэхэд чиглэдгээрээ өмнөх Эрүүгийн хуулиас ялгагдах онцлогтой. Эл зорилгыг хангах үүднээс гэм буруутай нь тогтоогдсон этгээдэд зөвхөн ял шийтгэл оногдуулдаг байсан бол эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээг өргөтгөн тогтоож, түүнийг аль болох түлхүү хэрэглэхээр хуулийн үзэл баримтлал батлагдсан байна. Учир ийм байхад "гай газар дороос гэгчээр" санамсар болгоомжгүйгээр бусдад хор уршиг учруулан хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдон гэм буруугаа хүлээн гэмшиж буй, бага наснаасаа өнөөг хүртэл хөдөө нутагтаа мал аж ахуй эрхлэн амьдарч яваа эгэл жирийн малчин Ц.Хд хорих ял оногдуулж ялыг заавал биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн үзэл баримтлал, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцээгүй байна.

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх хэд хэдэн үндэслэлүүд байхад шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт "Шүүгдэгчийн өмгөөлөгчийн... гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хохирлыг нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл 1, эсхүл 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү гэх саналыг дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна. Шүүгдэгч Ц.Х нь ...хохирлыг маргахгүйгээр төлж барагдуулсан хэдий ч гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй байна." гэж дүгнэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, хорих ялыг биечлэн эдлүүлэхийн тулд хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн дүгнэлт гэж үзэж байна. Тогтоолын энэ дүгнэлтээс үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн аль ч этгээдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ огт хэрэглэгдэхгүй гэсэн логик гарч байна. Гэтэл Эрүүгийн хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд дээрх албадлагын арга хэмжээг хэрэглэсэн тохиолдол шүүхийн практикт цөөнгүй байх юм. Амьдрал баян учраас гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг гэм буруутай этгээдээс үл хамааран арилгах боломжтой, боломжгүй янз бүр байдаг. Гэтэл арилгах боломжгүй хор уршгийг шүүгдэгчээс шалтгаалах мэтээр холбон дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл /Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд ...ялаас чөлөөлөх ...албадлагын арга хэмжээ хэрэглэх/-ийн 1.2-д заасан нөхцөл, шаардлага нь шүүгдэгч

1. гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон,

2. гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх,

3. хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл ...нөхөн төлөхөө илэрхийлсэн байх зэрэг юм. Эдгээр нөхцөл шаардлагууд бүрэн хангагдсан байна.

Ийнхүү дээр дурьдсан үндэслэл, нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан нөхцөл, шаардлагыг бүрэн хангасныг илэрхийлэх үндэслэл мөн.

Иймд шүүгдэгч Ц.Х нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн ангиллын гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, туйлын ихээр гэмшиж, харамсаж буй, хэргийн улмаас учруулсан бодит хохиролд 18 684 636 төгрөгийг сайн дураараа нөхөн төлсөн, цаашид ч ар гэрт нь эд мөнгөний тусламж үзүүлэхээ илэрхийлсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг нь харгалзан ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх /зан үйлээ засах, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах гэх мэт/ албадлагын арга хэмжээ хэрэглэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим”-д бүрэн нийцнэ гэж үзэж байна. Хэргийн доторх онцлог болон бусад нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг эсхүл 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар түүнийг тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү.” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Мөнхтулга гаргасан дүгнэлтдээ: Шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. Хэргийг мөрдөн байцаалтад буцаах үндэслэлгүй байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гансүх гаргасан саналдаа: Ц.Хд оногдуулсан ял шийтгэх хүндэдсэн гэж үзэж байгаа. Зүйлчлэлийн хувьд өөрчлөх ямар ч үндэслэл байхгүй. Хохирлыг хангалттай төлсөн. Ял шийтгэлийг хөнгөрүүлж, өршөөн хэлтрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Цэндоо гаргасан тайлбартаа: Ц.Х нь тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын журам зөрчсөнөөс Т.Баярсайханы амь насыг хохироосон үйлдэл болсон. Заавал энэ хүнд ял шийтгэл оногдуулах гээд байгаа юм биш. Хууль хэрэглээний хувьд хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох ёстой. Давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.Хд холбогдох эрүүгийн 2034000000532 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Цэндоо, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий гараагүй байна.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгч Ц.Хгийн холбогдсон хэргийн үйл баримтын талаар прокурорын яллах дүгнэлтэд тусгаснаас  зөрүүтэй дүгнэлт хийсэн байна. Тухайлбал 2020 оны 10 сарын 16-ны өдрийн 527 дугаартай яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт “Яллагдагч Ц.Х нь Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багийн нутагт 2020 оны 8 сарын 22-ны орой 20-21 цагийн үед архидан согтуурсан үедээ 6157 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Лүн сумын 3 дугаар баг 210 тоот хашааны үүдэнд ухрах үйлдэл хийхдээ түүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн” /1хх-ийн 151-р хуудас/ гэсэн байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт шүүгдэгчийн холбогдсон хэргийн үйл баримтын талаар “шүүгдэгч Ц.Х нь Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багийн нутагт 2020 оны 8 сарын 22-ны орой 20-21 цагийн үед архидан согтуурсан үедээ өөрийн эзэмшлийн 6157 ТӨА улсын дугаартай Т.Кluger маркийн тээврийн хэрэгслээр тамхи авахаар явж эргэж ирэхдээ хашааны хаалганы гадна талаас нь мөргөж улмаар хашааны төмөр шон унаж цаана  нь зогсож байсан Т.Баярсайхан төмөр шонд дарагдаж түүний амь нас хохирсон” гэж зөрүүтэй дүгнэлт хийсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухай шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-т заасан гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн гүйцэд тогтоож чадаагүй, прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан хэргийн талаарх үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудад дурдагдсан үйл баримттай илт зөрүүтэй болсон, яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагад нийцээгүй байна.

Түүнчлэн прокуророос Ц.Хгийн үйлдсэн гэх үйлдэл, холбогдлыг буруу зүйлчилж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байхад энэ байдлыг нь анхан шатны шүүх харгалзан үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэж гаргасан шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна.

Мөн прокурор 2020 оны 10 сарын 16-ны өдрийн 27 дугаартай “Яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоол үйлджээ. Уг тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу яллах дүгнэлт үйлдэхээс өмнө яллагдагчид танилцуулах ёстой атал мөрдөгч уг тогтоолыг яллах дүгнэлт үйлдсэний дараа буюу 2020 оны 10 сарын 19-ний өдөр Ц.Хд танилцуулж мэдүүлэг авсан байна. /1хх-ийн 149-150/

Иймд мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Цэндоогийн гаргасан “хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэх тухай” давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж үзлээ. Хэргийг прокурорт буцаасан тул шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гансүхийн гаргасан “шүүгдэгчид хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх тухай” давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан тул шүүгдэгч Ц.Хд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хэргийг прокурорт очтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 07-ны өдрийн 169 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Хд холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцааж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Цэндоогийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч ханган, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гансүхийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Ц.Хд холбогдох эрүүгийн хэргийг Төв аймгийн Прокурорын газарт очтол шүүгдэгч Ц.Хд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн батгалгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.МӨНХДАВАА

 

 

                   ШҮҮГЧИД                                         Т.ЭНХМАА

 

 

                                                          Р.МӨНХ-ЭРДЭНЭ