Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 183/шш2023/00479

 

 

2023 оны 02 сарын 06 өдөр Дугаар 183/ШШ2023/00479 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Грийн хаус 78/22 тоот хаягт оршин суух, О овогт Н.Т /ПЮ00000001/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Хүүшийн ам, Яармагийн гүүр даваад Хүслийн төгөл хотхонд байрлах, М.У.К ХХК /5733839/-д холбогдох

Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг үндэслэлгүй болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 8 500 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгч Н.Т

Г.Ч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Н.Т нь М.У.К ХХК-д холбогдуулан ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:  Н.Т миний бие 2022 оны 03 сарын 25-ны өдрөөс эхлэн М.У.К ХХК-нд нарийн бичиг, бичиг хэргийн ажилтан албан тушаалд ажилд орсон. 2022 оны 05 сарын 09-ний өдрөөс хүний нөөцийн менежер албан тушаалд томилогдон ажилласан. 2022 оны 05 сарын 30-ны өдрийн 18 цагийн үед ажпаа тараад гэртээ ирэх үед Санхүү албаны бөгөөд Худалдан авах ажиллагаа хариуцсан захирал Ш.Ү өөрийн 00000000 дугаарын утсаар залгаж цаашид хамтарч ажиллахгүй, хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон тухай хэлээд маргааш өглөө 8 цагт очиж ажлаа хүлээлгэн өг, тушаалыг чинь гаргаад танилцуулна гэж хэлсэн. Ингээд 2022 оны 05 сарын 31-ний өдөр өглөө 08 цагт очиж борлуулалт хариуцсан ажилтан н.Зулсард ажлаа хүлээлгэн өгсөн. Ажлаас ямар тухай халах болсон талаар удаа дараа гүйцэтгэх захирал Г.Ч-аас асуухад тийм шийдвэр гараагүй гэсэн хариулт хэлсэн. Шийдвэр гараагүй гэдгийг сонсоод буцаад дуудна гэсэн хүлээлттэй 6 сарыг дуустал хүлээсэн. Ингээд хүний нөөцийн менежертэй болсныг сонсоод ажлаас ямар тухай халах болсон талаар хүний нөөцийн менежер н.А-тай ярьж халагдсан тушаалаа авъя гэхэд үндэслэл байхгүй тушаал гаргаж чадахгүй байгаа тухай хэлсэн. 2022 оны 07 сарын 25-ний үеээр залгаад дахин асуухад тушаал чинь гарсан гэж хэлсэн. 2022 оны 07 сарын 08 өдрийн Б/00 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалын үндэслэл хэсэг болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан ... сахилгын зөрчлийн давтан /2 ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн нь ямар ч үндэслэлгүй тушаал гаргасан гэж үзэж байна. Миний бие ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргасан удаа байхгүй тийм тэмдэглэл, хариуцлага хүлээлгэсэн эсэх баримт байхгүй, мөн удаа дараа шаардсан боловч надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байтал байгуулсан мэт, гэрээ зөрчсөн мэт болгож тушаал гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд ажлаас чөлөөлөх тухай тушаалыг үндэслэлгүй болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 8 500 000 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтрийн нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэв.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь тус компанид 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс нарийн бичиг, бичиг хэргийн ажилтнаар, 05 дугаар сарын 09-ны өдрөөс Хүний менежерээр тус тус томилж ажиллуулсан бөгөөд 2022.05.31-ны өдөр борлуулалт хариуцсан ажилтан н.З-д ажлаа хүлээлгэж өгөөд явсан гэжээ. Иргэн Н.Т ажлаас халагдах тушаалаа авъя гэхэд нь би ажлаас халаагүй, санхүү хариуцсан захирал ажилд хүн авах, халах эрх бүхий албан тушаалтан биш ирж ажлаа хий гэж гэсэн. Түүнээс хойш 7 сарын 08-ны өдөр хүртэл тушаал гаргаагүй байж байгаад бүтэн сар гаруй хоног ажилдаа ирээгүй тасалсан үндэслэлээр байгуулллагын санаачилгаар ажлаас халах тухай Б/00 дугаартай тушаал гаргасан. 7 дугаар сарын 25-ны өдрийн үед тушаалаа авсан байсан. Манай байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 8.4-т Хөдөлмөрийн сахилгын зөрчлийн шинж байдал, хор уршиг, болзошгүй үр дагаврыг тус тус харгалзан дараах үйлдэл, эс үйлдэхүйг ноцтой зөрчилд тооцно. Үүнд: 8.4.3-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 2 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан; гэх заалтыг үндэслэсэн өөрөөр хэлбэл ажлаа сайн дураараа тушаал шийдвэргүй борлуулалт хариуцсан ажилтанд хүлээлгэж өгөөд ажилдаа ирэхгүй сар гаруй болсон, уулзаж ярилцахаар ажлаас халсан тушаалаа авъя гэнэ. Би ажлаас халаагүй ажлаа ирж хий гэхээр санхүү хариуцсан захирал чинь намайг халсан гэсээр сар гаруй хугацаа өнгөрсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн заалтуудыг тус тус үндэслэн тушаал гаргасан. Иргэн Н.Т нь ажпаас үндэслэлгүй халагдсан тул 6,7 дугаар сарын цалин нийгмийн даатгалыг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг судалж үзэхэд Ажлаас чөлөөлөх тухай Б/00 дугаар тушаалд ажлаас 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгож ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан тул холбогдох нийгмийн даатгалыг төлсөн байна. Харин 7 дугаар сарын цалин нийгмийн даатгалыг нөхөн олгох боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэсэн хуульд заасан хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна гэв.

3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, цахим үнэмлэхний лавлагаа, 2022.07.08-ны өдрийн М.У.К ХХК-ийн ажлаас чөлөөлөх тухай Б/00 дугаар тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2022.05.09-ний өдрийн М.У.К ХХК-ийн жилд томилох тухай захиралын тушаал, 2022.03.30-ны өдрийн М.У.К ХХК-ийн ажилд томилох Б/00 дугаар тушаал, 2022.10.03-ны өдрийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэсийн 619 дүгээр албан бичиг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 2-9 хуу/

4. Хариуцагчаас: улсын бүртгэлийн гэрчилгээ, М.У.К ХХК-ийн дүрэм, цахим үнэмлэхний лавлагаа, 2022.01.11-ний өдрийн М.У.К ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам батлах тухай Б/00 дүгээр тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2022 оны 6 сарын тайлан, М.У.К ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2022 оны 6 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, хөдөлмөрийн дотоод журам зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 22-00 хуу, хх 34-40 хуу/

5. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэсээс нэхэмжлэгч Н.Т нь М.У.К ХХК-ийн 2022.07.18-ны өдрийн Б/00 дугаартай, Н.Тийг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг эс зөвшөөрсөн гомдлыг хэзээ гаргасан талаарх лавлагааг нотлох баримтаар бүрдүүлсэн. /хх 59 хуу/

  ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Н.Т М.У.К ХХК-д холбогдуулан тус компанийн гүйцэтгэх захирлын 2022.07.08-ны өдрийн Б/00 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг эс зөвшөөрч үндэслэлгүй болохыг тогтоолгож, ажилгүй байсан 2022 оны 6-12 дугаар сарын цалин олговорт 8 500 000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгаоыг нөхөн тлөж, зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлыарлаж байна. Үүнд: Би 2022.03.25-ны өдрөөс эхлэн М.У.К ХХК-нд нарийн бичиг, бичиг хэргийн ажилтнаар, 2022.05.09-ний өдрөөс хүний нөөцийн менежер албан тушаалд тус тус ажилласан. 2022.05.30-ны өдөр санхүү албаны бөгөөд худалдан авах ажиллагаа хариуцсан захирал Ш.Ү нь өөрийн 00000000 дугаарын утсаар залгаж хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон тухай мэдэгдээд маргааш өдрийн 8 цагт ажлаа хүлээлгэн өгөх талаар хэлсэн. Иймд 2022.05.31-ний өдөр 08 цагт борлуулалт хариуцсан ажилтан н.З ажлаа хүлээлгэж өгсөн. Ажлаас ямар үндэслэлээр халсан тухай удаа дараа гүйцэтгэх захирал Г.Ч-аас асуухад ажлаас халаагүй, гэсэн тул дуудахыг нь 6 дугаар сарыг дуустал хүлээсэн боловч 2022.07.25-ны үед 2022.07.08-ны өдрийн Б/00 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тухай тушаал гарсан талаар хэлсэн. Тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан ... сахилгын зөрчлийн давтан /2 ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн нь ямарч үндэслэлгүй бөгөөд би ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргаж байгаагүй, ажил олгогч надтай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй атал гэрээ зөрчсөн мэт болгож тушаал гаргасан. Иймд ажилд буцаан тогтоолгохоор шаардаагүй боловч дээрх ажлаас чөлөөлөх тухай тушаалыг үндэслэлгүй болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 8 500 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагчид даалгахаар шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.

3. Хариуцагч М.У.К ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Н.Т компанид 2022.03.25-ны өдрөөс нарийн бичиг, бичиг хэргийн ажилтнаар, 2022.05.09-ний өдрөөс Хүний менежерээр тус тус ажилласан. 2022.05.31-ны өдөр борлуулалт хариуцсан ажилтан н.З ажлаа хүлээлгэж өгөөд явсныхаа дараа ажлаас халагдах тушаалаа авъя гэхэд нь би ажлаас халаагүй, санхүү хариуцсан захирал ажилд хүн авах, халах эрх бүхий албан тушаалтан биш ирж ажлаа хий гэж хэлснээс хойш 2022.07.08-ны өдөр хүртэл тушаал гаргаагүй хүлээсэн боловч ирээгүй тул ажил тасалсан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар Ажлаас халах тухай Б/00 дугаартай тушаалыг үйлдсэн. Нэхэмжлэгч уг тушаалыг 2022.07.25-ны өдрийн үед авсан. Байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 8.4.3-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 2 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан бол ноцтой зөрчилд тооцохоор заасан. Ажилтан өөрийн сайн дураар, тушаал шийдвэргүй борлуулалт хариуцсан ажилтанд ажлаа хүлээлгэн өгөөд сар гаруй ажилдаа ирээгүй. Ажлаас чөлөөлөх тухай Б/00 дугаар тушаал үндэслэлтэй гэж үзэж байгаа учираас цалин олговор болон эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлөхийг зөвшөөрөхгүй. 2022.06.30-ны өдрөөр тасалбар болгож ажлаас чөлөөлсөн тул холбогдох нийгмийн даатгалыг төлсөн. Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гомдол гаргах гэсэн хуульд заасан хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

4.Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3,4,5 дугаарт дурдагсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд

4.1 М.У.К ХХК-ний гүйцэтгэх захирлын 2022.07.08-ны өдрийн Б/00 дугаар тушаалаар Н.Тийг ажлын байраа орхин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа тасалж зөрчил гаргасан үндэслэлээр 2022.06.30-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн, /хх 5 ху/

4.2 М.У.К ХХК нь ажилтан Н.Тийн нийгмийн даатгалын шимтгэлийг 2022 оны 6 дугаар сарыг дуустал төлж, бичилт хийсэн, /хх 6, 27, 00 ху

4.3 М.У.К ХХК-ний гүйцэтгэх захирлын 2022.03.30-ны өдрийн Б/00 дугаар тушаалаар Н.Тийг нарийн бичиг, бичиг хэргийн ажилтны албан тушаалд томилсон, /хх 8 ху/

4.4 М.У.К ХХК-ний гүйцэтгэх захирлын 2022.05.09-ний өдрийн тушаалаар Н.Тийг Хүний нөөцийн менежерийн албан тушаалд томилсон, /хх 7 ху/

4.5 2022.10.03-ны өдөр Хан-Уул дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй тухай хариу хүргүүлсэн, /хх 9 ху/

4.6 М.У.К ХХК-ний гүйцэтгэх захирлын 2022.01.11-ний өдрийн Б/01 дугаар тушүаалаар хөдөлмөрийн дотоод журмыг баталсан, /хх 26, 34-40 ху/

4.7 2023.02.03-ны өдөр Хан-Уул дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс Н.Т тус дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаагүй тухай 81 дугаар албан бичиг ирүүлсэн боловч 2022.09.30-ны өдөр гомдол гаргасан тухай шүүгчийн туслахад утсаар мэдэгдсэн, /хх 57,58 ху/ зэрэг үйл баримт тогтоогдож байна.

5. Зохигч хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй, гүйцэтгэх захирал ажлаас халсан тухай тушаал гаргаагүй тухай ажилтанд утсаар хэлсэн, өөр хоорондоо бичсэн цахим зурвасын утга агуулга, огноо дугаар зэрэг үйл баримтын тухайд маргаангүй, харин 2022.06.01-ний өдрөөс 2022.07.08-ны өдөр хүртэл ажилтан ажлаа хийх боломжтой байсан эсэх, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхэд маргаантай.

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй. гэж 154.2.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандах эрхтэй гэж 154.8-д сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.2-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тус тус заасан байна

Хэрэгт авагдсан М.У.К ХХК-ний гүйцэтгэх захирлын 2022.07.08-ны өдрийн Б/00 дугаар тушаалаас үзэхэд ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Н.Тийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байна

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох зохицуулалттай.

Хэргийн баримт болон талуудын тайлбараар ажилтан, ажил олгогч нарын хооронд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй үйл баримт тогтоогдох бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3энэ хуульд заасны дагуу хувь хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан шаардлага, стандартад нийцсэн, ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас ангид ажлын байраар хангах нь ажил олгогчийн үүрэгт хамаарах бөгөөд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй, ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцох талаар ажилтантай харилцан тохиролцоогүй атлаа дээрх үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох нь хуульд нийцэхгүй байна.

Гэсэн хэдий ч нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй бөгөөд талуудын тайлбар, маргаангүй үйл баримтаар 2022.07.25-ны өдөр ажилтан ажлаас халах тухай тушаалыг гардан авсан болох нотлогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандах эрхтэй гэж заасан бөгөөд ажилтан 2022.09.30-ны өдөр Хан-Уул дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст гомдол гаргасан болох нь тус байгууллагын тайлбараар, 2022.10.10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь тус шүүхийн нэхэмжлэл хүлээн авсан тэмдгээр тус тус нотлогдож байна.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолох бөгөөд мөн хуулийн 76.2.-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс тоологдох зохицуулалтта

Иймд нэхэмжлэгч 2022.07.25-ны өдөр тушаалыг гардан авч, 2022.09.30-ны өдөр Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан нь хуульд заасан 30 хоногийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэх бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн эсэх талаар баримтаар нотлоогүй тул хариуцагчийн хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх татгалзал үндэслэлтэй гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон хэдий ч нэхэмжлэгчийн нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Олхонууд овогт Наранцэцэгийн Тунгалаг /ПЮ00000001/-ийн М.У.К ХХК /5733839/-д холбогдуулан гаргасан Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг үндэслэлгүй болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 8 500 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ                Д.ЭНХЦЭЦЭГ