| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2022/02549/И |
| Дугаар | 183/ШШ2023/00531 |
| Огноо | 2023-02-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 183/ШШ2023/00531
2023 оны 02 сарын 10 өдөр Дугаар 183/ШШ2023/00531 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 00-00 тоот хаягт оршин суух, Б овогт С.А /ВА000000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 5 хэсэг, туул 1 гудамж, 0 тоот хаягт оршин суух, Б овогт М.Б /ЧТ00000000/,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 5 хэсэг, туул 1 гудамж, 0 тоот хаягт оршин суух, Б овогт М. Э /УМ00000000/ нарт холбогдох
25 273 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.А, нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. С.А нь М.Э, М.Б нарт холбогдуулан 25 273 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч М.Б болон хамтран зээлдэгч М.Э нар нь 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр С.А надаас 35 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай 5 хувийн хүүтэйгээр харилцан тохиролцож, зээлийн гэрээ байгуулж авсан. Авсан зээлээрээ эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэхээр бизнесийн зориулалтаар авсан. Гэтэл зээлийг хугацаандаа төлөөгүй хэтэрч явсаар өнөөдрийг хүрлээ. Зээлдэгч М.Б болон хамтран зээлдэгч М.Э нар нь өнөөдрийн байдлаар 22 820 000 төгрөгийг хүүний хамт төлсөн. Иймд зээлийн гэрээний үлдэгдэл болох 17 430 000 төгрөг, алданги 7 843 500 төгрөг, нийт 25 273 500 төгрөгийг хариуцагч М.Э, М.Бнараас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч нар бичгээр хариу тайлбар өгөөгүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн агуулгатай тайлбар гаргасан.
3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зээлийн гэрээ, мөнгөн шилжүүлэг, цахим үнэмлэхний лавлагаа, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 2-9 хуу, хх 41-62
4. Хариуцагчаас ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй байна.
5. Шүүх Хаан банк ХХК-иас Т.Б-ийн эзэмшлийн Хаан банкин дахь 5026918899 дугаарын дансны 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх хугацааны дансны хуулгыг нотлох баримтаар бүрдүүлсэн. /хх 71-338 хуу/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч С.А нь хариуцагч М.Э, М.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25 273 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч М.Б, М.Э нар нь 2018.02.09-ний өдөр С.А надтай зээлийн гэрээ байгуулж, 35 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, нэг сарын 5 хувийн хүүтэй зээлдэхээр тохиролцсон зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн эргэн төлөлтөд 22 820 000 төгрөг төлснөөс 3 сарын хүү 5 250 000 төгрөгийг тооцож, үлдэх 17 570 000 төгрөгийг үндсэн төлбөрөөс хассан. Иймд төлөөгүй үлдэгдэл 17 430 000 төгрөгийг алдангийн хамт 7 843 500 төгрөг, нийт 25 273 500 төгрөгийг хариуцагч М.Э, М.Б нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч М.Э, М.Б нар бичгээр хариу тайлбар өгөөгүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн агуулгатай буюу зээлийн төлбөрт нэхэмжлэгч С.Аын нөхрийн данс руу шилжүүлж байсан төлбөрийг тооцоогүй байна гэж тайлбарласан.
4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3,5 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1 2018.02.09-ний өдөр С.А, М.Э, М.Б нарын хооронд 35 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, нэг сарын 5 хувийн хүүтэй, зээл төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээгээр алданги тооцох нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулагдсан, /хх 4 ху/
4.2 2018.02.09-ний өдөр С.Аын эзэмшлийн Хаан банкин дахь 5065303050 дугаарын данснаас М.Бгийн 5011399131 дугаарын данс руу 35 000 000 төгрөг А-аас зээл олгов гэх утгатай шилжүүлсэн, /хх 5 ху/
4.3 Хариуцагч М.Бгаас зээл төлөв гэх утгатай дараах төлбөрүүдийг буюу 2018.03.17-ны өдөр 1 200 000, 1 500 000, 2018.04.28-ны өдөр 3 000 000, 2018.05.10-ны өдөр 1 000 000, 2018.08.23-ны өдөр 2 000 000, 2018.10.20-ны өдөр 800 000, 2018.12.31-ний өдөр 2 000 000, 2019.01.30-ны өдөр 1 300 000, 2019.02.01-ний өдөр 500 000, 2019.03.07-ны өдөр 500 000, 2019.04.26-ны өдөр 300 000, 2019.04.30-ний өдөр 100 000, 2019.05.16-ны өдөр 500 000, 2019.05.30-ны өдөр 1 000 000, 2019.07.03-ны өдөр 300 000, 2019.08.22-ны өдөр 220 000, 2019.08.23-ны өдөр 1 500 000, 2019.09.05-ны өдөр 1 200 000, 2019.09.05-ны өдөр 100 000, 2019.09.05-ны өдөр 200 000, 2019.10.08-ны өдөр 300 000, 2019.10.09-ний өдөр 300 000, 2019.11.18-ны өдөр 300 000, 2019.12.24-ний өдөр 500 000, 2020.01.08-ны өдөр 500 000, 2020.01.13-ны өдөр 350 000, 2021.09.13-ны өдөр 2 000 000, 2021.10.28-ны өдөр 500 000 төгрөг тус тус шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
5. Зохигч, зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаангүй, зээлийн гэрэний дагуу гүйцэтгэсэн үүргийн үнийн дүнд маргаантай.
6. Талуудын хороонд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасанд хамаарах зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 282 дугаар зүйлийн 282.1-д Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж, 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан байна
Зохичг зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан үйл баримт зэрэгт маргаангүй, зээлийн гэрээний үүргийн заримыг гүйцэтгээгүй болох нь талуудын тайлбар, хэргийн баримтаар нотлогдож байх тул нэхэмжлэгч гэрээний үүргийг хариуцагч нараас шаардах эрхтэй гэж дүгнэв.
Түүнчлэн, зээлийн гэрээний 2.7-д зээлдүлэгч нь зээлийн төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд ... гүйцэтгээгүй үүргйин үнийн дүнгээс хоног тутам 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан алдангид хамаарах бөгөөд алдангийн хэмжээ мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэх зохицуулалтыг зөрчөөгүй байх тул алдангийг мөн шаардах эрхтэй байна.
Мөн нэхэмжлэгч, хариуцагч М.Э, М.Б нараас гэрээний үүргийг хувь тэнцүүлэн хариуцуулахаар шаардсан бөгөөд хариуцагч нар зээлийн гэрээнд хоёулаа гарын үсэг зурснаас үзэхэд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ. гэж заасанд хамаарах хамтран үүрэг гүйцэтгэгч нар байх тул зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах үндэслэлтэй.
Иймд зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нар үндсэн зээл 35 000 000 төгрөг, 3 сарын зээлийн хүүд 5 250 000 төгрөг төлөх үүрэг үүссэнээс 22 820 000 төгрөгийг төлсөн болох нь дансны хуулгаар нотлогдож байх тул үлдэх 17 430 000 төгрөгийг, алданги 7 843 500 төгрөгийн хамт нийт 25 273 500 төгрөгийг хариуцагч М.Э, М.Б нараас хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч С.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар шийдвэрлэв.
7. Шүүх, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар тэдний эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн болохыг дурдах нь зүйтэй.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан тул хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 242 дугаар зүйлийн 242.1-д заасныг тус тус баримтлан Бовогт М. Б /ЧТ00000000/, Б овогт М. Э /УМ00000000/ нараас 25 273 500 /хорин таван сая хоёр зуун далан гурван мянга таван зуун/ төгрөг гаргуулан Б овогт С.А /ВА000000000/-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284 320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Э, М.Б нараас 284 320 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ