| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2022/04854/И |
| Дугаар | 102/ШШ2023/00196 |
| Огноо | 2023-01-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2023/00196
| 2023 оны 01 сарын 10 өдөр | Дугаар 102/ШШ2023/00196 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Б-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: А-т холбогдох,
25 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* нар оролцож
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.*******оос хариуцагч Б.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг, хохирол нийт 25 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... 2018 оны 05 сарын 25-ны өдөр нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Б.*******т 15,000,000 төгрөг зээлүүлсэн байдаг. Ингэж зээлүүлэхдээ нэхэмжлэгч, хариуцагч нар тодорхой хэмжээний бизнес хамтарч эрхэлдэг байсан. Уртын харилцааны явцад нэг нэгнийгээ таньдаг болсон нөхцөл байдлаа харгалзаж үзээд бичгээр гэрээг хийлгүйгээр *******т тухайн мөнгийг зээлүүлж өгсөн байдаг. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ын аав ******* гуайн Хаан банкны данс руу энэ мөнгийг шилжүүлж, *******ыг яагаад өөрийнхөө дансаар авахгүй байгаа юм бэ? гэж асуухад ******* би шийдвэр гүйцэтгэл дээр өр төлбөртэй үүнээсээ болоод данс хаагдсан учраас өөрийнхөө дансаар авч чадахгүй аавынхаа дансаар авч байгаа гэж тайлбарласан. Тухайн үед нэхэмжлэгч мөнгө шилжүүлж өгснөөр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч ******* мөнгө зээлүүлэхдээ бэлэн мөнгөгүй байсан учраас өөрийн эзэмшлийн 1519 УНХ улсын дугаартай ******* маркийн авто машинаа банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж энэ мөнгийг *******т гаргаж өгсөн байдаг. Банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд машинаа тавихдаа анх банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулдаг ******* ХХК-иас сарын 4,8 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Энэхүү банк бус санхүүгийн байгууллага зээлийн хүү, алданги өндөр мөнгө төлж байсан учраас 2018 оны 10 сарын 01-ний өдөр ЖДМБ ХХК-иас 15,000,000 төгрөг зээлж ******* ХХК-ийн зээлийг бүрэн төлж гэрээг дуусгавар болгосон. ЖДМБ ХХК нь хүмүүсийн сайн мэддэгээр ******* барьцаалдан зээлдүүлэх үйлчилгээ гэж ойлгож болно. ******* ББСБ-аас авсан зээлээ 2020 оны 12 сарын 21-ний өдөр бүрэн төлж барагдуулсан байдаг. 2018 оны 10 сарын 01-ний өдөр 15,000,000 төгрөг авсан бол 2020 оны 12 сарын 21-ний өдөр зээлийг төлж дуусгахдаа нийт зээлийн хүү болон алдангид 25,000,000 төгрөг төлж барагдуулсан байдаг. Энэ бүх хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч *******т холбогдуулаад би ББСБ-аас өндөр хүүтэй зээл аваад чамд өгчихсөн. Зээл авсан хугацаандаа хүү, алдангид өндөр төлбөр төлж байгаа учраас чи яаралтай мөнгөө өгөөч гэх шаардлагыг тухай бүртээ тавьж байсан боловч хариуцагч *******ын зүгээс өнөөдрийг хүртэлх хугацаанд авсан зээлийнхээ төлбөрт 1 төгрөг ч нэхэмжлэгчид буцааж төлөөгүй байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа анх зээлүүлсэн 15,000,000 төгрөг дээрээ ББСБ-д хүү, алдангид төлсөн 10,000,000 төгрөг нийтдээ 25,000,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна... гэв.
3. Хариуцагч хариу тайлбартаа: ...хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь ******* нэхэмжлэгч *******од ямар нэгэн төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар ямар нэгэн хэлцэл, тохиролцоо хийж 25,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээгээгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа *******, ******* нар хамтран бизнес эрхэлж байсан талаар хүлээн зөвшөөрч байна. Манай талаас мөн хамтран бизнес эрхэлж байсан талаар хүлээн зөвшөөрнө. Хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн 2019 оны 02 сарын 10-ны өдрийн 0/1 дугаартай албан тоот дээр бичигдсэн тооцоо дуусгавар болсон акт байгаа. Хелосилл ХХК-ийн захирал Эрдэнэ-Очир, хувь нийлүүлэгч *******, ******* нар харилцан тохиролцоод Сэлэнгэ аймагт алт олборлох үйл ажиллагааг 2015 оны 09 сараас хийж эхэлсэн. Энэ үйл ажиллагаа нь дампуурч бүтэлгүйтсэн болохыг дээрх албан тоот харуулж байна. Мөн гэрч нь *******, ******* нар харилцан бизнес хийж Сэлэнгэ аймагт алт олборлодог байсан талаар гэрчилдэг. Энэ албан тоотод бичсэн 90,000,000 төгрөг, дараа нь нэмэлт 15,000,000 төгрөг гээд байгаа нь *******ын машинаа тавьж оруулсан хөрөнгө оруулалтын 15,000,000 төгрөгний дүн юм. ******* нь ХХК-ийн хувьцаа эзэмшигч буюу тус албан тоотын доор байгаа хаяг гэсэн хэсэгт и-мэйл [email protected] гээд Санжаа овогтой *******ын хаяг бичигдсэн байгаа нь хамааралтай этгээд болох нь харагдана. Тэгэхээр хамтарсан алт олборлолтын бизнесийг 2017 оны 09 сараас хийж байсан байна. Ингээд нэг жилийн хугацаанд бизнес амжилтгүй болсон учраас ******* өөрийн эзэмшлийн 2 алт олборлох станцаа нэгийг нь 65, нөгөөхийг нь 60 нийт 125,000,000 төгрөгөөр үнэлээд энэ хөрөнгө оруулалт хийсэн эхлээд 90,000,000 төгрөг, дараа нь 15,000,000 төгрөг нийт 105,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын тооцоог хийж дуусгасан болох нь нотлох баримтаар авагдсан. Тийм учраас энэ хөрөнгө оруулалт,ажлын хөлсийг бусад эд хөрөнгөөр тооцоо хийж дууссан болох нь харагдаж байна. Нэхэмжлэгчийн хариуцагч *******ын аав ******* гуайн данс руу шилжүүлсэн гүйлгээний утгыг харвал хөрөнгө оруулалт, тээврийн зардал гэж бичсэн байгаа. Хэрвээ нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ярьж байснаар зээл байсан бол яагаад хөрөнгө оруулалт, тээврийн зардал гэж бичсэн юм бэ, хэрвээ зээлийн гэрээ, хэлэлцээр тухайн үед яригдаж байсан бол мэдээж зээл гэж бичих байсан. Гэтэл тийм агуулга байгаагүй. Хэрэв нэхэмжлэгчийн хэлж байгаагаар зээлийн хэлцэл, гэрээ гэж үзэх юм бол Иргэний хуулийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг гэж заасан. Тэгэхээр мөнгө шилжүүлсэн хугацаа нь 2018 оны 5 сарын 25-ны өдрөөс хойш 3 жилийн хугацаанд буюу 2021 оны 05 сарын 25-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болж шаардах эрхгүй болсон гэж үзэж байна. Гэхдээ дээрх асуудлыг хэлснээр зээлийн гэрээ, хэлцлийг хүлээн зөвшөөрч байгаа асуудал биш юм. С.******* нь хөрөнгө оруулалт, тээврийн зардалаа хэрхэн яаж, ямар мөнгө олж явуулсан нь *******т хамаагүй. Тэр авто ломбарданд хүү төлсөн учраас *******аас хүү, алданги авах ёстой гэж тайлбарлаж байгаа нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т хүү тогтоосон бол зээлийн гэрээг заавал бичгээр хийнэ гэж заасан байдаг... гэв.
4. Нэхэмжлэгчийн ирүүлсэн
Нэхэмжлэл /хэргийн 1, 2 дугаар тал/
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3 дугаар тал/
С.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 4 дүгээр тал/
******* ХХК-ийн тодорхойлолт /хэргийн 5 дугаар тал/
С.*******ын Хаан банкны дансны хуулга /хэргийн 6 дугаар тал/
Хаан банкны гүйлгээ /хэргийн 7 дугаар тал/
ЖДМБ ХХК-ийн тодорхойлолт /хэргийн 8, 9 дүгээр тал/
Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 20-21 дүгээр тал/ нотлох баримтууд
5. Хариуцагчийн ирүүлсэн
Итгэмжлэл /хэргийн 14 дүгээр тал/
Хариу тайлбар /хэргийн 15 дугаар тал/
ХХК-ийн Тооцоо дуусгасан акт /хэргийн 19 дүгээр тал/
6. Шүүхээс
Хаан банкны данс эзэмшигчийн талаарх лавлагаа албан бичиг /хэргийн 26 дугаар тал/
Ц.гаас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл, хууль сануулсан баримт, иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 31-36 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... 2018 онд хариуцагчийн гуйлт хүсэлтээр машинаа барьцаалан 15 000 000 төгрөг зээлээр авч шилжүүлсэн. ББСБ-д хүү алданги 10 000 000 төгрөг төлсөн. 10 000 000 төгрөг бол зээлийн гэрээнээс учирсан хохирол, 25 000 000 төгрөг нэхэмжилнэ... гэж тайлбарласныг
хариуцагч эс зөвшөөрч ...алт олборлох хамтын бизнес хийж байсан, нэхэмжлэгч 90 000 000 төгрөг, нэмэлтээр 15 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Хамтын үйл ажиллагаа амжилтгүй болсон тул өөрийн эзэмшлийн 2ш хөрөнгөө нэхэмжлэгчид шилжүүлж тооцоо дууссан. Нэхэмжлэгч талаас ямар нэг байдлаар зээлийн төлбөр төлөөч гэх шаардлагыг огт гаргаж байгаагүй. Зээлийн гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргаж байна.
3. Зохигч талуудын тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. 2018 оны 05 сарын 25-ны өдөр нэхэмжлэгч хариуцагчийн эцэг талийгаач Ж.*******а гэх хүний 5011277985 тоот дансанд 15 000 000 төгрөг шилжүүлж гүйлгээний утгат тээврийн зардал хөрөнгө оруулалт гэж тэмдэглэсэн байна. /хэргийн 6, 26 дугаар тал/
5. Нэхэмжлэгч дээрх баримтаар өөрийн шаардлага үндэслэлээ нотолно гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тайлбар дараах баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:
6. Хариуцагч ...дээрх мөнгийг шилжүүлж авсан нь үнэн, нэхэмжлэгчтэй хамтарч алт олборлох бизнес хийж байсан ба энэ бизнесийн үйл ажиллагаанд нэхэмжлэгч эхлээд 90 000 000 төгрөг, дараа нь 15 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, нэг жилийн дараа бизнесийн үйл ажиллагаа амжилтгүй болж хариуцагч өөрийн эзэмшлийн 2 ширхэг алт олборлох станцаа /105 000 000 төгрөгийн үнэ бүхий/ нэхэмжлэгчийн хувьцаа эзэмшдэг Хэлиосхилл ХХК-д хүлээлгэн өгч тооцоо дуусгавар болсон... гэж тайлбар,
- нэхэмжлэгч хариуцагчийн ...нэхэмжлэгчтэй хамтарч алт олборлох бизнес хийж байсан... гэх тайлбарыг үгүйсгээгүй ба ...нэхэмжлэгч, хариуцагч нар тодорхой хэмжээний бизнес хамтарч эрхэлдэг байсан... гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан, нэхэмжлэгч энэ талаар нэхэмжлэлдээ мөн адил тайлбарласан тайлбар,
- 2023 оны 01 сарын 03-ны өдөр нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ц.гаас гэрчийн мэдүүлэг авсан бичгийн баримт /хэргийн 33-35 дугаар тал/
гэрч Ц. мэдүүлэхдээ ...2018 онд *******, ******* нар уурхай дээр хамтарч төсөл хэрэгжүүлэх гэж явж байсан. Тэр нь алтны уурхай байсан. ...2018 оны 05 сард ******* ах *******т 15 000 000 төгрөг өгсөн гэж сонссон. Аль аль нь авсан өгсөн гэж хэлж байсан. Бизнесийн үйл ажиллагаатай холбоотой энэ мөнгийг авсан гэж ойлгосон, ...тэр мөнгийг зээлсэн гэж сонсоогүй... гэжээ,
- 2019.02.10-ны өдрийн №9/1 тоот Тооцоо дууссан акт бичгийн баримт /хэргийн 19 дүгээр тал/
Уг баримтад ...Хэлиосхилл ХХК нь 2017 оны 09 сард *******а овогтой *******тай 90 000 000 төгрөийн хөрөнгө оруулалтаар олборлолтын ажлын гэрээ хийсэн бөгөөд дахин 15 000 000 төгрөгийн нэмэлт хөрөнгө оруулалт, нийт 105 000 000 төгрөгийн хөрөнгийг тус үйл ажиллагаанд оруулсан болно. Дээрх олборлолтын ажлын гүйцэтгэл амжилттай явагдаагүй тул 2 тал харилцан тохиролцож, тус олборлолтод ашиглагдаж байсан Б.*******ын уул уурхайн баяжуулах тоног төхөөрөмж /цагт 60м3 баяжуулах хүчин чадалтай 65 000 000 төгрөгийн үнэлгээтэй, 100м3 баяжуулах хүчин чадалтай 60 000 000 төгрөгийн үнэлгээтэй 2 тоног төхөөрөмж/ ийг Хэлиосхилл ХХК-д 2019 оны 02 сарын 02-ны өдөр хүлээлгэн өгснөөр тус төслийн санхүүгийн асуудлыг шийдвэрлэв.... гэжээ. Мөн баримтад Хүлээлгэн өгсөн Б.*******, Хүлээн авсан Хэлиосхилл ХХК-ийн захирал Ц.Эрдэнэ-Отгон гэж гарын үсэг зурж, Хэлиосхилл ХХК-ийн тамга дарж баталгаажуулсан байна.
- 2018 оны 05 сарын 25-ны өдөр нэхэмжлэгч хариуцагчийн эцэг талийгаач Ж.*******а гэх хүний 5011277985 тоот дансанд 15 000 000 төгрөг шилжүүлсэн С.*******ын Хаан банкны дипозит дансны хуулга баримтын хуулгын агуулга хэсэгт ...тээврийн зардал хөрөнгө оруулалт... гэж тэмдэглэсэн зэрэг болно.
...Хэлиосхилл ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэ-Очир, компанийн хувьцаа эзэмшигч хариуцагч С.*******... гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж маргаагүй.
7. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж буй тохиолдолд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, тайлбараа нотлох хуульд заасан үүрэгтэй ба нэхэмжлэгчийн шаардлага үндэслэл тайлбар нотлогдоогүй, хариуцагчийн тайлбар болон дээрх баримтуудаар үгүйсгэгдэж байгаа ба нэхэмжлэгч дээрх баримтуудыг үгүйсгэж нотлох баримтаар няцаагаагүй болно.
8. Нэхэмжлэгч 15 000 000 төгрөгийг хариуцагч намар буцаан төлөхөөр тохиролцсон гэснийг хариуцагч тайлбараараа үгүйсгэсэн ба нэхэмжлэгч тайлбараа ямар нэг баримт сэлтээр нотлоогүй.
9. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
10. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4, 196 дугаар зүйлийн 196.1-д заасан зээлийн гэрээний гол нөхцөл болох мөнгө буюу 15 000 000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн эсэх, зээлийн гэрээний онцлог болох мөнгийг тодорхой хугацаанд ашиглуулах зорилготой зээлдэгчийн өмчлөлд шилжүүлдэг ба нэхэмжлэгч мөнгийг ямар хугацаатай шилжүүлсэн, хэрвээ ямар нэг хугацаа тохиролцоогүй бол зээлсэн мөнгийг буцаан төлөх үүргийг хэзээ хэрхэн шаардаж байсан зэрэг үйл баримт тодорхойгүй, нэхэмжлэгч энэ талаар шүүхэд ямар нэг баримтыг ирүүлээгүй, өөрийн тайлбараа нотлоогүй.
11. Талуудын хооронд бичгээр хэлцэл байгуулагдаагүй, зээлийн гэрээний гол нөхцлийн талаар талууд хэрхэн тохиролцсныг нэхэмжлэгч нотлоогүй, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болон хэлцлийн агуулгыг бодитоор тодорхойлж, шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийх боломжгүй тул зохигч талуудын хооронд зээлийн гэрээ, хэлцэл байгуулагдаагүй гэж үзэв.
12. Хариуцагч нэхэмжлэгч хүү алданги 10 000 000 төгрөг нэхэмжилж байгаа бол талуудын хооронд бичгээр хэлцэл байгуулагдаагүй тул хүү шаардах эрхгүй гэж тайлбарласан нь хуулийн үндэслэлтэй.
13. Нэхэмжлэгч зээлсэн гэх мөнгийг буюу 15 000 000 төгрөгийг хариуцагчийн хүсэлтээр түүний аав талийгаач Ж.*******агийн эзэмшлийн данс руу шилжүүлсэн гэх боловч зээлийн гэрээний үүргийг гуравдагч этгээдэд хүлээлгэн өгөх талаар талууд тохиролцсон байдал тогтоогдохгүй байгаа ба хариуцагч тухайн мөнгийг хамтын бизнесийн үйл ажиллагаанд оруулсан хөрөнгө оруулалт гэж үгүйсгэж тайлбарласан болно.
14. Талуудын хооронд зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн нь тогтоогдоогүй тул нэхэмжлэгч үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол шаардах эрх үүсэхгүй юм.
15. Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн ******* ХХК-ийн тодорхойлолт, ЖДМБ ХХК-ийн тодорхойлолт баримтуудаар нэхэмжлэгч 4.8 хувийн хүүтэй зээл авсан гэх үйл баримтыг шууд нотлох үнэн зөв баримт гэж үзэхэд эргэлзээтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.
16. Иймд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.4, 186 дугаар зүйлийн 186.1, 196 дугаар зүйлийн 196.1, 196.1.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэг, хохирол шаардах эрх нотлогдоогүй, үндэслэлгүй тул зээлийн гэрээний үүрэг хохирол нийт 25 000 000 төгрөгийг хариуцагч Б.*******аас гаргуулах тухай нэхэмжлэгч С.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
17. Хариуцагч хэрэв нэхэмжлэгчийн хэлж байгаагаар зээлийн гэрээ, хэлцэл гэж үзэх юм бол гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа өнгөрсөн гэж тайлбарласан ба талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний хугацаа үүрэг гүйцэтгэх хугацааг тохиролцсон эсэх нь тогтоогдохгүй байгаа, хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан болон хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн зэрэг үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгөх боломжгүй юм.
Нэхэмжлэгч зээлсэн мөнгийг хариуцагч намар буцаан төлөхөөр тохирсон гэж амаар тайлбарласан боловч энэ талаар тодорхой баримт гаргаж нотлоогүй.
18. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв. /хэргийн 39 дүгээр тал/
19. Нэхэмжлэгч өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг тайлбарлах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.4, 196 дугаар зүйлийн 196.1.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар хариуцагч Б.*******т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг, хохирол нийт 25 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ