Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 183/шш2023/00637

 

 

2000 оны 02 сарын 27 өдөр Дугаар 183/ШШ2000/00637 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 00а байр, 0 орц, 000 тоот хаягт оршин суух, Д овогт Ц.Т /КЮ00000000/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол 00-00 тоот хаягт оршин суух, Халх жудаг ХХК-ийн захирал ажилтай Б овогт Ч.Б /ЙР00000000/-д холбогдох

8 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгч Ц.Т

Хариуцагч Ч.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Т нь хариуцагч Ч.Б-т холбогдуулан гэрээний төлбөрт 8 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: 2022.08.30-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутагт байх алтны жижиг уурхайд өөрийн өмчлөлийн ковш /хүнд механизм/-ийг 1 сарын 19 000 000 төгрөгөөр түрээслүүлэхээр Халх жудаг ХХК-ийн захирал Ч.Б-тай амаар тохиролцож, 2022.09.31-ний өдөр ажиллах талбайд очсон. Би өөрөө оператор жолоочоор нь ажиллаж эхэлсэн. Гэрээний үргэлжлэх хугацааг 45 хоногоос багагүй байхаар тохиролцсон. Ч.Б-аас 2000.09.20-ны өдрийг хүртэл хугацаанд 9 000 000 төгрөгийн түрээсийн төлбөр хүлээн авсан. 2022.09.24-ний өдөр хүртэл ажиллаад түрээслэгчээс шалтгаалан ажлаа зогсоож, 2022.09.27-ны өдөр хотод ирсэн. Иймд түрээсийн төлбөрийг 1 сараар тооцож 19 000 000 гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзэж байгаагаас төлөгдсөн төлбөр 9 000 000, тээврийн зардал 2 000 000 төгрөгийг хасч, үлдэх 8 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй. Гэхдээ нэхэмжлэгчийн ажилласан хоногоор тооцож байгааг болон жолооч ажилуулсан 3 хоногийн цалин 900 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин дугуй хагарсны улмаас 1 хоног ажиллаагүй тул 2 хоног гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Нийт ажилласан хугацааг 2022.08.31-ний өдрөөс Улаанбаатар хотод ирсэн 2022.09.27-ны өдөр хүртэл гэж тооцож байна гэв.

2. Хариуцагч Ч.Б нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд. Нэхэмжлэгчтэй өөрийн эзэмшлийн уурхайд ажиллуулах зорилгоор ковч түрээслэн ажилулсан бөгөөд хугацааг 15 хоног байхаар тохиролцсон. Ингэхдээ нэхэмжлэгч 2 ээлжийн ковшийн жолооч-оператор ажиллуулах үүрэг хүлэсэн боловч ганцаараа ирсэн тул манай компаний зүгээс өнөдөр үнэтэй түрээсээр ажиллаж байсан Хово маркийн автомашины жолоочийг ажиллуулахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Үүний улмаас байгууллагад тодорхой хохирол үүссэн. Мөн ажиллах хугацаандаа ковшийн дугуй хагарсны улмаас 2 хоног ажиллаагүй. Нэхэмжлэгч 1 өдөр л ажил зогссон мэтээр тайюлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Улаанбаатар хотоос 160 орчим км зайтай байдаг уурхай бөгөөд хагарсан дугуйг засварлах шинэ дугуй сэлбэг хэрэгслийг Улаанбаатараас худалдан авч хүргүүлэх, уг сэлбэгийг хүлээн авч засварлах ажиллагаа 1 хоногт багтах боломжгүй. Ажилласан нийт хоногийг 24 хоногоор тооцоход дугуй хагарсан 2 хоног хасагдаж, 22 хоногийн нэг өдрийн түрээсийг 612 903 төгрөгөөр тооцоход 13 483 866 төгрөг болно. Үүнээс ээлжийн жолооч-оператор ажилуулах үүргээ биелүүлээгүй тул нэг сарын 9 000 000 төгрөгийг түрээсээр ажиллуулж байгаа Хово маркийн машины жолоочийг 10 хоног ажиллуулсан хохирол 3 000 000 төгрөг, жолоочийн 2 хоногийн цалин 200 000 төгрөг, хот руу тээвэрлэсэн тээврийн зардал 3 500 000 төгрөг, төлсөн 9 000 000 төгрөгийг хасч тооцно. Бодит байдалд нэхэмжлэгч 10 хоног л ажилласан бөгөөд манай зүгээс 7 344 000 төгрөг илүү төлсөн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, цахим үнэмлэхний лавлагаа, зурвасууд зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 2-11 ху/

4. Хариуцагчаас: машин механизмын түрээсийн гэрээг гаргаж өгсөн. /хх 00-25 ху/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Ц.Т нь хариуцагч Ч.Б-т холбогдуулан гэрээний төлбөрт 8 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Халх жудаг ХХК-ийн Төв аймгийн Жаргалант сумын нутагт байрлах алтны уурхайд 2022.08.30-ны өдрөөс 2022.09.27-ны өдрийг хүртэл хугацаанд өөрийн өмчлөлийн ковш /хүнд механизм/-ийг 1 сарын 19 000 000 төгрөгөөр түрээслүүлж,өөрөө жолооч-оператороор нь ажилласан. Гэрээний төлбөрт 9 000 000 төгрөг хүлээн авсан. Холбогдох бусад зардлыг хасаад 8 000 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн тайлбартай холбогдуулан жолооч ажилуулсан 3 хоногийн 900 000 төгрөг, жолоочийн цалин 200 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч, гэрээний төлбөрийг нэг сараар биш ажилласан хоногоор тооцоход татгалзахгүй гэж тайлбарлаж байна.

3. Хариуцагч Ч.Б нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Нэхэмжлэгчтэй ковш түрээслэх гэрээ байгуулсан. Гэрэний дагуу Халх жудаг ХХК-ний эзэзмшлийн уурхайд ажилласан бөгөөд ба уг компанийн захирал, нэг гишүүнтэй компани учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцоход татгалзахгүй. Харин хариуцагчийн ажиласан хоногоо 27 хоногоор тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 2022.08.31-ний өдрөөс 2022.09.00-ны өдөр хүртэл 24 хоног ажилласан боловч яг ажилласан хугацааг нь тоолоход 10 өдөр. Үүнээс 2 хоногт дугуй нь эвдрээд ажиллаагүй. Иймд 19 000 000 төгрөгийг 22 хоногт хуваахад нэг хоногийн 612 903 төгрөг, нийт 13 483 866 төгрөг болно. Үүнээс 9 000 000 төгрөгийг бэлнээр, жолооч ажилуулсан хохирол 3 500 000, цалин 200 000, тээврийн зардал 3 500 000 төгрөгийг тус тус хасч тооцоход илүү төлбөр төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбаралж байна.

4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3.4 дүгээр дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1 2022.09.07-ны өдөр Ц.Т-ын эзмшлийн Хаан ыакин дахь 5029920292 дугаарын дансанд 1 620 000 төгрөг, 2022.09.17-ны өдөр 3 000 000, 2022.09.22-ны өдөр 1 000 000 төгрөгийг тус тус ковш түрээс гэсэн утгатай орлогын гүйлгээ хийгдсэн үйл баримт тогтоогдож байна. /хх 7 ху/

5. Зохигч, тэдний хооронд хүнд машин механизм ажиллуулах тухай гэрээ аман хэлцлийн хэлбэрээр байгуулагдсан, гэрээний үнийг 1 сар тутам 19 000 000 төгрөг байхаар тохиролцсон, гэрээ 2022.08.31-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн, хариуцагч Ч.Б нь Халх жудаг ХХК-ний захирал, итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээд мөн тул гэрээний үүргийг хариуцахад татгалзахгүй, хариуцагч ээлжийн жолоочид 200 000 төгрөгийн цалин төлсөн зэрэг үйл баримтад маргаангүй.

Харин, ажилласан хоног, өөр ээлжийн жолооч ажиллах болсон үндэслэл, хохирол тооцсон үнийн дүн зэрэгт маргаантай.

6. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт хамаарах хүчин төгөлдөр хэлцэл аман хэлцлийн хэлбэрээр байгуулагдсан байна.

Иргэний хуулийн  287 дугаар зүйлийн 287.1-д Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул нэхэмжлэгч гэрээний төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтай боловч нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах үндэслэлтэй. Тодруулбал,

Нэхэмжлэгч 2022.08.31-ний өдрөөс 2022.09.27-ны өдөр хүртэл 26 хоног ажилласан гэж, хариуцагч 2022.08.31-ний өдрөөс 2022.09.00-ны өдөр хүртэл 24 хоног ажилласан гэж талууд маргасан боловч хэн аль үндэслэлээ баримтаар нотлоогүй, мөн хоорондоо бичсэн цахим зурваст үзлэг хийлгэх шаардлагагүй, харилцан яриа, огноо зэрэгт маргаангүй гэж тайлбарласан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзаж байгаа бол татгалзлын үндэслэлээ тус тус өөрсдөө нотлох эрх үүрэгтэй боловч хэн аль энэ эрх үүргээ хэрэгжүүлээгүй.

Иймд шүүх, талуудын тайлбарыг маргаангүй үйл баримт гэх цахим зурваст 2022.09.25-ны өдрөөр гэрээ дууссан тухай агуулга дурдсан байгааг харгалзан үзэж, ажилласан хоногийн тоог 2022.08.31-ний өдрөөс 2022.09.25-ны өдөр хүртэл 26 хоног гэж тогтоолоо.

Үүнээс хүнд машин механизмын дугуй хагарсан хоногийг хариуцагчийн ...уурхай Улаанбаатар хотоос 160 км зайтай, сэлбэг хэрэгслийг Улаанбаатараас худалдан авах, хүргүүлэхэд 1 хоног, дугуйг засварлахад 1 хоног зарцуулна гэх агуулгатай тайлбар үндэслэлтэй байх тул 2 хоногийн төлбөрийг, мөн нэхэмжлэгчийн маргахгүй, нэхэмжлэлийн шаардлагаас хасахад татгалзахгүй гэж тайлбарласан жолооч ажиллуулсан хохирол 900 000 төгрөг, цалин 200 000 төгрөгийг тус тус төлбөрөөс хасах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд нэг сарын 19 000 000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзэхэд хариуцагч нэг хоногт 633 333 төгрөг төлөх үүрэгтэй байна. Иймд нэхэмжлэгч Ц.Төрболдын ажилласан хоногийг 2022.08.31-ний өдрөөс 2022.09.25-ны өдрийн хооронд 24 хоногт тооцоход 15 199 992 төгрөг байхаас төлөгдсөн 9 000 000 төгрөг, жолооч ажиллуулсан хохирол 900 000, цалин 200 000 төгрөгийг тус тус хасч, үлдэх 5 099 992 төгрөгийг хариуцагч Ч.Булгантамираас гаргуулан нэхэмжлэгч Ц.Төрболдод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 900 008 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Хариуцагч Ч.Б нэг сарын 9 000 000 төгрөгийг түрээсийн төлбөртэй машиныг сул зогсоож, жолоочийг нь ковшийн оператороор ажиллуулснаас хохирол учирсан, 10 хоног сул зогссон гэх зэргээр тайлбарласан боловч татгалзлаа нотлохоор ирүүлсэн 2022.08.05-ны өдрийн Халх жудаг майнинг ХХК болон Д.Д нарын хооронд байгуулагдсан машин механизмын түрээсийн гэрээ нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий хүсэлтийг гаргаагүй тул хариуцагчийн татгалзал нотлогдохгүй байна гэж дүгнээд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд шүүх дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Мөн, эд хөрөнгө хөлслөх гэрээ Ц.Төрболд, Халх жудаг ХХК нарын хооронд байгуулагдсан үйл баримт тогтоогдох боловч хариуцагч Ч.Булгантамир нь гэрээний үүргийг хариуцахад татгалзахгүй гэж тайлбарласан болохыг тэмдэглэв.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан тул улсын тэмдэгтийн хураамжийг хангасан үнийн дүнгийн хэмжээнд зохигчдод хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар Б овогт Ч. Б /ЙР00000000/-аас 5 099 992 /таван сая ерэн есөн мянга есөн зуун ерэн есөн/ төгрөг гаргуулан Д овогт Ц.Т /КЮ00000000/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 900 008 /хоёр сая есөн зуун мянга найман/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 96 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ     Д.ЭНХЦЭЦЭГ