Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2021/ДШМ/68

 

 

 

Б.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор С.Сүрэнхорол

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай /цахим сүлжээгээр/

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 05 сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/105 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч Б.Бийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Бд холбогдох эрүүгийн 2134000000060 дугаартай хэргийг 2021 оны 07 сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 

 

Б.Б нь согтуугаар 2021 оны 01 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар баг, Цэнгэлдэхийн 416 тоотод оршин суух иргэн С.Оюунчимэгийн гэрт зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлаж улмаар гэр дотор байсан “Samsung” маркийн телевизор, хувцасны шкафын 2 хаалга, зурагтын тавиурын хаалганы шил, бурхны жаазны шил зэрэг эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 424.850 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Шавь овгийн Батбаярын Бийг оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэСд халдаж дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн, мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун хорин цаг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Бд оногдуулсан долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэх,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, биелэлтэд нь хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Төв аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Нямтайван 2021 оны 13 тоот эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн шаардлага хангаагүй байна.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Бд ял оногдуулахдаа Шийтгэх тогтоолын хууль зүйн дүгнэлт хэсэгт “...гэмт хэрэг тус бүрт нь 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоох нь тохирно гэж дүгнэлээ...” гэх дүгнэлтийг хийсэн боловч “Тогтоох” хэсэгт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 /гурван зуун хорин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 /гурван зуун хорин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэмж нэгтгэхдээ нийт эдлэх ялыг 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай гэж буруу тооцсон байна.

 

Иймд шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун жаран цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун жаран цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй”,

 

3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Шавь овогт Батбаярын Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван зуун жаран цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван зуун жаран цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай” гэх өөрчлөлт оруулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Шүүгдэгч Б.Б гаргасан давж заалдах гомдолдоо: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж заасан байна.

 

Мөн хохирогчийн гомдол саналгүй, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн илэрхийллийг шүүх анхаарч үзээгүй орхигдуулсан.

 

Анхан шатны шүүхээс намайг гэм буруутайд тооцож ял оногдуулахдаа миний гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзаж үзээгүй. Өөрөөр хэлбэл миний бие эрхэлсэн тодорхой ажилтай тогтмол орлоготой гэдгээ илэрхийлсэн байхад заавал нийтийг хамарсан халдварт өвчтэй бүх нийтийн хорио цээртэй үед нийтэд тустай ажил хийлгэх ялыг хамгийн дээд хэмжээгээр оногдуулсанд гомдолтой байна.

 

Мөн намайг Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцоод 320 цаг, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцоод 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус оногдуулаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлахдаа нийт 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял гэж тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг зөрчсөн байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, надад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Б.Баярмагнай тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүх шүүдэгчид оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэхдээ техникийн шинжтэй алдаа гаргасан байгаа. Б.Бийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байгаа. 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн тул Б.Бд анхан шатны шүүхээс оногдуулсан ялуудыг уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар өршөөлгөх саналтай байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор С.Сүрэнхорол тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь дэмжиж байгаа тул шийтгэх тогтоол эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулж, Б.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар өршөөн хэлтрүүлэх дүгнэлтийг гаргаж байна гэв.

                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Б.Б нь өөрийн найз бүсгүй болох С.Отгончимэгийн төрсөн эгч С.Оюунчимэгийн Төв аймгийн Зуунмод сум, Нацагдорж 5 дугаар баг, Цэнгэлдэхийн 416 тоотод байрлах гэрт нь 2021 оны 01 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнийн 01 цагийн үед зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орж дураараа авирлан улмаар гэрт нь байсан “Samsung” маркийн телевизор, хувцасны шкафын 2 хаалга, зурагтын тавиурын хаалганы болон бурхны жаазны шил зэрэг эд хөрөнгийг гэмтээсний улмаас нийт 424.850 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх хэргийн үйл баримт нь хохирогч С.Оюунчимэгийн[1] “...С.Отгончимэгийн найз залуу Б.Б С.Отгончимэгтэй муудалцсан гээд залгаад байсан..., ...би утсаа аваагүй тэгтэл миний гар утас руу элдвээр хэлээд мессеж бичээд байсан..., ...дүү С.Отгончимэг тэр үед надтай хамт байгаагүй..., ...2021 оны 01 дүгээр сарын 27-ны өглөө миний төрсөн дүү С.Тэмүүлэн миний гар утас руу залгаад танай гэр онгорхой байхаар нь орсон чинь гэрийн чинь эд зүйлсийг эвдчихсэн байна. Өчигдөр орой Б.Б ирээд гэрт чинь ороод түчигнэх чимээ гараад байсан, тэр эвдсэн байна гэж хэлсэн...” гэх, 

 

Гэрч С.Тэмүүлэнгийн[2] “...өглөө аав босоод гал түлэх гээд С.Отгончимэг эгчийн гэрт ороод буцаж гарч ирээд чи энэ гэрийг хардаа, гэр орон хамаг юм эвдэлчихсэн байна гэж хэлсэн. Тэгээд гэрт ортол эмх замбараагүй болчихсон байсан..., ...зурагт, шүүгээний модон тавилгууд эвдэрсэн байсан...” гэх,

 

Гэрч Ж.Сумъяасүрэнгийн[3] “...өглөө 07 цаг үед охин Отгончимэгийн гэрт гал түлэх гээд ортол хаалганы цоож нь эвдэрчихсэн баруун талын хувцасны шүүгээний хаалга нь эвдэрчихсэн, зурагт газар унаад дэлгэц нь хагарчихсан, баруун талын 4 шургуулгатай шүүгээний дээд талын шүүгээ нь газар уначихсан толин дээр цусны толбо болчихсон мөн хоёр шүүгээний шил нь хагарчихсан гэр эмх замбараагүй болчихсон байсан..., ...гэр нь С.Оюунчимэгийн гэр бага охин С.Отгончимэг маань намар эгчийндээ ирээд энэ өвөл дуустал амьдарч байсан..., ...С.Оюунчимэгийнд амьдарч байсан болохоор С.Отгончимэгийн гэр гээд мэдүүлэг өгчихсөн...” гэх мэдүүлгүүд,

 

 Хөрөнгийн үнэлгээний “Эй Жэй Жэй Эм” ХХК-ний 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 07/30 тоот хохирогч С.Оюунчимэгийн эд хөрөнгөд үнэлгээ хийсэн “...нийт 424.850...” гэх хохирлын үнэлгээний тайлан[4], хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[5], мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Бээс өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, дээр дурдагдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

 

Б.Бийн үйлдсэн дээрх гэмт үйлдлийг Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Бийг оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан, мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэн, түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэв.

Анхан шүүхээс шийтгэх тогтоолдоо шүүгдэгч Б.Бд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахдаа прокуророос зүйлчилж ирүүлсэн гэмт хэрэг тус бүрд нь 360 /гурван зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх тустай ял оногдуулж, уг ялуудыг нь нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг нийт 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоох нь зүйтэй хэмээн дүгнэсэн.

 

Гэсэн атлаа шийтгэх тогтоолынхоо “Тогтоох нь” хэсгийн 2 дахь заалтаар шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 /гурван зуун хорь/, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, уг ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хугацааг нийт 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоон шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоолын “Тодорхойлох” болон “Тогтоох” хэсгүүд нь хоорондоо эрс зөрүүтэй, тооцооллын хувьд алдаатай буруу нэмж нэгтгэсэн байх ба энэ талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийн тухайн хэсэг нь үндэслэлтэй байх тул хүлээн авах нь зүйтэй байна.

 

Харин дээд шатны прокурорын эсэргүүцлийн шийтгэх тогтоолын “Тогтоох нь” хэсгийн 2, 3 дахь заалтуудад шүүгдэгч Б.Бд оногдуулсан ялыг хүндрүүлэн өөрчлөлт оруулах гэсэн хэсгийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.  

 

Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болохоор заасан.

 

Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчид анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хүндрүүлэх эрх хуулиар олгогдоогүй тул тус шүүхээс өөрийн эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Б.Бийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, учруулсан хор уршиг, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн гэмт хэрэг тус бүрд нь 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийт эдлэх ялыг нь 600 /зургаан зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоон хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялын төрөл, хэмжээ ижил байгаа тохиолдолд шүүх шүүгдэгчид оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлах шаардлагагүй ба хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад эдлүүлэхээр шийдвэрлэсэн тохиолдолд хуулийн дээрх заалтыг хэрэглэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоодог.

 

Мөн Монгол Улсын Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулийн 19-д Төв аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгжийг хамааруулан “Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх”-ийг байгуулсан байхад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд тус шүүхийн нэршлийг Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэмээн бичсэн нь буруу байна.

 

Иймд шийтгэх тогтоолын “Тогтоох нь” хэсгийн 2 дахь заалтад шүүгдэгч Б.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлэн өөрчилж, холбогдох бусад заалтуудад магадлалд дурдсан үндэслэлүүдээр өөрчлөлт оруулж, дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч бусад хэсгийг нь болон шүүгдэгч Б.Бийн гаргасан “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдсан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Их Хурлаас Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдуулан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай” хуулийг[6] баталж, уг хуулийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөхөөр хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн гаргасан давж заалдсан гомдлын дагуу тус шүүхээр хянан хэлэлцэх үед дээрх хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн, түүний үйлдсэн гэмт хэргүүд нь уг хуульд заасан өршөөлд үл хамаарах нөхцөлүүдэд хамаарахгүй байгаа, Б.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгаа болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан прокурорын дүгнэлт зэргийг үндэслэн Б.Бийг эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн

1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021

оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/105 тоот шийтгэх тогтоолын “ТОГТООХ нь” хэсгийн 2 дахь заалтад “...Шүүгдэгч Шавь овгийн Батбаярын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй...” гэснийг

 

“...Шүүгдэгч Шавь овгийн Батбаярын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун /300/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун /300/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй...” гэж,

 

3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Шавь овгийн Батбаярын Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай...” гэснийг

 

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван зуун /300/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялд мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван зуун /300/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг зургаан зуун /600/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай...” гэж,

 

4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Шавь овгийн Батбаярын Бд шүүхээс оногдуулсан долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоосугай...” гэснийг  

 

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд шүүхээс оногдуулсан зургаан зуун /600/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, ялыг Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоосугай...” гэж,

 

5 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Шавь овгийн Батбаярын Бд оногдуулсан долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй...” гэснийг

 

“...Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан зургаан зуун /600/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй...” гэж,

 

10 дахь заалтад “...Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд...” гэснийг

 

“...Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд...” гэж тус тус өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч хангаж, үлдэх хэсгийг нь болон шүүгдэгч Б.Бийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т тус тус заасныг баримтлан Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/105 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Шавь овгийн Батбаярын Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван зуун /300/ цаг нийтэд тустай ажил хийлгэх, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван зуун /300/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус өршөөн хэлтрүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

 

                   ШҮҮГЧИД                                           Т.ЭНХМАА

 

 

 

                                                                               М.МӨНХДАВАА

 

 

[1] хх-ийн 16-р тал

[2] хх-ийн 21-р тал

[3] хх-ийн 22-23, 31-р тал

[4] хх-ийн 34-49-р тал

[5] хх-ийн 3-7-р тал

[6] Төрийн мэдээлэл 2021 он №26 /1176/