Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 00228

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл,

Шүүгдэгч Д.Тэнгисболд нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Даваадоржийн Тэнгисболдод холбогдох эрүүгийн 201722000248 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хар дархад овогт Даваадоржийн Тэнгисболд, Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 1991 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 11, эцэг эх, ах эгч, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 2 дугаар багт оршин суух, урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, Регистрийн РН91112111 дугаартай.

Шүүгдэгч Д.Тэнгисболд нь 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын “Талбулаг” гэх газар иргэн Б.Болдхуягтай маргалдаж, улмаар түүнийг хутгалж биед нь зүүн бугалганд шарх бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Тэнгисболд нь 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын “Талбулаг” гэх газар иргэн Б.Болдхуягтай маргалдаж, улмаар түүнийг хутгалж биед нь зүүн бугалганд шарх бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Болдхуягийн: 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр манай төрсөн дүү Чаминчулуун манайд дээл нь урагдсан, толгойных нь ар талаас цус гарсан байдалтай ирсэн. Би юу болов гэж асуухад хадам дүү Тэнгисболд, Ариунболд нарт зодуулаад гэсэн. Тэгтэл Тэнгисболд, Ариунболд нар манай гадаа ирээд Тэнгисболд Чаминчулуун байна уу гэхээр нь “байхгүй, та нарыг гэртээ оруулахгүй” гэхэд Тэнгисболд “дархад хүн цусаа харахаараа галзуурдаг юм” гэхээр нь би гэрийн гадаа байсан жижиг лоом бариад өөрийгөө хамгаалах гэж байгаад Тэнгисболдын гар руу цохисон. Тэр үед Тэнгисболд хутга гаргаж ирээд миний зүүн гарын булчин руу хутгалсан. Миний гараас цус гараад эхэлсэн тэр үед Тэнгисболд, Ариунболд нар яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Хохирогч Г.Чаминчулууны: “... гэрийн гадаа мотоцикль дуугарсан. Ах гараад Тэнгисболд, Ариунболд нар ирсэн байна гэж гарч яваад хэрүүл, маргаан болоод байгаа бололтой том том дуугараад байхаар нь би гартал Болдхуяг ахын гараас цус гарсан байсан. Ах лоом барьсан байхаар нь лоомыг нь хаяулаад гэрт оруулаад сумын төв орж эмнэлэгт үзүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Р.Ням-Осорын 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 309 тоот

-Баасангийн Болдхуягийн биед гэмтэл тогтоогдлоо.

-Баасангийн Болдхуягийн биед зүүн бугалганд шарх бүхий гэмтэл учирсан байна.

-Ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

-Тухайн үүссэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна.

-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 38 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Тэнгисболдын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Болдхуяг ахаас Чаминчулууныг асуухаар тэдний гадаа очоод Чаминчулууныг асуухад та нарыг гэртээ оруулахгүй, Чаминчулуун гэртээ ирээгүй гээд уурлаад байсан. Тэгээд би Болдхуяг ахтай маргаад байж байтал Болдхуяг ах гэрийнхээ хаяанаас лоом аваад миний зүүн гар руу цохисон. Тэгэхээр нь би өдөр хурга ишигний тэмдэг хийж байгаад баруун талынхаа гутлын түрийнд хийсэн байсан хутгаа аваад Болдхуяг ахын зүүн гарын булчин руу нэг удаа хутгалсан. Болдхуяг ах намайг лоомоор цохиогүй байсан бол би ийм үйлдэл хийхгүй байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 63 дугаар хуудас/,

              Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85 дугаар хуудас/, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр 17-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 87-89 дүгээр хуудас/, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 96 дугаар хуудас/, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн эвлэрлийн гэрээ /хх-ийн 104 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

              Иймд шүүгдэгч Д.Тэнгисболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Д.Тэнгисболдод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн 201722000248 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хар дархад овогт Даваадоржийн Тэнгисболдыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тэнгисболдыг 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

4. Ялтны ял эдлэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5. Эрүүгийн 201722000248 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Тэнгисболдод урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.НЯМСҮРЭН