Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 109/ШШ2023/0003

 

    

         Хэргийн оролцогч нарын эвлэрлийг баталж,

       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

             Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч А.Түвшинтулга даргалж, нэхэмжлэгч Ц.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д нарыг оролцуулан иргэн Ц.Өын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, нар шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: “... Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийг 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс эхэлж, өндөр настны тэтгэвэр тогтоолыг даалгаж өгнө үү гэсэн хүсэлтээсээ татгалзаж хариуцагч талтай дараах байдлаар эвлэрэн хэлэлцэж байна. Үүнд: 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж, сайн дурын нийгмийн даатгалын шимтгэл төлнө. Харин хариуцагч байгууллага Нийгмийн даатгалын хэлтэс нь 2001 оны А дансыг өмнө нь тушаасан 7 жилээс 2 жил нь маргаантай байгаа 2 жилийн 1 жилд нь шилжүүлье. Ингээд 2024 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс Ц.Өыг малчин нөхцөлөөр нь тэтгэврийг нь тогтоож өгнө гэсэн тохиролцоонд хүрсэн.

Улмаар Өндөр-Улаан сумын Нийгмийн даатгалын асуудал хариуцсан байцаагч Д.Дтай сайн дурын даатгалын гэрээ байгуулж, 2023 оныг бүтэн сайн дурын нийгмийн даатгалын шимтгэл төлөх,  хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс энгийн ажилласан хугацаатай давхардуулан бүртгэсэн 2009 оныг өөр ажил хөдөлмөр эрхэлж нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй А данс бүхий 2001 он руу шилжүүлж  өгөх ажлыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүсэлт гаргаж, шийдвэрлүүлж өгч баталгаажилтын хуудсыг дахин засаж хэвлүүлэх ажлыг хариуцна.

 Сайн дурын даатгалыг төлж ажиллаж байгаа нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  4.7.2. дахь заалтыг бүрэн хангана гэж үзэж байна.

 Нийгмийн даатгалын ерөнхий газраас иргэн Ц.Өт өгсөн өргөдлийн хариу болох та малчнаар ажилласан хугацааныхаа баримт материалыг дахин бүрдүүлж, харьяа нийгмийн даатгалын байгууллагадаа дахин хандах боломжтой зэрэг үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ц.Өтай хуульд заасны дагуу эвлэрэхэд татгалзах зүйл байхгүй болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу 2 тал эвлэрч болох гэсэн эрх олгогдсон болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Тус шүүх иргэн Ц.Өаас  Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “Нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл өгсөн өдрөөс эхлэн өндөр настны тэтгэвэр тогтоолгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, шүүхээс 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 109/ШЗ2022/0408 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

2. Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс  2022 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 1/998 дугаар албан бичгээр: Тус хэлтсийн Үйлчилгээний хэлтийн дарга Д.Тыг хэрэг хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар томилж, хариуцагчийн хуульд заасан эрх, үүргийг эдэлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 21, 28 дугаар зүйлд заасан хариуцагчийн бүрэн эрхийг олгожээ. ( Хавтаст хэргийн 22 дугаар тал)

3. Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд: Иргэн Ц.Ө нь Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлүүлэх тухай хүсэлтээ Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд заасны дагуу гаргаж, Төрийн банкин дахь тэтгэврийн даатгалын сангийн 180700013201 тоот дансанд 3.528.000 төгрөгийг тушааж, холбогдох материалыг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Нийгмийн даатгалын байцаагч Д.Иөд хүлээлгэн өгчээ.

4. Улмаар Архангай аймгийн Нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан нийгмийн даатгалын байцаагч Д.И материалыг хүлээн авч 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлж, тус хэлтсээс иргэн Ц.Өын малчин нөхцлөөр тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн 2002-2006, 2009, 2010 онуудад малчин нөхцлөөр “Нөхөн даатгал-2020” программд бүртгэн оруулж ажилласан байна. (Хавтаст хэргийн 23 дахь тал)

5. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 129/ШШ2022/00353 дугаар шийдвэрээр иргэн Ц.Өыг Архангай аймгийн Өндөр-Улаан суманд 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2000 ооны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоосон байна. (Хавтаст хэргийн 55-59 дэх тал)

6. Мөн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор Өндөр-Улаан сумын Бэлхи багийн малчин Цэвэгжавын Өыг 2002-2006, 2009 онд мал маллаж байсныг тогтоожээ. (Хавтаст хэргийн 81-87 дахь тал)

7. Нэхэмжлэгч Ц.Ө нь  Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст “улсад ажилласан 8 жил 1 сар, цэргийн алба хаасан 4 жил 6 сар, малчин нөхцлөөр ажилласан 7 жил, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багт сахиулаар ажиллаж байсан 2 жил, 7 сар нийт 22 жил 2 сар ажилласан. Үүнээс малчнаар 15 жил ажилласан гэх үндэслэлээр өндөр настны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргажээ. (Хавтаст хэргийн 54 дэх тал)

8. Улмаар Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс иргэн Ц.Өт холбогдуулан 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 122070465004 дугаартай өндөр настны тэтгэврийн хувийн хэрэг нээсэн байна. (Хавтаст хэргийн 48 дахь тал)

9. Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс иргэн Ц.Ө нь мал тооллогын маягтад дурдсан мэдээллүүд нь бүрэн бус, малын хөлийн татвар тушаасан баримт байхгүй тул 2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд Өндөр-Улаан сумын Засаг даргын тамгын газарт сахиулаар ажилласан гэж малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоогоогүй байна.

10. Улмаар нэхэмжлэгч Ц.Өаас Нийгмийн даатгалын ерөнхий газарт өргөдөл гаргаж, Нийгмийн даатгалын Ерөнхий газраас 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 07/115 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн байна. Тус албан бичигт “... Өргөдлийн дагуу тэтгэвэр тогтоолгохоор бүрдүүлсэн материалыг шалгаж үзэхэд таныг мал тооллогын маягтад малчин өрхөөр бүртгээгүй, мөн мал маллаж байсан гэх хугацаанд буюу 2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрийг  хүртэл Өндөр-Улаан сумын Засаг даргын тамгын газарт сахиулаар ажиллуулсан гэжээ. Түүнчлэн мал тооллогын маягтад дурдсан мэдээллүүд нь бүрэн бус, малын хөлийн татвар тушаасан баримт байхгүй тул 2009, 2010 онд малчнаар ажиллаж байсныг нотлох боломжгүй юм. Иймд та малчнаар ажилласан хугацааныхаа баримт материалыг хуулийн дагуу дахин бүрдүүлж харьяа нийгмийн даатгалын хэлтэстээ хандах нь зүйтэй.” гэжээ. (Хавтаст хэргийн 7 дахь тал)

11. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 72 дугаар захирамжаар тус сумын төвийн хог хаягдлын нэгдсэн цэгийн өмнө хог хаяж байсан төвийн баруун урд талын цэгээр тогтоож, хогын цэгийн манаачаар Ц.Өыг 2009 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн томилон ажиллуулсан байна. (Хавтаст хэргийн 43 дахь тал)

12. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн цалингийн жагсаалтаар иргэн Ц.Ө нь 2008 оны 1 дүгээр сараас 2016 оны 7 дугаар сар хүртэл Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын Тамгын газарт ажилласан болох нь тогтоогдож байна. (Хавтаст хэргийн 45-47 дахь тал)

13. Иргэн Ц.Өын тэтгэвэр тогтоолгох үндсэн баримтыг хүлээн авч тулган шалгахад иргэн Ц.Ө нь 2008 оны 1 дүгээр сарын 1-ний  өдрийн № 03 тоот Өндөр-Улаан сумын Засаг даргын тамгын газрын даргын тушаалаар тус сумын Бэлхи багт сахиулаар ажилд томилогдон 2008-2012, 2014-2016 онуудад энгийн ажил хийсэн нь нийгмийн даатгалын дэвтрээр нотлогдож байна. Тухайн иргэн 2009-2010 онуудад өөр ажил хийж байснаа өөрөө мэдсээр байж энэхүү хугацаагаа малчнаар ажиллаж шимтгэл төлөөгүй мэтээр худал мэдүүлэн нөхөн төлж дээрх 2 жилийг малчнаар ажилласнаар тооцуулан тэтгэвэр тогтоолгох гээд байгаа хууль бус үйлдэл гэх үндэслэлийг хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа дурджээ. (Хавтаст хэргийн 19-20 дахь тал)

14. Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар харилцан эвлэрч, 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр  эвлэрлийн гэрээ байгуулжээ. Тодруулбал “... 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж, сайн дурын үндсэн дээр малчнаар нийгмийн даатгалын шимтгэл төлөх, хариуцагч байгууллага Нийгмийн даатгалын хэлтэс нь 2001 оны А дансыг өмнө нь тушаасан 7 жилээс 2 жил нь маргаантай байгаа 2 жилийн 1 жилд нь шилжүүлэх, Өндөр-Улаан сумын Нийгмийн даатгалын асуудал хариуцсан байцаагч Д.Дтай сайн дурын даатгалын гэрээ байгуулж, 2023 оныг бүтэн сайн дурын нийгмийн даатгалын шимтгэл төлөх,  хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс энгийн ажилласан хугацаатай давхардуулан бүртгэсэн 2009 оныг өөр ажил хөдөлмөр эрхэлж нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй А данс бүхий 2001 он руу шилжүүлж  өгөх ажлыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүсэлт гаргаж, шийдвэрлүүлж өгч баталгаажилтын хуудсыг дахин засах ...” гэх нөхцөлөөр хэргийн оролцогч нар эвлэрсэн.

15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. дэх хэсэг Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1.-д “ ...  хариуцагчтай эвлэрэх”, 21 дүгээр зүйлийн 21.1. дэх хэсэг Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 21.1.1.-д “..., нэхэмжлэгчтэй эвлэрэх, ...” 68 дугаар зүйлийн 68.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.”, 68.2. дахь хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна.”, 68.4. дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

16. Иймд нэхэмжлэгч Ц.Ө, хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т нар дээрх эвлэрлийн гэрээнд заасан нөхцөлөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулж, баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  109 дүгээр зүйлийн 109.1., 111 дүгээр зүйлийн 111.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Ө нь хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ттай “... 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж, сайн дурын үндсэн дээр малчнаар нийгмийн даатгалын шимтгэл төлөх,  хариуцагч Нийгмийн даатгалын хэлтэс нь 2001 оны А дансыг өмнө нь тушаасан 7 жилээс 2 жил нь маргаантай байгаа 2 жилийн 1 жилд нь шилжүүлэх, Өндөр-Улаан сумын Нийгмийн даатгалын асуудал хариуцсан байцаагч Д.Дтай сайн дурын даатгалын гэрээ байгуулж, 2023 оныг дуустал сайн дурын нийгмийн даатгалын шимтгэл төлөх, хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс энгийн ажилласан хугацаатай давхардуулан бүртгэсэн 2009 оныг өөр ажил хөдөлмөр эрхэлж нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй А данс бүхий 2001 он руу шилжүүлж өгөх ажлыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүсэлт гаргаж, шийдвэрлүүлж өгч баталгаажилтын хуудсыг дахин засах...” нөхцөлөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.                                                                         

3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.ТҮВШИНТУЛГА