| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 197/2025/0924/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/882 |
| Огноо | 2025-10-13 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | М.Билгүүтэй |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/882
2025 10 13 2025/ШЦТ/882
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхзул,
улсын яллагч М.Билгүүтэй,
шүүгдэгч Г.М. нар оролцсон эрүүгийн 2503008680882 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х. овогт Г.ын М.
Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 1, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Г.М. нь 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны замд Lexus 400 маркийн ... УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч Ц.А.г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас Г.М.гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлсэн.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.М. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Эрүүгийн 2503008680882 дугаартай хэргээс:
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-13/,
Хохирогч Ц.А.гийн мэдүүлэг /хх-ийн 28-29/,
Иргэний хариуцагч Н.Б.ийн мэдүүлэг /хх-ийн 19/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 9143 дугаартай дүгнэлт /хх-ийн 41-42/,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч Б.Адъяатөмөрийн гаргасан магадлагаа /хх-ийн 64-65/,
Г.М.гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 80-81/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:
Шүүгдэгч Г.М. нь 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны замд Lexus 400 маркийн ... УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч Ц.А.г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн “...Явган зорчигч урдаас хойш чиглэлд, тээврийн хэрэгсэл нь зүүнээс баруун чиглэлд явж байсан. Зам орчны хувьд асфальт шулуун тэгш, хуурай, уулзвар дээр, явган хүний гарцтай, суурингийн доторх, тогтуун, нэг чигийн хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй явган хүний замтай.” гэх тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-13/,
Хохирогч Ц.А.гийн өгсөн “...Би 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 18:00 цагийн үед ажлаа тараад Minister tower-аас алхаад Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны гүүрний зүүн талын явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлд явган хүний гэрэл дохио зохицуулдаг зам байсан боловч миний мэдэхээр тэр гэрлэн дохио огт ажилладаггүй юм. Би тэр газраар байнга алхаж явдаг, осол болох үед эхлээд 1, 2-р эгнээнийн тээврийн хэрэгслүүд надад зам тавьж өгсөн боловч 3-р эгнээнд явж байсан тээврийн хэрэгсэл миний биеийн зүүн гар хэсэгт мөргөж, тухайн үед би бөгсөөрөө газар унасан. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч гэх эрэгтэй намайг дагуулж яваад Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Компьютер томографи хийлгэсэн. Тэр өдөр гэртээ амарсан, сууж чадахгүй биед өвдөөд, тухайн жолооч руу залгахад авахгүй, жолоочийн найз гэх эрэгтэй эмнэлэг дээр ирсэн. Жолоочийн эхнэр ирээд намайг загнаад байсан тул би цагдаагийн байгууллагад өөрийн биеэр очиж өргөдөл өгсөн. Би тухайн жолоочоос 8 сая төгрөг авсан. Надад сэтгэл санааны хохирол байхгүй, өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн би өөрийн Айфон 13 маркийн гар утас эвдэрсэн байсан, жолоочоос засвар болох 790.000 төгрөгийг хүлээн авсан. Нийт 8.790.000 төгрөгийн хохирол авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/,
Иргэний нэхэмжлэгч Н.Б.ийн өгсөн “...Тухайн өдөр манай эхнэрийн үеэл дүү Г.М. миний эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад хүн мөргөсөн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 9143 дугаартай “...Ц.А.гийн ахар сүүлний 1, 2, 3, 4-р нугалмуудын их биеийн зөрүүгүй хугарал гэмтэл тогтоогдлоо. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт /хх-ийн 41-42/,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч Б.Адъяатөмөрийн гаргасан “...А. Lexus 400 маркийн ... УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.М. нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.”, 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Б. Явган зорчигч Ц.А. нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна.” гэх магадлагаа /хх-ийн 64-65/,
Г.М.гийн яллагдагчаар өгсөн “...Гэм буруугаа зөвшөөрч байна. Тухайн иргэнд 8 сая төгрөгийн хохирол барагдуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 80-81/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтуудаас үзвэл Г.М. нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа тээврийн хэрэгслийн хурдыг хасаж явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч Ц.А.д зам тавьж өгөлгүй мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Шүүгдэгчийн үйлдэл нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж, түүний болгоомжгүй гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу үйлдлийн тухайд гэм буруугийн санаатай хэлбэрээр хандаж, хохирол, хор уршгийн тухайд болгоомжгүйгээр учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Шүүгдэгч Г.М. нь хажуугийн эгнээнүүдэд зорчиж явсан тээврийн хэрэгслүүд хурдаа хасаж явган зорчигчийг гаргаж байхад мөн адил хурдаа хасаж зорчигчийг гаргалгүй мөргөснөөр хохирогчийн эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсан байна.
Ийнхүү шүүгдэгчийн гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгдсэн үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Г.М.гаас хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг төлсөн, иргэний нэхэмжлэгчээс хохирол нэхэмжлээгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Г.М.г тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү..” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгчээс гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Хохирол төлбөрийн талаар:
Шүүгдэгч нь хохирогчид хохиролд 8.790.000 төгрөгийг төлж, хохирогчоос өөр нэхэмжлэх зүйлгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн, иргэний нэхэмжлэгчээс нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч Г.М.г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар Г.М. нь дээд боловсролтой, хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн байдал тогтоогдов.
Улсын яллагчаас “шүүгдэгч Г.М.д “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх” талаар санал гаргасныг шүүгдэгч Г.М. танилцаж хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа сайн дураар хүлээн мэдүүлж байгаа зэргийг нь харгалзан үзэж шүүгдэгч Г.М.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн ялын төрөл, хэмжээнд, прокурорын саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.М.гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоногггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.10, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Х. овогт Г.ын М.г тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.М.г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 3000 нэгжтэй тэнцэх /1 нэгж=1000 төгрөг/ хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.М.д оногдуулсан 3.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.М.д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.М. нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.М.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН