Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2023/00198

 

 

 

 

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2023/00198

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Х нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: М холбогдох,

 

50 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.*******,

хариуцагч Г.*******,

хариуцагчийн өмгөөлөгч Ч.******* нар оролцож

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******-ын иргэн ******* /Ш.*******/ нь хариуцагч Г.*******д холбогдуулан зээлийн гэрээний үрэг 50 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... : *******-ын иргэн Ш.******* нь 2019 онд Г.*******тай танилцан дотно харилцаатай болж хэсэг хугацаанд хамтран амьдарч 2021 оны 04 сарын 09-ний өдөр охинтой болсон. Нэхэмжлэгч нь тухайн үед гэрлэлтийн баталгаатай байсан учраас хариуцагчтай гэр бүл болж амьдраагүй. Г.*******ын нэхэмжлэлийн дагуу 2021 оны 10 сарын 18-ны өдөр 101/ШШ2021/021 шийдвэрээр Ш.*******ыг М.*******ийн төрсөн эцэг болохыг тогтоож охиныг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгааж доод түвшингийн 50 хувиар, 11-18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх тэтгэлэг тогтоогдсон байдаг. Ш.******* нь шүүхийн шийдвэрээр тогтоосон хэмжээгээр хязгаарлахгүйгээр охиндоо байнга туслалцаа, дэмжлэг үзүүлж ирсэн байдаг. Г.******* нь 2021 онд одоо өөрийн амьдарч байгаа дүүрэг, 17 хороо, байрны тоот 2 өрөө байрыг худалдаж авах үедээ богино хугацаанд буцааж өгнө 50,000,000 төгрөг зээлээч гэж хандсан. Ш.******* нь түүний гуйлтыг зөвшөөрч 2021 оны 03 сарын 11-ний өдөр Хаан банкин дахь Ш.******* эзэмшлийн 5178021554 дугаар данснаас Г.*******ын эзэмшлийн 5315622533 тоот данс руу 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Энэхүү 50,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь өөрийн эзэмшилд байсан байраа зараад, байр зарсан өдрөө Г.******* руу шилжүүлсэн. Тухайн үед Г.******* хөдөө аав, ээж бол малтай, өвлийн идэш, хоолны үеэр мөнгийг нь буцаагаад төлнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа. Иймд Г.*******аас зээлсэн 50,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.

 

3. Хариуцагч хариу тайлбартаа: ... миний бие 2019 онд Ш.*******тай танилцаж, 1 жил гаруй хугацаанд хамт амьдарсан. Бид 2021 оны 04 сарын 09-ны өдөр охин ******* төрсөн. Бид 1 жил гаруй хугацаанд байр хөлсөлж хамт амьдарч байсан. Ш.******* нь гэр бүлийн визтэй урагшаа явж магадгүй учраас охиндоо орон байрыг нь бэлдэж өгөх санааг нэхэмжлэгч гаргасны үндсэн дээр намайг төрөхөөс сарын өмнө над руу 50,000,000 төгрөг шилжүүлээд одоо ээж, аавтай яриад үлдэгдэл мөнгөө аваад байр аваарай гэж шилжүүлж байсан. дүүрэг, 17 хороо, байрны тоот 2 өрөө байранд одоо би охиныхоо хамт амьдарч байгаа. Би мөнгө зээлэх ямар ч санаа гаргаагүй, өөрөө Хятад руу явчихаж магадгүй байсан учраас чи өөрийнхөө нэр дээр охиндоо байр ав гэж өгсөн мөнгө байгаа юм. Ш.******* нь 2021 оны 10 сарын 18-ны өдөр шүүх хуралдаан дээр тайлбар гаргахдаа Би *******ийг тэжээн тэтгэж, тусласаар байгаа, жишээ нь орон сууцтай болоход нь 50,000,000 төгрөг өгсөн гэж тайлбарласан. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул нэхэмжлэгчийн дээрх үндэслэлээр шаардсан 50.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү... гэв.

 

4. Нэхэмжлэгчийн ирүүлсэн

Нэхэмжлэл /хэргийн 1, 2 дугаар тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3 дугаар тал/

*******-ын иргэн *******-ийн гадаад паспорт /хэргийн 4 дүгээр тал/

БЗД-ийн 26 хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 5 дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн 6 дугаар тал ар талын хамт/

БЗДИХАШШ-ийн 2021.10.18-ны өдрийн ******* дугаар шийдвэр /хэргийн 7-11 дүгээр тал/

*******-ын иргэн *******-ийн Хаан банкны дансны хуулга /хэргийн 12, 33-48 дугаар тал/

Өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хэргийн 17 дугаар тал/нотлох баримтууд,

 

5. Хариуцагчийн ирүүлсэн

Хариу тайлбар /хэргийн 23-24 дүгээр тал/

2021.04.01-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 25, 26 дугаар

тал/

Г.*******ын үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 27 дугаар тал/

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 28 дугаар тал/

*******-ын иргэн *******-ийн БЗДИХАШШ-д гаргасан хариу тайлбар /хэргийн 30 дугаар тал/

М.Нандинхүслэнгийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 31 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав. 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...байр худалдаж авах үедээ надаас богино хугацаанд буцааж өгнө гээд 50 000 000 төгрөг зээлснийг гаргуулахаар нэхэмжилнэ... гэж тайлбарласныг,

 

3. хариуцагч эс зөвшөөрч .. орон сууц худалдан авахад 50 000 000 төгрөгийг хариу төлбөргүй өгсөн. Бидний дунд зээлийн гэрээний харилцаа огт үүсээгүй. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргаж байна.

 

4. Зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. 2021 оны 04 сарын 01-ний өдрийн Худалдах худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч Г.******* дүүрэг, 17 хороо, 4 хороолол, Амарсанаа гудамж байр тоот хаягт байршилтай, .м2 талбай бүхий хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 35 000 000 төгрөгөөр худалдан авч, тус үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн нь худалдах худалдан авах гэрээ, өмчлөх эрхийн гэрчилгээ баримтаар тогтоогдож байна. /хэргийн 25-27 дугаар тал/

 

6. Нэхэмжлэгч ...хариуцагчийг дээрх орон сууц үл хөдлөх хөрөнгийг худалдан авахдаа надаас богино хугацаанд буцааж өгөхөөр 50 000 000 төгрөг зээлсэн. Энэ мөнгийг хариуцагчаас гаргуулна... гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тайлбар дараах баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

 

1. хариуцагчийн ...бид хамтран амьдарч байсан ба бидний дундаас 2021.04.09-ний өдөр охин М.******* төрсөн. Хариуцагч охиныхоо амьдрах орон байрны хэрэгцээ шаардлагыг шийдвэрлэж өгнө гэж байсныхаа дагуу орон сууц худалдан авахад зориулж 50 000 000 төгрөгийг миний дансанд шилжүүлж өгсөн. Уг мөнгөн дээр 15 000 000 төгрөг нэмж нийт 65 000 000 төгрөгөөр орон сууц худалдан авсан, охины хамт амьдарч байна. 50 000 000 төгрөгийг хариу төлбөргүй өгсөн. Бидний дунд зээлийн гэрээний харилцаа огт үүсээгүй. Хүүхдийн тэтгэлэг тогтоосон шүүхийн шийдвэрт байгаа хариуцагчийн гаргасан хариу тайлбараас тодорхой харагдана... гэх тайлбар, /хэргийн 23 дугаар тал/

 

2. 2021 оны 10 сарын 18-ны өдрийн ******* Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн Тодорхойлох хэсэгт авагдсан ...хариуцагч *******-ын иргэн ******* /Ш.*******/ , өмгөөлөгч У.Хандсүрэн нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...бидний дундаас 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр охин М.******* төрсөн бөгөөд энэ бүх хугацаанд хүүхэддээ туслалцаа үзүүлсээр ирсэн. Одоо түүний амьдарч байгаа дүүрэг, 17 хороо, байр тоот байрыг 65 000 000 төгрөгөөр авахад миний бие 50 000 000 төгрөг өгсөн... гэх тайлбар баримт, /хэргийн 8 дугаар тал/

 

3. *******-ын иргэн ******* /Ш.*******/-ын 2021 оны 06 сарын 14-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд бичгээр гаргасан ... дүүрэг, 17 хороо, байр байр 65 000 000 төгрөгөөр авахад Ш.******* би 50 000 000 төгрөг өгсөн /банкны хуулбар хавсралт/... гэх хариу тайлбар бүхий бичгийн баримт /хэргийн 30 дугаар тал/ зэрэг болно.

 

7. Хариуцагчийн тайлбар татгалзал дээрх баримтуудаар нотлогдож байгаа ба нэхэмжлэгч дээрх баримтуудыг нотлох баримтаар үгүйсгэж няцаагаагүй болно.

 

8. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

9. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар нэхэмжлэгч 50 000 000 төгрөгийг хариуцагчийн эзэмшлийн банкны дансанд шилжүүлж зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэсэн мэт харагдавч тухайн мөнгөний зориулалт нь зээлийн зориулалтаар бус орон сууц худалдан авах зориулалт бүхий байсан нь нэхэмжлэгчийн хүсэл зоригоо илэрхийлсэн ...2021 оны 06 сарын 14-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд бичгээр гаргасан ... дүүрэг, 17 хороо, байр байр 65 000 000 төгрөгөөр авахад Ш.******* би 50 000 000 төгрөг өгсөн /банкны хуулбар хавсралт/... гэх хариу тайлбар бүхий бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

10. Тодруулбал Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т зааснаар дээрх бичгийн баримтаар нэхэмжлэгч 50 000 000 төгрөгийг тухайн цаг үед ...орон сууц худалдан авахад зориулж шилжүүлсэн... нь түүний хүсэл зориг үгийн шууд утгаар илэрхийлэгдэж байна. Мөн нэхэмжлэгч 50 000 000 төгрөгийг зээлж байгаа утга агуулгаар хүсэл зоригоо илэрхийлснийг нөгөө тал хүлээн авсан үйл баримт тогтоогдохгүй, нотлогдохгүй байна.

 

11. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, тайлбараа нотлох хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хариуцагчийн тайлбар татгалзал нотлох баримтыг нэхэмжлэгч үгүйсгэж няцаагаагүй.

 

12. 2021 оны 04 сарын 01-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ баримтаар хариуцагч Г.******* хэлцлийн үндсэн дээр уг хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн олж авч, улсын бүртгэлд бүртгүүлсэн ба бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэн зүйл байхгүй байх тул шүүх бүртгэлийг Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар үнэн зөв гэж үзнэ.

 

13. Иймд талуудын хооронд зээлийн гэрээ үүргийн харилцаа үүсээгүй, хэлцэл байгуулагдаагүй гэж үзэх үндэслэлтэй тул Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 186 дугаар зүйлийн 186.1, 186 дугаар зүйлийн 196.1, 196.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасан зээлийн гэрээний үүрэг шаардах эрх тогтоогдохгүй, нэхэмжлэгчийн шаардах эрх үндэслэлгүй тул хариуцагч Г.*******аас зээлийн гэрээний үүрэг 50 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ын иргэн ******* /Ш.*******/-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

14. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2021 оны 03 сарын 11-ны өдрийн нэхэмжлэгчийн Хаан банкны дипозит дансны хуулга баримтаар 2021 оны 03 сарын 11-ны өдрийн 50 000 000 төгрөгийн гүйлгээний утга буюу хуулгын агуулга хэсэгт шилжүүлэг гэж бичсэн нь зээл гэсэн утгатай гэх тайлбар Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т заасан үндэслэлгүй юм.

 

15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 1, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 196 дугаар зүйлийн 196.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Г.*******д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг 50 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ын иргэн ******* /Ш.*******/-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ