Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2017/ШЦТ/229

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч П.Итгэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж,

Шүүгдэгч Т.Б- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б-ид холбогдох эрүүгийн 201722000179 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т.Б-,

Шүүгдэгч Т.Б- нь 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл суманд иргэн Т.Ц-ыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Б- нь 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл суманд иргэн Т.Ц-ыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Т.Ц-ын: “...тэгээд 23 цагийн дөрвүүлээ гартал дэлгүүр хаасан байсан болохоор архи аваагүй, Т.Б-ийг хүргэж өгөхөөр явж байтал Т.Б- хэрүүл  өдөж хэл амаар доромжилсон. Тэдний хашааны гадаа ирээд Т.Б- бид 2 барилцаж аваад нилээн ноцолдсон. Тэр үед бие биенээ цохиогүй. Т.Б- гэнэт алга болсноо мод барьж гарч ирээд намайг цохисон. Би тэр үед модыг нь гараас нь авах гээд нилээн хэд цохиулсан. Тэгж байтал дагзан дээр цохиход би ухаан алдсан байсан. Хэсэг хугацааны дараа сэргэтэл намайг Д.Д- тэврээд сууж байсан. Тухайн үед гудамжаар явж байсан Зоригоо гэдэг залуу Т.Б-ийг хориглож байсан. Дашаа түргэн дуудаж ирээд сумын эмнэлэг орсон. Эмнэлэг дээр толгойныхоо ар дагзан дээрээ 4 ширхэг оёдол тавиулсан. Дараа нь гэртээ харьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,

            Гэрч Д.Д-ын “...Дашаа бид хоёр машин дотор байсан. Тэгээд ноцолдоод унахаар нь гарч салгах гээд буусан. Тэр хоёр надад дийлдэхгүй зууралдаад байсан. Тухайн үед согтуу байсан болоод ч тэр юм уу давхаралдаж унаж босоод байсан. Тэр үед Т.Б- хаанаас авсан юм бүү мэд нэг мод барьж ирээд Т.Ц-ын дагз руу цохиход Т.Ц- ухаан алдаж унасан. Би юу болоод байна аа болиоч гээд Цэрэнсодномыг тэвэрч авсан. Энэ үед манай сумын Зоригоо гэдэг хүн гудамжаар явж таараад Т.Б-ийг салгаж хашаа руу нь оруулсан. Д- эмч дуудахаар явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

Гэрч С.Г-н “...Би 2017 оны 03 дугаар сарын 27-ны шөнө 00 цагийн үед би айлд байж байгаад гэртээ харих замд явж байтал гудамжинд хүмүүс орилолдоод байхаар нь дөхөөд очтол манай сумын Д.Д-, Д- нар “Т.Б-, Т.Ц- нар зодолдсон юм тэгээд Т.Ц- цохиулаад уначихлаа” гээд байж байсан. Т.Б- нилээн согтсон бололтой агсараад байхаар нь би одоо боль гээд хашаа руу нь оруулж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,

Гэрч Д.Д-н “Д.Д- ах бид 2 машин дотор байсан. Тэгээд ноцолдоод унахаар нь гарч салгах гээд буусан. Тэр 2 дийлдэхгүй зууралдаад байсан. Тухайн үед согтуу байсан болоод ч тэр юм уу давхаралдаж унаж босоод байсан. Тэр үед Т.Б- хаанаас авсан юм бүү мэд нэг мод барьж ирээд Т.Ц- ахын дагз руу цохиход Т.Ц- ах ухаан алдаж унасан. Би юу болж байна аа болиоч гэж хэлсэн. Энэ үед манай сумын Зоригоо гэдэг хүн гудамжаар явж таараад Т.Б-ийг салгаж хашаа руу нь оруулсан. Би эмч дуудахаар явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

             Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ц.Нандинцэцэгийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны  өдрийн 223 дугаартай

           1. Т.Ц-ын биед гэмтэл тогтоогдлоо.

2. Т.Ц-ын биед цээжний болон бүсэлхийн нугалмайн жийргэвчийн гэмтэл, нурууны булчингийн зөөлөн эдийн няцрал, дагз хэсгийн хуйхны шарх, тархи доргилт, хэвлийд шарх, цус хуралт, зовхи гуянд цус хуралт, дух, дал, нуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.

5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

6. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /хх-ийн 30-31-р хуудас/,          

Шүүгдэгч Т.Б- болон хохирогч Т.Ц- нарын хооронд 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан эвлэрийн гэрээ /хх-ийн 77-хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

       Шүүгдэгч нь хохирогчтой учруулсан хохирол, гомдлын талаар харилцан тохиролцож уучлалт гуйсны үндсэн дээр 500.000 төгрөгийг хүлээлгэн өгч хохирол төлбөрийг төлж барагдуулсан тухай 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Б- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн 20172200179 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Т.Б-ийг бусдын биед хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Б-ид оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тогтсугай.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

      5. Ялтны ял эдлэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

      6. Эрүүгийн 201722000179 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-ид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.НЯМСҮРЭН