Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2021/ДШМ/69

 

 

Ж.Дд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор М.Гансувд,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Батцэцэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 05 сарын 24-ний өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Дгийн өмгөөлөгч С.Сувдмаагийн гаргасан давж заалдах гомдлоор Ж.Дд холбогдох эрүүгийн 2134000000040 дугаартай хэргийг 2021 оны 07 сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 

 

Ж.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар багийн 4-15 тоотод байх гэртээ 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хамтран амьдрагч Б.Цэнддоог “айлд хаяж явлаа” гэх шалтгаанаар зодож хамрыг нь хугалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Мөн яллагдагч Ж.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Цэнддоог байнга буюу Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар багийн 4-15 тоотод байх гэртээ 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “айлд хонолоо” гэх шалтгаанаар зодож, галын дэгээ төмрөөр зүүн хөлийн өвдгөн тус газарт нэг удаа цохиж гэмтэл учруулсан, 2021 оны 01 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө “өвчтэй хүнийг гэртээ оруулахгүй, шинжилгээний хариугаа гарахаар ир” гэх шалтгаанаар зодож цамцны захаар нь хоолойг нь боосон, 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “худлаа ярьж явлаа” гэх шалтгаанаар зодож, куртикний малгайнаас чирч, үснээс зулгааж, гараараа баруун, зүүн хацарт цохисон,

 

Мөн яллагдагч Ж.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Цэнддоог байнга буюу Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар багийн 4-15 тоотод байх гэртээ 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “айлд хонолоо” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар “гөлөг минь, янхан минь” гэх зэргээр ёс бус үг хэлж, галын дэгээ төмөр хэрэглэн зодож, 2021 оны 01 дүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнө “өвчтэй  хүнийг гэртээ оруулахгүй, шинжилгээний хариугаа гарахаар ир” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, “яв зайл” гэж ёс бус үг хэрэглэж, цамцтай, хөл нүцгэн гэрээсээ хөөж гарган, 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “худлаа ярьж явлаа” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, “пизда гичий минь” гэж ёс бус үг хэрэглэж, куртикний малгайнаас нь болон үснээс нь зулгааж чирэн харгис хэрцгий харьцан, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас Ж.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Баянцагаан овгийн Жамбалдоржийн Дг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг догшин авирлаж, байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцож,

 

шүүгдэгч Ж.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар 1 /нэг/ жил хорих ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Ж.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг буюу нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар  тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Дгийн цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох,

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ж.Д нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, шүүгдэгч Ж.Д нь Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ЗШ/281 дугаартай зөрчлийн шийтгэврээр 10 хоног баривчлагдсан болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа гаргасан давж заалдсан гомдолдоо: 1.Энэ хэргийг мөрдөн байцаагчаас прокурор руу, шүүх рүү очсон гэдгийг өмгөөлөгч би мэдээгүй, яллагдагчаар татсан байцаалт авч хэрэг дахин прокурорт очсон хойно хавтас хэрэгтэй танилцуулаагүй учир дахин ажиллагаа хийлгэх хүсэлт гаргах боломж олдоогүй.

 

Иймд анхан шатны шүүхэд хэд хэдэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаан нэг мөр шалгуулах хүсэлтийг 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гаргасан боловч анхан шатны шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлээгүйд гомдолтой байна.

 

2.Мөн шүүхэд хэрэг очсон талаар мэдээгүй. 4 дүгээр сараас ихэнхдээ бид хорио цээрийн дэглэмд байсан.

 

Тодруулбал: Төв аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/215 захирамж, Монгол Улсын Засгийн газрын 91-р тогтоол, Аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/239 захирамж, Засгийн газрын 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 104-р тогтоол, Аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/274 захирамж, 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/300 дугаартай шийдвэрүүдийг биелүүлж байсан. Иймд шүүхэд хэрэг ирсэн хугацаанд урьдчилан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргах боломжгүй байсан.

 

3. Уг хэрэгт Б.Цэнддоо нь хохирогчоор явж байгаа ба насанд хүрээгүй түүний хүүхдүүд болох Б.Баярбилэг, Д.Намуунцэцэг, Д.Баяржавхлан нараас гэрчээр мэдүүлэг авахдаа хууль ёсны төлөөлөгчөөр эх Б.Цэнддоог оролцуулсан байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 9.5 дугаар зүйлийн 2, 25.3 дугаар зүйлийн 2 дахь заалтуудыг зөрчсөн. Үүнд хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны ажилтан буюу, өмгөөлөгч, сурган хүмүүжүүлэгчийг оролцуулах байсан. Хүүхдүүд ээжийнхээ өөдөөс хараад ээж зоддог архи уудаг гэж хэзээ ч хэлэхгүй. Хүүхдүүд ээжийнхээ зааж өгсөн зүйлүүдийг хэлсэн байх боломжтой байна.

 

4. Б.Дд холбогдох эрүүгийн хэргийг прокурорын шатанд танилцсан, өмгөөлөгч танилцсаны дараа прокурор хэргийг буцааж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах зорилгоор цагдаагийн мөрдөгч Б.Ариунтуяа 03 дугаар сард яллагдагчаар мэдүүлэг авсан. Энэ мэдүүлэгт өмгөөлөгч би сууж байсан. Мэдүүлэгтээ урьд ярьсан зүйл дээрээ нэмж Ж.Дг хөдөө ажиллаад 2 cap болоод ирэхэд нь эхнэр Б.Цэнддоо бэлгийн харьцаанд орохгүй дургүйцээд байсан. Хамгийн анх 2016 онд намайг идшэндээ яваад ир гээд Өвөрхангай явуулчихаад Дөлгөөн зоогийн газрын ар талын коридорт тэнд жолооч хийдэг Амарсанаа гэх хүнтэй хамт унтаж байсан гэж манай эгчийн хүүхэд Алтжин надад хэлсэн. Тэр цагаас хойш бид хоёр хэрэлдэж маргалдаж эхэлсэн. Тэгээд би Дөлгөөн зоогийн газрын энэ хашаанд байж болохгүй юм байна гээд тэр хашаанаас нүүж байсан. Манай эгчийн охин Алтжин надад миний төрсөн хүү Д.Баярбилэгийг бас харсан гэж мэдүүлж байсан.

 

Би эдгээр хүмүүсийг асуух шаардлагатай юм байна гэж байцаагчид нь хэлж асуусан гэж бодсон чинь асуугаагүй байна. Энэ нь хэрэг болсон шалтгаан нөхцөл, хэргийг хөнгөрүүлэх, хүндрүүлэхэд чухал ач холбогдолтой. Иймд Алтжин, Д.Баярбилэг нараас байцаалт авахуулах зайлшгүй шаардлагатай байсан.

 

5. Б.Дг 2020 оны 06 дугаар сард хохирогч Б.Цэнддоогийн хамрыг хугалсан гэмтлийг учруулсан гэх шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт нь 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гарсан байдаг. Б.Д энэ үйлдэлдээ зөрчлийн хуулиар 25 хоног баривчлах шийтгэл эдэлсэн байдаг. Энэ зөрчил нь хохирогч Б.Цэнддоогийн хамарт гэмтэл учруулсан гэсэн үндэслэлээр баривчилсан байдаг. Тэгвэл тэр үедээ яагаад гэмтлийн зэрэг тогтоолгоогүй юм бэ? хүнийг нэг үйлдлээр хоёр арга хэмжээ авч болохгүй, дүгнэлт гаргаагүй нь Б.Дг буруутгаж, давхар арга хэмжээ авагдах гэж байгаа нь энэ хүний эрх зүйн байдал хүндэрч байна.

 

Иймд зөрчлийн хуулиар шийтгүүлсэн 25 хоногийн баривчлах шийтгэлийг хүчингүй болгох ёстой байсан.

 

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлгүй, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2-т заасан гэмт хэргийн санкц 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар хорих ялтай. Энэ хэрэгт хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөтэй, хохирогч ямар нэгэн хохирол нэхэмжлээгүй. Иймд хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Гансувд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасны дагуу шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.

Шүүгдэгч Ж.Дгийн холбогдсон гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа. Энэ гэмт хэрэг нь 2021 оны “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн хамрагдаж байгаа тул “Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсгүүдэд тус тус зааснаар Ж.Дд оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэх үндэслэл тогтоогдож байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Т.Батцэцэг гаргасан саналдаа: Ж.Дгийн үйлдсэн хэрэг нь тогтоогдсон, анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Прокурорын гаргасан дүгнэлтийг дэмжиж байна гэв.

          

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүхээс Ж.Дгийн нэг удаагийн үйлдэлд нь давхардуулан Зөрчлийн тухай болон Эрүүгийн хуулиар давхардуулан хариуцлага тооцсон. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн хэд хэдэн үндэслэл байгааг давж заалдсан гомдолд дурдсаныг анхаарч үзнэ үү хэмээн гомдол гаргасан. Гэхдээ өнөөдрийн байдлаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн учир давж заалдсан гомдлынхоо үндэслэлийг өөрчилж уг хуульд хамруулах саналыг гаргаж байна гэв.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ж.Дгийн өмгөөлөгч С.Сувдмаагийн гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Ж.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар багийн 4-15 тоотод байх гэртээ 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хамтран амьдрагч Б.Цэнддоог “айлд хаяж явлаа” гэх шалтгаанаар зодож хамрыг нь хугалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Мөн гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Цэнддоог Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар багийн 4-15 тоотод байх гэртээ 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “айлд хонолоо” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар “гөлөг минь, янхан минь” гэх зэргээр ёс бус үг хэлж, галын дэгээ төмөр хэрэглэн зодсон, 2021 оны 01 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө “өвчтэй  хүнийг гэртээ оруулахгүй, шинжилгээний хариугаа гарахаар ир” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, “яв зайл” гэж ёс бус үг хэрэглэж, цамцтай, хөл нүцгэн гэрээсээ хөөж гаргасан, 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “худлаа ярьж явлаа” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, “пизда, гичий минь” гэж ёс бус үг хэрэглэж, куртикний малгайнаас нь болон үснээс нь зулгааж чирэн байнга зодож, харгис хэрцгий харьцан, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрийн үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх хэргийн үйл баримт нь хохирогч Б.Цэнддоогийн[1]: “...миний баруун чихний доод хэсэгт зүүн гараараа цохисон..., ...архи уух болгондоо зоддог..., ...намайг янхан, гичий, гөлөг минь манайхаас зайл гээд гэрийн гадаа хөөж гаргаад хаалгаа цоожилдог, архи уух болгондоо хутга барьж та нарыг ална гэж хүүхдүүдээ хүртэл айлгадаг..., ...сэрээ бариад дайрахаар нь бултахад гараараа хамар руу цохиод хамар хугалж байсан..., ...галын дэгээ төмрөөр миний хөл рүү цохиж гэмтээгээд 20 гаруй хоног доголж явсан..., ...өмсөж байсан цамцаар маань хоолой боогоод тэгээд ноцолдож байгаад болиулаад хөл нүцгэн өмд, цамцтай зугтаж гараад ээжийнд шөнийн 02 цаг өнгөрч байхад очиж хонож байсан..., ...байнга шахуу согтуу байдаг..., ...намайг элдэв янзаар яриад үг хэлээр доромжилж зодож хөөж туугаад байдаг..., ...Ж.Д эрүүл үедээ хэл амаар гичий минь гэх зэргээр доромжилдог. Согтуу байх үедээ үснээс зулгаах газар унасан үед үснээс чирч зоддог..., ...би гомдолтой байна...” гэх,

 

Насанд хүрээгүй хохирогч Д.Баярбилэгийн[2]: “...манай аав Ж.Д ер нь бол байнга архи уудаг, архи уухаараа хэцүү байнга хараадаг, пизда, гөлөг, гичийнүүдээ гээд, намайг бол зайл гээд хөөдөг. ...Манай ээжийг дандаа хэл үгээр дарамталдаг гичий, янхан минь та хоёр зайлаарай гээд дайрдаг..., ...хамрыг нь хугалсан байсан. Өвлийн хүйтэнд хөөдөг..., ...архи уухаараа хутга барьж ална, хэрчинэ шүү гээд хөөнө..., ...аав архи уусан үедээ байнга л гэрт хэрүүл зодоон гардаг...” гэх,

 

Насанд хүрээгүй хохирогч Д.Намуунцэцэгийн[3]: “...ээжийг нүүрэнд нь нэг удаа цохиж ээж цагдаа дуудсан, цагдаа нар ирээд аавыг аваад явсан..., ...манай аав байнга архи уудаг. Тэгээд бид нарыг гэрээс хөөдөг, эмээгийнх рүү яв гөлөгнүүдээ гээд загнадаг, зоддоггүй. Харин ээжийг бол зоддог хөөдөг, чирдэг, цохидог, нохой, гөлөг минь ална шүү зайлаарай гээд дандаа хөөдөг..., ...манай аав согтуу орж ирээд ээжийг үсдээд гадаа, гэрт ч хамаагүй чирээд зоддог..., ...манай аав Ж.Д архи уусан үедээ аяга, таваг ээжийн хувцсыг гаргаад шидээд ээжийг ална гээд хутга барьж аваад айлгаад байдаг юунаас болоод уурлаад байдгийг мэдэхгүй байна...” гэх,

 

Гэрч Ж.Дарьмаагийн[4]: “...манай бэр Б.Цэнддоо л Ж.Д архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээрээ намайг зодож хүүхдүүд айлгаж сүрдүүлж дарамтлаад байдаг гэж хэлдэг..., ...Ж.Д хөөгөөд хувцас, хунар гаргаж шидээд байна гээд ноосон цамцтай нүцгэн орж ирээд хоночхоод өглөө нь Ж.Д ирж аваад хоёулаа гараад явсан..., ...2020 оны зун Б.Цэнддоогийн хамрыг хугалсан гээд эмнэлгээр яваад байсан. Бас 2020 оны 12 дугаар сард хөлийг нь төмрөөр цохисон гэж хэлсэн ба би өөрөө хараагүй, сонссон...” гэх,

 

Гэрч Ч.Болортуяагийн[5]: "...Б.Цэнддоо манай нөхөр зодсон архи уугаад агсам тавьсан гээд хааяа нүд, нүүр нь хөхөрчихсөн ирж байдаг байсан..., ...Б.Цэнддоо надад нөгөөдөх чинь галын дэгээ төмрөөр цохиод дэгээ төмөр миний хөлд зоогдсон гэж ярьж байсан..., ...Ж.Д галын дэгээгээр 2020 оны 12 дугаар сарын 17-ны өглөө манайхаас авч яваад гэртээ очоод зодсон гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлгүүд болон Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн[6]: “...Б.Цэнддоогийн биед хамар ясны хугарал, зүүн өвдөгт сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хамар ясны хугарал гэмтэл нь 2020 оны 06 дугаар сард үүссэн байх боломжтой хуучин, зүүн өвдөгт сорви гэмтэл нь 2021 оны 01 сард үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх,

           

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн нэмэлтээр гаргасан[7]: “...хамар ясны хугарал гэмтэл нь 2020 оны 06 дугаар сард үүссэн байх боломжтой хуучин, зүүн өвдөгт сорви гэмтэл нь 2021 оны 01 сард үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..., ...Б.Цэнддоогийн биед үүссэн хамар ясны хугарал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаана, зүүн өвдөгт сорви гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, дээр дурдагдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

 

Б.Батцэнгэлийн үйлдсэн дээрх гэмт үйлдлийг Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т тус тус зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Мөн шүүгдэгч Ж.Дг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг догшин авирлаж, байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тус тус дүгнэн, түүний үйлдсэн гэмт хэргүүдэд оногдуулахаар эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээний хүрээнд нийтэд тустай ажил хийлгэх болон хорих ялууд оногдуулан шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, учруулсан хор уршиг, хувийн байдал зэрэгт нь тохирсон байна.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Дгийн өмгөөлөгч С.Сувдмаагийн гаргасан “...мөрдөн байцаалтын шатанд хэт нэг талыг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж нотлох баримт цуглуулсан тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдсан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Их Хурлаас Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдуулан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай” хуулийг[8] баталж, уг хуулийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөхөөр хуульчилжээ.

 

Шүүгдэгч Ж.Дд холбогдох хэргийг өмгөөлөгч С.Сувдмаагийн гаргасан давж заалдсан гомдлын дагуу тус шүүхээр хянан хэлэлцэх үед дээрх хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн, түүний үйлдсэн гэмт хэргүүд нь уг хуульд заасан өршөөлд үл хамаарах нөхцөлүүдэд хамаарахгүй байгаа, Ж.Д нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тус шүүх хуралдаанд гаргасан прокурорын дүгнэлт зэргийг үндэслэн түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Харин Монгол Улсын Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулийн 19-д Төв аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгжийг хамааруулан “Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх”-ийг байгуулсан байхад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 9 дэх заалтад тус шүүхийн нэршлийг “Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх” гэж буруу бичсэн байгааг цаашид анхаарах шаардлагатайг магадлалд тэмдэглэх нь зүйтэй байна.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/117 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Дгийн өмгөөлөгч С.Сувдмаагийн гаргасан давж заалдсан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т тус тус заасныг баримтлан Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/117 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Баянцагаан овгийн Жамбалдоржийн Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан долоон зуун хорин /720/ цаг нийтэд тустай ажил хийлгэх, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т тус тус зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдож буй шүүгдэгч Ж.Дг сулласугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                   ШҮҮГЧИД                                           Т.ЭНХМАА

 

 

                                                                                 М.МӨНХДАВАА

 

[1] хх-ийн 2-3, 22-23-р тал

[2] хх-ийн 5-6, 27-28-р тал

[3] хх-ийн 8-9, 34-35-р тал

[4] хх-ийн 10-11-р тал

[5] хх-ийн 51-р тал

[6] хх-ийн 58 –р тал

[7] хх-ийн 66-67-р тал

[8] Төрийн мэдээлэл 2021 он №26 /1176/