Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 109/ШШ2023/0004     

 

 

 

    Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

    зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

  

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа би, иргэн Х.Бы  нэхэмжлэлтэй, Архангай аймаг дахь Цагдаагийн газарт холбогдох “Архангай аймгийн Цагдаагийн газарт 2002 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд дадлагажих ажилтнаар ажиллаж байсныг тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн Цагдаагийн газрын 2002 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 22 дугаартай энгийнээр томилсон тушаалыг дадлагажих ажилтнаар томилохыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан тайлбартаа: “... Х.Быг Архангай аймгийн цагдаагийн газрын Дэмжлэг үзүүлэх тасагт жолоочоор томилсон 2002 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 22 дугаартай тушаалыг гаргахдаа Цагдаагийн албаны тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1., 70.2. дахь хэсэгт заасан. Цагдаагийн албанд анх томилогдох иргэнийг албаны бэлтгэл, албан тушаалд тавигдах шаардлага шалгуурыг хангасан эсэхийг тогтоох зорилгоор 1 жил хүртэл хугацаагаар туршилтын хугацаагаар ажиллуулж болно. Туршилтын хугацаагаар ажиллах иргэнийг дадлагажих ажилтнаар томилж гэрээ байгуулна.

Дадлагажих ажилтан туршилтын хугацаанд гүйцэтгэх чиг үүрэг, нийцсэн энэ хуульд заасан эрх хэмжээг хэрэгжүүлж үүрэг хүлээнэ” гэсэн заалтуудыг орхигдуулж гаргасан болохыг хүлээн зөвшөөрч байна.

Иргэн Х.Быг 2002 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс Цагдаагийн хэлтэст дадлагажих ажилтны үүргийг гүйцэтгэн албан ажлаар гэмт хэргийн дуудлага, мэдээлэл, нийтийн хэв журам сахиулах үйл ажиллагаанд дадлагажих ажилтны үүргийг гүйцэтгэн ажиллаж байсныг тухайн үед хамт ажиллаж байсан тасгийн хамт олон болон нягтлан бодогч, цагдаагийн бэлтгэл хошууч Д.Б, цагдаа жолооч, цагдаагийн бэлтгэл ахлах ахлагч Ц.Б нараас асууж” тодруулах боломжтой юм.

Иймд цагдаагийн албаны тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1., 70.2. дахь хэсэгт заасныг үндэслэн Х.Быг цагдаагийн дадлагажих ажилтан гэж үзэх боломжтой юм.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Тус шүүх иргэн Х.Баас Архангай аймаг дахь Цагдаагийн газарт холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Цагдаагийн газарт 2002 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд дадлагажих ажилтнаар ажиллаж байсныг тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн Цагдаагийн газрын 2002 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 22 дугаартай энгийнээр томилсон тушаалыг дадлагажих ажилтнаар томилохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэж ажиллагаа явуулжээ.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актыг хүчингүй болгуулахаар дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан Архангай аймаг дахь Цагдаагийн газарт холбогдох маргаан бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хэрэг мөн, нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдаж байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзсэн болно.

             Маргааны үйл баримтаас дүгнэхэд:

            3. Иргэн Х.Б нь Архангай аймгийн Цагдаагийн хэлтэст 2002 оны 2 дугаар сарын 6-ны өдөр жолоочоор ажилд орох тухай өргөдөл гаргажээ. /хх-ийн 94/

            4. Архангай Аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн 2002 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн “Ажилд томилох тухай” 22 дугаар даргын тушаалаар тус цагдаагийн хэлтэст ажилд орохыг хүсч өргөдөл, материал гаргасан Хүрэлхүүгийн Быг 2002 онын 2 дугаар сарын 19-ний өдрөөс цагдаагийн шуурхай албаны жолоочоор энгийнээр томилж, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж ажиллахыг Х.Бд үүрэг болгожээ. /хх-ийн 93/

            5. Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн  2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Цол шагнах тухай” 101 дүгээр даргын тушаалаар Х.Быг цагдаагийн дэд ахлагч цолоор шагнаж, Х.Бд цагдаагийн дэд ахлагчийн цалин, эдлэх хангамжийг зохих зааврын дагуу олгохыг ахлах нягтлан бодогч хошууч Д.Бт зөвшөөрч, бие даан болон дангаар цагдаагийн үүрэг гүйцэтгэхгүй байхыг үүрэг болгожээ. /хх-ийн 106/

            6. Иргэн Х.Б нь Архангай аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2002 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 22 дугаар цагдаагийн шуурхай албаны жолоочоор энгийнээр томилсон тушаалыг өөрчлөх талаар Архангай аймаг дахь Цагдаагийн газарт  гомдол гаргаж, Архангай аймаг дахь Цагдаагийн газрын 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 29/227 дугаар албан бичгээр “...туршилтын хугацаагаар энгийнээр томилогдсон тушаалыг дадлагажигч ажилтнаар томилсон байдлаар нөхөн тушаал гаргах хүсэлт гаргасан бөгөөд цагдаагийн байгууллага нь өмнө нь гарсан тушаал дээр нөхөн тушаал гаргах боломжгүй байна.” гэх хариу хүргүүлжээ. /хх-ийн 5/

7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1. дэх хэсгийн 54.1.7. дахь заалтыг зөрчөөгүй,  эрх зүйн үр дагавар нь дуусгавар болоогүй байх тул иргэн Х.Б нь тус шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

8. Түүнчлэн захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, уг эрхээ хамгаалуулах захиргааны байгууллагаас шаардах эрх нь нээлттэй байх тул нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдсонгүй.

 

9. Мөн нэхэмжлэгч нь Архангай аймаг дахь Цагдаагийн газарт гомдол гаргаж, Архангай аймаг дахь Цагдаагийн газрын 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 29/227 дугаар албан бичгээр  хариу авсан  нь Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1. дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана.” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1.-т “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол.” гэж заасан хуулийн заалтад нийцсэн байна.

10. Иймд тус шүүхэд гаргасан нэхэмжлэгч Х.Б нь Архангай аймаг дахь Цагдаагийн газарт гомдол гаргасан, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн гэж үзнэ.

            11. Цагдаагийн албаны тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1. дэх хэсэгт “Цагдаагийн албанд анх томилогдох иргэнийг албаны бэлтгэл, албан тушаалд тавигдах шаардлага, шалгуурыг хангасан эсэхийг тогтоох зорилгоор 1 жил хүртэл туршилтын хугацаанд ажиллуулж болно.”, 70.2. дахь хэсэгт “Туршилтын хугацаагаар ажиллах иргэнийг дадлагажих ажилтнаар томилж гэрээ байгуулна. Дадлагажих ажилтан туршилтын хугацаанд гүйцэтгэх чиг үүрэгт нийцсэн энэ хуульд заасан эрх хэмжээг хэрэгжүүлж, үүрэг хүлээнэ.” гэж заасан.

            12. Х.Бы 2002 онд хийсэн ажлын тайлан мэдээнд “Би 2002 онд 35000 км зам явж, 6600 литр бензин зарцуулж албан үүрэг гүйцэтгэсэн. ... Улсын Их Хурлын хамгаалалтад 4 удаа гарч, 48 цагийн замын постод үүрэг гүйцэтгэж байсан. Алсын дуудлагад 45 удаа явж, ... 102, жижүүрийн жолоочоор 40 удаа гарч, эргүүл, харуулын үүрэг гүйцэтгэж, өгсөн дуудлага бүрд түргэн шуурхай очиж ерөнхий жижүүрийн удирдлагад ажиллаж байсан” гэх, /хх-ийн 103/

            13. Гэрч Д.Б шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “Энгийнээр ажилд томилоход үйлчлэгч, цахилгаанчин, гэх мэт албан тушаалтнуудыг энгийнээр тушаал гаргаж ажилд томилдог байсан. Харин дадлагажих ажилтнаар цаашид цагдаагийн байгууллагад цагдаагаар ажил эрхлэх учраас  цагдаагийн ажилд мэргэшүүлэхээр дадлагажих ажилтнаар томилдог байсан. ... 2002 онд Х.Б нь Архангай аймгийн Цагдаагийн хэлтэст 2002 онд дадлагажих ажилтнаар томилогдсон. Тухайн үед томилогдоод цагдаагийн ажлыг хийгээд жагсаалын үзлэг бэлтгэл, дуудлагад явах, цагдаагийн ажлыг гүйцэтгэж байсан. Цагдаагийн байгууллагад цагдаа, болон цагдаа жолоочоор ажилд томилоход  6 сараас 1 жилийн хооронд дадлагажих ажилтнаар томилж, дараа нь цол олгож,  цагдаа, цагдаа жолооч болдог байсан. Яагаад энгийнээр томилсон талаар сайн мэдэхгүй байна. Уул нь дадлагажих ажилтнаар томилох ёстой байсан ...”  гэх, /хх-ийн 87-89/

            14. Гэрч Ц.Б шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “Би Х.Бтай хамт ажиллаж байсан. Намайг цагдаа жолоочоор ажиллаж байхад Х.Б жолоочоор ажилд анх томилогдон орж байсан. 2002 онд анх жолоочоор ажилд томилогдсоноос нь хойш  2009 он хүртэл тэтгэвэрт гартлаа хамт ажилласан. Анх фургон автомашин жолооддог байсан ... Дадлагажих ажилтнаар анх ажилд томилоход үндсэн цагдаагийн алба хаагч нарын адил жагсаалын үзлэг, бэлтгэл, албаны бэлэн байдлыг шалгах зэрэг ажилд хамрагддаг байсан. Энгийн алба хаагчид бол жагсаалын үзлэг бэлтгэл, албаны бэлэн байдлыг шалгах зэрэг ажиллагаанд хамрагдахгүй, тухайн ажлаа хийгээд л явдаг байсан. ...” гэх мэдүүлэг зэргээр иргэн Х.Б нь Архангай аймаг дахь Цагдаагийн газарт 2002 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд дадлагажих ажилтнаар ажиллаж байсан нь тогтоогдож байна.

            15. Цагдаагийн албаны тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.7. дахь хэсэгт “Туршилтын хугацааг төрийн тусгай албанд ажилласан хугацаанд оруулан тооцно.” гэж,

            16. Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 54 дүгээр  “Төрийн албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журам” тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.4.-т “Төрийн тусгай албан хаагчийн эрх зүйн байдлыг тухайлан зохицуулсан бусад хууль тогтоомжид туршилтын хугацаагаар ажиллуулах асуудлыг нарийвчлан зохицуулаагүй бол энэхүү журмыг баримтална.”, 7.1.-т “Туршилтаар ажилласан хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцно.” гэж заажээ.

            17. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Х.Быг Архангай аймгийн цагдаагийн газрын Дэмжлэг үзүүлэх тасагт жолоочоор томилсон 2002 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 22 дугаартай тушаалыг гаргахдаа Цагдаагийн албаны тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1., 70.2. дахь хэсэгт заасан Цагдаагийн албанд анх томилогдох иргэнийг албаны бэлтгэл, албан тушаалд тавигдах шаардлага шалгуурыг хангасан эсэхийг тогтоох зорилгоор 1 жил хүртэл хугацаагаар туршилтын хугацаагаар ажиллуулж болно. Туршилтын хугацаагаар ажиллах иргэнийг дадлагажих ажилтнаар томилж гэрээ байгуулна. Дадлагажих ажилтан туршилтын хугацаанд гүйцэтгэх чиг үүрэг, нийцсэн энэ хуульд заасан эрх хэмжээг хэрэгжүүлж үүрэг хүлээнэ” гэсэн заалтуудыг орхигдуулж гаргасан болохыг хүлээн зөвшөөрч байна.  ... Иймд цагдаагийн албаны тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1., 70.2. дахь хэсэгт заасныг үндэслэн Х.Быг цагдаагийн дадлагажих ажилтан гэж үзэх боломжтой юм.” гэжээ.

18. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1. дэх хэсэг Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 21.1.1.-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах”, 28 дугаар зүйлийн 28.2.2.-т “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх”, 67 дугаар зүйлийн 67.1. дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.”, 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.”, 109 дүгээр зүйлийн 109.1. дэх хэсэгт “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус заасан.

19. Иймд хариуцагч Архангай аймаг дахь Цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нь иргэн Х.Бы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

20. Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулж, баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1., 109 дүгээр зүйлийн 109.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Цагдаагийн албаны тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1., 70.2., 70.7. дахь хэсгийг тус тус баримтлан хариуцагч Архангай аймаг дахь Цагдаагийн газар нь нэхэмжлэгч Х.Бы “Архангай аймгийн Цагдаагийн газарт 2002 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд дадлагажих ажилтнаар ажиллаж байсныг тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн Цагдаагийн газрын 2002 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 22 дугаартай энгийнээр томилсон тушаалыг дадлагажих ажилтнаар томилохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, Х.Бы нэхэмжлэлтэй, Архангай аймаг дахь Цагдаагийн газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.ОДОНТУЯА