Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/912

 

 

 

 

 

 

 

    2025         10          17                                     2025/ШЦТ/912

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Алдар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал,

улсын яллагч Ж.Энхжаргал /томилолтоор/,

шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 9 дүгээр танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1996 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уурхайд дадлагажигчаар ажилладаг, ам бүл 3, эх, дүүгийн хамт, ........... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

........... овогт М.А /РД:******/.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

Шүүгдэгч М.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч М.А нь 2025 оны 08 дугаар сарын 17-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн .......... байхдаа хохирогч Х.Н-тай маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохиж, биед нь халдаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дахь хуудас/,

- Хохирогч Х.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Би 2025 оны 08 дугаар сарын 17-ны өглөө эрт үйлчлүүлэгчээ авах ёстой байсан болохоор 07 цагийн үед ажлын байрандаа ирсэн. Тэгээд үйлчлүүлэгчийн үс засаад байж байхад нэг согтуу хүн караоке хайж манай үсчин рүү орж ирсэн. Тэгэхээр нь би манайх караоке бишээ нээх цаг болоогүй байна гээд буцаагаад гаргасан. Тэгээд би үсээ засаж дуусчхаад гарч хоол идэх гээд гарахад Төрийн банкны хаалган дээр таарсан. Тэгээд би гараад гаднах хаалгаа түгжих гэхэд тухайн хүн орно гээд дайраад байсан тэгэхээр нь энэ чинь 1, 2 давхартаа Төрийн банк ажилладаг бусад үйлчилгээний газар нь нээх болоогүй байна гэхэд үгүй би орно гэж дайраад бид хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгээд би хаалгаа түгжчихээд явах гэтэл миний хувцаснаас зуулаад татаж эхэлсэн тэгэхээр нь би больчих гэж зөндөө гуйсан боловч огт тавихгүй миний хувцаснаас зуураад байхаар нь би түлхсэн чинь намайг зөрүүлээд миний уруул хэсэг рүү гараараа 1 удаа цохисон. Тэгээд би за больё гэж бодоод зугтаасан чинь араас намайг түлхээд би хажуу талын караокены гадна талын шилэн хананд гараараа тулаад зогссон чинь тухайн шил хагарсан. Тэгсэн нөгөө залуу араас ирж миний толгойн ар хэсгээс тухайн шилэн ханыг мөргүүлэх гэж оролдсон. Тэгээд би тухайн залуутай заамдалцаад би зөрүүлээд баруун гараараа тухайн хүний зүүн шанаа хавьцаа 1 удаа цохисон. Тэгээд би за одоо больё гэж гуйгаад цагдаа дуудсан. Тэгээд цагдаагийн алба хаагч ирсэн хойно намайг хэл амаар доромжилж, намайг мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дэх хуудас/,

- Гэрч С.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн В бааранд хоёр эрэгтэй хүнтэй танилцсан. Тэгээд тухайн хоёр эрэгтэй хүн В баарнаас гарахдаа залуучуудтай зодоон хийсэн. Нэлээн олон хүнтэй зодоон хийгээд саарал өмдтэй залуу нь зодуулаад уруул ам нь сэтэрчихсэн байсан. Тэгээд би тэр хоёрыг болиулаад Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б гэх караоке луу орсон. Тэгээд бид дөрөв 4 номерт өрөө аваад суусан. Тэгээд бид 4 согтууруулах ундааны зүйл нэмж хэрэглэсэн. Тэгээд цаг дуусаад гарах гэсэн чинь цагаан өмдтэй хүн дотор буйдан дээр унтчихсан байсан. Тэгээд сэрэхгүй босохгүй болохоор нь тухайн караокены хоёр зөөгч гаргаж өгсөн. Тэгээд тухайн караокеноос гараад хойшоо хороолол руу гараад явах замд хар фудволктой залуу зодоон үүсгэсэн. Тухайн хоёр хүн ААН-ын шилэн хаалганаас зууралдаад шилэн хаалгыг нь хагалчихсан байсан. Тэгээд би цуг ууж байсан хар фудволктой байсан хүн мөн байна гэж хараад очсон чинь мөн байсан. Тэгээд хохирогчийн гаранд нь зөндөө жижиг хэмжээтэй шил зоогдсон айсан. Тэгээд баруун гарын өөх нь гараад ирчихсэн байсан. Тэгээд би гаран дахь зоогдсон шилийг түүх гэсэн чинь өвдөөд байна гэхээр нь больсон. Тэгээд би нойтон салфеткаар цус гарж байгаа хэсэгт дараад цагдаагийн байгууллагад ирсэн. Намайг очиход шилэн хаалга хагалчихсан түлхэлцээд гарч байсан харагдсан. Тэгэхэд нь л би таниад очиход хохирогчийн гар нь цус болчихсон байсан. Би уг нь хамт явж байсан хүн болохоор өмөөрөх гээд очсон чинь тухайн хүн хохирогчийг зодчихсон байсан. Би биед нь яг хэрхэн яаж халдсан талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дахь хуудас/,

- Шүүх Шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ****** дугаартай шинжээчийн: “1.Х.Н-ийн биед 2 шүдний сулрал, дээд уруулын салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны алганд шарх, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн сарвууны алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. 2.Баруун сарвууны шарх, зөөлөн эдийн няцрал, 2 шүдний сулрал, дээд уруулын салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Хоёр сарвууны зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул тус журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. 3.Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 22-23 дахь хуудас/,

            - Хохирогч Х.Н-ийн эрүүл мэндийн байгууллагаас авсан тусламж үйлчилгээ, холбогдох баримтууд /хх-ийн 24-28 дахь хуудас/,

- Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцож, хэрэг хавсаргасан 1 ширхэг СиДи, мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 53-55 дахь хуудас/,

- Хохирогч Х.Н мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “Миний хохирлыг М.А 100 хувь барагдуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...надад одоо ямар нэгэн гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 дахь хуудас/,

- Хохирогч Х.Н-ийн хохирлыг барагдуулсан гэх баримтууд /хх-ийн 69-70 дахь хуудас/,

- Хохирогч Х.Н-н сэтгэцэд учирсан хохирол үзүүлэхгүй гэсэн бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 71 дэх хуудас/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дахь хуудас/,

- Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын тогтоол /хх-ийн 75-76 дахь хуудас/,

- Яллагдагчид оногдуулах прокурорын санал /хх-ийн 77-78 дахь хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч М.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Х.Н нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдаж байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч М.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар М.А-д оногдуулсан торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, М.А нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын дотор 450,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.А нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. 

Шүүгдэгч М.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ...... овогт М.А /РД:******/-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар М.А-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.А нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд  шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.АЛДАР