Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2023/00890

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2023/00890

Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч:  нэхэмжлэлтэй,

 

хариуцагч:  холбогдох,

 

түрээсийн гэрээний үүрэгт 6 298 167 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранжаргал

хариуцагч Ж.******* оролцож

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* *******н *******ны харъяа Үйлдвэрлэл үйлчилгээний төв хариуцагч Ж.*******ид холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 6 298 167 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ..манай байгууллага Ж.*******ид 2022 оны 04 сарын 08-ны өдрөөс эхлээд ******* зочид буудлын 2 давхарт 245мкв рестораны үйл ажиллагаа явуулдаг талбайг тоног төхөөрөмжийн хамтаар түрээслэсэн. Анх бид хоосон талбай гэж ярьсан боловч хариуцагч тал тоног төхөөрөмжтэй нь түрээслэмээр байна гэх саналын дагуу бид тоног төхөөрөмжөө худалдаж авах уу гэхэд боломж байхгүй, ашиглаад сар сард нь төлбөрөө төлье гээд нэг сарын 500,000 төгрөгөөр түрээслэе гэж тохирсон энэ талаараа бид түрээсийн гэрээндээ тусгаагүй. Хариуцагч бидэнд гараар зөвшөөрсөн талаараа бичиж өгсөн. Хариуцагч тал графикийн дагуу төлөлт хийгээгүй тул бид шүүхэд нэхэмжлэл гаргасан. Манай сарын түрээс 4,940,000 төгрөг, хариуцагч 28,270,300 төгрөг төлсөн одоо үлдэгдэл 6,298,167 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна... гэв.

 

3. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Миний бие МҮЭ-ийн дэргэдэх ******* зочид буудлын 2 давхарт 245 мкв рестораны зориулалттай талбайг 2022 оны 04 сарын 08-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Энэ гэрээ нь 2022 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл түрээслэх байсан боловч миний анхны хувиараа хийсэн бизнес байсан тул алдаа оноо их байсан. Анх түрээслэснээс хойш 3, 4 хоногийн дараа түрээсийн гэрээг тамга, тэмдэг дараагүй гээд буцааж авсан. Түрээслэж байх хугацаанд түрээсийн гэрээг буцааж өгөөгүй. Түрээслэж эхэлснээс хойш маш их дарамт, шахалтад орж түрээслэсэн. Анхнаасаа Солонгос хоолны зориулалттай танайхыг оруулахгүй байсан гэх шаардлагыг удаа дараа тавьж байсан. Хил гааль хаагдаж, хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ 1 дахин өссөн учраас 8, 9 сард түрээсээ бага хугацаагаар хойшлуулж өгсөн. Гэрээнд заагдаагүй мөнгө нэхэмжлээд байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй. Би 3,298,167 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. 3,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Сар бүр тоног төхөөрөмжийн 500,000 төгрөг төлөх байсан бол ийм өндөр түрээстэй газрыг түрээслэхгүй байх байсан... гэв.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн

Нэхэмжлэл /хэргийн 1 дүгээр тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2 дугаар тал/

Улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 3, 29 дүгээр тал/

Итгэмжлэл /хэргийн 4, 28 дугаар тал/

2022.01.19-ний өдрийн Байрны түрээсийн гэрээ /хэргийн 5-7 дугаар тал/

Ж.*******ийн иргэний үнэмлэх /хэргийн 8 дугаар тал/

Тооцооны үлдэгдлийн баталгаа /хэргийн 9 дүгээр тал/

Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ /хэргийн 10, 31 дүгээр тал/

Ж.*******ийн хүсэлт /хэргийн 30, 32 дугаар тал/

2016.04.19-ний ******* ******* *******н *******ны Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн тогтоол, хавсралт /хэргийн 33-35 дугаар тал/

******* ******* *******н *******ны дүрэм /хэргийн 36-56 дугаар тал/

нотлох баримтууд

 

4. Хариуцагч нараас ирүүлсэн

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 12 дугаар тал/

Хариу тайлбар /хэргийн 16 дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн 29, 35 дүгээр тал/ н

Бэлэн мөнгөний орлогын баримт /хэргийн 21 дүгээр тал/ нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 6 298 167 төгрөг нэхэмжилнэ... гэж тайлбарласныг,

 

хариуцагч эс зөвшөөрч ... гэрээгээр тохиролцоогүй тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөр төлөхгүй... гэж маргасан.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч буюу түрээслүүлэгч хариуцагч буюу түрээслэгчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр Баянгол дүүрэг, 23 хороо, Сүхбаатар дүүрэг, 1 хороо, 13 хороолол, Нарны зам-64 хаягт байршилтай, МҮЭ-ҮҮТ-ийн ******* зочид буудлын зориулалттай 247м2 талбай хөрөнгийг ресторан зориулалтаар 6 сарын хугацаатай түрээслэхээр 2022.01.19-ны өдөр бичгээр Байрны түрээсийн гэрээ байгуулж, түрээсийн төлбөр сарын 4 940 000 төгрөг байхаар тохиролцсон нь түрээсийн гэрээ, талуудын тайлбар баримтаар тогтоогдож байна. /хэргийн 5-8 дугаар тал/

 

Энэ нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэхь хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.

 

Дээрх гэрээ нь зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан байх тул  нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Хэлцэл байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй гэж үзлээ.

 

Түрээсийн гэрээний дагуу түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Нэхэмжлэгч хариуцагчийн эзэмшил ашиглалтад 247м2 талбай хөрөнгийг шилжүүлсэн, хариуцагч хөрөнгийг хүлээн авч түрээслэсэн ба 2022.10.18-ны өдөр хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлж талууд түрээсийн гэрээг цуцалсан нь талуудын тайлбар, МҮЭ-ҮҮТ-ийн захиргаанд Ж.*******ийн бичгээр гаргасан хүсэлт баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 9, 10, 32 дугаар тал/

 

Түрээсийн гэрээний нийт хугацаанд хариуцагч 28 270 300 төгрөг түрээсийн төлбөрт төлсөн нь Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ баримтаар тогтоогдож байна. /хэргийн 10 дугаар тал/

 

Эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

Хариуцагч түрээсийн төлбөрийг гэрээгээр тохиролцсон хугацаанд зохих ёсоор бүрэн биелүүлээгүй болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан Байрны түрээсийн гэрээний 4.3-т түрээслэгч ашиглалтын үйл ажиллагаатай холбогдсон бүх зардлыг өөрөө хариуцах үүрэгтэй гэж тохиролцсон бөгөөд түрээсийн төлбөрт 2022.08.29-ны өдөр хүртэлх цахилгаан усны тооцоо 1 928 467 төгрөг оруулж тоосон бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй. /хэргийн 5 дугаар хуудас ар тал/, 10 дугаар тал/

 

Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 318 дугаар зүйлтийн 318.1-д заасан үндэслэлтэй тул хариуцагчаас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 3 298 168 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч ...хариуцагчаас тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөрт сарын 500.000 төгрөг нэмж төлөхөөр амаар тохиролцсон, энэ мөнгийг төлөх талаар өөрөө бичгээр хүсэлт гаргаж байсан бичгийн баримтаар нотлогдоно... гэж тайлбарласныг хариуцагч ...анх гэрээ хийхэд түрээсийн төлбөрт тоног төхөөрөмж болох ширээ сандал бүгд багтана гэсэн болохоор давуу тал гэж харж түрээслэсэн гэвч гэрээ хийснээс сарын дараагаар гэрээнд заагдаагүй хэлж яриагүй гэрээнд байхгүй сар бүрийн 500 000 төгрөг нэхэмжилж эхэлсэн, ажил эхэлсэн үеэс Солонгос хоолны газарт түрээслэхгүй байсан гэсэн шаардлагаар удаа дараа дарамтад түрээсэлж байсан зөвшөөрөхгүй... гэж тайлбарлан үгүйсгэсэн. /хэргийн 30-32 дугаар тал/

 

Талууд түрээсийн гэрээний зүйлийг гэрээний 2.1-д ...247м2 талбай... хөрөнгө гэж тохиролцсон, тоног төхөөрөмж багтаж байгаа эсэх, эсхүл түүнийг түрээслэхээр нэмэлт гэрээ хийсэн эсэх талаар гэрээнд тусгаагүй энэ талаар бичгээр гэрээ хийж, тохиролцоогүй хариуцагчийн тайлбар татгалзал үндэслэлтэй гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 318.3, 318.4-т хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах, энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байхаар тогтоосон.

 

Нэхэмжлэгч тоног төхөөрөмжийн 6 сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэл төлбөр 1000 000 төгрөг шаардсан боловч тоног төхөөрөмж гэж ямар эд хөрөнгө байгаа, түүнийг түрээслэгчийн эзэмшил ашиглалтад хүлээлгэн өгсөн эсэх талаар өөрийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлоогүй энэ талаар ямар нэг баримтыг шүүхэд ирүүлээгүй.

 

Тоног төхөөрөмж сарын 500 000 төгрөгөөр түрээслэхээр амаар нэмэлтээр тохиролцсон гэх талуудын тохиролцоо хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ.

 

Нэхэмжлэгчийн хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт шаардаж буй 1000 000 төгрөг гаргуулах тухай шаардах эрх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 318 дугаар зүйлийн 318.4-т заасан үндэслэлгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.

 

Иймд хариуцагчийн тайлбар татгалзал үндэслэлтэй гэж үзэж түүний тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөрт 2022.08.22-ны өдөр төлсөн 2000 000 төгрөгийг, нэхэмжилсэн 1000 000 төгрөг нийт 3000 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж, нэхэмжлэгчийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг тайлбарлах нь зүйтэй. /хэргийн 21 дүгээр тал/

 

2023 оны 02 сарын 28-ны өдрийн 01/90 дугаар итгэмжлэлээр нэхэмжлэгчээс Г.Наранжаргалд олгосон итгэмжлэлээр нэхэмжлэл гаргах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 28 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 115 721 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч 67 720 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 318 дугаар зүйлийн 318.1, 318.4-т зааснаар хариуцагч Ж.*******оос түрээсийн төлбөр 3 298 167 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* *******н *******ны харъяа Үйлдвэрлэл үйлчилгээний төвд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 115 721 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 67 720 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ