Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2021/ДШМ/27

 

 

 

Г.Д, Д.Д нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: Л.С /зайнаас цахимаар/,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Ж.Ж /зайнаас цахимаар/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ч.Н /зайнаас цахимаар/,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Одтуяа нарыг оролцуулан,

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/44 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Г.Д, Д.Д нарт холбогдох, эрүүгийн 1703004470189 дугаартай, 4 хавтас, 847 хуудас бүхий хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Жаргалсайханы давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зүтгүүрийн машинч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын * дүгээр баг, *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ц овогт Г-ын Д,

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зүтгүүрийн туслах машинч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын * дугаар баг, *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Д-ын Д нарт холбогдуулан Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ч-оос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч Г.Д, Д.Д нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Замын-Үүд, Эрээн чиглэлийн 7804 дугаартай гарт тэрэгний зүтгүүрт улсын хилээр зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлэхийг хориглосон түүх, соёлын дурсгалт эд зүйл болох 2 боодол судар, мандлын суурь 1 ширхэг, суурьтай хүрд 1 ширхгийг нэвтрүүлсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц овогт Г-ын Д, Б овогт Д-ын Д нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц овогт Г-ын Д, Б овогт Д-ын Д нарыг тус бүр арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж,

 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д, Д.Д нарт тус бүр оногдуулсан 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг 3 /гурван/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д, Д.Д нар нь дээрх торгох ялыг шүүхээс тогтоосон гурван жилийн хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

Шүүгдэгч Г.Д, Д.Д нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж,

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тус бүрдээ 3,420,000 төгрөгийн үнэтэй боодолтой судар 2 ширхэг, 1,600,000 төгрөгийн үнэтэй мандлын судар 1 ширхэг, хүрд 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Соёлын яамны дэргэдэх Соёлын өвийн газарт шилжүүлж, 3 ширхэг сд-ийг хэрэгт хавсаргаж,

 

Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Д, Д.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь  өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Ж давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Тус аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/44 дүгээр шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэгдсэн Ц овогт Г-ын Д, Б овогт Д-ын Д нарт холбогдох хэргийн талаар түүний өмгөөлөгч Ж.Ж-аас ЭХХШТ хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн давж заалдах гомдол гаргаж байна.

Гомдлын гол үндэслэл нь: Анхан шатны шүүхээс хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бүрэн шинжлэн судалж эргэлзээ бүхий байдлыг бодитой анхаарч үзээгүйгээр хэт нэг талын хандлагаар хэргийн нөхцөл байдлыг дүгнэсэн нь ЭХХШТ хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгтэй зөрчигдсөн хэмээн үзэж байна.

1.Г.Д, Д.Д нарыг түүх соёлын дурсгалт хөдлөх зүйл болох 2 боодол судар, мандлын суурь, хүрд зэргийг хилээр нэвтрүүлсэн хэмээн үзсэн нь учир дутагдалтай бөгөөд өөрөөр хэлбэл миний үйлчлүүлэгч нарын хувьд эдгээр нэр бүхий зүйлийн талаар огт мэдээгүй, ажил гүйцэтгэхдээ тухайн эд зүйлс илэрсэн гэх галт тэрэгний Б кабины хянах самбарыг огт онгойлгож үзээгүй эдгээр зүйлсийг нуувчилсан талаар мэдэх боломжгүй байсан болох нөхцөл байдлуудыг анхаарч уг эд зүйлсийн эзэд хэн болох, хэзээ ямар журмаар яаж тэнд нуусан болох зэргийг бүрэн хэмжээнд шалгаж тогтоолгүйгээр зөвхөн галт тэргийг жолоодож гэдгээр нь энэ 2 нэр бүхий шүүгдэгч нарт тулган шаардаж гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн нь ЭХХШТ хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь хэсэгт заасан хууль зүйн шаардлагуудтай зөрчилдөж байна.

2. Шүүхээс энэхүү хууль зүйн үндэслэл буюу ЭХХШТ хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэн үйлдсэн болох нь эргэлзээгүйгээр нотлогдон тогтоогдоогүй болох үндэслэлийг ЭХХШТ хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан яллагдагч нарын хуульд заасан эрх үүргийн хэм хэмжээгээр тодорхойлж үгүйсгээд хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна хэмээн үзээд уг илчит тэрэг 2 улсын хоорондын гаалийн шалгалтаар 8 удаа шалгуулсан, мөн шүүгдэгч нар нь илчит тэргийг хүлээн авснаас хойш өөр хүн илчит тэргэнд орж ирээгүй гэж мэдүүлдэг болох баримтуудыг харьцуулан судлахад нэг нэгнээ нотолсон зөрүүгүй байна гэсэн нь учир дутагдалтай байна.

3. Өөрөөр хэлбэл миний үйлчлүүлэгч нарын мэдүүлгийн үндэслэлийг ийм байдлаар тодорхойлж нотлох баримтын үндэслэлээр харьцуулж авч үзсэн атлаа тэднээс эхнээсээ эцсээ хүртэл мэдүүлээд байгаа удаа дараагийн мэдүүлгүүд болох уг илчит тэргийг хүлээлцэх депогийн канал буюу гражид засварчнаар ихсүүлээд тэдний ажилчид болох нилээдгүй хүмүүс байсан боловч тэр бүгдийг бүрэн хамруулан шалгаж асуугаагүйгээр бүхнийг хязгаарласан гэдэг ба депогийн канал буюу гражид зөвхөн илчит тэрэг хүлээлцсэн машинистуудаас өөр хүмүүс байсан болох энэ байдлаас үзэхэд илчит тэргэнд хэн ч юу ч хийсэн байх боломжтой нөхцөл байдал хар\агддагийг анхаарч үзээгүй юм.

4. Улмаар уг канал дотор байсан камерын тусгал өөр тийшээ харсан байсан, энэ талаарх бичлэгийг үзэж мэдүүлсэн гэрч Г, Ж нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэйн гадна хэргийн эх сурвалжийг голлон тодорхойлох боломжтой энэхүү объектоос эхэлж хийгдэх ажиллагаанууд орхигдсон болохыг ч үгүйсгэх аргагүй байдаг юм.

5. Мөн Замын-Үүд 2 өртөөн дээр очиж тодорхой хугацаагаар зогсох энэ цаг хугацааны үед ч уг өртөөний ажилчид болох нэр бүхий вагон үзэгч туслах дежур, харуул зэрэг хүмүүс илчит тэрэгний Б кабин руу орох боломжтой байсан үндэслэлүүдэд тулгуурлаж тухайн үеийн энэ албан тушаалын нэр бүхий хүмүүсийг ч огт гэрчээр асууж тодруулаагүй болоход шүүхээс анхаарч үзээгүй болно.

6. Өөрөөр хэлбэл уг соёлын дурсгалт зүйлсийг нуусан эздийн талаарх шалгалтыг бүрэн хэмжээнд хийснээр хэргийн эх сурвалжтай холбоотой болох учир шалтгааны уялдаа холбоо бүрэн тайлагдах боломжтой үндэслэл буюу дээр дурдагдсан ажиллагаануудыг орхигдуулж зөвхөн илчит тэрэгний жолооч нартай уг үйл баримтыг холбон үзээд байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байгаа болохыг анхаарч үзэх нь чухал юм.

7. Ийнхүү хэрэгт авагдсан ажиллагаануудтай холбоотой энэ бүхий л эргэлзээтэй үндэслэлүүдээр хүний эрхийн асуудлыг хөндөж гэм буруутайд тооцож эцэслэн шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй учраас энэхүү үндэслэлээр Г.Д, Д.Д нарт холбогдох хэргийг дахин хянаж ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү. Гомдолтой холбоотойгоор нэмж тайлбарлахад илчит тэрэгний жолооч нар гар цүнхтэй, цүнхэндээ зөвхөн ажлын багаж, хэрэгслээ хийдэг гар цүнхтэй очсон байдаг. Гар цүнхэнд үзлэг хийхэд тухайн эд зүйлийг хийх ямар нэгэн боломжгүй. Учир нь нилээдгүй том хэмжээний эд мөрийн баримт тул гар цүнхэнд багтах боломжгүй. Энэ нөхцөл байдлыг анхаарч шалгалт, дүгнэлт, хийгээгүйгээс өмгөөлөгчийн зүгээс маш их эргэлзэж дахин шинжлэн судлуулахыг хүсэж байна гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд хэлэхэд соёлын дурсгалт зүйлсийг улсын хилээр нэвтрүүлэх нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм. Эзэн холбогдогч нь шүүхээр тогтоогдох байх гэж бодож байна. Хохирогчийг тодорхой болгож өгөөч гэдэг нь энэ үйлдэл цаашид давтагдахаас урьдчилан сэргийлж байгаа юм. Хоёрдугаарт, түүх соёлын дурсгалт зүйл нь үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой байдаг. Шүүгдэгч нарыг хэн болохыг нь тогтоохоос гадна үйлдсэн үйлдлүүд нь бүгд тодорхой байх ёстой. Цаашид уг үйлдэл дахин давтагдахгүй байх талаас нь шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Прокурор Л.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгч Ж.Ж-ы давж заалдах гомдолтой танилцсан. Миний бие ээлжийн амралтаа эдэлж байсан тул бичгээр тайлбараа хүргүүлж чадаагүй байна. Шүүх хуралдааны дараа тайлбараа бичгээр хүргүүлнэ. Анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий гарсан. Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн асуудал байхгүй. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн. Тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасан хэргийн талаар нотолбол зохих нөхцөл байдлыг хангалттай тодруулсан гэж үзэж байна. Яллагдагч, гэрч болон хохирогчоос мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй. Энэ хэрэг нь гэрч асуух, нэмэлт ажиллагаа хийлгэх үндэслэлээр 2 удаа прокурорт буцсан. Энэ хэрэгт хийгдсэн мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурор болон прокурорын дээд шатны байгууллагад удаа дараа санал, хүсэлт ирж байсан. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нарын хүсэлтээр А, О, О нарыг гэрчээр оролцуулсан. Өөрөөр хэлбэл шүүхээс 2 удаа буцахдаа шүүгдэгч нарын хүсэлтийн дагуу холбогдох мөрдөн шалгах ажиллагааг хангалттай хийж тодруулсан гэж үзэж байна. Гомдлын нэгдүгээр заалтад эд зүйлийг хэн, хэзээ тэнд нуусан болох нь тодорхойгүй гэсэн байна. Өөрөөр хэлбэл хэн хийсэн нь тодорхойгүй гэж үздэг. Яллах дүгнэлтэд уг хэргийг хэн үйлдсэн талаар тодорхой дурдсан. Мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч Г.Д, Д.Д нар бүлэглэн үйлдсэн нь тогтоогдсон. Учир нь галт тэргэнд үзлэг, шалгалт хийхэд Г.Д, Д.Д нар маш их сандарсан байдалтай байсан талаарх гэрчийн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан. Галт тэргэнд машинист болон туслах машинистаас өөр хүн нэвтрэн орох боломжгүй байдаг. Монгол улсаас гарч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилээр орсон байсан ч машинист болон туслах машинистаас өөр ямар ч хүн галт тэргэнд нэвтрэх боломжгүй. Мөн өөрсдөө ч зүтгүүрийн кабиныг орхих боломжгүй. Галт тэргийг машинист болон туслах машинист өмнөх ээлжийн хүмүүсээс хүлээж авахад ямар нэгэн эд зүйл гараагүй талаар өмнөх машинист болон туслах машинистууд мэдүүлдэг. Мөн тухайн өдөр галт тэрэгний кабиныг Г.Д, Д.Д нарыг хүлээж авахаас өмнө Монгол улсын хилээр 2 удаагийн орох, гарах хөдөлгөөнөөр нэвтэрсэн. Монгол улсаас орох, гарах, мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас орох, гарах гээд 4 удаагийн хяналт шалгалтад хамрагддаг. Тухайн өдөр 2 удаагийн оролт гаралтаар нийт 8 удаагийн хяналт шалгалтыг хийсэн байдаг. Дараагийн ээлжийн туслах машинист хүлээн авч Монгол улсын хилээр нэвтрэх эхний хяналт шалгалтад тухайн эд зүйлийг шалгаж тогтоосон. Иймд Г.Д, Д.Д нарыг гэм буруутай гэж үзэж прокуророос яллах дүгнэлт үйлдсэн. Гомдлын хоёрдугаар үндэслэлд шүүгдэгч нар эхнээсээ эцсээ хүртэл энэ гэмт хэргийг үйлдээгүй, гэмт хэрэгт хамааралгүй гэж тогтвортой мэдүүлсэн гэж өмгөөлөгч гомдолдоо дурдсан байдаг. Үүнд тайлбар хэлэхэд шүүгдэгч, хохирогч нар өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Шүүх хуралдааны явцад гэрч нар худал мэдүүлэг өгсөн талаар дурдсан. Шүүгдэгч нар хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээдэггүй учир гэрч, хохирогч нарын мөрдөн шалгаж ажиллагаа, шүүхэд өгсөн мэдүүлэг нь шүүгдэгчид таалагдах албагүй. Шүүгдэгч, гэрч нар адилхан мэдүүлэг өгсөн бол гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэл байхгүй. Гэрч У-ын мэдүүлэгт: “...зүтгүүрт болон кабинд гадны хүн нэвтрэх боломжгүй, хориглодог” гэсэн байдаг. Машинист Г.Д 13 жил, туслах машинист Д.Д 2-3 жил ажиллаж байгаа туршлагатай. Энэ хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Өөрөөр хэлбэл, гадаад улс руу нэвтрэхдээ зүтгүүрт болон кабинд ямар нэгэн эд зүйл оруулж болохгүй гэдгийг маш сайн мэдэж байсан. Гэтэл тухайн өдөр алдаа гаргасан. 13 жилийн турш илчит тэрэгний кабиныг хүлээлцэж, ямар нэгэн асуудал гаргалгүй ажиллаж байсан. Гэтэл тухайн өдөр яагаад алдаа гаргах болов. Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолтой санал нийлэхгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хуульд нийцэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны 2021/ШЦТ/44 дүгээр шийтгэх тогтоолтой эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

                 Учир нь: Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Ж-ы давж заалдсан гомдолд үндэслэн түүнд бичигдсэн үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Д, Д.Д нар нь Улаанбаатар төмөр замын Сайншанд татах хэсгийн илчит тэрэгний машинист, туслах машинистаар тус тус ажилладаг ба 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн оройны 20 цаг 30 минутад Замын-Үүд-Эрээн  чиглэлийн аялалд гарахдаа 7804 дугаартай галт тэрэгний зүтгүүрийн “Б” кабины хянах самбарын доод хэсэгт 19 дүгээр зууны сүүл, 20 дугаар зууны эхэн үед хэвлэгдсэн, хийгдсэн түүх, соёлын дурсгалт зүйл болох “Дэмчигийн жүдийн Их Егүзэрийн үндэсний хаан”,  “Дэмчигийн язгуур үндэс” нэртэй, тус бүр нь 3.420.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг судар, 1.600.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг мандлын суурь зэргийг нууж Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болох нь тогтоогдсон ба анхан шатны шүүх тэднийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн ба шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй болсон гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд хэргийн оролцогч нарт хавтаст хэргийн материалыг танилцуулсан,  шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдээгүй гэж гэм буруугийн талаар маргадаг.

 

Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар “ ... зүтгүүрээс гарсан зүйл хэнийх гэдгийг мэдэхгүй, ажил хүлээж авахдаа тухайн газрыг шалгаж аваагүйдээ харамсаж байна, энэ хэргийг үйлдээгүй” гэж тус тус мэдүүлдэг боловч тэдний мэдүүлэг нь бусад баримтуудаар давхар батлагдан нотлогдоогүй буюу гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдсон зүйлгүй байна.

 

Шүүгдэгч нар 7804 дугаартай илчит тэрэгний зүтгүүрийг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 18 цагт хүлээн авч ажил үүргээ гүйцэтгэж байх явцад буюу 21:35 цагт хил, гаалийн хяналтын шалгалтаар гэмт хэрэг илэрсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Дэмчигийн жүдийн Их Егүзэрийн үндэсний хаан”,  “Дэмчигийн язгуур үндэс” нэртэй 2 ширхэг судар, 1 ширхэг мандлын суурь зэрэг нь 19 дүгээр зууны сүүл, 20 дугаар зууны эхэн үед хийгдсэн түүх, соёлын дурсгалт зүйл болох нь 2017 оны 12 дугаар сарын   28-ны №11 тоот /1-р хх-ийн 213-214/, 2021 оны 02 дугаар сарын 18-ны №1 тоот /3-р хх-ийн 196-197/ БСШУС-ын яамны Соёлын өвийн хэлтсийн шинжээч нарын дүгнэлтүүд, шинжээч Г.Э, Б.Д нарын мэдүүлгүүдээр тус тус тогтоогдсон.

 

Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1, 3-т заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон бараа, ...энэ гэмт хэргийг түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл ... ийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж үйлдсэн бол” гэсэн гэм буруутайд тооцох үйлдлүүдийн шинжүүдэд тус тус нийцсэн.

 

Хэргийг илрүүлсэн хилийн хяналт шалгалтын Хилийн цэргийн ажилтнуудын хэрэг илрүүлсэн тухай акт /1-р хх-ийн 44-70/, хилчин Ц.Ж /1-р хх-ийн 155-156/, гаалийн улсын байцаагч Ц.Х / 1-р хх-ийн 132-140/,  хилчин Б.У /1-р хх-ийн 187/,  хилчин М.Б /1-р хх-ийн 193/, хилчин Д.А /1-р хх-ийн 196-200/ нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүд болон эд зүйлд үзлэг хийсэн болон хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг эдгээр бүх нотлох баримтууд нь Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан баримтат мэдээллүүд байна.

 

Шүүгдэгч нарын жолоодож явсан 7804 дугаартай илчит тэрэг тэр өдөр урьд нь 2 удаа Замын-Үүд-Эрээн чиглэлд зорчиж МУ болон БНХАУ-ын хил, гаалийн хяналт шалгалтаар 4 удаа шалгагдаж ямар нэгэн зөрчил илрээгүй нь гэрч Ц.Х /1-р хх-ийн 122-140/, гэрч М.Э /1-р хх-ийн 141-147/, гэрч А.Г /1-р хх-ийн 148-153/, гэрч М.О /1-р хх-ийн 158-159/ нарын мэдүүлгүүдээр батлагддаг ба тэднийг машинистуудаар ажил үүрэг гүйцэтгэж явсан цаг хугацаанд гэмт хэрэг илэрсэн, тэднээс өөр хүн энэ объектод үүрэг гүйцэтгээгүй байсан нь тогтоогдсон тул анхан шатны шүүх шүүгдэгч нарыг гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамласан нь үндэслэлтэй, зөв болсон.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-д зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байна.

 

Эдгээр үндэслэлүүдээр шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Ж-аас гаргасан “... гэмт хэргийг шүүгдэгч нар үйлдээгүй, зүтгүүрт эд зүйл хэн оруулж нуусныг мэдэхгүй,  мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарын гэм буруутайг нотолж чадаагүй тул хэргийг шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/44 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Ж-ны гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                                       

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                  ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

                                                                          

                                                                                     А.САЙНТӨГС