Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 00230

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч П.Итгэл,

Хохирогч Т.Нэргүй,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Амаржаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд,

Хөвсгөл аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын хүүхэд хамгаалал, гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Рагчаа,

Шүүгдэгч Ц.Хадхүрэл нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэнд-Аюушийн Хадхүрэлд холбогдох эрүүгийн 201722000217 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Бэлчир овогт Цэнд-Аюушийн Хадхүрэл, 1970 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, механикч мэргэжилтэй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 2 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн МА70012217 дугаартай.

Шүүгдэгч Ц.Хадхүрэл нь 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр “Уран-Эрдэнэ” цайны газрын өмнөх шороон зам дээр 3683 ХӨВ улсын дугаартай Toyota Landcruiser-80 маркийн автомашиныг согтуугаар жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас замын хажууд явж байсан Л.Хонгорзулыг дайрч амь насыг нь хохироосон, зам тээврийн осол болсон газрыг зориуд орхиж зугатаасан гэмт хэргүүдийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Хадхүрэл нь 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр “Уран-Эрдэнэ” цайны газрын өмнөх шороон зам дээр 3683 ХӨВ улсын дугаартай Toyota Landcruiser-80 маркийн автомашиныг согтуугаар жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас замын хажууд явж байсан Л.Хонгорзулыг дайрч амь насыг нь хохироосон, зам тээврийн осол болсон газрыг зориуд орхиж зугатаасан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь:

Хохирогч Т.Нэргүйн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “2015 оны 4 дүгээр сарын 25-ны өглөө 08 цаг 10 минутын үед сургуульдаа явлаа гээд гэрээсээ гараад явсан. ...Аймгийн Халтар багшийн дууны тэмцээнд бэлдэж байгаа гээд мөн шалгалтын давтлагатай тул орой ирнэ гээд гараад явсан. Удалгүй найз банди нь над руу утасдаад Хонгороо энд машинд дайруулчихлаа гэхээр нь би амьд юм уу гэж асуутал дээгүүр нь машин гараад явчихлаа гэхээр нь би сандраад хувцасаа дутуу өмсөөд такси бариад явж байтал таксины жолооч энд нэг аваар гарсан байна гэхээр нь миний дүү хүн нь амьд юм уу гэсэн чинь мэдэхгүй гэсэн. Би Бүрэнхаан сургуулийн ард байх дэлгүүрийн урд очтол эмч ирсэн мөн цагдаа нар ирсэн байсан. Би эмчээс нь амьд байна уу гэж асуусан чинь нэмэргүй болсон байна, ах дүү нараа дууд гэсэн. Би охиноо хартал газраар нэг цус гоожсон байсан. Шоконд ороод уйлсан. ... Би их гомдолтой байна. Зөв зүгээр явж байсан хүүхдийг яагаад дайрсан юм бэ? Тэгвэл цаана нь байсан дугуйг дайрахгүй яасан юм бэ? Урд талд нь хоёр шон байсан түүнийг дайрахгүйгээр эвтэйхэн гараад явсан байсан шүү дээ. Энэ хүн санаатайгаар миний хүүхдийг дайрчихаад явсан хүн байгаа юм. Хэрвээ энэ хүн санаандгүй дайрсан гэж байгаа бол цаана нь байсан хашааг хүртэл дайрах байсан. Энэ хүн тэгээгүй. Архи уусан гэж худлаа ярьж байна. Шүүгдэгч охиныг минь дайрчихаад дээгүүр нь гараад явчихсан байгаа юм. Тэр үед эмнэлэг дуудахгүй яасан юм бэ? Миний хүүхэд дайруулсныхаа дараа амьд байсан гэж тэр үед хамт явж байсан хүүхдүүд нь хэлж байсан. Миний хүүхдийг дайрчихаар нь урд нь очоод унасан юм байна лээ. Тэгэхэд миний хүүхэд амьд зүүн талынхаа гарыг өргөж байсан гэж хүүхдүүд хэлж байсан. Шүүгдэгч талийгаачийг мөргөчихөөд зогсоод урд дугуйгаараа дайрахгүй гарчихаад арын дугуйгаараа тархин дээгүүр нь гарсан байгаа юм. Миний хувьд бол санаатайгаар энэ үйлдлийг хийсэн гэж бодож байна. Машин зам их хол байсан. Тэгтэл хүүхэд явж байсан дэлгүүрийн урд миний хүүхдийг дайрсан байгаа юм. Миний хүүхэд тухайн үед амьд байсан. Би гомдолтой байна. Намайг авч явах хүүхэд байсан. Цаашдаа би яаж ганцаараа амьдрах юм бэ? Өнөөдөр би гэртээ орж чадахгүй байна. Би амьдрах утга учир байхгүй байна. Миний амьдрал өнөөдөр орвонгоороо эргэсэн. Миний хүүхдийн аав нь гурван настай байхад нь өнгөрсөн юм. Би хүүхдээ өдийг хүртэл авч явсан юм. Би гомдолтой байна. Надад энэ хүн 30.000.000 төгрөгт бодож надад хашаа байшингаа өгсөн юм. Энэ хашаа байшин миний хүүхдийн хаана нь ч хүрэхгүй шүү дээ. Би хашаа байшинг нь өөрийнхөө нэр дээр болгож авсан. Би өнөөдрийг хүртэл хүүхдийнхээ төлөө амьдарч байсан. Би одоо хэний төлөө амьдрах юм бэ?” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Т.Нэргүйн өмгөөлөгч Б.Амаржаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хохирол төлбөрийн хувьд бол цаашид гарах сэтгэл зүйчийн болон миний үйлчлүүлэгчийн сэтгэл санаа нь тогтворгүй байгаа нь зайлшгүй эмчлэх шаардлагатай мөн орчин нөхцөлөө солих гээд маш өндөр зардал гарах шалтгаан болсон. Хохирол бүрэн барагдсан гэж хүлээн зөвшөөрсөн байгаа юм. Миний үйлчлүүлэгч нь хэрэг болсон өдрөөс хойш өдийг хүртэл асар хүнд нөхцөлд байгаа юм. Талийгаач нь аймаг орон нутгийн шилдэг хүүхэд байсан гэдэг нь тэргүүний сурагч гэсэн тодорхойлолтоор харагдаж байгаа юм. Талийгаач нь цаашдаа өсөн дэвжих, ар гэрээ авч явах хүүхэд байсан. Хохирогч Т.Нэргүйн хувьд бол нөхөж баршгүй үнэт зүйл байсан юм. Шүүх хохирогчийн сэтгэл санаа, бодит байдалд нь хандаж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна” гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч А.Баасанбаярын: “2017 оны 4 дүгээр сарын 25-ны өглөө 08 цаг 10 минутын орчимд найз Бямбадоржтой утсаар яриад хичээлдээ хамт явах гээд Бүрэнхаан сургуулийн хар замын уулзвар дээр уулзах гээд Бүрэнхаан сургуулийн хашаан дотроос ар талын хаалгаар би гараад явж байтал талийгаач Хонгорзул нь Бүрэнхаан сургуулийн хойд талын дэлгүүрийн урд шороон зам дээр урагшаа хараад явж байтал зүүн талаас саарал өнгийн Ланд-80 маркийн 3683 гэсэн улсын дугаартай машин маш хурдтай гарч ирээд Хонгорзулыг зүүн талын хэсгээрээ мөргөөд унагаасан. Хонгорзулын чээжин дээгүүр машины зүүн талын урд дугуй гараад зүүн талын хойд дугуй толгой хэсгээр нь гараад явсан. Тэр машин чигээрээ давхиад баруун талын хар зам руу гараад чигээрээ давхиад яваад өгсөн. Бямбадорж тэгэхэд Бүрэнхаан сургуулийн хойд хаалгаар гарч ирж явснаа гүйгээд ирсэн. Би наанаас нь очтол Хонгорзул доошоо хараад хэвтсэн цус толгой, хамраас нь гоожсон байдалтай байсан. Тэгэхээр нь би цагдаа болон эмнэлэгт дуудлага өгсөн. ...Би Хонгорзулыг дайрсан машиныг барьж явсан жолоочийг харсан нэг махлаг бор царайтай хүн байсан. Согтуу юм шиг урагшаа хараад дохиод найгаад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Гэрч Б.Бямбадоржийн: “...Бүрэнхаан сургуулийн ард явж байхад сургуулиас арагш байрлах дэлгүүрийн тэнд зүүн тийшээ хараад Хонгорзул явж байгаа харагдсан. Тэгээд би ангийнхаа Баасанбаяр гэдэг хүүхэдтэй утсаар яриад явах болж байгаа юм уу гэсэн чинь урдаас чинь явж байна гэсэн. Тэгээд нэг харсан чинь машин тоормозлоод баруун талруугаа буюу засмал зам руугаа гараад чигээрээ давхиад явсан. Би гүйгээд очтол газарт Хонгорзул унаад дэлгүүр рүү толгойгоо харуулаад цус амнаас нь гараад ухаангүй байсан. Би Хонгорзулаа гэсэн чинь дуугарахгүй байсан. Би тэгээд ангийнхаа найз Баасанбаярыг дуудаад дуудлага цагдаад өгүүлсэн. Тэр машиныг хальт харахад саарал өнгийн том жип машин байсан. ...Их хурдтай давхиад тоормозлоод мөргөсөн. Тэгээд зугтаагаад давхиад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Р.Ням-Осорын 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 46 дугаартай  

  • Ц.Хадхүрэлийн биеэс авсан гэх цусанд 2.7 промилли спиртийн агууламж илэрч байна.
  • Цуснаас илэрсэн 2.7 промилли спиртийн агууламж нь согтолтын хүчтэй зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 45 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Замын цагдаагийн тасгийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 16 дугаартай дүгнэлт /хх-ийн 57-62 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Р.Ням-Осорын 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 53 дугаартай

1. Л.Хонгорзулын биед гэмтэл тогтоогдлоо.

2. Л.Хонгорзулын биед баруун чамархай яснаас хоёр салаалж гавлын баруун, зүүн дунд хонхрыг дайрсан шугаман хугарал, дух хэсгийн хуйхан доорх цус хуралт, дух, баруун хацар, хамрын нуруу, зүүн хацар, шанаа, баруун мөр, баруун, зүүн сарвуу, баруун, зүүн өвдгөнд зулгарсан шарх, дээд уруул, уруулын салстад язарсан шарх бүхий гэмтлүүд учирсан байна.

3. Л.Хонгорзулын биед учирсан гэмтэл нь тухайн үүссэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн ба хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтлүүд нь шууд үхэлд хүргэсэн байна.

5. Талийгаач нь нас бараад 30 орчим цаг өнгөрсөн байжээ.

6. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр Л.Хонгорзулын биед үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

7. Л.Хонгорзул нь гавлын битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан байна.

8. Зөөвөрлөсөн гэх шинж үгүй байна.

9. Л.Хонгорзул нь нас барах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байжээ гэх дүгнэлт /хх-ийн 63-71 дүгээр хуудас/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-9 дүгээр хуудас/,

- Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-19 дүгээр хуудас/,

- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ц.Хадхүрэлийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн: “...Би 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн үдээс хойш гэртээ байж байгаад толгой өвдөөд даралт ихсээд байхаар нь 0.5 литрийн “Хараа” нэртэй архинаас 200 граммыг уугаад орой нь Ганцэцэг гэдэг найзындаа очиж хоносон. Ганцэцэгийн машинаа тавьсан байсан учир тэднийд очиж хоносон байсан. Би өглөө эрт босоод үлдсэн “Хараа” архийг уугаад тасарсан байсан. Машинаа Ганцэцэгийн хашаанаас яаж гаргаснаа ч санахгүй байна. Яаж яваад хаана юу болсон гэдгээ санахгүй байсан. Одоо ч санахгүй байна. Би нэгэнт үйлдсэн хэргийнхээ төлөө маргаан гаргахгүй. Гэм буруугаа хүлээж байгаа" гэх мэдүүлэг /хх-ийн 134 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 1/551 дугаартай албан тоот зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Иймд шүүгдэгч Ц.Хадхүрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэргүүдийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Ц.Хадхүрэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн байх тул шүүгдэгч Ц.Хадхүрэлд холбогдох Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсгийг буцаан хэрэглэх, харин Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлсөн болон түүний хувийн байдлыг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Хохиролд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд 6.815.400 төгрөгийн баримтыг үнэлсэн боловч шүүгдэгч Ц.Хадхүрэл нь хохирогч Т.Нэргүйд хохирол нөхөн төлсөн болох нь 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ, 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, хашаа байшин, газрын хамт 30.000.000 төгрөгт тооцож оршуулгын зардал болон бусад хохирлын зардалд авсан нь үнэн, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэх шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ц.Хадхүрэлийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч Т.Нэргүй нь шүүх хуралдаанд 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн сэтгэлзүйч С.Содномбямбын үйлчлүүлэгч Т.Нэргүйгээс сэтгэл зүйчийн тусламж үйлчилгээний төлбөр авсан тухай баримтыг гаргаж өгсөн байх тул цаашид гарах сэтгэл зүйн эмчилгээний зардал болон гэм хор учруулсны төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн 201722000217 дугаартай хэрэгт шүүгдэгч Ц.Хадхүрэлийн эзэмшлийн land cruiser-80 маркийн 36 83 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх, эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Ц.Хадхүрэлийн 144544 дугаартай BC ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх, К8 камерийн бичлэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, шүүгдэгч нь Ц.Хадхүрэл нь 59 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бэлчир овогт Цэнд-Аюушийн Хадхүрэлийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэргүүдийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Хадхүрэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хадхүрэлийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 /тав/ жилийн хугацаагаар хасч, 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хадхүрэлд оногдуулсан 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хадхүрэлийн цагдан хоригдсон 59 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8  дахь хэсэгт зааснаар эрүүгийн 201722000217 дугаартай хэрэгт шүүгдэгч Ц.Хадхүрэлийн эзэмшлийн land cruiser-80 маркийн 36 83 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн К8 камерийн бичлэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Ц.Хадхүрэлийн 144544 дугаартай BC ангиллын жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1, 509 дүгээр зүйлийн 509.1-д зааснаар хохирогч Т.Нэргүй нь гэм хор учруулсны төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Ц.Хадхүрэлээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

         9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Хадхүрэлд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

        10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.НЯМСҮРЭН