Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбайн Мангилик |
Хэргийн индекс | 130/2023/00073/И |
Дугаар | 130/ШШ2023/00229 |
Огноо | 2023-03-07 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 130/ШШ2023/00229
130/ШШ2023/00229 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б аймгийн Б сумын 2 дугаар багт оршин суудаг, Хыстаубай овогт Солтаны Ержан,
Хариуцагч: Б аймгийн А сумын 1 дүгээр багт оршин суудаг, С овогт Т-н А,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэсний хөлс 800,000 (найман зуун мянган) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: С.Е,
Хариуцагч: Т.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С.Е нь -хариуцагч Т.А-ад холбогдуулан, ажил гүйцэтгэсний хөлс 800,000 төгрөг гаргуулахыг хүссэн байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Миний бие 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Т.А-ын 2 давхар байшингийн 2 дугаар давхрын өрлөг, дэврийн ажлыг 2 туслах ажилчинтай хамт нийт 3,200,000 төгрөгөөр хийж өгөхөөр амаар тохиролцсон юм. Үүнд: 2 давхрын өрлөгийг 2,000,000 төгрөгөөр, дээврийн ажлыг 1,200,000 төгрөгөөр тохиролцсон байсан.
1.2.Миний бие 2 давхрын өрлөгийн ажлыг туслах ажилчид Ер, А нартай хамт 6 сарын 04-ний өдөр хүртэл хийж дууссан болохоор ажлын хөлс 2,000,000 төгрөгийг, мөн дээврийн ажлын хөлснөөс 400,000 төгрөгийг, нийтдээ нийт 2,400,000 төгрөгийг 3 удаа хувааж авсан. Ажлын хөлснөөс үлдсэн 800000 төгрөгийг дараа нь өгнө, би одоо хөдөө явлаа гэж хэлээд Т.А яваад өгсөн.
1.3.Дутуу ажил гэдэг нь дээврийн ус зайлуулах хоолой байсан. Ус зайлуулах хоолой нь доошоо орсон байна дээшлүүлж өг гэж хэлсэн. Тэгэхэд, би дуусахаар хийж өгье шат аваад ир тэр чинь 2 цагийн ажил гэж хэлсэн. Шүрэвтлээд жоохон дээшлүүлэх л ажил байсан. Гэхдээ Т.А шат авчирч өгөөгүй, өөрөө хөдөө яваад өгсөн.
1.3.Цонхны тухай гэвэл би өөрөө санал гаргаад чиний цонх чинь том байна, дахиж хэдэн төгрөг өгөх юм бол би жижиг болгоод хийж өгье гэж хэлсэн. Гэхдээ тэр 3,200,000 төгрөгийн дотор орохгүй. Байшингийн дээвэр луу гарах гарц тавьж, хаалга тавих ажил мөн адил 3,200,000 төгрөг дотор орохгүй. Дараагийн шатанд хийх ажил байсан. Тэгээд ч дээвэрт хаалга хийх шаардлага байхгүй.
1.4.Тухайн үед амаар тохиролцсон учраас бичиг баримт, гэрээ хийгээгүй. Түүнээс хойш 1 жил 6 сарын хугацаа өнгөрсөн ч Т.А үлдсэн 800,000 төгрөгийг өгөөгүй. Сүүлийн 10 сарын хугацаанд үлдсэн мөнгийг авах тухай ярилцсан утасны бичлэг, бидний хооронд утсаар бичсэн мессеж байгаа. Иймд Т.А-аас ажлын хөлс 800,000 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн байна.
2.Хариуцагч Т.А нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:
2.1.Миний бие хувийн байшин болох 2 давхар байшингийн 2 дугаар давхар мөн дээврийн ажлыг хийлгэх зорилгоор 2021 онд С.Е-д амаар тохиролцон авч ирж байшингийн ажил хийлгэсэн нь үнэн. Анх байшин бариулахдаа Е-тай 3200000 төгрөгөөр тохиролцсон. Тэрнээс 2400000 төгрөгийг бэлнээр буюу дансаар шилжүүлж өгсөн. Дараа нь А ажил гарчихлаа явлаа гэж яваад өгсөн. Дутуу ажлуудыг хэзээ хийж өгөх юм вэ гэж асуухад, дараа нь ирж хийж өгнө гэж хэлсэн боловч хийгээгүй үлдээсэн болохоор үлдсэн 800,000 төгрөгийг өгөөгүй нь үнэн.
2.2.Хийгээгүй дутуу ажлууд гэвэл 2 цонхыг хагас, 2 цонхыг бүтнээр нь битүүлэх, дээврийн төмөрт ус гоожуулах хаалт хийсэн боловч төмрийн 2 талаас ус гоожоод байсныг дахин янзлах, дээр гарах хэсэгт кассет хийж, хаалга тавих байсан. Үүнийг өөрт нь ч сануулж хэлж байсан.
2.3.Би мессежээр “...дутуу ажлууд байгаа, хийж өгөөрэй. Манай байшин шатчихсан, одоо хавар эхлэхээр ирж хийгээд өгчих, тэгэхэд үлдсэн мөнгийг өгнө” гэж явуулсан. Залгахаар утас авахгүй, хааяа залгахаар согтуу архи уусан байдаг байсан. Байшингийн маань дээвэр шатчихсан байсан болохоор би хүлээж чадахгүй үлдсэн ажлуудыг өөр хүнээр хийлгэсэн. Одоо өгөх ямар ч мөнгө байхгүй. Тэр үед хийх ажлаа бүрэн хийж өгөөгүй. Аймагт явахдаа би дутуу ажлуудыг өөрт нь сануулж хэлж байсан, мессежээр ч дутуу ажлуудыг хэлж байсан. Зээл төлөх гэж байна, мөнгө өгөөч гэхэд нь би дутуу ажлуудыг хийж өг, тэгээд мөнгийг чинь өгнө гэж хэлж байсан.
2.4.Дутуу ажлуудыг чинь хийж өгөөд мөнгөө авъя гэвэл би хөөж явуулаагүй. Мөн Ержан өөрөө аймагт явах гэж байхад нь “...дээврээс ус гоожиж байна, мөн дээвэр чинь хазгай байгаа, хоёр цонхыг хийж өгөх” ажлууд байгаа шүү гэж өөрт нь сануулсан. Мессежээр ч тэгж бичсэн байгаа. Зээл төлөх гэж байна мөнгө гэж асуухад нь үлдсэн ажлуудыг хийж өг тэгэхээр чинь мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Одоо ямар ч төлөх мөнгө байхгүй.
2.5.Иймд нэхэмжлэгч С.Е нь 2022 оны 4 дүгээр сараас ажлаа бүрэн гүйцэд дуусгах ёстой боловч ирж үлдсэн ажлыг хийгээгүй учир, миний бие үлдсэн ажлыг өөр хүнээр хийлгэж мөнгийг төлсөн учир одоо С.Е бид хоёрын хооронд ямар ч тооцоо байхгүй гэсэн байна.
3.Нэхэмжлэгч С.Е-аас улсын тэмдэгтийн хураамжид 23750 төгрөг төлсөн тухай “Г банкны орлогын мэдүүлэг”, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч С.Е-аас хариуцагч Т.А-ын утас руу харилцан бичсэн зурвас (мессеж) орчуулгын хамт 2 хуудас зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн болно.
4.Хариуцагч Т.А-аас нэхэмжлэгч С.Е-ы утас руу харилцан бичсэн зурвас (мессеж) орчуулгын хамт 2 хуудас зэрэг нотлох баримт гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
5.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Т.А-аас ажлын хөлс 400,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн ажлын хөлс 400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
6.Нэхэмжлэгч С.Е дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Миний бие 2 давхрын өрлөгийн ажлыг туслах ажилчидтай хамт 6 сарын 04-ний өдөр хүртэл хийж дуусгаж, нийтдээ нийт 2,400,000 төгрөгийг 3 удаа хувааж авсан. Ажлын хөлснөөс үлдсэн 800000 төгрөгийг хариуцагч өгөөгүй тул 800,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
7.Хариуцагч Т.А дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн байна. Үүнд: ... нэхэмжлэгч С.Е өөрөө аймагт явах гэж байхад нь “...дээврээс ус гоожиж байна, мөн дээвэр чинь хазгай байгаа, хоёр цонхыг хийж өгөх” ажлууд байгаа шүү гэж өөрт нь сануулсан. Мессежээр ч тэгж бичсэн байгаа. Зээл төлөх гэж байна мөнгө өг гэж асуухад нь үлдсэн ажлуудыг хийж өг тэгэхээр чинь мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Одоо ямар ч төлөх мөнгө байхгүй, бид хоёрын хооронд ямар ч тооцоо байхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
8.1.Нэхэмжлэгч С.Е нь хариуцагч Т.А-тай аман гэрээ хийж, А сумын 1 дүгээр багт байршилтай 2 давхар хувийн байшингийн 2 давхрын өрлөг болон дээврийн ажлыг 3,200,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон болох нь талуудын тайлбараар нотлогдож байгаа тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх байгуулагдсан байна.
Ажил гүйцэтгэх гэрээгээр нэхэмжлэгч С.Е (ажил гүйцэтгэгч) нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, хариуцагч Т.А (захиалагч) нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
8.2.Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно” гэж заасан байна.
Нэхэмжлэгч С.Е харилцан тохиролцсон ажлын хөлс 3,200,000 төгрөгөөс 2,400,000 төгрөгийг авсан, хариуцагч Т.А нь харилцан тохиролцсон ажлын хөлс 2,400,000 төгрөгийг бэлэн өгсөн гэх үйл баримтад талууд маргаагүй, харилцан зөвшөөрсөн болно.
Нэхэмжлэгч одоо ажлын хөлснөөс үлдсэн 800,000 төгрөгийг хариуцагч Т.А-аас нэхэмжилсэн боловч нь хариуцагч Т.А нь нэхэмжлэгч 2022 оны 4 дүгээр сараас эхлэн үлдсэн ажлыг дуусгах ёстой дуусгаагүй, хийгээгүй учир өөр хүнээр хийлгэж мөнгийг тус хүнд төлсөн учир одоо ямар ч тооцоо байхгүй гээд маргасан байна.
8.3.Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч С.Е-аас гаргаж өгсөн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч С.Е, хариуцагч Т.А нарын утсаар харилцан бичсэн зурваст:
Т.А: Сайн уу, чи жаахан хүлээж байгаарай, цаг агаар дулаарахаар өөрийг чинь дуудаж дутуу зүйлс байвал хийлгээд тооцоог чинь хийнэ. Байшин маань шатаж, амьдрах гэргүй үлдсэн тул одоогоор мөнгө төгрөг байхгүй гэсэн байна.
С.Е: 800,000 төлөөрэй, төлөхгүй бол өнөөдөр очоод байшингийн дээврийг нураагаад материалыг авна.
С.Е:Хийх ажил үлдсэн билүү, ганц цагийн ажил үлдсэн.
Т.А: Юун ганцхан цагийн ажил вэ, 2 цонхыг хагас, 2 цонхыг бүтнээр нь янзална, тэгээд байшингийн дээврээс ус алдаж байгаа, түүнийг дахин засварлана, байшингийн дээвэр рүү гарах гарц хийж түүнд хаалга тааруулж хийнэ, би хэлсэн биз дээ.
8.3.Хавтаст хэрэгт авагдсан хариуцагч Т.А-аас нэхэмжлэгч С.Е-тай утсаар харилцан бичсэн зурваст:
Т.А: Шатсан байшингийн төмрийг яаж авах вэ,
С.Е: Хийх юу үлдсэн вэ ганц цагийн ажил,
Т.А: Юуны чинь ганц цагийн ажил вэ, 2 цонхыг хагас, 2 цонхыг бүтнээр нь битүүлнэ. Тэгээд ч төмрийн 2 талаас ус гоожоод байна. Чи түүнийг дахиж дарж өгч, шуруптэж, оройноос гарах хэсэгт кассет хийж, хаалга хийж өгөхөөр болсон. Өөрт чинь явахдаа хэлсэн шүү дээ.
С.Е: Би ч гэсэн мөнгөний бололцоо байхгүй болохоор чамаас асууж байна. Зээлээ төлөх гэсэн юм. Тэгвэл ядаж хүн шиг талыг нь өгч байгаач.
С.Е. Тэгээд ч гадаа дулаараг. Тэр үед очиж хийж өгье.
Т.А: Би чинь байшин шатчихаад гадаа үлдлээ. Жоохон хүлээж бай л даа. Өгөхгүй гэж хэлээгүй. Мөнгөний бололцоо гарахгүй байна. За юу боломж гарахаар тэгье.
9.Иймд нэхэмжлэгч С.Е, хариуцагч Т.А нарын утсаар харилцаж бичсэн зурвасаар нэхэмжлэгч С.Е нь тохиролцсон ажлаа дутуу хийсэн, хийх ёстой ажил үлдсэн болох нь, мөн ажлын хөлснөөс үлдсэн 800,000 төгрөгийг өгөхийг шаардаж байсан нь, нэхэмжлэгч Т.А нь мөнгөний бололцоо гарахгүй байна, дутуу ажлыг хөлсийг өгнө гэж хүлээлгэсэн нь, мөн дутуу ажлыг нэрлэн зааж сануулж байсан нь тус тус нотлогдож байна.
10.Хариуцагч Т.А нь дутуу ажлыг хийхийг нэхэмжлэгч С.Е-аас хэзээ хэрхэн шаардсан нь тодорхой бус, мөн тухайн ажлыг өөр хүнээр хийлгэх гэж байгааг нэхэмжлэгч С.Е-д урьдчилан мэдэгдсэн талаарх, мөн дутуу ажлыг өөр хүнээр хэзээ ямар хөлс, мөнгөөр хийлгэсэн тухай нотлох баримт байхгүй байна.
Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-д “Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө” гэж заасан ба нэхэмжлэгч С.Е ажлаа бүрэн гүйцэтгэж дуусгаагүй гэдэг нь дээрх нотлох баримтаар нотлогдож байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн ажлын хөлс 800,000 төгрөгийн тавин хувь болох 400,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.
11.Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Т.А-аас ажлын хөлс 400,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Е-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
12.Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Е-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23750 (хорин гурван мянга долоон зуун тавин) төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн 400,000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 12,650 (арван хоёр мянга зургаан зуун тавин) төгрөгийг хариуцагч Т.А-аас гаргуулан нэхэмжлэгч С.Е олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1-ийг тус тус баримтлан хамтран хариуцагч С овогт Т-н А-аас 400,000 (дөрвөн зуун мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хыстаубай овогт Солтаны Ержанд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 400,000 (дөрвөн зуун мянган) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч С.Е-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23750 (хорин гурван мянга долоон зуун тавин) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Т.А-аас 12650 (арван хоёр мянга зургаан зуун тавин) төгрөг гаргуулан нэхэмжлэгч Е.Е-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК