Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 130/ШШ2023/00258

 

2023 03 14

130/ШШ2023/00258

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн А сумын дугаар багт оршин суудаг, Ш овогт Х.Б;

Хариуцагч: Б аймгийн А сумын  дугаар багт оршин суудаг, Б овогт Ш.И;

Нэхэмжлэлийн шаардлага: Бараа авхуулахаар өгсөн 2,700,000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Х.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е нар оролцов.

(Хариуцагч Ш.И-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3-д зааснаар шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдсэн боловч шүүхэд  нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хуралд оролцох боломжгүй гэдгээ бичгээр мэдэгдсэн. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан хэлэлцэв)

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч Ш.И-д холбогдуулан бараа авхуулахаар өгсөн 2,700,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1.Нэхэмжлэгч Х.Б нь  хариуцагч Ш.И-тай хөрш байсан учраас түүний нөхрөөрөө дамжуулан  Хятад улсаас бараа авхуулж өгье гэдгийг Ш.И Х.Б-т санал болгосон. Тэгээд Х.Б Ш.И-тай тохиролцож, түүний хэлсний дагуу 2,700,000 төгрөгийг түүний данс руу шилжүүлэн өгсөн байна. Гэтэл уг мөнгийг Ш.И 2,700,000 төгрөгийг нөхөртэй өгсөн эсэх нь тодорхойгүй, эсвэл өөр зорилгоор ашигласан эсэх нь тодорхойгүй ямар ч байсан бараагаа авхуулж өгөөгүй.

1.2.Иймд хариуцагч бараагаа авчирч өгөөгүй, бараа авхуулахаар авсан 2,700,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл буцаагаагүй. Иймд Ш.И-гаас бараа авхуулахаар  өгсөн 2,700,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэсэн байна. 

2.Хариуцагч Ш.И нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:

2.1.Миний бие Х.Б-аас 2,700,000 төгрөгийг аваагүй. Энэ нь миний нөхөр болон Х.Б хоёрын хоорондох асуудал байна. Х.Б миний нөхөр болох Т.М нь Б-аас бараа таваар авхуулаад өг гээд өөрөө хүссэн байна. Тэр үед бараагаа захиалаад миний данс руу мөнгөн шилжүүлэг хийсэн байна. Миний нөхөр тухайн үед өөрийн хувийн дансгүй учраас миний дансыг ашиглаж явдаг. Тийм учраас энэ 2,700,000 төгрөгийг би төлөх боломжгүй тул Х.Б-ын миний нэр дээр гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.

3.Нэхэмжлэгчээс 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн С банкны дансны хуулга, Х.Б-ын Монгол Улсын Иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

4.Хариуцагчаас  шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х.Б-ын хариуцагч Ш.И-д холбогдуулан гаргасан бараа авхуулахаар өгсөн 2,700,000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь  үндэслэлтэй байна.

2.Нэхэмжлэгч Х.Б нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Ш.И нөхрөөрөө дамжуулан Хятад улсаас бараа авхуулж өгнө гэсэн тул 2,700,000 төгрөгийг түүний данс руу шилжүүлэн өгсөн боловч бараагаа авхуулж өгөөгүй, мөнгийг буцааж төлөөгүй тул шүүхэд хандаж байна.

3.Хариуцагч Ш.И нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... Миний бие Х.Б-аас 2,700,000 төгрөгийг аваагүй. Энэ нь миний нөхөр болон Х.Б хоёрын хоорондох асуудал байна. Х.Б миний нөхөр болох Т.М нь БНХАУ-аас бараа таваар авхуулаад өг гээд өөрөө хүссэн байна. Тэр үед бараагаа захиалаад миний данс руу мөнгөн шилжүүлэг хийсэн байна. Тийм учраас энэ 2,700,000 төгрөгийг би төлөх боломжгүй тул Х.Б-ын миний нэр дээр гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

4.1.Хавтаст хэрэгт авагдсан 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн С банкны Б салбар-126 “Дансны хуулга”-аар нэхэмжлэгч Х.Б Х банк-И-н ... тоот данс руу гүйлгээний утга “Б-аас” гэж бичиж 2,700,000 төгрөгийг мовайлаар шилжүүлсэн болох нь нотлогдож байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд гэрээг чөлөөтэй байгуулж, агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.

Иймд нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч Ш.И-д нөхрөөрөө дамжуулан Б-аас бараа авхуулж өг хэмээн 2,700,000 төгрөг шилжүүлсэн болох нь талуудын тайлбар болон Хас банкны дансны хуулгаар нотлогдож байгаа тул тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

4.2.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээгээр хариуцагч (худалдагч) Ш.И нь биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг нэхэмжлэгч (худалдан авагч)-ийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч Х.Б нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг байна.

Иймд нэхэмжлэгч Х.Б нь барааны үнэ 2,700,000 төгрөгийг хариуцагч Ш.И-гийн данс руу шилжүүлснээр барааны үнийг бүрэн төлсөн тул хариуцагч Ш.И нь бараагаа нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн эсэхийг нотлох баримт байхгүй байна.

Хариуцагч Ш.И нь “нэхэмжлэгч Х.Б өөрөө миний нөхөр болох Т.М-ад Б-аас бараа таваар авхуулаад өг гээд хүссэн ба миний нөхөр тухайн үед өөрийн хувийн дансгүй учраас миний дансыг ашиглаж явсан тул миний данс руу мөнгөн шилжүүлэг хийсэн байна. Тийм учраас энэ 2,700,000 төгрөгийг би төлөх боломжгүй” гэж тайлбарладаг боловч нэхэмжлэгч Х.Б болон Т.М нарын хооронд гэрээ хэлцэл хийгдсэн гэсэн нь хөндлөнгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна.

5.Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар  “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан.

Иймд нэхэмжлэгч Х.Б нь бараа авхуулахаар шилжүүлсэн 2,700,000 төгрөгийг хариуцагч Ш.И-гаас буцаан шаардах эрхтэй гэж дүгнээд, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 заасныг тус тус баримтлан хариуцагчаас 2,700,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Б-т олгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлага 2,700,000 төгрөг оногдох улсын тэмдэгтийн хураамж 58,150 төгрөгийг улсын орлого болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн илүү төлсөн 12,050 төгрөгийг тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас буцаан гаргуулан, мөн нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Ш.И-гаас 58,150 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Х.Б-т олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 заасныг тус тус баримтлан хариуцагч Б овогт Ш.И-гаас 2,700,000 (хоёр сая долоон зуун мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш овогт Х.Б-т олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгөөс 58,150 (тавин найман мянга нэг зуун тавин) төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэгчийн илүү төлсөн 12,050  (арван хоёр мянга тавин) төгрөгийг тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас буцаан гаргуулан, хариуцагч Ш.И-гаас 58,150 (тавин найман мянга нэг зуун тавин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Б-т тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.МАНГИЛИК