Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 130/ШШ2023/00260

 
 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн А сумын дугаар багт оршин суух,  Т овогт Ц.Т,

Хариуцагч: Б аймгийн А сумын дугаар багт оршин суудаг, Х овогт О.Э,

Нэхэмжлэлийн шаардлага: Том 15ш товгор үсгийн доторх шатсан гэрлийг сэргээн шинэчлэхэд гарах зардал 1,590,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Ц.Т,

Хариуцагч: О.Э,

Гэрч Б.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ц.Т хариуцагч О.Э-т холбогдуулан том 15ш товгор үсгийн доторх шатсан гэрлийг сэргээн шинэчлэхэд гарах зардал 1,590,000 төгрөг гаргуулахыг хүссэн байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний бие 2022 оны 4 дүгээр сард “ГТ”-ийн дээврийн зөвхөн 34м.кв-ыг дээвэрлүүлье гээд төмөр зардаг зүс таних Ержан гэдэг хүнээс дээврийн ажил хийдэг хүн байна уу гэхэд “Э буюу Энхээ гэдэг хүнийг утас өгсөн ба Энхээ нь А гэдэг хүнтэй ирж бид хоёр зөвхөн ажлын хөлс 1,200,000 төгрөгөөр тохиролцож хийлгэсэн. Гэтэл дээвэрлэх ажлаас 100,000 төгрөгийн ажил үлдсэн ба энэ тухай би Энхээд үлдэгдэл 600,000 төгрөгийг бэлнээр өгөхөд 100,000 төгрөгийг авч үлдээд 500,000 төгрөг өгөх үү гэхэд Энхээ нь “Манай аавын буяны ажлын ой өдөр болох гэж байна та гүйцэт өгчих бид дуудсан үед чинь ирж 100,000 төгрөгийн ажлыг хийгээд өгчихнө асуудалгүй гэснээр итгээд 600,000 төгрөг бэлнээр өгсөн. Тэгээд үлдсэн 100,000 төгрөгөөр өөр ажил хийлгэе гэж бодсон.

1.2.Миний бие “М фото”-оос 3 сарын түрээс авч У хот орж асдаг том үсэг 15ш өндөр нь 60см, өргөн нь 20-25см, реклам 1,800,000 захиалж 100 айлаас портер ажлын хөлсөнд 50,000 төгрөг У-аас Ад авчрахад мазь машин нь онцгой бараа сэв суулгаагүй авчирсан гэж тээврийн хөлс 200,000 төгрөгөөр авч нийт 2,500,000 төгрөгөөр Ад ирсэн.

1.3.Тэгээд  “ГТ” гэсэн 15ш товгор том үсэгтэй гэрэлтдэг хаягийг сурлуулъя гэхэд 7-р сард наадмын үеэр зуны цагт цахилгаанч олдохгүй, тэднийг аж ахуй нэгж, хувь хүмүүс хөлслөөд авчихдаг олдоц муу тул миний бие О.Эт үлдсэн 100,000 төгрөгийн ажлын оронд асдаг үсэг рекламаа тогтоолгож авъя гэж О.Эт хэлсэн.

1.4.Тэгээд 3 хэсэг үсгэн хаягийг дээш гаргаж тогтоох болоход О.Э нь тогтооход эрсдэлтэй байна бас нэг хүн дууд гэснээр Б.Д, Наранхүү нарыг дуудаж тогтооход нь тусалсан. Миний бие О.Эт ирж дээвэр дээр байгаа 3 хэсэг үсгүүдийг 220В хүчдэлд шууд залгаж болохгүй, тоог бууруулагч адавтарт залгаж байгаад тогонд холбоорой гэж үсгүүдийг захиалж авхуулсан газрын хэлсэн зөвлөгөөг хэлж, 220В залгах дамждаг жижиг тог бууруулагч холбогчийг дээвэрт бэлдэж гаргаж тавьсан. Энэ үед Наранхүү нь үсгүүдийг тогтоочиход ажилтай гээд яарч яваад өгсөн.

1.5.Мөн би О.Эт “Энхээ энэ үсэг тус бүрийг цахилгааны утсыг жижиг тог бууруулагч хайрцагт эхлээд залгаад, сүүлд нь 220В луу залгадаг гэсэн, болохгүй бол чамайг би үсэг авсан газрын хүнтэй яриулж болно” гэхэд юм дуугараагүй, тог янзлаад байхаар нь өөрөө урьдаар мэдээд бэлтгэлээ хийж байгаа байх гээд доошоо буусан. Дээвэрт О.Э, Б.Д хоёр үлдсэн. Тэгээд О.Э нь дээвэр дээрээс дээвэрт тогтоосон 2ш шөнийн гэрэлтүүлгийн утсыг асаа унтраа гэж дор байгаа над руу командлаад байсан. Миний бие цахилгаан сайн мэдэхгүй энэ гэрлийг асаалгадаг нь тог шалгаж байгаа байлгүй гэж бодсон ч дахин дээвэрт гарахад: О.Э тонгойж цахилгааны 220В-ын утас лентээр ороож далдалж байсан. Бодвол үсгийн тагны утсыг Б.Д-гийн хэлснээр 220В шууд холбоочиход шатааснаа мэдээд салгаж холбосон хэсгээ битүүмжилж ороосон байсан ба зурагт үзүүр нь харагдаж байна.

1.6.Тэгээд за би явлаа халамжаас намайг дуудаж байна би 1 дэх өдөр ирнэ гээд үгийн зөрүүгүй яваад өгсөн. Гэвч энэ өдөр хагас сайн өдөр байсан шүү дээ төрийн байгууллага амарч баймаар юм гээд би гайхаад үлдсэн. 1 дэх өдөр ирэхгүй байсан болохоор би таньдаг цахилгаанчин А гэдэг хүнийг дуудсан ба О.Э рүү залгаж нэлээд ширүүн чи 1 дэх өдөр ирэхгүй юу гэснээр О.Э ч ирж бид дээвэрт цуг байж Аы тог шалгадаг аппаратаар тог цахилгааныг шалгасан. Яг энэ үед О.Э нь би лав тогонд залгаагүй гэж дахин дахин хэлж байсан боловч үсэг чинь одоо асна шүү гэж хэлэхгүй байсныг би анзаарсан. Тэгээд цахилгаанчин А нь шалгаж үзээд шатчихсан байна гэж хэлсэн. Миний уур хүрч О.Эт чи шатаасан надыг дээвэрт гарч ирэхэд чи нэг тог салгаа биз дээ, чамаас үлдсэн 100,000 төгрөгийн ажлыг зөвхөн тог янзлуулаад дуусгах гэж байхад яаж байгаа юм. Тогыг хүн хэлсээр байтал үл тоож шууд 220В залгаж чи шатаасан байна. Би хажууд чинь байсан Б.Дээс асуухад чамайг тогны утсыг холбож байсан гэж хэлсэн. Ингээд арай гэж 15 жилийн дараа боломж гаргаж хийлгэсэн товгор том үсгийн асдаг гэрлийг хэлсээр байтал үг аваагүй шатаасанд гомдолтой байна.

1.7.У хотоос ирсэн газарт байхад портероор зөөсөн ажлын хөлсөнд 200,000 төгрөг, төвд авчирсан ажлын хөлс, төвд авчрах дээш гаргах, байрлуулсан Д, М нарын ажлыг хөлсийг тухайн үед би шударгаар төлсөн болно. Харин мазь машины тухайн үед нэг тал 200,000 төгрөгөөр авчирч байсан бол одоо У хүргэх эргэж авчрахад зөвхөн нэг тал нь 250,000 төгрөгөөр тээвэрлэнэ гэж байна. Одоо шатсан үсгийг сэргээхэд зайлшгүй 1,590,000 төгрөг гарна.

1.8.Иймд холбогдох нотлох баримтуудыг товгор үсгийн зардалд 1,490,000 төгрөг, хариуцагчид төлсөн ажлын хөлс 100,0000 төгрөг, нийтдээ 1,590,000 төгрөг нэхэмжилж байна.

2.Хариуцагч О.Э нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:

2.1.Нэхэмжлэгчийн товгор үсгийг суурилуулахаас өмнө тухайн барилгын дээврийн ажлыг хийж өгсөн. Дээврийн ус зайлуулах хоолой суурилуулах болоход нэхэмжлэгч хоолой авах мөнгө байхгүй байна. Үүний оронд 100,000 төгрөгөөр тооцож товгор үсэг суурилуулж өгөхийг санал болгосон.

2.2.Хувиараа хөдөлмөр эрхэлдэг болохоор Халамжийн байгууллагаас хөнгөлөлтэй, тусламжийн зээлд оролцохоор төсөл өгсөн байдаг. Үүний дараа нэхэмжлэгч намайг ажилтай байхад зөндөө залгасан байсан. Боломжоо гаргаад очиж уулзахад тухайн дээврийн хөлсний үлдэгдэл 100,000 төгрөгт товгорыг үсгийг суурилуулж өгөхийг хүссэн.

2.3.Тухайн товгор үсэг суурилуулах газар нь өндөрт, хүндрэлтэй газарт байрлуулахаар байсан. Нэхэмжлэгчтэйгээ тухайн ажлыг хийхээр тохиролцсон. Тухайн ажлыг хийхэд надад туслах хүн хэрэгтэй байсан. Өөрөө туслах хөлсөлбөл нэхэмжлэгчтэй тохиролцсон 100,000 төгрөгийг тухайн хүнд өгөхөөр байсан тул нэхэмжлэгчид туслах хүн олж өгөхийг хүссэн.

2.4.Цахилгааны ажил мэддэг хүний хувьд хэлэхэд товгор үсэг нь суурилуулах үед огт гэмтэл аваагүй, шатаагүй гэдгийг хэлмээр байна. Тухайн товгор үсгийг бүтээгдэхүүнтэй дагалдаж ирсэн зааврын дагуу 3 тусгай утсыг Адавтарт нь холбож 220 вольтын залгаварт залгаж асаах гэхэд асаагүй. Тухайн товгор үсгийг би суурилуулахаас өмнө асдаг гэж үзэх ямар нэгэн нотлох баримт байхгүй, тодорхой бус байгаа. Цахилгаан бараа засдаг байсан хүний хувьд Товгор үсгийг өөрийгөө шатаагаагүй гэдэгт итгэлтэй байна.

2.5.Нэхэмжлэгчийн шүүхэд хандаж байгааг нь ойлгохгүй байна. Товгор үсгийг захиалсан газрын утасны дугаар нь залгаж, яаж асаах талаар нь мэдээлэл авах гэсэн ч тухайн хүмүүс нь утсаа аваагүй. Товгор үсгийг холбож үзээд асдаггүй болохоор нь анхнаасаа асдаггүй байсан байх гэж бодоод явсан. Тухайн өдөр намайг Халамжийн байгууллагаас миний мужааны цехийг очиж гэж дуудаж байсан болохоор тийшээ очсон. Өмнө нь бас өөр газруудад гэрэлтдэг хаягуудыг суурилуулж байсан. Хамгийн сүүлд “К” дэлгүүрийн хаягийг суурилуулсан. Бүгд адилхан заавраар холбодог, бүх зүйл нь адилхан байсан болохоор хаяг, асахгүй байх талаар юм бодоогүй. 12 вольтоор ажилладаг зүйлийг 220 вольтод залгах боломжгүй, дэлбэрэх аюултай.

2.6.Тухайн гэрлийг салхинд хийсэхээргүй найдвартай суурилуулж өгсөн ба доороос тог гаргаж ирээгүй байхад товгор үсгийн богино, 20 см орчим урттай утсыг би яаж тогонд холбож чадах юм. Б.Д худлаа мэдүүлээд байна. Надад нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үнийг төлөх боломж байхгүй. Өнгөрсөн жилээс хойш ажил хийгээгүй, хувийн ажлаар хотод байсан. Би 10 дугаар сараас 02 дугаар сар хүртэл Казахстан улсад байсан болохоор миний утас холбогдоогүй. Тухайн үсгийг суурилуулсны дараа байх би сайн санахгүй байна нэхэмжлэгч нэг хүнийг дуудсан байсан. Тэр хүнд яаж залгаснаа хэлж, надаас болж шатах үндэслэлгүй гэдгийг хэлээд явсан гэв.

3.Нэхэмжлэгчээс “ГТ” гэж бичигдсэн гэрэл зураг, цахилгаан утсыг ороосон байдлыг харуулсан болон тог баригч залгуурын гэрэл зураг, Э овогтой Ч гэсэн тамга дарсан “Нэхэмжлэх”, Ж.Н, Б.Д, Б нарын нотариатаар гэрчлүүлсэн гарын баримт зэрэг бичгийн баримтыг гаргаж өгсөн болно.

4.Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт байгүй болно.  .

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

6.Нэхэмжлэгч Ц.Т дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Миний бие хариуцагч О.Эт “15ш товгор том үсэгтэй асдаг гэрлийн утсыг залгуурт шууд залгахгүй, тог бууруулагчаар холбоно” гэж  хэлсээр байтал үл тоож шууд 220В залгаж чи шатаасан тул үүнтэй холбоотой гарсан зардал 1,590,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан.

7.Хариуцагч О.Э шүүх хуралдаанд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн байна. Үүнд: ... Цахилгааны ажил мэддэг хүний хувьд хэлэхэд товгор үсэг нь суурилуулах үед огт гэмтэл аваагүй, шатаагүй гэдгийг хэлмээр байна. Тухайн товгор үсгийг бүтээгдэхүүнтэй дагалдаж ирсэн зааврын дагуу 3 тусгай утсыг Адавтарт нь холбож 220 вольтын залгаварт залгаж асаах гэхэд асаагүй болно. Иймд уг үсэгтэй гэрэл нь надаас болж шатах үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

8.1.Нэхэмжлэгч Ц.Т нь “ГТ” гэсэн дотор нь асдаг гэрэлтэй  15ш товгор том үсэгтэй хаягийг суурилуулах, цахилгаан утаснуудыг тогонд нь холбох ажлуудыг хийж гүйцэтгүүлэхээр хариуцагч О.Э-тай харилцан тохиролцож аман гэрээ байгуулсан нь талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан гэрэл зургууд зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

Эдгээр нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ц.Т болон хариуцагч О.Э нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулагдсан байна.

Ажил гүйцэтгэх гэрээгээр хариуцагч (ажил гүйцэтгэгч) О.Э нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, нэхэмжлэгч Ц.Т (захиалагч) нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

8.2.Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно” гэж заасан байна.

 Нэхэмжлэгч Ц.Т нь урьд “ГТ”-ийн дээврийн ажлыг О.Э-тай тохиролцож хийлгэхэд ажлын хөлс 600,000 төгрөгийг бүрэн төлсөн боловч, О.Э нь ажлын хөлснөөс 100,000 төгрөгийн ажлыг дутуу үлдсэн байсан гэдэгт талууд маргаагүй бөгөөд энэхүү ажлын хөлс 100,000 төгрөгт нь тухайн асдаг хаягийг суурилуулах, тогонд холбох ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон нь талуудын тайлбар болон шүүх хуралдаанд оролцсон гэрчийн мэдүүлэг, гарын баримтаар тус тус нотлогдож байна.

8.3.Нэхэмжлэгч О.Э нь тохиролцсон ёсоор туслах хоёр ажилтны хамт “ГТ” гэсэн дотор нь асдаг гэрэлтэй  15ш товгор том үсэгтэй хаягийг хананд суурилуулсан боловч цахилгаан утаснуудыг тогонд холбоход гэрэл асаагүй болох нь талуудын тайлбар болон гэрч Б.Д-гийн мэдүүлгээр нотлогдож байна.

Иймээс нэхэмжлэгч (захиалагч) Ц.Т нь хариуцагч О.Э 220В тогонд шууд залгаж хариуцлага алдаж шатаасан гэж, хариуцагч (ажил гүйцэтгэгч) О.Э нь анхнаасаа гэрэл нь шатсан байсан байна гэж маргаан үүсгэсэн байна.

8.4.Шүүх хуралдаанд оролцсон Б.Д гэрчээр мэдүүлэгтээ: “Огноог нь санахгүй байна. Нэхэмжлэгч утсаар залгаад хаяг суурилуулах гэж байгаа талаар хэлж, ирээд туслахыг хүсэхээр нь очсон. Хаягийг хананд тогтооход туслалцсан. Хариуцагчийн хажууд байсан. Хариуцагч ажлаас дуусгаад адавтарт залгахгүйгээр, шууд залгуурт залгахад үсгүүдийн  гэрэл нэг асаж анивчсан. Дахиж асаагүй. Миний харснаар шууд залгуурт залгаж байсан. Адавтар буюу тог буруулагч руу залгаагүй байсан. Дээвэр дээр бид хоёр л байсан. Нэг анивчаад байхгүй болсон. Анивчсаныг харсан. Тухайн үед би дээр хариуцагчийн дэргэд байсан. Эхлээд товгор үсгийг  тогтоогүй байхад тогонд холбож үзэхэд гэрэл нь нэг анивчаад унтарсан гэв.

9.Иргэний хуулийн 349 дугаар зүйлийн 349.1-д “ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэгэн доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор гаргана...” гэж заасан байна.

Нэхэмжлэгч Ц.Т нь 2022 оны 7 дугаар сард наадмын үеэр хариуцагч О.Э нь “ГТ” гэсэн дотор нь асдаг гэрэлтэй  15ш товгор том үсэгтэй хаягийг хананд суурилуулан, цахилгаан утаснуудыг 220В хүчдэлийн тогонд шууд залгаж хариуцлага алдаж шатаасан гэсэн өдрөөс хойш 6 сарын дотор гомдол гаргах ёстой байтал нэхэмжлэгч 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гомдлын шаардлага гаргах 6 сарын хугацааг өнгөрүүлсэн байна.

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 349 дүгээр зүйлийн 349.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Тий том 15ш төвгөр үсгийн доторх шатсан гэрлийг сэргээн шинэчлэхэд гарах зардал 1,590,000 төгрөгийг хариуцагч О.Э-аас  гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

10.Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Тий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40390 (дөчин мянга гурван зуун ерэн) төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 349 дүгээр зүйлийн 349.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Х овогт О.Э-аас том 15ш төвгөр үсгийн доторх шатсан гэрлийг сэргээн шинэчлэхэд гарах зардал 1,590,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Т овогт Ц.Т нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.Т-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40390 (дөчин мянга гурван зуун ерэн) төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.МАНГИЛИК