| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2017/0247/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/231 |
| Огноо | 2017-09-01 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 2017/ШЦТ/231
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгч Л.Н-гийн өмгөөлөгч Б.Отгонцэцэг,
Шүүгдэгч, хохирогч Л.Н-, Ж.Л- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Н-, Ж.Л- нарт холбогдох эрүүгийн 201722000294 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Л.Н-,
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ж.Л-,
Шүүгдэгч Ж.Л- нь 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 2 дугаар багийн нутаг “Навчилтай” гэх газар иргэн Л.Н-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Л.Н- нь 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 2 дугаар багийн нутаг “Навчилтай” гэх газар иргэн Ж.Л-г хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Л- нь 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 2 дугаар багийн нутаг “Навчилтай” гэх газар иргэн Л.Н-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Л.Н- нь 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 2 дугаар багийн нутаг “Навчилтай” гэх газар иргэн Ж.Л-г хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
Хохирогч Ж.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Л.Н- над руу ирээд чаддаг юм бол цохьчих гээд байсан. Тэгээд хаалга гарах гэтэл үүдэн дээр зогсоод кармандаа гараа хийгээд алчих та нар гээд байхаар нь юу гээд байгаа юм бэ гээд би зүүн талын шанаа руу нь гараараа нэг удаа цохисон. Тэгтэл хутгаар миний цээж рүү нэг дүрсэн. Би хойшоо салдраад унасан. Унасан хойноо хөөе энэ Л.Н- чинь хүн бүлчихлээ хутгатай байсан байна чи намайг хутгалчихлаа гээд орилсон. Тэгэхэд миний гарт нэг юм баригдсан чинь чулуу байхаар нь аваад толгойн зүүн талд нь 2 удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас,
Хохирогч Л.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “.... адууны хашаа руу ортол Гандаваатай Ж.Л- ах байж байхаар нь би Гандаваад хандаж хэлэх үг байдаг юм бол надад хэл Буяа эгчид чинь ямар хамаатай юм бэ гэсэн чинь Ж.Л- ах чи л тэгээд байсан яадаг юм гэхээр нь эр хүн байж хоёр гурван хүний дунд та юунд далчигнаж байдаг юм гэсэн чинь яагаад сөөсөгнөөд байгаа сөөсгөр банди вэ гээд над руу хүрч ирээд баруун талын чихний ар тал руу гараараа цохисон. Тэгэхээр нь би та яахаараа миний толгойг хага цохидог юм бэ гэтэл чамайг алсан ч яадаг юм бэ гээд газраас чулуу шүүрч аваад толгойн зүүн талын хэсгийг хага цохисон. Тэгэхээр нь би та яахаараа миний толгойг хага цохиж байгаа юм бэ гэж хэлээд баруун талын өмдний карманд байсан тонгорогоо гаргаж ирээд зүүн талын гэдсэн тушаа хутгалсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар хуудас/,
Гэрч Д.Ж-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Л.Н-гийн эхнэр хоол хийж байтал эхнэртэйгээ Л.Н- шивнэлдээд юм яриад байсан. Юу ярьсан гэдгийг би сайн ойлгоогүй. Удалгүй Л.Н- гэрээсээ гарсан. Тэгээд байж байтал хүн хутгалчихлаа, толгой хага цохичихлоо гээд нэг эмэгтэй хүн хашгираад байсан. Тэгээд Энхмэнд бид хоёр гэрээс гараад адууны хашаан дээр очтол Л.Н- энэ миний толгойг хага цохичихлоо гэсэн. Харин Ж.Л- нь хутгалчихлаа гэж хэлээд адууны хашааны хойно маргалдсан байдалтай зогсож байсан” гэх мэдүүлэг /ХХ-ийн 36-37 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Р.Ням-Осорын 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 380 дугаартай
1. Л.Н-гийн биед гэмтэл тогтоогдлоо.
2. Л.Н-гийн биед зүүн зулайд шарх бүхий гэмтэл учирсан байна.
3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
4. Тухайн үүссэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.
5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 12 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Р.Ням-Осорын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 334 дугаартай
1. Ж.Л-гийн биед гэмтэл тогтоогдлоо.
2. Ж.Л-гийн биед хэвлий болон эрүүний зүүн хэсэгт шарх бүхий гэмтэл учирсан байна. Шарх тус бүр нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
4. Тухайн үүссэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.
5. Дээрх шарх бүхий гэмтлүүд нь тус бүрдээ болон нийлээд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 17 дугаар хуудас/,
Шүүгдэгч, хохирогч Ж.Л-, Л.Н- нар нь сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Л-, Л.Н- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн байх тул 2017 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.Л-, Л.Н- нарт холбогдох эрүүгийн хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасныг буцаан хэрэглэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Л-, Л.Н- нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч Ж.Л-, Л.Н- нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн 201722000294 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Н-, Ж.Л- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Л.Н-, Ж.Л- нарт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар хохирогч Ж.Л- нь шүүгдэгч Л.Н-тай эвлэрсэн, шүүгдэгч Л.Н- нь хохирогч Ж.Л-тай эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн 201722000294 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Н-, Ж.Л- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН