Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2021/ДШМ/28

 

 

Т.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: Г.А /зайнаас цахимаар/,

Яллагдагчийн өмгөөлөгч: Х.Д /зайнаас цахимаар/,

Хохирогч: З.Т /зайнаас цахимаар/,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Одтуяа нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЗ/244 дүгээр шүүгчийн захирамжтай, шүүгдэгч Т.Д-д холбогдох, эрүүгийн 2019001220085 дугаартай, 2 хавтас, 376 хуудас бүхий эрүүгийн хэргийг прокурор Г.А-н эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Яллагдагч: Монгол Улсын иргэн, 1976 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогтооч мэргэжилтэй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн * дүгээр хороо, Шархадын *** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Х овогт Т-ийн Д-д холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.А-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Яллагдагч Т.Д нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр буюу 25 дугаар зөрлөгөөс Өлзийт зөрлөг явах чиглэлийн замд 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Тоёота Приус-20 маркийн 74-** УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4-т “Жолооч дараах үүргийг хүлээнэ. б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 12 дугаар бүлэг. Тээврийн хэрэгслийн хурд: 12.3-т Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас онхолдож, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч З.Т-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч Б.Э-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч М.У-н эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч Г.Э-ын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Д-д холбогдох эрүүгийн 2019001220085 дугаартай хэргийг прокурорт буцааж,

 

Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Т.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, яллагдагч Т.Д-гийн жолооны үнэмлэх, гэрч М.Б-ын тээврийн хэрэгслийн гэрчилгээг хэргийн хамт хүргүүлж,

 

Энэ захирамжийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Прокурор Г.А эсэргүүцэлдээ болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1. Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн алба хаагч Ч.У тухайн хэрэгт шинжээчээр оролцож 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 10 дугаартай дүгнэлт гаргахдаа шүүгдэгч Т.Д-г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзсэн ба ингэхдээ өөрийн мэдлэгийн хүрээнд мөрдөгчөөс асуусан асуултад тодорхой хариулт өгч дүгнэлтдээ тусгасан.

            Харин 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 32 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт нь осол, хэрэг болох үед Т.Д-гийн жолоодож явсан “Тоёота приус 20” маркийн 74-** УБҮ улсын дугаартай автомашины дугуйнд үзлэг хийж дугуй нь стандарт шаардлага хангаж буй эсэх, дугуйн учирсан эвдрэл, гэмтэл, түүний шалтгаан нөхцөлийг тодорхойлуулахаар гаргасан дүгнэлт юм.

            Өөрөөр хэлбэл, дээрх 2 шинжээчийн дүгнэлт нь зорилго, агуулгын хувьд өөр хоорондоо адилгүй бөгөөд дүгнэлтээр тодорхойлох нөхцөл байдал нь тусдаа асуудал боловч прокуророос дахин шинжээч томилох нь зүйтэй гэж үзэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжээч томилж 5 асуултыг асуусан ба Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 348 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэд 2 асуултыг бүрэн хариулж 3 асуултанд хариулах боломжгүй байгаа, мөн яагаад хариулах боломжгүй талаараа дүгнэлтдээ тусгасан байна. Үүнд:

            Шинжээчийн 10, 32 дугаартай дүгнэлт үндэслэлтэй эсэх, 2. Тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжтой эсэх, 3. Т.Д нь замын хөдөлгөөний ямар заалтыг зөрчсөн болох талаар асуултыг асуусан боловч тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй, урьд гаргасан шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэх, мөн Т.Д нь замын хөдөлгөөний ямар заалтыг зөрчсөн болох талаар тус тус хариулах боломжгүй гэжээ. Прокурор дүгнэлтийг холбогдох хуулиудад заасан үндэслэл, журмын дагуу гарсан, нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж дүгнэн яллах дүгнэлтэд тусгасан байна.

            Т.Д-гийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох шинжилгээ хийх боломжгүй гэсэн нь жолооч Т.Д зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас тоормозны мөр үүсээгүй, энэ нь хэргийн газрын үзлэгээр тодорхойлогдсон бөгөөд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлэг. Тээврийн хэрэгслийн хурд: 12.3-т Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн гэх шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэхээр байна.

            Харин техникийн шинжээчийн хувьд “Т.Д замын хөдөлгөөний дүрмийн ямар заалтуудыг зөрчсөн эсэх” гэсэн асуулт нь авто техникийн шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй тул Шүүхийн шинжилгээний тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шинжилгээ хийх боломжгүй гэсэн хариултыг өгсөн байна. Учир нь шинжээч Г.Ц, С.М, С.Д нар нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Авто техникийн шинжилгээний лабораторийн шинжээч нар тул дээрх асуултанд хариулах боломжгүй, авто техникийн шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй гэж үзсэн нь үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.

            2. Осол хэрэг болох үед Т.Д-ийн жолоодож явсан “Тоёота приус 20” маркийн 74-** УБҮ улсын дугаартай автомашиныг эзэмшигч иргэн М.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...2018 оны 03 дугаар сард Да хүрээ захаас 13 сая төгрөгөөр худалдаж авсан ба худалдаж авахдаа урьдчилгаа 8 сая төгрөгийг төлж, үлдэгдэл 5 сая төгрөгийг лизингээр төлсөн. Одоо миний машин “Инвескор” ББСБ-ын нэр дээр байгаа. Би машиныхаа үлдэгдэл өрийг төлөөд дуусгасан ба өөрийн нэр дээр шилжүүлж амжаагүй байсан. ...Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэжээ.

            Мөн “Инвескор” ББСБ-аас 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Авто тээврийн үндэсний төвд иргэн М.Б-ын нэр дээр эзэмшлийг шилжүүлэхээр албан бичгийг хүргүүлсэн байсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч” гэж тодорхойлсон бөгөөд дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд “Инвескор” ББСБ, иргэн М.Б нар нь гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэх шаардлага тавьж буй хүн, хуулийн этгээд гэж үзэхээргүй байх тул иргэний  нэхэмжлэгчээр заавал тогтоох шаардлагагүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад тэдний эрх, хууль ёсны эрх ашгийг зөрчсөн, хязгаарласан, хохирол төлүүлэх талаар шаардлага тавьж буй эрхийг нь эдлүүлэх боломж олгоогүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Мөн шаардлагатай тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт зааснаар шүүгч дахин шинжээч томилох, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгч захирамж гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтоох бүрэн боломжтой бөгөөд энэ нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа гэж үзэхээргүй байна.

            Иймд Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний 2021/ШЗ/244 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.

 

Хохирогч З.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний нуруу голоороо хугарсан. Нуруу голоороо хугарсан тохиолдолд ажил хийж болдоггүй юм байна. Мөн 2 гар зэрэг хөдөлж болохгүй байгаа. Тиймээс одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байна. Саяхан хагалгаанд орох байсан боловч дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хойшлогдсон. Он гаргаад дахиад хагалгаанд орохоор болсон. Тэр болтол хэвтрийн дэглэм сахиж, гам сайн барих ёстой. Би 2020 оны 04 дүгээр сараас эхлээд хөдөлмөрийн чадвараа алдсан. 2022 онд хагалгаанд орно. Бие минь эдгэртэл хэдий хугацаа зарцуулахыг мэдэхгүй. Энэ хугацаанд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, эрүүл мэндийн хувьд маш их хохиролтой байна. Тухайн үед М.Бат-Оргил автомашиндаа 4 шинэ дугуй авч хийсэн гэдгийг би сайн мэдэж байна. Өөрөө ч надад энэ тухайгаа 2 удаа хэлж байсан. Бид “Хамарын хийд”-ийн энергийн төв орчихоод буцах замд М.Б Сайншанд хүртэл шөнөжин машин барьж явсан. Сайншанд дээрээс Т.Д-д жолоогоо шилжүүлсэн. Т.Д Сайншандаас хот руу буцах гээд төв зам руу орохдоо урдах машиныхаа ард талд дандаа 60км цагийн хурдтай явсан. Дараа нь Т.Д төв зам дээр гарч ирээд хурд хэтрүүлж эхэлсэн. 120-140 орчим км/ц хурдтайгаар 200 метр хүрэхгүй газар яваад осол гарсан. Хурд хэтрүүлэхийг би харж байсан. Гэтэл яагаад Т.Д-г хурд хэтрүүлсэн гэж үзэхгүй байгааг ойлгохгүй байна. Би энэ хүнээс болж хөдөлмөрийн чадвараа алдчихаад байна. Нуруу гэдэг хүний гол эрхтэн. Миний нуруу арай жаахан доогуур хугарсан байсан бол ажил, хөдөлмөр эрхлэх боломжтой байсан. Гэтэл миний нуруу яг голоороо хугарчихсан. Би залуу хүн шүү дээ. Энэ хүнээс болж нэгдүгээрт гоо сайхнаа алдаж бөгтөр нуруутай болсон, хоёрдугаарт би ганцаараа ажил хийж гэр бүлээ тэжээн тэтгэдэг байсан бол одоо ажил хийх боломжгүй болсон. Үүнээс болж өмнөх өвлийг манай гэр бүл тун хэцүү байдалтай өнгөрүүлсэн. Миний охин Бүгд Найрамдах Хятад Ард Улсын сургуульд суралцахаар болсон. Гэтэл би гэмтэж бэртсэнээсээ болоод хүүхдээ сургуульд суралцуулж чадахааргүй болсон. Миний бие гэмтсэнээс болж давхар хүүхдийн минь ирээдүй хохирч байна. Ээж маань миний эм танг авахын тулд өдөр шөнөгүй хөдөлмөрлөж байгаа болохоор би маш их гомдолтой байна” гэв.

 

            Яллагдагчийн өмгөөлөгч Х.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний хувьд шүүгчийн захирамжийг дэмжиж оролцож байна. 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 332 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан. Уг захирамжид прокурор эсэргүүцэл бичээгүй. Шүүгчийн захирамжид заагдсан техникийн шинжээчийн дүгнэлт гаргуулах ажиллагаа хийгдэж 2 дүгнэлт гарсан. 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дугуйнд шинжилгээ хийсэн 32 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтэд тухайн зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөлийг дугуй хагарч буудсанаас болсон гэж шинжээч хариулсан. Өөрөөр хэлбэл, дугуй нь осол гарах үед замын ямар нэг элемэнтэд цохигдож гэмтээгүй, харин осол гарахаас өмнө дугуйнд эвдрэл гэмтэл үүссэнээс болж осол гарсан гэсэн дүгнэлт өгсөн. Энэ шинжээчийн дүгнэлтэд Т.Д-г замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэдгийг тогтоогоогүй. Мөн сүүлийн шинжээчийн дүгнэлтэд ч гэсэн Т.Д-г замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэдэг нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Ингээд нийт 2 удаагийн дүгнэлт гарсан. Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасны дагуу техникийн шинжээчийн гаргаж байгаа дүгнэлт нь бодит байдалд тулгуурласан, шинжлэх ухааны үндэслэлтэй гарах ёстой. Гэтэл энд ямар нэгэн заалтыг зөрчсөн гэж дурдагдаагүй байдаг. Шинжээч нар прокурорын асуусан асуултад хариулахад тусгай мэдлэг шаардлагатай тул бид хариулж чадахгүй байна гэсэн байдаг. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7-д шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуулт шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн, эсхүл тавьсан асуултад шинжлэх ухааны арга, хэрэгсэл ашиглан хариулах боломжгүй бол дүгнэлт гаргахаас татгалзана гэж заасан. Эдгээр шинжээч нар Т.Д-г замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж дүгнэлтдээ дурдаагүй байгаа учраас уг осол гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохын тулд шинжлэх ухааны үндэслэлтэй, бодит байдалд тулгуурласан техникийн шинжээчийн дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж үзсэн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна. Техникийн шинжээч Т.Д-г замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргаагүй байхад прокурор яллах дүгнэлтдээ яагаад Т.Д-г замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж бичсэн нь тодорхойгүй байна. Тиймээс ослын шалтгаан нөхцөлийг тал бүрээс нь бүрэн, бодитой дүгнэсэн бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах шаардлагатай. 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 332 дугаартай шүүгчийн захирамж биелэгдээгүй байгаа учраас шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах тухай шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн шүүгчийн захирамжид иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгчтэй холбоотой асуудлыг тогтоох нь үндэслэлтэй байна гэж үзсэнтэй санал нийлж байна. Иймээс шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна. Прокурор тодорхой нотлох баримтад үндэслэж байж хүнийг яллах ёстой. Гэтэл ажиллагаа хийгээд замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй байна, хурдыг тогтоох боломжгүй байна гэсэн дүгнэлт гаргасан байхад прокурор Т.Д-г хурд хэтрүүлсэн байна, зогсоох арга хэмжээ аваагүй байна гэж өөрийн хувийн үзэл бодлоор хүнийг яллаж байгаа нь үндэслэлгүй байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх  прокурор Г.А-н эсэргүүцлийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад “хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

 

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.А-гээс яллагдагч Т.Дг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр буюу 25 дугаар зөрлөгөөс Өлзийт зөрлөг явах чиглэлийн замд Тоёота Приус-20 маркийн 74-73 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4-т “Жолооч дараах үүргийг хүлээнэ. б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх,” 12 дугаар бүлэг. “Тээврийн хэрэгслийн хурд: 12.3-т Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч З.Т-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч Б.Э-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч М.У-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч Г.Э-ын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 27.10  дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

 

Анхан шатны шүүх өөрийн санаачилгаар болон яллагдагчийн өмгөөлөгч Х.Д-гийн хүсэлт /урьдчилсан хэлэлцүүлгийн тов тогтоох тухай 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЗ/234 дугаартай шүүгчийн захирамжид хүсэлтийн талаар дурдаагүй боловч өмгөөлөгчийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр энэ талаар гаргасан хүсэлт хэрэгт авагдсан хх-112/-р урьдчилсан хэлэлцүүлэг явуулж “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй буюу ...прокурорын дахин шинжээч томилох тогтоол бүрэн биелэгдээгүй, дүгнэлт дутуу, ...Замын хөдөлгөөний дүрмийн ямар заалт зөрчсөн зэргийг тогтоосны эцэст яллагдагчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэх, ...тээврийн хэрэгслийн өмчлөгчийг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй ...” гэсэн үндэслэлээр энэхүү ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэргийг прокурорт буцаажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд яллагдагч Т.Д-г 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Тоёота Приус-20 маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг 3.4, 12 дугаар бүлэг 12.3-т заасныг зөрчсөн талаар 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан, харин 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 32 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтээр “... дугуйнд шинжилгээ ...” хийсэн байхад прокурор 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 5/01 дугаартай дахин шинжилгээ хийлгэх тухай тогтоолдоо дээрх 2 дүгнэлтийг зөрүүтэй гэсэн үндэслэлээр дахин шинжилгээ хийлгэхээр зааж өөр өөр тусгай мэдлэгийн хүрээний асуудалд шинжилгээ хийлгэхээр шинжээчдийн тусгай мэдлэгт хамааралгүй асуулт тавьсан нь оновчтой биш гэж үзэхээр байна.

 

Гэхдээ прокурорын тогтоолоор томилогдсон Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчид нь авто техникийн шинжилгээний чиглэлээр мэргэшсэн талаараа дүгнэлтдээ дурдаж, улмаар прокурорын дахин шинжилгээ хийлгэх тогтоолыг үндэслэн зам тээврийн ослын нөхцөл байдлыг сэргээн тогтоох буюу “... ободтой хаймар дугуй...”-нд болон хавтаст хэргийн материалд автотехникийн лабораторт үзлэг шинжилгээ хийж, дээрх 2 шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй эсэх болон жолооч Т.Д замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн эсэх асуултад хариулах боломжгүй гэсэн нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 1.4-т заасныг зөрчөөгүй ба тэднийг тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн, тусгай мэдлэгт хамааралгүй асуудлаар шинжилгээ хийж дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Эндээс үзвэл яллагдагч Т.Д-г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн эсэх талаар Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.У 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргаснаас өөрөөр энэ талаар шинжилгээ хийгдээгүй, харин 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 32 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт болон Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчдийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 348 дугаартай шинжээчийн дүгнэлтээр жолооч Т.Д-гийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн ободтой хаймар дугуйнд шинжилгээ хийх замаар техникийн эвдрэл гэмтлийг үндэслэн ослын шалтгаан нөхцөлийн талаар дүгнэсэн гэж үзэхээр байна.

 

Гэтэл анхан шатны шүүх Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчдийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 348 дугаартай шинжээчийн дүгнэлтийг дутуу гэж үзсэн нь үндэслэлгүй ба харин шинжээчдийг шүүх хуралдаанд оролцуулах замаар хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох боломжтойн гадна  дээрх шинжээчийн дүгнэлтүүдийг эргэлзээтэй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдвол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх өөрөө дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгах боломжтой тул энэхүү ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэх үндэслэлгүй болно.

 

Түүнчлэн хэрэгт авагдсан Тоёота приус маркийн 7473УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээнд /1хх-99/ өмчлөгчийг Инвескор ББСБ ХХК гэж бүртгэсэн байх боловч Инвескор ББСБ ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Авто тээврийн Үндэсний төвд гэж хаягласан албан бичигт /1хх-90/ Тоёота приус маркийн 7473УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэгдсэн фидуцийн гэрээний үүргийн биелэлт хангагдаж дуусгавар болсон талаар дурдсан, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /фидуци/ ... үүрэг гүйцэтгэгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүрэгтэйн гадна энэ нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар үүрэг дуусгавар болсон гэж үзнэ.

 

Харин энэхүү үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний үүрэг гүйцэтгэгч болох М.Б нь 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “... гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсний гадна тэрээр одоогоор ямар нэгэн иргэний нэхэмжлэл гаргаагүй байх ба  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан ... хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүнийг иргэний нэхэмжлэгчээр мөрдөгч, прокурор, шүүх тогтоох эрхтэй тул гэрч М.Б нь ийнхүү иргэний нэхэмжлэл гаргасан тохиолдолд шүүх өөрөө иргэний нэхэмжлэгчийг тогтоох боломжтой.

 

Улмаар гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн этгээдүүд нь хэнд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргахаас шалтгаалан холбогдох иргэний хариуцагчийг буюу хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих  этгээдийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1, 2-т нийцүүлэн тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлд  зааснаар гэм хор учруулснаас үүсэх хариуцлагын асуудлыг шийдвэрлэх боломжтой юм.

 

Иймд анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан дээрх үндэслэлүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа гэж үзэх үндэслэлгүй тул энэ талаарх прокурорын эсэргүүцлийг хангаж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

                Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЗ/244 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж, прокурор Г.А-н эсэргүүцлийг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2, 14.3 дугаар зүйлд зааснаар яллагдагч Т.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БОЛОРМАА

 

                                ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

                                                                                                           

                                                                                    Н.БАТЧИМЭГ