Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 1241

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 182/ШШ2019/00781 дугаар шийдвэртэй

                         

Нэхэмжлэгч Э.Б-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “ЭТ Т” ХК-д холбогдох

 

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийг нөхөн бичүүлж баталгаажуулахыг даалгах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, хариуцагчийн өмгөөлөгч Э.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч Э.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2011 оны 5 дугаар сарын 9-ний өдөр анх зохион байгуулагч гэдэг албан тушаал дээр ажилд орж байсан. Ингээд 2014 онд мөн хууль бусаар ажлаас халагдаад шүүхээр ажилдаа эгүүлэн тогтоолгож байсан. Тус компанид тогтвортой ажиллаж, ажил үүргээ сайн гүйцэтгэж байсан. Тус компанийн анхны экспортын ачааг гаргах үйл ажиллагааг гардан зохион байгуулж байсан.

2018 оны 10 дугаар сарын 5-ны өдөр би хуваарийн дагуу ээлжээр ажиллаж байсан бөгөөд миний хувьд өдрийн цагаар буюу өглөө 7.00 цагаас орой 19.00 цаг хүртэл ажилладаг. Бусад үед шаардлагатай тохиолдолд уурхай дээр дуудагдаж ажилладаг. Тухайн өдөр талбайн мастерт ажил үүргийн наряд өгөөд ажлаасаа буугаад амарч байтал араас талбайн мастер С.Эрдэнэжаргал хэсэг ажилчид согтуу байна гэж хэлсний дагуу уурхайд очиход нэр бүхий 3 ажилтан амралтын цагаар кэмп дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэсэн тайлбартай байсан. ХАБ-ын ажилтнууд анхны тайлбар авсан, драйгераар үлээлгэсэн гэж байсан. Намайг очиход 2 дахь удаагийн сорил авсан бөгөөд тэгэхэд эхнийхээсээ багассан байна гэсэн мэдээлэл өгсөн, би сорилын үр дүнтэй бүрэн танилцаагүй. Яг сүүлд бүрдүүлсэн материал дээр гарын үсэг зурсан. Тухайн 3 ажилтны материалыг бүрдүүлээд байхад сорил авсан н.Шинэбаяр гэдэг ХАБ-ын ажилтан дахин сорил авсны дараа уурхайд ажилтай боллоо гээд явсан ба ХАБ-ын ажилтан Г.Энхбаяр хамт байсан. Би бас ажилтнуудтай уулзаж яриа хийсэн, талбайн мастер С.Эрдэнэжаргал надаас энэ хүмүүсийг яах вэ, ажил их байгаа, машин ихтэй, 3 ажилтан буугаад явчихаар ачаалал ихэснэ гэж асуусан. Би тухайн үед нэгэнт ийм байдал үүссэн, тус хүмүүсийг уурхайгаас гаргасан гэж материал бүрдүүлсэн байна, өөр дуудах ажилтан байхгүй байна, ХАБ-ын ажилтнаас асуучих гэж хэлсэн.С.Эрдэнэжаргал талбайн мастер станцаар энэ хүмүүсийг яах вэ гэж асуухад н.Шинэбаяр нь өөрсдөө шийд гэдэг хариуг станцаар өгсөн. Тухайн үед ХАБ-ын ажилтан Г.Энхбаяр миний хажууд байсан бөгөөд н.Шинэбаяр ингэж хэлж байна, яах вэ гэхэд та шийд гэсэн. Би тухайн үед тодорхой чиглэл өгөөгүй, ХАБ-ын мэргэжилтнүүд зөвшөөрөөд ажилд гаргаж болно гэвэл энэ шөнө ажилд гаргачих, маргааш өглөө шуурхай дээр танилцуулъя гэдэг чиглэл өгсөн. Гаргахаар бол шөнийн хоолны дараа, ХАБ-ын ажилтнуудад дахиж үзүүлээд зөвшөөрлийг нь авч байж гаргаарай гэдэг чиглэлийг амаар өгсөн. Ингээд би явсан. Маргааш нь ажилдаа ирсэн боловч тэр өдөр ар гэрт гачигдал гараад чөлөө аваад явсан. Тухайн үед болж өнгөрсөн процесс бол энэ. Миний хувьд талбайн мастеруудад ажлын наряд өгдөг бөгөөд талбайн мастерууд нь ажилтнууд болон бусад талбай дээр ажилладаг ажилчдад наряд өгдөг. Гаалийн бүртгэлийн ажилтанд гаалийн хяналтын бүртгэлийн хэлтсийн эрхлэгч нь наряд өгдөг. Ийм ажил үүргийн хуваарийн дагуу явдаг. Би хэлтсийн даргыг орлож ажилласан ч миний өөрийн үндсэн чиг үүрэг өөрчлөгддөггүй, би талбайн мастерыг даваад бусад ажилчдад наряд өгөх ёстой үүрэг байхгүй, зөвхөн хэлтсийн даргын шийдвэрлэх шаардлагатай асуудал гарсан үед хэлтсийн даргыг төлөөлж ажилладаг.

Уурхай дээр ямар нэг зөрчил гаргасан тохиолдолд тэр хүнийг уурхайгаас гаргах, эс гаргах гэдэг эрх нь ХАБ-ын ажилтанд олгосон эрх байдаг. Манай компанийн ХАБ-ын ажилтнууд гүйцэтгэх захирлын шууд удирдлага дор ажилладаг, аюулгүй байдал талаасаа төлөөлж ажилладаг хүмүүс юм. Тэгээд намайг амраад кэмп рүү явсны дараа тухайн хүмүүсийг ажилд гаргачхаад дараа нь миний буруу байсан мэтээр удирдлагууд шийдвэр гаргаж надад ийм арга хэмжээ авч байгаад би харамсаж байгаа юм. Би хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргаагүй тул урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна. ХАБ-ын ажилтан хэзээ ч ахлах ажилтнуудад зөрчил гаргасан, ялангуяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ажилчдыг ахлах ажилтан, хэлтсийн удирдлагуудад хүлээлгэж өгдөггүй, тийм журам ч байхгүй. Шууд уурхайн бүсээс гаргах эрх нь ХАБ-ын ажилтанд байдаг.

Миний хувьд тухайн ажилтнуудыг надад хүлээлгэж өглөө гэдэг зүйлийг сонсоогүй, хэн нь ч надад хэлээгүй. Дараа нь энэ асуудал үүссэний дараа ахлах ажилтанд хүлээлгэж өгсөн гэж тайлбар бичсэн байсан. Би тухайн ажилтнуудыг ХАБ-ын ажилтан ажилд битгий гарга гэсэн байхад гаргах ёстой гэж зөрж байгаад гаргасан зүйл надад байхгүй. Тэгэхээр би эрх мэдлээ хэтрүүлсэн гэж бодохгүй байна. ХАБ-ын ажилтнууд өөрсдөө нөхцөл байдлаа мэдэж байсан бөгөөд миний оролцоогүйгээр тухайн ажилтнуудыг гаргаж явуулахад надад татгалзах зүйл байхгүй байсан гэжээ.

 

Хариуцагч “ЭТ Т” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. “ЭТ Т” ХК-ийн ХАБ-ын мэргэжилтэн н.Энхбаяр 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдөр тухай шөнийн ээлжид ажиллахаар ирсэн Б.Идэрмаа, Э.Цэрэнханд, О.Бат-Эрдэнэ нарыг согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг Э.Б-тай хамт шалгаж тогтоосон. Тэгээд тухайн ажилтнуудыг шууд хариуцах эрх бүхий албан тушаалтан болох ахлах мэргэжилтэн Э.Б-д хүлээлгэн өгсөн гэдэг хариу тайлбар бичсэн байдаг.

Э.Б- нь талбайн мастер С.Эрдэнэжаргалд дээрх ажилчдыг ажилд нь гарга гэсэн үүрэг чиглэлийг өгсөн. Ачилт хариуцсан ахлах ажилтан Э.Б- нь дээрх 3 ажилтан согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажлын байранд ирсэн гэдэг нь шалгалт сорилоор илэрчхээд байхад компанийн дүрэм журмын дагуу таслан зогсоож, ажлын байрнаас явуулах арга хэмжээ аваагүй. Ажилд гаргахгүй байх ёстой байтал ажилд гаргасан. Хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлийн дүрэм журам болох компанийн дүрмийн 4.1 дүгээр зүйлийг зөрчсөн. Э.Б-гийн энэхүү үйлдэл нь хөдөлмөрийн гэрээ, компанийн үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа дараах дүрмийг зөрчсөн. Хөдөлмөрийн гэрээний 3.3, 4.2.2, 5.2.1, 5.2.8, 8.3.16-д заалтуудыг зөрчсөн.

Түүнчлэн манай компанийн согтууруулах ундаа мансууруулах бодисын журмын холбогдох заалтыг зөрчсөн. Дээрх заалтуудыг зөрчсөн тул гүйцэтгэх захирлын тушаалаар Э.Б-д ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Учир нь Э.Б-д өмнө нь 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б\434 дүгээр тушаалаар сануулах сахилгын шийтгэл авсан байдаг. Үүнийг уурхайн хүний нөөцийн ажилтнаас 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр утсаар болон мэйл хаягаар Э.Б-д мэдэгдсэн байдаг. Э.Б- нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа согтууруулах ундаа хэрэглэсэн ажилтнуудыг ажилд гаргасан зөрчлийг давтан зөрчил гаргасан гэж үзээд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтан сахилгын зөрчил гаргасан, мөн түүнчлэн хөдөлмөрийн гэрээний 1.2-т заасан ажилтан албан тушаалын дагуу өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, мөн бусад гүйцэтгэх захирлын тушаал дээр дурдсан заалтуудыг үндэслээд энэ хүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

Гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/539 дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлтэй юм. Иймээс Э.Б-гийн “ЭТ Т” ХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Б-г урьд эрхэлж байсан “ЭТ Т” ХК-ийн Ачилт экспортын албаны ачилт хариуцсан ахлах мэргэжилтний ажилд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 16 387 669 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан дээрх олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, татвар, хураамжийг тооцон нэхэмжлэгч Э.Б-гийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 239 888 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сарантуяа давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт "Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ", 40.2 дахь хэсэгт "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Э.Б- нь 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдөр 23 цагийн орчимд согтуурлын зэрэг тогтоох сорилыг Б.Идэрмаа, Э.Цэрэнханд, О.Бат-Эрдэнэ нарт хийсэн тус ажилтнуудыг согтуу гэдгийг мэдсээр байж ажилд гаргасан зөрчил гаргасан нь Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.1, 5.2.8-д заасан үүргээ биелүүлээгүй, 8.3.2-д зааснаар эрх мэдлээ хэтрүүлсэн, 8.3.16-д зааснаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн заавар журам горим зөрчсөн ноцтой эөрчил гаргасан, Хөдөлмөрийн гэрээний 3.3-д заасан Хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн тул тус гэрээний 4.2.2-д зааснаар эрх мэдлээ хэтрүүлсэн, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн ноцтой зөрчил гаргасан. Мөн ажлын байрны тодорхойлолтын 1.1-д заасан хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар гаргасан дүрэм, журмыг мөрдлөг болгох, 1.5-д заасан бусдын амь нас эрүүл мэндийг хохироох үйлдэл, эс үйлдэл хийхийг хориглох. 2.2-д заасан тушаал, заавар, журмыг дагаж мөрдөх, 2.5-д заасан удирдан зохион байгуулж, хяналт тавьж ажиллах үүргээ биелүүлээгүй бөгөөд энэ нь доорх баримтаар нотлогддог.

Г.Э-ын 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн өргөдөлд "...гурван ажилтны согтуурлын зэргийг тогтоон баримтжуулж авсан ба ажлаас буулгах гэдэг саналыг бичиж ачилт экспортын ахлах Э.Б-д хүлээлгэн өгч үндсэн ажилдаа явсан, мөн Г.Энхбаярын тайлбарт "... удирдах ажилтанд хүлээлгэж өгсөн...", С.Эрдэнэжаргалын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн тайлбарт "...тухайн үед миний бие ажилтай байсан болохоор ажлаа хийж яваад 22 цагийн орчимд энэ 3-ыг яах уу гэж ахлах Э.Б-гаас асуухад ажилд нь гаргачихдаа ачаалал ихтэй юм чинь гэсэн..." тухай дурдагдсан байдаг. Мөн Э.Б-гийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн тайлбарт "...ажилд гаргахыг талбайн мастерт чиглэл болгож зөвшөөрсөн..." гэсэн байдаг.

Э.Б- бол ачилт экспортын албаны ахлах мэргэжилтэн хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр батлагдсан дүрэм, журмыг хэрэгжүүлэх, тэр дундаа согтууруулах ундаа, мансууруулах бодисын журмыг хэрэгжүүлэн ажиллах нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үүрэгт шууд хамааралтай юм.

Гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/539 дүгээр "Э.Б-г ажлаас халах тухай" тушаалд Согтууруулах ундаа, мансууруулах бодисын журмын 3.2, 7.2.1 дахь заалтыг үндэслэсэн. Журмын 3.2-д "...ажилтан бүр согтууруулах ундаа мансууруулах бодисын хэрэглээнд хяналт тавих үүрэгтэй ба энэ журмын 3.1-д заасан албан тушаалтанд мэдэгдэх үүрэгтэй..." 3.1-д "...ерөнхий хяналтыг уурхайн хэлтэс, нэгжийн удирдлага хэрэгжүүлнэ.." гэж заасан. Тухайн хугацаанд Э.Б- ачилт экспортын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан тул нэгжийн удирдлага гэж үзнэ. Мөн журмын 7.2.1-д "...ажил үүргийг шууд хариуцах албан тушаалтан эсхүл түүний итгэмжлэгдсэн албан тушаалтан гүйцэтгэнэ..." гэж сорил хийх эрх бүхий албан тушаалтныг тодорхойлсон бөгөөд Э.Б- нь энэхүү журмын дагуу 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдөр 23 цагийн орчимд согтуурлын зэрэг тогтоох сорилыг Б.Идэрмаа, Э.Цэрэнханд, О.Бат-Эрдэнэ нарт ХАБ-ын мэргэжилтэн Г.Энхбаяр, мастер С.Эрдэнэжаргал нартай хамтран хийж энэ тухай бүртгэлд гарын үсэг зурсан байдаг. Г.Энхбаярын 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн өргөдөлд "...гурван ажилтны согтуурлын зэргийг тогтоон баримтжуулж авсан ба ажлаас буулгах гэдэг саналыг бичиж ачилт экспортын ахлах Э.Б-д хүлээлгэн өгч үндсэн ажилдаа явсан, Г.Энхбаярын тайлбарт "... удирдах ажилтанд хүлээлгэж өгсөн...", С.Эрдэнэжаргалын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн тайлбарт "...тухайн үед миний бие ажилтай байсан болохоор ажлаа хийж яваад 22 цагийн орчимд энэ 3-ыг яах уу гэж ахлах Э.Б-гаас асуухад ажилд нь гаргачихдаа ачаалал ихтэй юм чинь гэсэн..." тухай дурдагдсан байдаг.

Э.Б- 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа "...ажилд гаргахыг талбайн мастерт чиглэл болгож зөвшөөрсөн..." гэсэн байдаг. Дээрх нотлох баримтаас үзэхэд ХАБ-ын мэргэжилтэн Г.Энхбаяр нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн 3 ажилтанг удирдах ажилтан буюу Э.Б-д хүлээлгэн өгсөн. Э.Б- нь С.Эрдэнэжаргалд тус 3 ажилтныг ажилд гаргах чиглэл өгч согтууруулах ундаа хэрэглэсэн ажилтнуудыг ажилд гаргасан нь согтууруулах ундаа, мансууруулах бодисын журмын 3.2, 7.2.1 дахь заалтыг зөрчсөн зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Гэтэл анхан шатны шүүх Э.Б-г үүргээ зөрчсөн гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүхээс ажил олгогчийн зүгээс зөрчил гаргасан буруутай үйлдэлд ажилтнуудад авсан сахилгын шийтгэлийг үнэлээгүй, үгүйсгэж байгаа нь Үндсэн хуулийн шударга ёсны зарчмыг алдагдуулсан үйлдэл болсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл үйл явдал болсон согтууруулах ундаа хэрэглэсэн 3 ажилтан, хөдөлмөр хамгааллын ажилтан, талбайн мастерт авсан сахилгын арга хэмжээ өнөөдөр хүчин төгөлдөр маргаан байхгүй атлаа тухайн 5 хүнийг сахилгын арга хэмжээ авахад гол нөлөөлсөн, ажилд гарахыг зөвшөөрсөн Э.Б-д оноосон сахилгын шийтгэлийг хүчингүй болгож байгаа нь бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр гэж үзэхгүй байна.

Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитоор үнэлээгүй гэж үзэж байна. Тухайлбал, Э.Б- нь ачилт экспортын албаны даргын үүргийг орлон гүйцэтгэж байсан бөгөөд тухайн албан тушаал нь ачилт, экспортын хэсэгт ажилтнуудын ажил үүргийг хэвийн явуулах, холбогдох дүрэм, журмыг хангаж ажиллуулах, ажилтнуудад хууль ёсны шаардлага тавих ажилд гаргах, буулгах эрх бүхий этгээд байтал энэ эрхээ хэтрүүлж согтууруулах ундаа хэрэглэсэн 3 ажилтныг ажилд гаргасан үйлдлийг үгүйсгэж шийдвэрлэсэн. Мөн дүрэм, журмын зүйл заалтыг буруу тайлбарласан гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн "Э.Б-г ажлаас халах тухай" Б/539 дүгээр тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа бөгөөд энэ ажилтантай хамтран ажиллахад гарч байсан зөрчил, дутагдлын талаарх нотлох баримтуудыг анхан шатны шүүхээс үнэлээгүй. Иймд давж заалдах шатны шүүхээс Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 182/ШШ2019/00781 дугаар шийдвэр иргэн Э.Б-гийн “ЭТ Т” ХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Э.Б- нь хариуцагч байгууллагад холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

            Ажил олгогч “ЭТ Т” ХК-ийн гүйцэтгэх захирлын дээрх Б/539 тоот тушаалаар Э.Б-г ажлаас чөлөөлөхдөө сахилгын давтан зөрчил гаргасан гэж үзэж уг тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан заалтуудыг баримталж, ажлаас халсан үндэслэлээ Э.Б-г сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа согтууруулах ундаа хэрэглэсэн 3 ажилтанд ажлын наряд өгч шөнийн ээлжийн ажилд гаргасан ноцтой зөрчлийг гаргасан гэж үзсэн байна. / 1 хавтас 5 дугаар тал/

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Ачилт экспортын албаны даргын орлон гүйцэтгэгчээр Э.Б- 2018 оны 9 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 5-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсан, 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн орой 2 дугаар ээлжинд улиран ажиллах байсан тус албаны ажилчид болох Б.Идэрмаа, Э.Цэрэнханд, О.Бат-Эрдэнэ нар согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь согтуурлын зэрэг тогтоох сорил хийсэн тухай бүртгэлүүд, мэдэгдлийн хуудсуудаар нотлогдсон байна. /1 хавтас 66-71 дүгээр тал/

 

Хэргийн 24 дүгээр талд нэхэмжлэгч Э.Б-гийн ажлын байрны тодорхойлолт авагдсан, уг тодорхойлолтод ачилт хариуцсан ахлах мэргэжилтэний харьяалан удирдах албан тушаалтанд гаалийн хяналтын бүсийн эрхлэгч, талбайн мастер, Цагаан хад дахь гааль хяналтын талбайн зохицуулагч зэрэг ажилтан орохоор заасан байна.

 

Талбайн мастерын ажлын байрны тодорхойлолтоор зохицуулагч, автожингийн ажилтан, туслах ажилтан, дохиочин зэрэг ажилтныг шууд удирдлагаар хангаж ажиллахаар тус тус зааснаас үзэхэд, дээрх 3 ажилтанд ажлын зааварчилгаа өгөх тэднийг шууд удирдан ажиллах ажилтан нь талбайн мастер гэж шүүх үзсэн нь буруу биш байна.

 

            Ажил олгогчийн ажилтан Э.Б-г сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа согтууруулах ундаа хэрэглэсэн 3 ажилтанд ажлын наряд өгч шөнийн ээлжинд гаргасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэл нь ажилтны харьяалан удирдах албан тушаалтанд хамаарахгүй байна гэж шүүх дүгнэсэн нь зөв болжээ.

 

            Иймд анхан шатны шүүх ажил олгогч байгууллага Э.Б-г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халсан тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн, түүнийг эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлж тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй болно.

 

Э.Б- байгууллагынхаа Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчээр сонгогдсон ажиллаж байгаа бөгөөд Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачилгаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулахыг хориглоно” гэж заасан байна.

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийг 2 847 693 төгрөгөөр тооцон тодорхойлж, ажилгүй байсан 122 хоногийн цалинтай тэнцэх олговорт 16 387 669 төгрөгийг хариуцагч байгууллагаас гарган нэхэмжлэгчид олгосон нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7 дахь заалттай нийцжээ.

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан дээрх хугацааны олговроос холбогдох шимтгэл, татвар, хураамжийг тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 182/ШШ2019/00781 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч “ЭТ Т” ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239 889 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.ОЮУНХАНД

 

                                          ШҮҮГЧИД                                     Д.ЦОГТСАЙХАН

 

Ц.ИЧИНХОРЛОО