Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2023/00565

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2023/00565

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух хаягтай, *** ургийн овогтой ***ын *** /РД:***/,

 

Хариуцагч: *** тоот хаягт оршин байх, *** ХХК /РД:***/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 4,061,437.5 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б***

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан,

/Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.*** нь хариуцагч *** ХХК-иас 4,061,437.5 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. Нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

Миний бие нь 2022 оны 2 дугаар сарын 13-ны өдөр *** ХХК-тай зуучлалын үйлчилгээ үзүүлэх *** дугаартай гэрээг байгуулж гарын үсэг зурснаар хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон. Уг гэрээний дагуу зуучлагч нь зуучлуулагч талд урьдчилгаа 1250 евро буюу гэрээ байгуулсан 2022 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Монгол банкны ханшаар 4,061,437.5 төгрөгийг бүрэн төлсөн бөгөөд *** ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримтаар нотлогдож байна. Нидерланд улсын ажлын визний зуучлалд ажлын урилга 15 хоногт, виз 1 сарын хугацаанд гаргуулахаар тус тус тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл визтэй холбоотой нэг ч ажиллагаа хийгдээгүй. 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр компанид хандан хэлсэн хугацаандаа явуулаагүй 7 сар болсон тул яаралтай мөнгийг эргүүлж өгөхийг шаардаж хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг мэдээллийн ажилтан хүлээн аваад ажлын 5 хоногт хариу өгнө гээд 2 сар боллоо. Иймд зуучлалын гэрээний урьдчилгаа төлбөр болох 1250 евро буюу 4,061,437.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: *** ХХК нь аялал, зуучлал, баталгаат орчуулга, боловсролын төв бөгөөд өргөдөл гаргагч Б.*** 2022 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Нидерланд улсын ажлын байранд зуучлах, зөвлөгөө мэдээлэл өгөх, материал бүрдүүлэхэд туслах, зуучлах гэрээ байгуулсан. Дэлхий нийтэд тархсан ковид цар тахлын үеийн нөхцөл байдлаас шалтгаалж холбогдох байгууллагууд болон Нидерланд улс дахь жуучлалын хөл хориотой виз мэдүүлэх, гадны иргэн хүлээж авах боломжгүй зэрэг хүндрэл гарсны улмаас виз мэдүүлэх хугацаа хойшилсоор ирсэн. Гэтэл дээрх нөхцөл байдлыг удаашралтай байна гэж үзэн манай компаниас гэрээг цуцлах хүсэлт тавьснаар бид төлбөрийг гэрээний дагуу боломжоороо төлнө. Б.*** ийн өргөдөлд дурдсаны дагуу миний *** тоот дансанд 4,061,437 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс гэрээний 4.2-т зааснаар 10 хувь болох 406,143 төгрөгийг суутган үлдэгдэл төлбөр болох 3,655,294 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хүлээн зөвшөөрсөн төлбөрийг 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн дотор төлж барагдуулах нөхцөлтэйгээр эвлэрэх саналтай байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгч шүүхэд 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 542 дугаартай Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ, *** ХХК-д 4,061,437.5 төгрөг төлсөн бэлэн мөнгөний орлогын баримтын хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.*** болон *** ХХК-ийн хооронд 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулжээ.

 

Уг гэрээний гол зүйлийг талууд ...зуучлагч *** ХХК нь Нидерланд улсын ажлын байранд зуучлах буюу элчин сайдын яаманд виз мэдүүлэхтэй холбоотой баримтуудыг бүрдүүлэн өгөх, Нидерланд улсад очиход албан ёсны төлөөлөгчөөрөө дамжуулан онгоцны буудлаас тосох, онгоцны буудлаас амьдрах байранд хүргэж өгөх, эхний танилцуулгыг хийх, зуучлуулагч Б.*** тохирсон ...4,061,437.5 төгрөгийн төлбөрийг төлөх, ...гэрээний байгуулснаас хойш ажлын урилга 15 хоногт ирэхээр харилцан тохирсон байна.

 

2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Б.*** нь хариуцагч *** ХХК-д холбогдуулж 4,061,437.5 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гаргаж шүүхэд хандсан. Тэрээр өөрийн шаардлагын үндэслэлээ ...Хариуцагч нь гэрээний дагуу визтэй холбоотой нэг ч ажиллагаа хийгдээгүй учир би өгсөн мөнгөө буцаан шаардана гэжээ.

 

Дээрх гэрээний дагуу хариуцагч *** ХХК нь нэхэмжлэгчээс 4,061,437 төгрөгийг хүлээн авсан талаараа маргаагүй. Харин нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрсөн татгалзлаа ...гэрээний 4.2-т зааснаар 10 хувь болох 406,143 төгрөгийг суутган үлдэгдэл 3,655,294 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэж тайлбарласан байна.

 

Нэхэмжлэгч Б.*** болон *** ХХК-ийн хооронд 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний заалт, агуулгаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Тодруулбал, зуучлуулагч буюу даалгавар өгөгч нь зуучлагчийн үйл ажиллагааны тусламжтайгаар гуравдагч этгээдтэй хүссэн гэрээгээ байгуулсан нөхцөлд тохирсон хөлсийг зуучлагчид төлөх хуулийн зохицуулалттай.

 

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт ...аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ... гэж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт ...хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй болно гэж тус тус заасан.

 

Иргэний хэргийн оролцогчдоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбар нотлох баримтаар үнэлэгдэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2.2, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд заасан.

 

Нэхэмжлэгчийн ...хариуцагч нь гэрээний дагуу визтэй холбоотой нэг ч ажиллагаа хийгдээгүй учир би өгсөн мөнгөө буцаан шаардана гэсэн тайлбарыг хариуцагчийн зүгээс ямар нэг байдлаар эсэргүүцээгүй. Энэ байдлыг хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбартай харьцуулан судлахад нэхэмжлэгчийн ...гэрээ биелэгдээгүй гэсэн үндэслэлээр гэрээ цуцлах саналыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байна. Тодруулбал, талуудын байгуулсан гэрээний харилцаа дуусгавар болсон, энэ талаар хариуцагчийг маргаагүй гэж үзнэ.

 

Иймд хариуцагчаас 4,061,437.5 төгрөгийг буцаан гаргуулж олгох нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчид өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох, нотлох баримтаа шүүхэд цуглуулж өгөх үүрэгтэй ба энэхүү үүргийнхээ хүрээнд гэрч асуулгах, шинжээч томилуулах, үзлэг болон туршилт хийлгэх, шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах зэрэг эрхүүдийг эдэлдэг.

 

Дээр дурдсанчлан хариуцагч ...гэрээний 4.2-т зааснаар 10 хувь болох 406,143 төгрөгийг суутган үлдэгдэл 3,655,294 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэж тайлбарласан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс үзэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээг цуцалсан тохиолдолд гэрээний дагуух урьдчилгаа төлбөрөөс 10 хувийг шимэгдүүлэн үлдэгдэл төлбөрийг буцаан олгохоор тусгажээ. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс нэхэмжлэгч тал нь хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй гэсэн үндэслэлээр татгалзаж байх тул хариуцагчийн уг тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,933 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *** ХХК-иас 79,933 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*** т олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч *** ХХК-иас 4,061,437.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*** т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,933 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *** ХХК-иас 79,933 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*** т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН