| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2022/03740/И |
| Дугаар | 102/ШШ2023/00632 |
| Огноо | 2023-02-06 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2023/00632
| 2023 оны 02 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2023/00632 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, шүүгч Ч.Батчимэг, А.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, *** ургийн овогт ***ийн *** /РД:***/,
Хариуцагч: *** тоотод оршин суух, *** ургийн овогт ***ны *** /РД:***/,
гэм хорын хохиролд 1,789,620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч Д.*** ,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У***,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.*** нь Б.*** т холбогдуулан гэм хорын хохиролд 1,789,620 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Би *** тоотод оршин суудаг билээ. Манай дээд айл буюу тус байрны 13 тоотын оршин суугч нь байраа түрээслүүлдэг бөгөөд түрээслэгч нар нь удаа дараа их хэмжээний ус алдаж надад хохирол учруулаад байна. 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдөр угаалгын өрөөний таазнаас ус гоожиход би дээд айл буюу 13 тоотын оршин суугчидтай орж уулзсан. Оршин суугчид уучлаарай, санамсаргүй юм боллоо гэхэд би хүлээцтэй хандаж дахиж ус алдвал гаргана шүү гэж анхааруулаад өнгөрсөн. Гэтэл 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 17 цагийн орчимд гэртээ ирэхэд дээд айлаас их хэмжээгээр ус алдаж коридорт ус тогтсон, өрөөнүүдийн тааз, ханын эмульс урсаж обой хуйларсан, унтлагын өрөөний хивс нэвчиж норсон, цонхны тавцан дээр ус тогтсон байдалтай байв. Удалгүй дээд айлын түрээслэдэг залуу хаалга тогшиж орж ирээд ус алдсан байдлыг хараад хивс угаалгын төлбөрт 100,000 төгрөг өгье, биднийг уучлаач гэхэд би дахиад хүлээцтэй хандаж асуудал үүсгээгүй өнгөрсөн. Гэвч 2022 оны 7 дугаар сарын 7-ноос 7 дугаар сарын 20-ны хооронд хөдөө яваад ирэхэд дахин ус алдсан байдалтай байв. Улмаар би 13 тоот орон сууцны өмчлөгч Б.*** тэй 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр утсаар холбогдож түрээслэгч нар нь удаа дараа их хэмжээгээр ус алдаад байгаа талаар мэдэгдээд ирж нөхцөл байдалтай танилцахыг хүссэн. *** нь 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр утсаар залгаад орцны гадаа гараад ирээч гээд очиход түрээслэгч залуугийн хамт зогсож байв. Миний бие *** ийг ус алдалтын үр дагавартай орж танилцахыг санал болгосон боловч шаардлагагүй, энэ залуугаас би тайлбарыг сонсчихлоо, та 2 учраа ол гээд явсан. Дээд айл буюу 13 тоот орон сууцыг түрээслэгч нар хохирлын асуудлыг үл тоомсорлож, байрны эзэн Б.*** учруулсан хохирлыг арилгуулах арга хэмжээ авахаас татгалзаж өнөөдрийг хүртэл асуудлыг шийдэхгүй байгаа тул шүүхэд хандсан. Учирсан хохиролтой холбоотой хөрөнгийн үнэлгээний Вендо компанид хандаж хохирлын үнэлгээ хийлгэхэд 1,701,620 төгрөгийн үнэлгээг тогтоосон. Хариуцагч Б.*** ээс байрны засвар хийх зардал болох 1,701,620 төгрөг, хохирлын үнэлгээ хийлгэсэн төлбөр 88,000 төгрөг, нийт 1,789,620 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У*** хариу тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсанаар өмнө нь ус алдсан гэх шалтгаанаар нэхэмжлэгчтэй уулзахад ахдаа 100,000 төгрөг өгчих гомдолгүй гэж хэлээд авсан. Түүнийгээ шүүхэд өгсөн нэхэмжлэлдээ хивс угаалгын төлбөр гэж өгсөн гээд өөрөөр бичсэн байна. Хивс бохирдтолоо ус алдсан бол гэрээ усанд живүүлсэн хүн 100,000 төгрөг аваад хохиролгүй гэх юу бол. Нэхэмжлэгч байнгын эрүүл согтуу нь мэдэгдэхгүй хөгжим орилуулж, гэр орондоо амар тайван байх боломж олгодоггүй. Нэг удаа өдөржин хөгжмөө орилуулаад, би доошоо бууж очоод Ахаа, хүүхэд унтахгүй байна. Наад хөгжмөө болиоч, эсвэл суллачих гэхэд Танайх манай дээрээс ус алдаа биз дээ. Би юу дуртайгаа хийнэ гээд үргэлжлүүлэн орилуулсаар байсан. Нэхэмжлэгч манай өмнө байсан айлыг хэд хэдэн удаа аймшигтай ус алдаж байсан гэж бидэнд хэлж байсан боловч тэр тухайгаа нэхэмжлэлдээ огт дурдаагүй нь эргэлзээтэй байна. Би зун хөгжмөө сулла гэж шаардлага тавихаар ороход гэр нь нэхэмжлэлдээ хавсаргасан зураг шиг байдалтай болчихсон байсан нь манайхаас өмнө тийм байдалтай болсон байхыг үгүйсгэж болохгүй юм. 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр миний бие аав, дүүгийн хамт гэртээ байсан. Нэхэмжлэгч хаалга цохиод Танайх ус алдаад байна гэсээр орж ирсэн. Бид сандраад 00-ын өрөө, угаалгын өрөө рүүгээ орж хартал бүх зүйл хэвийн, ус алдаагүй байсан. Нэхэмжлэгч өөрөө харсан боловч ус алдаад байна гээд дайраад байсан учир өөрсдөдөө ч итгэхгүй, манай дүүгийн *** дугаараас Орон сууцны конторт дуудлага өгсөн ба слесарь Эрболд гэх хүн ирж шалгаад ямар нэг ус алдсан зүйл алга гэж хэлсэн. Нэхэмжлэгч ус алдаад байна гэж дайрсан хэвээр байсан бөгөөд та нарыг харнаа, намайг яахыг харж бай гээд явсан. Тухайн үед слесарь хүн ус алдаагүй гэж дүгнэсэн тул тоогоогүй өнгөрсөн боловч тэр явдлаас 18 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн үед өөрөө танайх ус алдаад байна гэж орж ирсэн мөртлөө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хөдөө яваад ирэхэд алдчихсан байсан гэж бичсэн. Биднийг гүтгэж, мөнгө нэхэж, байрны эзэн *** ийн дансыг битүүмжилсэнд гомдолтой байгаа. Иймд нотлох баримтын хүрээнд хуульд зааснаар шударгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Шүүхийн иргэдийн төлөөлөгч Х.*** шүүхэд бичгээр гаргасан дүгнэлтдээ: Дээд айлаас нь удаа дараа ус алддаг байсныг мэдсээр байж даатгалд даатгуулаагүй нь дутагдалтай санагдлаа. Дээд айлын дүү нь ус алдаагүй гэсэн мөртлөө 100,000 төгрөг төлсөн нь алдсанаа хүлээн зөвшөөрсөн үйлдэл гэж дүгнэж байна. Аль аль тал буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч нэхэмжлэгч талын гомдлыг үндэслэлгүй гэж үзэх боломжгүй байна гэжээ.
4.Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Нэхэмжлэл /хх 1-2/, иргэний үнэмлэхний хуулбар /хх 4/, Вендо ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт /хх 5-6/, Вендо ХХК-ийн үнэлгээний тайлан /хх 7-21/, нэхэмжлэгчийн Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 95/,
5.Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Итгэмжлэл /хх 36/, хариу тайлбар /хх 47-48/,
6.Шүүхээс дараах баримтыг бүрдүүлсэн. Үүнд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Б.Эр*** гэрчээр асуусан /хх 76/, Орон сууц нийтийн ах ахуйн удирдах газрын харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх 13 дугаар төвөөс 2022 оны 6 дугаар сарын 05, 6 дугаар сарын 21, 7 дугаар сарын 22-ны өдрүүдийн дуудлага өгсөн талаарх лавлагаа /хх 90-93/, нэхэмжлэгчийн хүсэлтээр Орон сууц нийтийн ах ахуйн удирдах газрын харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх 13 дугаар төвөөс 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр дуудлага өгсөн талаарх лавлагаа /хх 99/,
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч Д.*** нь хариуцагч Б.*** т холбогдуулж 1,789,620 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гарган шүүхэд хандсан. Шүүхээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч өөрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ ...хариуцагч Б.*** ийн орон сууцны түрээслэгч нар удаа дараа их хэмжээний ус алдаж надад хохирол учруулаад байна. ...хохирлын үнэлгээ хийлгэхэд 1,701,620 төгрөгийн хохирлын үнэлгээг тогтоосон гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч ...Тухайн үед слесарь хүн ус алдаагүй гэж дүгнэсэн тул тоогоогүй өнгөрсөн. ...Биднийг гүтгэж, мөнгө нэхэж, байрны эзэн *** ийн дансыг битүүмжилсэнд гомдолтой гэж нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн татгалзлаа тайлбарласан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаас үзэхэд бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Харин гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсгээр зохицуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар иргэний хэргийн оролцогч өөрийн шүүхэд гаргасан шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Харин энэхүү үүргийнхээ хүрээнд шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах, шинжээч томилуулах, үзлэг болон туршилт хийлгэх, гэрч асуулгах зэрэг өргөн хэмжээний эрхийг эдэлж оролцдог.
Ус алдсан явдалд буюу нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирол хариуцагч талын буруугаас шалтгаалсан гэдгийг нотлох үүднээс нэхэмжлэгч талаас 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төв-13-д дуудлага өгсөн талаарх лавлагаа, Вендо ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан, үнэлгээ хийлгэхэд төлсөн төлбөр зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гарган өгчээ.
Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төв-13-өөс ирүүлсэн дуудлагын талаарх лавлагаанаас үзэхэд хариуцагчийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн душ холбох гэх дуудлагаар очиж уян холбоос солив, 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн ус алдсан гэх дуудлагаар очиж сэлбэг аваад дуудах зөвлөгөө өгсөн, нэхэмжлэгч 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ус алдсан гэх дуудлага өгсөн боловч дуудлага цуцалсан гэж тусгажээ. Вендо ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайланд Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 9а байр, 9 тоотод байрлах орон сууцны дээд давхараас ус алдсаны улмаас тус орон сууцанд учирсан хохирол болно. Үзлэг хийх үед тус орон сууцны өрөөнүүдийн хана таазны эмульс, замаск хууларсан, шарласан, ханын цааснууд хууларсан, засвар хуучирсан байдалтай байлаа гэж тусгасан байна. Уг дүгнэлтийг зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулан судлахад хариуцагчийн буруугаас шалтгаалж нэхэмжлэгчийн орон сууцанд ус алдсан гэж үзэхээр байна.
Хариуцагч татгалзлаа ...Би зун хөгжмөө сулла гэж шаардлага тавихаар ороход гэр нь нэхэмжлэлдээ хавсаргасан зураг шиг байдалтай болчихсон байсан нь манайхаас өмнө тийм байдалтай болсон байхыг үгүйсгэж болохгүй гэж тайлбарласан хэдий ч холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, өөрийн татгалзлыг нотлох гэж ямар нэг хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааны явцад гаргаагүй. Ийм учраас нэхэмжлэгч нь хариуцагчаас өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлыг шаардах эрхтэй.
Тодруулбал, Вендо ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн В22-228 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон 1,701,620 төгрөг, уг үнэлгээг хийлгэхэд нэхэмжлэгчийн төлсөн 88,000 төгрөг, нийт 1,789,620 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Б.*** ээс 1,789,620 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*** т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,584 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*** ээс 43,584 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*** т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН
ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ
А.САРАНТУЯА