| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2022/03327/И |
| Дугаар | 102/ШШ2023/00671 |
| Огноо | 2023-02-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2023/00671
| 2023 оны 02 сарын 08 өдөр | Дугаар 102/ШШ2023/00671 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *** *** /РД:***/,
Хариуцагч: *** /РД:***/,
Нэхэмжлэлийн шаардлага: 91.147.500 төгрөг гаргуулах тухай,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: *** -ны өдрийн *** тоот Хамтын ажиллагааны гэрээний зарим хэсгээс татгалзах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Б***,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б***,
төрийг төлөөлж прокурор Ш.С***,
гэрч Д.*** , Ц.*** , С.***,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч *** ХХК-иас 91,147,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч *** дараах байдлаар тайлбарлав. Үүнд:
2016 оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Ази Номхон далайн бүсийн /*** / өндөр дээд хэмжээний уулзалтад зориулж БНХАУ-ын Засгийн газраас хуралдаан зохион байгуулахад шаардлагатай оффисын болон зочид буудлын тавилга хэрэгслийг буцалтгүй тусламжаар ирүүлсэн. *** -ын бэлтгэл ажлын албаны даргаар Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга томилогдон ажилласан бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн *** 0 тоот тушаалын дагуу БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар ирсэн оффисын болон зочид буудлын өрөөний ком тавилгуудыг *** -ын төлөөлөгчдийг хүлээн авах зочид буудлуудад хүсэлтийнх нь дагуу хүлээлгэн өгч, тавилгын үнэ төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлэх үүргийг *** *** -т үүрэг болгосон. *** -ийн өндөр дээд хэмжээний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн ***-ны өдрийн *** дүгээр хуралдаан, ***-ний өдрийн *** дугаар хуралдаанаас гаргасан шийдвэрүүд, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын ***-ний өдрийн *** 0 тоот тушаалыг хэрэгжүүлэх хүрээнд *** , *** ХХК-ийн хооронд ***-ны өдөр *** тоот Хамтын ажиллагааны гэрээг байгуулсан. *** ХХК нь зочид буудлын зориулалттай нэг бүр нь 2,162,500 төгрөгийн үнэ бүхий стандарт өрөөний ком тавилга 13 иж бүрдэл буюу 28,112,500 төгрөг, нэг бүр нь 2,237,500 төгрөгийн үнэ бүхий люкс өрөөний ком тавилга 22 иж бүрдэл буюу 49,225,000 төгрөг, зочид буудлын ерөнхийлөгчийн өрөөний тавилгын зориулалттай нэг бүр нь 6,762,000 төгрөгийн тавилга 5 иж бүрдэл буюу 33,810,000 төгрөгийн үнэ бүхий нийт 111,147,500 төгрөгийн тавилгыг баримтаар хүлээн авсан байдаг. *** ХХК нь тавилгыг хүлээн авахдаа урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд хоёр талын 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн тооцоо нийлсэн актаар 91,147,500 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг баталгаажуулсан болно. *** ХХК-иас тавилгын үлдэгдэл төлбөрийг төлөхийг шаардсан боловч төлөөгүй тул гэрээний үүргийн дагуу *** ХХК-иас 91,147,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болгосон Хамтын ажиллагааны гэрээ нь *** -ын дээд түвшиний уулзалтыг зохион байгуулах ажлын хүрээнд БНХАУ-ын засгийн газраас техникийн буцалтгүй тусламжийн хүрээнд үнэ төлбөргүй нийлүүлж буй тавилга, тоног төхөөрөмжийг *** -ын түнш зочид буудлуудад хуваарилах харилцааг зохицуулсан ерөнхий гэрээ бөгөөд төлбөр тооцоо, үнийн талаар нарийн тодорхой заасан зүйл байгаагүй, гэрээнд нийлүүлсэн тавилга тоног төхөөрөмжийн үнийг нарийвчлан тохиролцоогүй байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй үнийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд анх хүлээн авсан нийт тавилга тоног төхөөрөмжийн үнэлгээг гэрээ байгуулсан өдрөөр буюу 2016 оны 5 дугаар сарын байдлаар үнэлүүлэхээр шинжээч томилуулсан. Хөрөнгийн үнэлгээний *** ХХК-ийн тайлангаар Хамтын ажиллагааны гэрээний дагуу нийлүүлсэн тоног төхөөрөмжийн нийт үнэлгээ нь 79,749,983 төгрөг, зочид буудлын зориулалтаар ашиглах боломжгүй тоног төхөөрөмж 13,239,040 төгрөг, өнөөгийн байдлаар бол 18,689,657 төгрөгөөр үнэлэгджээ. *** ХХК нь дээрх үнэлгээний тайлантай санал нэг байгаа. *** нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө нийлүүлэх үүргээ биелүүлээгүйгээс 18,689,040 төгрөгийн үнэ бүхий тавилга тоног төхөөрөмж өнөөдрийг хүртэл зориулалтын дагуу ашиглах боломжгүй байна. Дээрх тавилгуудыг буцааж өгөх талаар удаа дараа утсаар шаардаж байсан ч хүлээж аваагүй байдаг. Тухайн үед *** -ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.*** нь гэрээний дагуу нийлүүлэгдэх ёстой байсан тавилга тоног төхөөрөмжөөс ерөнхийлөгчийн өрөөний 1 иж бүрдэл, люкс өрөөний 2 ком тавилгыг замаас нь авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах байдлаар хүлээн зөвшөөрч байна. Нийт үнэлгээ 79,749,983 төгрөгөөс урьдчилгаанд төлсөн 20,000,000 төгрөг, Д.*** гийн авсан тавилганы үнэ 11,237,000 төгрөг, ашиглах боломжгүй, буцааж өгөх тавилгын үнэ 18,689,657 төгрөгийг хасаад 29,823,326 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
3.Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан *** -ны өдрийн 02 тоот Хамтын ажиллагааны гэрээний зарим хэсгээс татгалзах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ *** нь Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1-д зааснаар биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө нийлүүлэх үүргээ биелүүлээгүйгээс 18,689,040 төгрөгийн үнэ бүхий тавилга тоног төхөөрөмж өнөөдрийг хүртэл зориулалтын дагуу ашиглах боломжгүй хайрцаг сав баглаа боодолтойгоо байна. Иргэний хуулийн 253-р зүйлийн 253.1-д заасны дагуу *** нь ижил төрлийн бүтээгдэхүүнээр сольж өгөх үүргээ биелүүлээгүй тул биет байдлаар нь буцааж өгөх шаардлага үүсэж байна. Иргэний хуулийн 256-р зүйлийн 256.2-т хэд хэдэн эд хөрөнгийг худалдсан тохиолдолд тэдгээрийн зарим хэсэг нь доголдолтой бол гэрээг зөвхөн доголдолтой хэсгээр, хэрэв доголдолтой хэсэг нь бусад хэсэгтэйгээ нэгдмэл зориулалттай ашиглагдах бол гэрээг бүхэлд нь цуцалж болно гэж заасны дагуу Хамтын ажиллагааны гэрээний 18,689,040 төгрөгийн үнэ бүхий тавилга тоног төхөөрөмжтэй холбоотой хэсгийг цуцалж доголдолтой, зориулалтаар ашиглах боломжгүй хөрөнгүүдийг нэхэмжлэгчид буцааж өгөх болно. Д.*** гийн авсан тавилгууд нь *** ХХК-д биет байдлаар ирээгүй тул Иргэний хуулийн 254-р зүйлийн 254.3-д энэ хуулийн 251.3-т зааснаас бусад тохиолдолд худалдагч нь гэрээнд заасан тоо, хэмжээнээс дутуу эд хөрөнгө илгээсэн бол худалдан авагч уг эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзах эрхтэй хэмээн заасны дагуу Д.*** гийн авсан тавилгыг хүлээн авахаас татгалзаж байна. Д.*** гийн дундаас нь авсан тавилга 11,237,000 төгрөг, ашиглах боломжгүй, буцааж өгөх тавилга 18,689,657 төгрөг, татгалзаж буй нийт дүн 29,926,657 төгрөг гэж тайлбарласан.
4.Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны *** 0 дугаар тушаалыг хэрэгжүүлэх хүрээнд *** *** нь *** ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 02 тоот Хамтын ажиллагааны гэрээг байгуулсан. Талууд гэрээг байгуулж, *** ХХК-ийн төлөөлөгчид тавилгыг хүлээн авахдаа гэрээний хавсралтад зааснаас илүү тавилга тодруулбал люкс өрөөний тавилга 20 иж бүрдэл авахаас 22 иж бүрдлийг, ерөнхийлөгчийн өрөөний тавилга 4 иж бүрдлийг авахаас 5 иж бүрдлийг хүсэлт гарган авч, тавилга хүлээн авсан тухай актыг 2 тал үйлдсэн бөгөөд нийт 40 иж бүрдэл тавилгын төлбөр 111,147,500 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг урьдчилгаанд төлсөн. Тавилгын үлдэгдэл төлбөр нь 91,147,500 төгрөг болохыг талууд 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан. *** ХХК-ийн хариуцлагатай ажилтан Ц.*** , нягтлан бодогч С.*** нар люкс өрөөний тавилга 22 иж бүрдлийг, ерөнхийлөгчийн өрөөний тавилга 5 иж бүрдлийг авснаа гэрчийн мэдүүлгээр хүлээн зөвшөөрдөг, мөн гэрч Д.*** дээрх тооны тавилга хүлээлгэн өгснөө шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгээрээ баталдаг тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
5.Төрийг төлөөлж шүүх хуралдаанд оролцсон прокурорын тайлбар: Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн хувьд худалдах, худалдан авах гэрээний үүрэгжүүлсэн заалтаар татгалзлаа илэрхийлж байна. Иргэний хуулийн 255, 256 дугаар зүйлд зааснаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэл нь хуульд заасан шаардах эрхээ алдсан байна. Өмнө нь хариуцагч талаас ямар нэг байдлаар эд хөрөнгийн доголдлын талаар дурдаж байгаагүй. Хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлгээс харахад анхнаасаа хариуцагч компани эд хөрөнгийн доголдлыг шалгаад 4 сандлыг буцааж өгөх асуудал яригдсан байна. Шинжээчийн дүгнэлтийн хувьд аль хэсэг хэрэгт хамааралтай, уялдаа холбоотой байгааг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Тухайн хөрөнгө ямар үнэлгээтэй байсан нь хөрөнгийн үнэлгээний жагсаалтаар гаргаад ирсэн. Хариуцагчид эд хөрөнгийн доголдлыг шалгах хангалттай нөхцөл байдал байсан. Өөрсдийнхөө эрхийг тухайн цаг хугацаанд хэрэгжүүлээгүй байна. Ямар нэг байдлаар төрд төлөх төлбөрөөс хариуцагч тал зайлсхийгээд байна. Гэрээ байгуулагдсан болон гэрээний дагуу тавилга хүлээн авсан талаар хариуцагч маргаагүй, харин авсан тавилгын тоо хэмжээ, чанар дээр маргаад байна. Хэрэгт авагдсан баримтаар чанар тоо, хэмжээний асуудал тодорхой байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
6.Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 3/, Хамтын ажиллагааны гэрээний хуулбар /хх 4-5/, Итгэмжлэл /хх 14/, сөрөг нэхэмжлэлд хариу тайлбар /хх 33-34/, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын тогтоол, хавсралтын хуулбар /хх 103-106/, Зочид буудлуудын тоног төхөөрөмж, бараа материалын үнийн жагсаалт /114/, Хамтын ажиллагааны гэрээний хуулбар /хх 122-124/, Тооцооны үлдэгдлийн баталгааны хуулбар /хх 125-135/, Зочид буудлуудын тоног төхөөрөмж, бараа материалын үнийн жагсаалт /136/, Ази, Европын дээд түвшний *** дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах үндэсний зөвлөлийн *** дугаар хуралдааны тэмдэглэл /хх 137-139/, Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах үндэсний зөвлөлийн 21 дүгээр хуралдааны тэмдэглэл /хх 140-143/, Гадаад харилцааны яамны Гадаад харилцааны төв архивын ***-ны өдрийн *** тоот албан бичгийн хуулбар /хх 196/,
7. Хариуцагч нараас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Итгэмжлэл /хх 10/, хариу тайлбар /хх 18-19/, сөрөг нэхэмжлэл /хх 22-23/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 25/, Компанийн дүрэм /хх 26-29/, *** ХХК-ийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 23 № 17 дугаартай албан бичиг /хх 167/, Хамтын ажиллагааны гэрээ, хавсралт /168-171/,
8. Шүүхээс Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээний тайлан /хх 40-64/, *** ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 68-93/, гэрч Д.*** /94-97/, С.*** /98-99/, Ц.*** /хх 100-102/ нарын мэдүүлэг, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол /хх 107-112/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн хуулбар /хх 158-161/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хуулбар /хх 162-165/, 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн *** ХХК-ийн явуулсан баримт бичгийн бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /хх/.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч *** *** -ын нэхэмжлэлээс 35,573,750 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 55,573,750 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 02 тоот Хамтын ажиллагааны гэрээ байгуулагдаж *** ХХК нь зочид буудлын зориулалттай нэг бүр нь 2,162,500 төгрөгийн үнэ бүхий стандарт өрөөний ком тавилга 13 иж бүрдэл буюу 28,112,500 төгрөг, нэг бүр нь 2,237,500 төгрөгийн үнэ бүхий люкс өрөөний ком тавилга 22 иж бүрдэл буюу 49,225,000 төгрөг, зочид буудлын ерөнхийлөгчийн өрөөний тавилгын зориулалттай нэг бүр нь 6,762,000 төгрөгийн тавилга 5 иж бүрдэл буюу 33,810,000 төгрөгийн үнэ бүхий нийт 111,147,500 төгрөгийн тавилгыг баримтаар хүлээн авсан байдаг. *** ХХК нь тавилгыг хүлээн авахдаа урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөгийг төлсөн. Хоёр талын 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан үлдэгдэл төлбөр 91,147,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.
3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Хамтын ажиллагааны гэрээ нь тавилга, тоног төхөөрөмжийг *** -ын түнш зочид буудлуудад хуваарилах харилцааг зохицуулсан ерөнхий гэрээ бөгөөд гэрээнд нийлүүлсэн тавилга тоног төхөөрөмжийн үнийг нарийвчлан тохиролцоогүй байсан тул нэхэмжлэгчийн нэхэмжилж буй үнийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй. Хөрөнгийн үнэлгээний *** ХХК-ийн тайлангаар тавилга тоног төхөөрөмжийн үнэлгээг гэрээ байгуулсан өдрөөр буюу 2016 оны 5 дугаар сарын байдлаар нийт үнэлгээг 79,749,983 төгрөгөөр үнэлсэн дүнгээс урьдчилгаанд төлсөн 20,000,000 төгрөг, Д.*** гийн авсан тавилганы үнэ 11,237,000 төгрөг, ашиглах боломжгүй, буцааж өгөх тавилгын үнэ 18,689,657 төгрөгийг хасаад 29,823,326 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэсэн.
4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Иргэний хуулийн 254-р зүйлийн 254.3-д энэ хуулийн 251.3-т зааснаас бусад тохиолдолд худалдагч нь гэрээнд заасан тоо, хэмжээнээс дутуу эд хөрөнгө илгээсэн бол худалдан авагч уг эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзах эрхтэй хэмээн заасны дагуу Д.*** гийн авсан тавилга 11,237,000 төгрөг, ашиглах боломжгүй, буцааж өгөх тавилга 18,689,657 төгрөг, татгалзаж буй нийт дүн 29,926,657 төгрөг гэж тодорхойлсон.
5.Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг талууд гэрээг байгуулж, *** ХХК-ийн төлөөлөгчид тавилгыг хүлээн авахдаа гэрээний хавсралтад зааснаас илүү тавилга тодруулбал люкс өрөөний тавилга 20 иж бүрдэл авахаас 22 иж бүрдлийг, ерөнхийлөгчийн өрөөний тавилга 4 иж бүрдлийг авахаас 5 иж бүрдлийг хүсэлт гарган авч, тавилга хүлээн авсан тухай актыг 2 тал үйлдсэн бөгөөд нийт 40 иж бүрдэл тавилгын төлбөр 111,147,500 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг урьдчилгаанд төлсөн. Тавилгын үлдэгдэл төлбөр 91,147,500 төгрөг болохыг талууд 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан гэж няцаасан.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Талууд 2016 оны 5 дугаар сарын 23-ний өдөр 02 тоот Хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсан эсэх, хариуцагч *** ХХК нь *** т дээрх гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөг төлсөн талаар маргаагүй байна.
Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгчийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй тавилга тоног төхөөрөмж нийлүүлсэн, гэрээний хавсралтад заасан тоо, хэмжээнээс дутуу тавилга тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн, мөн тавилгын үнийг 50 хувь бууруулан худалдахаар санал тавьсан мөртлөө зах зээлийн үнээр төлбөрийг нэхэмжилсэн гэж маргажээ.
*** болон *** ХХК 2016 оны 5 дугаар сарын 23-ний өдөр 02 тоот Хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр *** нь БНХАУ-ын техникийн буцалтгүй тусламжийн хүрээнд хүлээн авах тавилгыг зочид буудлуудад захиалгаар нийлүүлж, *** ХХК нь хавсралтад заасны дагуу тавилга, тоног төхөөрөмжийн төлбөр, тооцоог хийж барагдуулахаар харилцан тохирсноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаанд худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
Нэхэмжлэгч *** *** -аас хариуцагч талд нийлүүлсэн тавилга, тоног төхөөрөмжийг шүүхээс томилогдсон ***-ны өдрийн 452 дугаар шинжээчийн дүгнэлтээр зах зээлийн үнэ 85,735,600 төгрөг, ***ний өдрийн *** дугаар шинжээчийн дүгнэлтээр үнэлгээ нь 2016 оны 5 дугаар сарын байдлаар 79,749,983 төгрөг гэж тус тус үнэлсэн байна. Тодруулбал, талуудын хооронд 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан Хамтын ажиллагааны гэрээ-гээр 111,147,500 төгрөгийн үнэ бүхий тавилга, тоног төхөөрөмжийг нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид нийлүүлсэн гэж нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлага болох 111,147,500 төгрөгийг тавилга, тоног төхөөрөмжийн үнийн дүнгээс 50 хувиар бууруулсан үнэ гэж үзэх боломжгүй.
Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага болох 111,147,500 төгрөгийг тавилга, тоног төхөөрөмжийн үнийн дүнг 50 хувь бууруулсан үнэ гэж тайлбарлаж зочид буудлуудын тоног төхөөрөмж, бараа материалын үнийн жагсаалт гэсэн баримтыг гаргаж өгсөн. Уг баримтаас үзэхэд хүснэгтийн эхний эгнээний төгсгөлийн 2 баганад нэгж бүрийн үнэ /зах зээлийн үнэ ойролцоогоор/ гээд энэхүү үнээр бодогдсон нийт үнийг байршуулсан байна.
Үүнээс гадна хавтаст хэрэгт авагдсан Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах үндэсний зөвлөлийн 21 дүгээр хуралдааны тэмдэглэлийн Хурлаас гарсан шийдвэр хэсгийн 5 дахь заалтаас үзэхэд БНХАУ-аас тусламжаар ирэх тавилга, тоног төхөөрөмжийг зочид буудлуудад үнийн дүнгээс 50 хувиар багасган, 30 хувийг бэлнээр төлж, үлдэгдэл 20 хувийг 2016 онд багтаан төлөх зарчмаар ажиллахыг Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх А.Баттөрд үүрэг болгов гэжээ.
Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1-д Худалдах-худалдан авах гэрээнд үнийг шууд заагаагүй бол талууд үнэ тодорхойлох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохиролцож болно гэж заажээ. Гэхдээ Иргэний хуулийн 244 дүгээр зүйлд заасан үнийг тогтооход шаардлагатай объектив шалгуурын талаар гэрээ байгуулах үед талууд тохиролцсон байх ёстой. Хэдийгээр талууд Хамтын ажиллагааны гэрээ-ндээ гэрээний зүйлийн үнийг тодорхой тусгаагүй боловч гэрээний зүйлийн үнэ зах зээлийн үнийг 50 хувь бууруулсан байхаар тохиролцсон, мөн талууд энэхүү тохиролцооны талаар маргаагүй учир хавтаст хэрэгт авагдсан дээрх үйл баримтуудыг харьцуулан судлаад нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн болох 111,147,500 төгрөгийг 50 хувиар бууруулан 55,573,750 төгрөгийг гэрээний үнэ гэж үзэх үндэслэлтэй байна.
Худалдагчийн зүгээс худалдан авагчид шилжүүлж буй хөрөнгө нь тоо, хэмжээ, чанарын хувьд худалдах-худалдан авах гэрээгээр талууд харилцан тохирч, тогтоосонтой нийцэж байвал тухайн эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэхийг Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсгээр зохицуулжээ.
Харин Иргэний хуулийн 253 дүгээр зүйлийн 253.1, 254 дүгээр зүйлийн 254.1.-д зааснаар худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй ба худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд худалдан авагч *** ХХК нь нэхэмжлэгчид хандаж ***-ны өдөр *** тоот албан бичгээр гэрээний дагуу хүлээлгэн өгсөн тавилгаас ашиглах боломжгүй тавилгыг акталж өгөхийг хүссэн гэх баримтыг гаргаж өгсөн боловч нэхэмжлэгчийн Гадаад харилцааны яамны Гадаад харилцааны төв архивын 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 14/90 тоот албан бичгээр нэхэмжлэгч байгууллагад дээрх албан бичгийг ирүүлээгүй болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл гэрээний дагуу нийлүүлсэн эд хөрөнгийн доголдлын талаар гомдол гаргасан, дээрх тавилгуудыг буцааж өгөх талаар удаа дараа мэдэгдэж байсан гэх хариуцагчийн тайлбар баримтаар нотлогдохгүй байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн баримт болох Хамтын ажиллагааны гэрээ-ний хавсралтыг хүлээлгэн өгсөн тавилга, тоног төхөөрөмжийн тоо, ширхгийг засварласан, энэхүү засварласан тоо ширхгээр хүлээн аваагүй гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан талуудын гарын үсэг зурж баталгаажуулсан тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт, гэрч Д.*** , С.***, Ц.*** нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.
Иймээс хариуцагч тал Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэрээний зүйлийн доголдлыг арилгуулах эрхээ эдлээгүй, харин нэхэмжлэгч тал мөн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан гэрээний зүйлийн доголдлыг арилгах үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хариуцагч *** ХХК нь нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжилж буй тавилга, тоног төхөөрөмжийг Хамтын ажиллагааны гэрээ-ний хавсралтад дурдсан тоо, ширхгээр Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт зааснаар 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан гэж үзнэ.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй талаар заасан. Тодруулбал, талууд гэрээгээр эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон нь баримтаар нотлогдоогүй ба хариуцагч нь эд хөрөнгийг өөрийн өмчлөлд 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлсэн авсан учир Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан эд хөрөнгийн доголдолын талаарх шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үнэ болох 55,573,750 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 20,000,000 төгрөгийг хасаад хариуцагч *** ХХК-иас 35,573,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *** *** -т олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 613,690 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 335,819 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,583 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *** ХХК-иас 35,573,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 55,573,750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 254 дугаар зүйлийн 254.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *** ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 613,690 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *** ХХК-иас 335,819 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,583 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН