Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2023/00713

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2023/00713

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *** тоот хаягт бүртгэлтэй, *** ХХК /РД:*** /,

 

Хариуцагч: *** тоотод оршин суух хаягтай, ***н ургийн овогтой ***рийн *** /РД:***/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 65,831,790 төгрөг, алданги 32,915,895 төгрөг, 254 ширхэг 10,617,200 төгрөгийн үнэ бүхий 2 метрийн урттай цагаан трубаг биет байдлаар гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э***,

Хариуцагч Э.*** ,

Гэрч Л.***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Э.*** д холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч талаас дараах байдлаар тайлбарлав. Үүнд:

*** ХХК нь иргэн Э.*** тэй ***-ний өдөр *** тоот Барилгын туслах материал түрээслэх гэрээг Иргэний хуулийн 318-326 дугаар зүйл, Компанийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн холбогдох заалтыг удирдлага болгон харилцан тохиролцож байгуулсан. Хариуцагч нь Барилгын туслах материал түрээслэх гэрээгээр нийт 2300 ширхэг бараа материалыг түрээслэн авч 2046 ширхэгийг нь буцаан хүлээлгэн өгч, үлдэх 254 ширхэг барааг өнөөдрийг хүртэлх хугацаанд буцаан хүлээлгэн өгөөгүй ашигласаар байна. Талууд сүүлийн байдлаар ***-ны өдөр түрээсийн гэрээний үлдэгдэл тооцоог нийлж үзэхэд хариуцагч нь 65,831,790 төгрөгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй мөн үлдэгдэл 413 ширхэг бараа материалын үлдэгдэлтэй гарсныг харилцан баталсан бөгөөд тооцоо нийлсэн өдрөөс хойш 168 ширхэгийг буцаан хүлээлгэн өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэлх хугацаанд дээрх төлбөрөөс огт төлж барагдуулахгүй бөгөөд санхүүгийн хүндрэлтэй байна гэх тайлбартайгаар өнөөдрийг хүрлээ. Барилгын туслах материал түрээслэх гэрээ-ний 7.2 дахь хэсэгт зааснаар 2022.06.30-ны өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл тооцоход гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцүүлэн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиар бодож 32,915,895 төгрөгийн алданги тооцов. Барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрт 65,831,790 төгрөг, алданги 32,915,895 төгрөг, нийт 98,747,685 төгрөгийг гаргуулах, 254 ширхэг 10,617,200 төгрөгийн үнэ бүхий 2 метрийн урттай цагаан трубаг биет байдлаар гаргуулах тус тус нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчаас гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: *** ХХК нь иргэн *** тэй 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр *** тоот Барилгын туслах материал түрээслэх гэрээг хийсэн. Тухайн үед Э.*** нь *** ХХК-д барилгын талбай хариуцсан менежерээр ажиллаж байсан ба одоогоор ажлаасаа өөрийн хүсэлтээр гарсан байгаа тул тус нэхэмжлэлийг тус компани хариуцах болно. Иймээс уг нэхэмжлэлийг *** ХХК-д хариуцуулан гаргаж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Нэхэмжлэл /хх1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх3-4/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх5/, итгэмжлэл /хх6/, 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Барилгын туслах материал түрээслэх гэрээ /хх7-9/, *** ХХК тооцоо нийлсэн акт /хх10/, хүлээн авсан бараа материалын акт /хх11, 12-13/, зарлагын падаан /хх14-16/, орлогын падаан /хх 17-19/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх20/,

 

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: тайлбар /хх28/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх32/,

 

5. Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр Л.***ийг гэрчээр асуусан.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр нэг талаас *** ХХК, нөгөө талаас Э.*** нар №21-280 тоот Барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр барилга барих, барилгын угсралт, засварын ажил явуулах аж ахуйн үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд нь зориулж барилгын туслах бараа материал буюу эд хөрөнгийг түрээслүүлж ашиглуулахаар, 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар, түрээсийн төлбөрийг гэрээний хавсралт №2-ийн дагуу төлж барагдуулах, түрээсийн эд зүйлийг тогтоосон хугацаанд гэрээний хавсралтаар тогтоосон актын дагуу эргүүлэн хүлээлгэж өгөхөөр тохиролцжээ.

 

2. 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч *** ХХК хариуцагч Э.*** д холбогдуулан Барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрт 65,831,790 төгрөг, гэрээгээр тохирсон алданги 32,915,895 төгрөг, нийт 98,747,685 төгрөгийг гаргуулах, 254 ширхэг 10,617,200 төгрөгийн үнэ бүхий 2 метрийн урттай цагаан трубаг биет байдлаар гаргуулах нэхэмжлэлийг гарган шүүхэд хандсан.

 

3. Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч *** ХХК болон хариуцагч Э.*** нар №21-280 тоот Барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулснаар талуудын хооронд 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр уг гэрээний харилцаа дуусгавар болжээ.

 

2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №21-280 тоот Барилгын туслах материал түрээслэх гэрээ-ний дагуу талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн ба уг гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсгүүдэд нийцсэн, хүчин төгөлдөр байна. Хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй. 

 

Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээх ба түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэхийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5 дахь хэсгүүдэд заасан.

 

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 288 дугаар зүйлийн 288.1.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2 дахь хэсгүүдэд зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаанд хөлслүүлэгч нь гэрээний үргэлжлэх хугацаанд хөлслөгчид гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан тодорхой эд хөрөнгийг бодит эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, үүний хариуд хөлслөгч нь тухайн эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Хариуцагч талаас гэрээний зүйл болох барилга барих, барилгын угсралт, засварын ажил явуулах аж ахуйн үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх зориулалтаар барилгын туслах бараа материал буюу эд хөрөнгийг эзэмшилд шилжүүлсэн талаар маргаагүй ба нэхэмжлэгчийн ...хариуцагч нь 65,831,790 төгрөгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй, мөн 254 ширхэг бараа материалыг хүлээлгэн өгөөгүй гэж тооцоолол гаргасныг хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар няцааж чадаагүй.

 

Мөн эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслөгч нь хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтын дагуу ашиглан гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх үүрэгтэйг Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5 дахь хэсэгт заасан.

 

Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагаа нотлох үүднээс хэрэгт 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Барилгын туслах материал түрээслэх гэрээ-ний тооцоо нийлсэн *** ХХК тооцоо нийлсэн акт нэртэй бичгийн баримт, зарлагын болон орлогын падаан гэсэн бичгийн баримтуудыг тус тус хавсарган өгсөн ба эдгээр баримтууд дээр нэхэмжлэгч болон хариуцагч талууд гарын үсгээ зурж, тамга даран баталгаажуулсан байх ба хариуцагч нь 254 ширхэг 10,617,200 төгрөгийн үнэ бүхий бараа материал дутуу хүлээлгэн өгсөн талаар маргаагүй бөгөөд барилгын талбайд биет байдлаар байгаа тухай тайлбар гаргасан болно.

 

Иймд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгээр зүйлийн 289.1.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Э.*** ээс түрээсийн төлбөрт 65,831,790 төгрөг, 254 ширхэг 2 метрийн урттай цагаан трубаг биет байдлаар гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгож шийдвэрлэнэ.

 

4. Түүнчлэн хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал тогтоогдож байх учир нэхэмжлэгч талд уг гэрээний холбогдох заалтууд болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан гэрээний хариуцлага буюу алданги шаардах эрх үүссэн байна.

 

Харин гэрээний үүргээ зөрчсөн хариуцагчийн гэм буруу болон гэрээний үүргийг зөрчсөн ноцтой байдлыг харгалзан үзэж алданги 32,915,895 төгрөгийг гаргуулан шийдвэрлэх нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай харшлахгүй гэж шүүх үзэв.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 837,615 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*** ээс 837,615 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 287 дугаар зүйлийн 287.1, 289.1.5, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Э.*** ээс 98,747,685 төгрөг, 254 ширхэг 2 метрийн урттай цагаан трубаг биет байдлаар гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 837,615 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*** ээс 837,615 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН