| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2022/03198/И |
| Дугаар | 102/ШШ2023/00715 |
| Огноо | 2023-02-10 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2023/00715
| 2023 оны 02 сарын 10 өдөр | Дугаар 102/ШШ2023/00715 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух *** овогт *** ын *** ,
Хариуцагч: *** тоотод байрлах*** ХХК,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С***,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М***,
хариуцагчийн өмгөөлөгч Г.А***,
хариуцагчийн төлөөлөгч *** /***/
орчуулагч П.А***,
гэрч Т.*** ,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.*** нь*** ХХК-д холбогдуулан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 11,878,064.03 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжилсэн гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагуудын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие*** ХХК-тай *** -ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан оффис менежерээр ажилд орсон. Тус компанид ажиллах хугацаанд ажлын зөрчил дутагдал гаргаагүй, гэрээгээр хүлээсэн ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн. Миний бие 2022 оны 6 дугаар сарын 24-ний өглөө ажил дээрээ ирээд ажил үүргээ гүйцэтгэж байтал компанийн ерөнхий менежер Т.*** чамайг захирал ажлаас гар гэж хэлсэн. Цагийн дараа захирал *** ирээд наад хүнээ явуул гэхээр нь би намайг ямар үндэслэлээр халж байгаа юм гэхэд хариу хэлээгүй чи зайл пизда минь гэж хэл амаар доромжилж намайг хөөсөн. Тиймээс намайг ажлаас үндэслэлгүй халсанд гомдолтой байна. Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү.
Миний бие 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 163 хоног ажилгүй байсан хугацааны цалинг тооцож 11,878,064.03 төгрөгийг*** ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчаас хариу тайлбартаа: Манай компаниас 2022 оны 4 дүгээр сард үнэгүй цэг зарын сайт дээр оффис менежер ажилд авна гэсэн зар тавьсны үндсэн дээр Г.*** холбогдсон. Манай компанийн ажилтан *** байгууллагын үйл ажиллагааг танилцуулан газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг компани үндсэн цалин эхний сар туршилтаар 1,000,000 төгрөг, туршилтын хугацаа дуусаад 1,200,000 төгрөг болж нэмэгдэнэ. Манай компани газар тариалан эрхэлдэг 361 гарам болон *** т тариалан эрхэлдэг бөгөөд хөдөө гадаа явах боломжтой машин барьдаг ажлын туршлагатай хүн авна гэж тайлбарласан. Оффис менежер 7 хоногт 2-3 удаа хөдөө очиж ажилчдын ажлыг нь шалгана гэж *** тэй ярьсан. Г.*** нь 2 хүүхэдтэй, хүүхдүүд биеэ даагаад том болсон хөдөө явж ирэхэд асуудал байхгүй, нягтлан бодогч мэргэжилтэй, машин барьдаг, гэр 3, 4-р хороололд байрлалтай ажлын байртай ойрхон гэсэн учраас компанийн захирал ***д уламжлан уулзуулсан. Тухайн үед компанид менежерийн ажил гүйцэтгэж байсан Урангоо хүсэлтээрээ 2022.05.14-нд ажлаасаа гарч Г.*** т ажлаа хүлээлгэж өгсөн. *** ийг ажилд орох үед хөдөлмөрийн гэрээ хийгдээгүй байсан. Манай ажилтан *** 2022.05.19-нд *** тэй ярьж хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоо бэлдээд гэрээндээ хийх ажлыг нарийн тусгаж өгье гээд 2022.05.27-нд *** рүү фэйсбүүкийн мессенжерээр хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг файл хэлбэрээр явуулж танилцаад зөвшөөрч байвал гэрээгээ хийгээрэй гэж байсан. Г.*** ажлаа хүлээж аваад оффис дахь бичиг баримтыг бүрдүүлж цэгцлэхээс гадна, 61-ийн гарам дахь үйл ажиллагаа явуулж байгаа газарт очин хяналт тавин худалдаж буй эрдэнэшишэд тооллого хийж бүртгэж байсан. Удалгүй *** т лууван тарих газрын гэрчилгээ болон тогны зөвшөөрөл хөөцөлдөж ажлаар хэд хэдэн удаа *** явсан, газар хагалах 18 га-д лууван тариалах ажил эхэлсэн, 61-ийн гарамаас тоног төхөөрөмж зөөх, худаг өрөмдүүлэх шаардлагатай тоног төхөөрөмж хотоос зөөх зэрэг ажил ихэссэн. *** ийг ажил ихсэж байгаатай холбогдуулан туршилтын хугацаа дуусахаас өмнө 4 дүгээр сарын 15-наас 4 дүгээр сарын 30 хүртэлх цалин 1,000,000 төгрөгөөр тооцон хоолны 100,000 төгрөг нэмж, нийгмийн даатгал өөрийнх хүсэлтийн дагуу 4-р сард нийгмийн даатгалыг бүртгэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 430,000 төгрөг төлөөд 2022.04.30-ны байдлаар 556,315 төгрөгийн цалин олгосон. *** -нээс 05.31 хүртэл цалинг 1,200,000 төгрөгөөр тооцож хоолны мөнгө өдрийн 10,000 төгрөг бодож 1,353,495 төгрөг мөн илүү цагийн нэмж тооцсон. Цалин бодож тооцож олгоход хөдөлмөрийн гэрээ хийгээгүй байсан ч хөдөлмөрийн хуулиараа 1,5 хувиар 20 цаг буюу 204,545 төгрөг илүү цагийн өмнө олгосон. *** т 2022.06.11-нд буюу ажлаас гарахаас 14 хоногийн өмнө өөрийг чинь ажиллуулах боломжгүй гэж байна энэ сараа дуусгаад гарах уу, хэзээнээс гарахаар байна, гарсан өдрөөр чинь цалинг тооцож олгоно гэж утсаар мэдэгдэхэд *** надаа ажлаад байх сонирхол алга сараа дуусгаад бүтэн цалингаа аваад гарна гээд тохирсон. *** оффист суудаг байсан бөгөөд оффист ямар нэгэн ажил явагдахгүй зүгээр суултын байдалтай байсан. 6-р сарын 24 хүртэл 21 цаг илүү ажилласан байдаг бөгөөд тэр нь 18 цагаас хойш генератор засварт өгөх, шон явуулах 61-ийн гарам явж гарын үсэг зуруулахад гарсан илүү цаг ажилласныг тооцон 225,000 төгрөг, ажилласан хоногоор дуусгавар болгон 1,318,723 төгрөг олгосон. Компани нь Голомт банктай гэрээтэй бөгөөд ажилчдын цалинг Голомт банкаар олгодог учраас *** ийг данстай бол холбуулаарай гэсэн боловч холбуулаагүй байсан болохоор *** ийн Хаан банкны данс руу шилжүүлж, *** *** ийн *** тоот Хаан банкны данс руу шилжүүлэн өгдөг байсан. *** т ажилласан ч ажиллаагүй ч нарийн тооцолгүйгээр илүү цаг болон хөдөлмөрийн хөлсийг нь бүтнээр өгсөн, хохироосон удаагүй. Мөн *** ийг хэл амаар доромжилсон тохиолдол байхгүй. Компанийн үйл ажиллагааг доголдуулахаас гадна үйл ажиллагаа хариуцсан менежерт болон миний биед сэтгэл зүйн дарамт үүсгэхээс гадна хийж чадна гэж үүрэг даалгавар авч тэрийгээ гүйцэтгэж чадаагүй байж үндэслэлгүйгээр шүүхэд манай компанид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан Хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ манай компанийн зүгээс Г.*** тэй Хөдөлмөрийн гэрээг огт байгуулаагүй байтал ***-нд Хөдөлмөрийн гэрээг байгуулсан мэтээр тус шүүхэд манай компанид холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа Хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн байна. Г.*** нь *** -ний өдөр ажлаас чөлөөлөгдсөний дараа хөдөлмөрийн гэрээг компанийн захирал *** миний гарын үсэг зурсан, тамга дарсан цаасыг ашиглаж хөдөлмөрийн гэрээ гэх толгойтой хөлсөөр ажиллах гэрээг байгуулсан болгож баримт бичиг хуурамчаар үйлдэж хөдөлмөрийн гэрээг байгуулсан мэтээр шүүхэд гаргаж өгсөн ба уг гаргаж өгсөн хөдөлмөрийн гэрээг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа мэдсэн. Г.*** тэй *** -нд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байсан нь нотлох баримтаар нотлогдоно. Г.*** нь шүүхэд хандаж ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжлэх, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийн тулд *** -ний хөдөлмөрийн гэрээ гэсэн толгойтой, хөлсөөр ажиллуулах гэрээний нөхцөлүүдтэй гэрээг захирал надтай байгуулсан мэтээр хийж өгсөн байна. Тус компанийн захирал *** миний бие хэзээ ч Г.*** тэй хөдөлмөрийн гэрээг байгуулж байгаагүй. Миний гарын үсэг, тамгатай цаасыг ямар байдлаар олж авч тус хөдөлмөрийн гэрээ гэх зүйлд ашигласныг би мэдэхгүй байна. Мөн манай компанийн зүгээс ажилчидтайгаа байгуулдаг Хөдөлмөрийн гэрээ, Хөлсөөр ажиллуулах гэрээний загваруудтай дээрх хөдөлмөрийн гэрээ нь тохирохгүй байгаа болно. Хэзээ ч хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллуулах гэрээг хооронд нь хольж бичиж гэрээг байгуулдаггүй болно. Иймд ***"ний Хөдөлмөрийн гэрээг Иргэний хуулийн 56.1.2, 56.1.8-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.
4.Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд намайг анх ажилд ороход*** ХХК-ийн Ерөнхий менежер *** нь амаржсаны амралттай, ажилдаа ирэн очин, ерөнхийдөө зайнаас ажиллаж бид нарт чиглэл өгдөг байсан. *** ийн ажлыг Урангоо менежер хийдэг байсан ба тэр хүн намайг ажилд ороход надтай хөдөлмөрийн гэрээ байгуулж захирал *** гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Менежер Урангоо ажлаасаа гарч *** менежер ажилдаа ороход би надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ шинэчлээд өгөөчээ, *** бид хоёрын хөдөлмөрийн гэрээ болохгүй байна гэж хэлээд *** над руу шинээр байгуулах гэрээний загвар, ажлын байрны тодорхойлолт явуулж, тэр гэрээ ажлын байрны тодорхойлолтод *** бид хоёр гарын үсэг зурж захиралд өгсөн ч *** гарын үсэг зурж баталгаажуулаагүй. Шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа *** захирал надтай хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаагүй мэтээр ярьж байгаа нь огт үндэслэлгүй худал зүйл байна. Тус компанид миний бие ажиллаж байх хугацаандаа ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ч байсан хамаагүй байнга илүү цагаар ажиллаж, удирдлагын өгсөн үүрэг үүрэг даалгаварын дагуу ажиллаж байсан. *** бид хоёрын харилцсан чатны зураг, мессеж нотлох баримт байгаа.*** ХХК нь намайг ажилд авахдаа тушаал гаргаж өгөөгүй, ажлаас халахдаа ч тушаал гаргаж өгөөгүй. *** захирал нь бичиг баримтад гарын үсэг зурж, тамга тэмдэг дарахдаа их нямбай шалгадаг хүн атлаа надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ санахгүй байгаа нь ойлгомжгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргажээ.
5. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 2/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 3/, *** -ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ /хх 4-6/, итгэмжлэл /хх 33/, Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 47/, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх тухай /хх 56/, нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх тухай /хх 68, 89/, Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны ***-ны өдрийн *** тоот албан бичиг /хх 69/, сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар /хх 131-132/, Нэхэмжлэлийн шаардлага тодруулах тухай /хх 134-135/,
6. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 8/, итгэмжлэл /хх 9, 17, 48, 208, 223/, хариу тайлбар /хх 14-15, 62, 84, 97, 210, 214-215/,*** ХХК-ийн дүрэм /хх 18-20/, Ажлын байр, албан тушаалтны тодорхойлолт /хх 21-22, 106/, Аж ахуйн нэгж, байгууллагын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх 23/, ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх 24/, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хх 25-27/, Ц.Э*** иргэний үнэмлэхийн хуулбар /хх 28/,*** ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2022 оны 9 дүгээр сарын тайлан /хх 65/,*** ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2022 оны 9 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт /хх 66/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 81-82/, Хөдөлмөрийн гэрээ дугаар*** /хх 103-105/, сөрөг нэхэмжлэл /хх 118-121/,*** ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2022 оны 4, 5, 6 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт /хх 200, 202, 204/,*** ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2022 оны 4, 5, 6 дугаар сарын тайлан /хх 201, 203, 205/,*** ХХК-ийн ажилчдын ирц /хх 226/,
7. Шүүхээс хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Т.*** болон Г.*** нарын фэйсбүүк мессенжер зурваст үзлэг хийсэн тэмдэглэл /хх 108-115/, Зохигчдын хүсэлтээр 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Т.*** болон Г.*** нарын фэйсбүүк мессенжер зурваст үзлэг хийсэн тэмдэглэл /хх 175-196/, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Г.*** ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 220/ бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:*** ХХК нь ажлын зөрчил дутагдал гаргаагүй, гэрээгээр хүлээсэн ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэн ажиллаж байхад намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эгүүлэн тогтоож, 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 163 хоног ажилгүй байсан хугацааны цалинг тооцож 11,878,064.03 төгрөгийг*** ХХК-иас гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: *** т ажилласан, ажиллаагүй хугацааг нарийн тооцолгүйгээр илүү цаг болон хөдөлмөрийн хөлсийг нь бүтнээр өгсөн, хохироосон удаагүй. *** нь компанийн үйл ажиллагааг доголдуулахаас гадна хийж чадна гэж үүрэг даалгавар авч тэрийгээ гүйцэтгэж чадаагүй байж үндэслэлгүйгээр гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж сөрөг нэхэмжлэл гаргажээ.
4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ манай компанийн зүгээс Г.*** тэй Хөдөлмөрийн гэрээг огт байгуулаагүй байтал *** -ний өдөр Хөдөлмөрийн гэрээг байгуулсан мэтээр нэхэмжлэл гаргахдаа Хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн байна. Г.*** нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөний дараа хөдөлмөрийн гэрээг компанийн захирал *** миний гарын үсэг зурсан, тамга дарсан цаасыг ашиглаж хөдөлмөрийн гэрээ гэх толгойтой хөлсөөр ажиллах гэрээг байгуулсан болгож баримт бичиг хуурамчаар үйлдсэн байх тул Иргэний хуулийн 56.1.2, 56.1.8-т зааснаар Хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэж тодорхойлсон.
5.Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг намайг анх ажилд ороход*** ХХК-ийн Ерөнхий менежер *** нь амаржсаны амралттай, ажилдаа ирэн очин, ерөнхийдөө зайнаас ажиллаж бид нарт чиглэл өгдөг байсан. *** ийн ажлыг Урангоо менежер хийдэг байсан ба тэр хүн намайг ажилд ороход надтай хөдөлмөрийн гэрээ байгуулж захирал *** гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. *** захирал нь бичиг баримтад гарын үсэг зурж, тамга тэмдэг дарахдаа их нямбай шалгадаг хүн атлаа надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ санахгүй байгаа нь ойлгомжгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргажээ.
6.Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Г.*** нь*** ХХК-ийн захирлын амаар гаргасан шийдвэрээр 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн оффис менежерийн албан тушаалд томилогдон ажилласан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
Тианлү Минг ХХК-ийн захирлын амаар гаргасан шийдвэрээр Г.*** ийг 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр тус компанийн оффис менежерийн ажлаас чөлөөлсөн нь талуудын тайлбараар тогтоогдож байхаас гадна энэ үйл баримтаар талууд маргаагүй.
Харин*** ХХК-ийн зүгээс Г.*** тэй дээрх томилсон албан тушаал дээр нь хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй, *** -ний өдрийн Хөдөлмөрийн гэрээг Иргэний хуулийн 56.1.2, 56.1.8-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т Хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно гэж зааснаар хариуцагч*** ХХК болон нэхэмжлэгч Г.*** нарын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна.
Тодруулбал хөдөлмөр эрхлэлтийн харилцаа гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг хэлнэ гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д заасан.
Зохигч талууд Хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан эсэх талаар маргаж байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2-д зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Хүндэтгэн үзэх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүй бол ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээс хойш ажил олгогч ажлын 10 өдрийн дотор хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулах үүрэгтэй.
Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагаа нотлох үүднээс хэрэгт *** -ний өдөр Хөдөлмөрийн гэрээ нэртэй бичгийн баримтыг хавсарган өгсөн ба уг гэрээн дээр нэхэмжлэгч болон хариуцагч талууд гарын үсгээ зурж, тамга даран баталгаажуулсан байна.
Хариуцагчийн зүгээс дээрх хөдөлмөрийн гэрээг Иргэний хуулийн 56.1.2, 56.1.8-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд Иргэний хуулийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзлэлгүй байхаас гадна хууль зүйн ямарваа үр дагавар гаргахыг хүсдэггүй. Энэ үйлдлээрээ гадна талдаа хэлцлийн дүр үзүүлэхийг урьтал болгодог. Гэтэл хариуцагч нь бодит үйлдлээрээ нэхэмжлэгч Г.*** ийг*** ХХК-д оффис менежерийн албан тушаалд томилсон шийдвэр гаргажээ.
Мөн Иргэний хуулийн 56.1.8-т хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хуульчлан тогтоосон хэлбэрийн төрлийг зөрчих, түүнээс гадна Иргэний хуулийн 50 дугаар зүйлд заасан зөвшөөрөл олгогдоогүй тохиолдолд хэлцэл хүчин төгөлдөр бус болох үр дагавартай юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээний хэлбэрийн талаар заасан ба ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэж талууд гарын үсэг зурах гэж зааснаас үзэхэд хуульчлан тогтоосон хэлбэр нь бичгээр үйлдэх, харин эрх, үүрэг бүхий гуравдагч этгээд зөвшөөрөл олгох талаар заагаагүй байна. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлэх гэх мэт шаардлага тавигдаагүй байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч эсрэг талын гаргаж өгсөн баримтыг хуурамч, хууль бусаар бүрдүүлсэн, цуглуулсан гэж үзвэл шалгуулах буюу нотлох баримтаас хасуулах эрхийг эдэлдэг. Хариуцагчийн зүгээс дээр дурдсан баримтыг компанийн захирлын гарын үсэг зурсан, тамга дарсан цаасыг ашиглаж хуурамчаар үйлдсэн гэсэн агуулгаар тайлбар өгдөг хэдий ч энэ талаар шинжээч томилуулах хүсэлт гаргаж байгаагүй, мөн эрх бүхий байгууллагаар компанийн захирлын гарын үсэг зурсан, тамга дарсан цаасыг ашиглаж хуурамч баримт үйлдсэн талаар шалгуулсан баримт хэрэгт авагдаагүй байна. Иймээс Иргэний хуулийн 56.1.2, 56.1.8-т заасан үндэслэлгүй байх тул хариуцагчийн хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн бөгөөд өөрийн татгалзлаа ...нэхэмжлэгч *** нь компанийн үйл ажиллагааг доголдуулахаас гадна хийж чадна гэж үүрэг даалгавар авч тэрийгээ гүйцэтгэж чадаагүй гэж тайлбарлаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дүгээр зүйлийн 80.1.2-т зааснаар ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон байхыг шаардах бөгөөд ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байна. Улмаар дээрх үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно.
Дээр дурдсанчлан 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр*** ХХК-ийн захирал *** нь нэхэмжлэгч Г.*** ийг тус компанийн оффис менежерийн албан тушаалд томилсон шийдвэрийг амаар гаргасан ба энэхүү албан тушаал дээр түүнтэй *** -ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзэхээр байна. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн цаашлаад нэхэмжлэгчийг ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй гэж үзсэн үндэслэлээ хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлож чадаагүй бөгөөд ийнхүү нэхэмжлэгч Г.*** ийг ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дүгээр зүйлийн 80.1.2 дэх хэсэгт нийцээгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгохоор заажээ.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3 дахь хэсэгт Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж заасан. Энэхүү журмыг 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Иймд дээрх журамд заасан аргачлалаар нэхэмжлэгчийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлсийг тооцож олгоно.
Нэхэмжлэгч Г.*** ийн сүүлийн 3 сарын цалин хөлсийг тооцохдоо 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацааны сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлвол /нэг ажлын өдрийн цалин 72,871.56x163 ажилгүй байсан хугацаа/=11,878,064.03 төгрөг болж байна.
Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл нийт 163 өдрийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 11,878,064.03 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгоно.
Түүнчлэн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговороос тооцож нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих шимтгэл төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч*** ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 204,999 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *** ургийн овогт ***ын *** ийг*** ХХК-ийн оффис менежерийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан хариуцагч*** ХХК-иас 11,878,064.03 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** ургийн овогт ***ын *** т олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.*** ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговороос тооцож нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих шимтгэл төлж, бичилт хийхийг хариуцагч*** ХХК-д даалгасугай.
4. Иргэний хуулийн 56.1.2, 56.1.8-т заасан үндэслэлгүй байх тул хариуцагч*** ХХК-ийн хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч*** ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 204,999 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН