| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2021/04015/И |
| Дугаар | 102/ШШ2023/00735 |
| Огноо | 2023-02-13 |
| Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2023/00735
| 2023 оны 02 сарын 13 өдөр | Дугаар 102/ШШ2023/00735 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух *** ургийн овогт ***ийн *** /РД:***/,
Хариуцагч: *** тоотод байрлах, *** ХХК /РД:***/,
Нэхэмжлэлийн шаардлага: 9,630,351 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б***,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хариуцагч *** ХХК-д холбогдуулан 9,630,351 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд:
Нэхэмжлэгч Б.*** 2021 оны 9 дүгээр сарын 23-нд Америкаас өөрийн дүүгийн явуулсан *** маркийн 2007 оны чирэгч толгойг өөрийн нэрээр гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн татварт 13,132,101 төгрөг тушааж машинаа гаргаж авсан. Гэтэл гаалийн татварт үндэслэлгүй өндөр татвар төлсөн болохыг дүүгээ Америкаас ярихад мэдсэн. Учир нь манай дүү уг машиныг 2500 ам.доллараар авсан бөгөөд энэ дүнгээ ачааны дагалдах бичиг баримтад тодорхой тусгаж өгсөнийг *** тээвэр зуучийн компанийн ажилтны буруугаас 28000 ам.доллар болгон өөрчлөгдсөн болохыг гаалиас ачаа гарсны дараа мэдсэн. Энэ нөхцөл байдлыг *** ХХК болох тээвэр зуучийн компанид хандаж тайлбарлахад өөрийн алдаагаа хүлээн зөвшөөрч илүү төлсөн татвараа авах боломжтой манайхаас алдаа гарсан гэдгийг албан бичгээр гаргаад өгнө гэж хэлсэн боловч 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Улаанбаатар хотын Гаалийн газарт гаргаж өгсөн албан бичигтээ бодит байдлыг үнэн зөвөөр бичилгүй өөрөөр хэлбэл өөрийн ажилтны буруутай үйлдлийн улмаас хэт өндөр татвар төлсөн эсэхийг огт тусгалгүй манайхыг хүлээн авагч тал чирэгч автомашины үнийн талаар гомдолтой байгаа тул гэх агуулга бүхий албан бичиг гаргаж өгсөн. Тус компанийн захиралтай утсаар ярихад Гаалийн Ерөнхий газарт албан бичиг хийж өгнө гэсэн боловч гаргаж өгөөгүй. Бид Улаанбаатар хотын гаальд хандсан боловч бидэнд нэгэнт Замын үүдээс орж ирэхдээ 28000 ам.доллар гэж үнэлэгдсэн үнийг бид өөрчлөх боломжгүй татварыг буцаан олгох боломжгүй, хэрэв үнэхээр 2500 ам.доллар байсныг 28000 ам.доллар болгон өөрчилсөн тээвэр зуучийн компанитайгаа учраа ол манайд ямар ч хамаагүй, хяналт шалгалт хийхгүй гэсэн хариуг өгсөн. Гэтэл миний танил ***ийн *** манайхтай адил Волво маркийн 2007 оны чирэгч толгойг 2021.11.11-нд гаалиар оруулж ирсэн бөгөөд тээвэр зуучийн компани худалдаж авсан бодит үнэ болох 3000 ам.долларыг үнэн зөвөөр гаальд мэдүүлж гаалийн татварт 3,501,750 төгрөгийг тушаасан байдаг.
Иймд *** ХХК болох тээвэр зуучийн компанийн хариуцлагагүй буруутай үйл ажиллагааны улмаас гаалийн татварт 9,630,351 төгрөгийг илүү төлсөн учраас дээрх илүү төлсөн мөнгийг тус компаниас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.*** ы зүгээс гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, итгэмжлэл /хх 4/, Б.*** ы Улаанбаатар хотын гаалийн газарт хандсан хүсэлт /хх 5/, *** ХХК-ийн Улаанбаатар хот дахь Гаалийн газарт хандсан албан бичиг /хх 6/, Б.*** ы *** ХХК-д хандсан хүсэлт /хх 7/, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /хх 9, 12/, Татвар төлсөн баримт /хх 10, 13/, *** ХХК-ийн захиралтай утсаар ярьсан бичлэг /хх 14-16/, автомашины фото зураг /хх 42-45, 70-74/, Америкийн төв банкны дансны орлого болон бусад гүйлгээ /хх 46/, Моторт тээврийн хэрэгсэл худалдан авсан баримт /хх 48/, Ирэлтийн мэдэгдэл /хх 51/, Боомтоос боомт хүртэлх холимог Cosco далайн тээврийн манифест /хх 54/, Худалдааны нэхэмжлэл /хх 56/, Баглаа боодлын тодорхойлолт /хх 58/, Зарлагын баримт /хх 125/, Гадаад харилцааны яамны 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн *** тоот албан бичгийн хавсралт материалын орчуулга /хх 137-140/,
4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх 24/, хариу тайлбар /хх 25/,
5. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: Утсаар ярьсан ярианы бичлэгт 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /хх 66-69/, Гадаад харилцааны яамны 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн *** тоот албан бичиг, хавсралт /хх 107-114/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэрэгт хавсаргасан Си Ди бичлэгт 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /хх 143-146/, гэрчээр шүүх хуралдаанд С.А*** асуусан.
6. Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: Улаанбаатар хот дахь Гаалийн газрын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн *** тоот албан бичиг, хавсралт /хх 30-37/,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Америкийн Нэгдсэн улсаас илгээсэн *** маркийн 2007 оны чирэгч толгой бүхий автомашиныг 2021 оны 9 дүгээр сарын 23-нд гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн татварт 13,132,101 төгрөг тушаасан. Гэтэл *** ХХК болох тээвэр зуучийн компанийн хариуцлагагүй буруутай үйл ажиллагааны улмаас гаалийн татварт 9,630,351 төгрөгийг илүү төлсөн учраас дээрх илүү төлсөн мөнгийг тус компаниас гаргуулна гэж нэхэмжилсэн.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Автомашины тээвэрлэлтийг хариуцсан компани Америкийн Нэгдсэн улсаас манай компани руу ажлын хөлсөө явуулсан. Манай компани Бүгд Найрамдах Хятад Ард улсаас Улаанбаатар хот дахь гаалийн газар хүртэлх тээвэрлэлтийг хариуцдаг. Манай компани нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй, ажлын хөлсөө аваагүй. Улаанбаатар хот дах гаалийн газрын байцаагч нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд заасны дагуу өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд уг автомашиныг 29000 ам.доллар гэж үнэлсэн байдаг.*** " ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж 2500 ам.долларын автомашиныг 28000 ам.доллар гэж бичсэн зүйл байхгүй. Иймд нэхэмжлэл ямар ч хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарласан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь Америкийн Нэгдсэн улсаас тээвэрлүүлж Монгол улсад 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн *** дугаартай гаалийн мэдүүлгээр 2007 онд үйлдвэрлэгдсэн *** маркийн VNL загварын цагаан өнгийн чирэгч автомашиныг гаалийн татварт 13,132,101.11 төгрөг төлж хүлээн авсан байна.
Талууд 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн *** дугаартай гаалийн мэдүүлгээр Улаанбаатар хот дахь Гаалийн газарт нэхэмжлэгч нь нийт 13,132,101.11 төгрөг төлж автомашинаа хүлээн авсан талаар маргаагүй.
Харин нэхэмжлэгч нь гаалийн татварт 13,132,101.11 төгрөг төлөхгүй 3,501,750 төгрөг төлөх байсан бөгөөд хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болж 9,630,351 төгрөг илүү төлсөн учир хариуцагчаас гаргуулна гэж маргасан.
Хариуцагч *** ХХК нь Америкийн Нэгдсэн Улсын ETS Logistics тээвэр зуучлалын компанитай байгуулсан Тээвэрлэлтийн гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу Монгол улсад автомашиныг нэхэмжлэгч талд хүргэсэн байна.
Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг харилцан хүлээхийг Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан.
Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.2-т зааснаар Зорчигч буюу ачаа, тээшийг тээвэрлэх нөхцөл, тээвэрлэлтийн талаар талуудын хүлээх хариуцлага нь хууль, хуульд нийцсэн тодорхой төрлийн тээврийн дүрмээр тодорхойлогдоно.
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т мэдүүлэгч нь өөрийнхөө сонгосон гаалийн үнийг тодорхойлох арга болон гаалийн үнийг тодорхойлсон бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгөх үүрэгтэй гэж, 8 дугаар зүйлийн 8.1-д гаалийн үнийг тодорхойлох арга болон гаалийн үнийг мэдүүлэгч үнэн зөв, бодитой тодорхойлсон эсэхийг гаалийн байгууллага шалгаж, шийдвэр гаргана гэж тус тус заажээ.
Мөн Гаалийн байгууллага нь бодит мэдээллийг үндэслэн гаалийн үнийг мэдүүлэгчийн тодорхойлсноос өөр аргаар тодорхойлж болох бөгөөд мэдүүлэгч энэ хуулийн 8.3-т заасны дагуу гаалийн байгууллагаас тодорхойлсон гаалийн үнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол гаалийн байгууллагаас уг үнийг тодорхойлсноос хойш 45 хоногийн дотор нэмэлт нотлох баримт гарган өөрийн мэдүүлсэн үнийг үнэн зөв гэдгийг нотолсон тохиолдолд гаалийн байгууллага нь мэдүүлэгчийн тодорхойлсон үнийг үндэслэн гаалийн үнийг шинээр тогтоож болно.
Хэрэгт нэхэмжлэгчээс гаргаж өгсөн Улаанбаатар хотын гаалийн газарт хүсэлт гаргах нь баримт авагдсан байх бөгөөд уг баримтад нэхэмжлэгч нь гаалийн байгууллагаас тодорхойлсон гаалийн үнийг дахин бодитоор үнэлж өгөхийг хүссэн хүсэлт бичжээ. Харин уг хүсэлтийг Гаалийн байгууллагад гаргасан эсэх болон хүсэлтийг тус байгууллага хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Гаалийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д мэдүүлэгч нь өөрийнхөө эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж үзвэл гаалийн байгууллага, албан тушаалтны шийдвэрт гомдол гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нь энэхүү эрхээ эдэлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар иргэний хэрэг маргаанд оролцож буй зохигч өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох, нотлох баримтуудаа шүүхэд өөрөө цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй ба энэхүү үүргийнхээ хүрээнд гэрч асуулгах, шинжээч томилуулах, үзлэг, туршилт хийлгэх зэрэг өргөн хэмжээний эрхийг эдэлдэг.
Нэхэмжлэгч нь маргаан бүхий автомашиныг 2500 ам.доллараар худалдан авсан, тохирсон төлбөрөө төлсөн болохоо нотлох үүднээс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэгт нотлох баримт бүрдүүлсэн байна. Тус шүүгчийн захирамжийн дагуу Америкийн Нэгдсэн Улсын ETS Logistics тээвэр зуучлалын компаниас Гадаад харилцааны яамаар дамжуулан ирүүлсэн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн *** тоот албан бичгийн хавсралтаас үзэхэд Тээврийн хэрэгслийн мэдээлэл жил: 2017 марк: Volvo загвар: *** гэрчилгээ *** улсын үнэ 6000 ам.доллар гэж тэмдэглэжээ./хх 140/ Мөн нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн худалдааны нэхэмжлэл гэх баримтад худалдагч *** *** , худалдан авагч *** *** , ачигдсан боомт ***, эцсийн өртөө МОНГОЛ УЛС, машин 2007 *** ВНЛ АРАЛ ***, НИЙТ 28000 ам.доллар гэж бичсэн /хх 56/ байх бөгөөд нэхэмжлэгчийн ...уг машиныг 2500 ам.доллараар авсан бөгөөд энэ дүнгээ ачааны дагалдах бичиг баримтад тодорхой тусгаж өгсөнийг *** тээвэр зуучийн компанийн ажилтны буруугаас 28000 ам.доллар болгон өөрчлөгдсөн гэх тайлбар хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байна.
Иймд дээр дурдсан хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг үндэслэн дүгнээд хариуцагчийн ...Автомашины тээвэрлэлтийг хариуцсан компани Америкийн Нэгдсэн улсаас манай компани руу ажлын хөлсөө явуулсан ... Улаанбаатар хот дах гаалийн газрын байцаагч нь гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль дээр заасны дагуу өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд уг автомашиныг 29000 ам.доллар гэж үнэлсэн байдаг.*** " ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж 2500 ам.долларын автомашиныг 28000 ам.доллар гэж бичсэн зүйл байхгүй... гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзэж, хариуцагч нь Тээвэрлэлийн гэрээ-гээр гаалийн үнийг тодорхойлох үүрэг хүлээгээгүй учир Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасан үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Б.*** ы хариуцагч *** ХХК-д холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй байх тул *** ХХК-иас 9,630,351 төгрөг гаргуулах тухай Б.*** ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169,035 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН