Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2023/00772

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2023/00772

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *** тоотод оршин байх, *** СӨХ /сууц өмчлөгчдийн холбоо/,

 

Хариуцагч: *** тоотод оршин суух хаягтай, *** ургийн овогтой ***ийн *** /РД:уш63011501/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 1,156,156 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Ц***, Г.С***

Хариуцагч Г.*** ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч *** СӨХ нь хариуцагч Г.*** ээс 1,156,156 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 43, 63, 67/3, 67/5а, 44, 44а дугаар байрны оршин суугчдын 2003 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн анхдугаар хурлаас Сууц өмчлөгчдийн холбоо үүсгэн байгуулахаар хэлэлцэн баталж *** дүгээр тогтоолоор *** СӨХ гэж нэрлэн баталгаажуулсан. Тус СӨХ-ын 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн *** тоот тогтоолоор СӨХ-нд төлөх дундын үйлчилгээний засвар үйлчилгээний төлбөрийн доод хэмжээг 20,800 төгрөг, зогсоолын төлбөрийг 18,000 төгрөгөөр тогтоосон байдаг. *** тоотын оршин суугч Г.*** нв 2018 оны 4 дүгээр сараас 2022 оны 10 дугаар сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалтын засвар, үйлчилгээтэй холбоотой төлбөр болох 792,600 төгрөгийг төлж барагдуулаагүй тул Монгол Улсын Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т тус тус заасныг үндэслэн сууц өмчлөгч Г.*** ээс 1,156,156 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай гэрт агааржуулалтын хоолойгоор дамжин гаднаас цас, борооны ус нэвтэрч ордог, мөн гал тогооны өрөөний угаалтуурт халуун ус ирдэггүй. Энэ талаар СӨХ-д удаа дараа хэлж байсан. Агааржуулалтын хоолойгоор нэвтэрсэн ус унтлагын өрөөний ханын обойг норгосноос болж обой нь хууларч унаад үргэлж засвар өөрсдийн зардлаар хийж ирсэн. Энэ талаар СӨХ-д хэлэхээр арга хэмжээ авч засаж өгнө гээд ямар ч арга хэмжээ авч ажлаа хийдэггүй. Тэгээд манайхыг төлбөрөө төлөхгүй байж болно гэж хэлсний учраас төлбөрөө төлдөггүй байсан. Одоо засаж янзалж арга хэмжээ авч чадахгүйг ойлгосон. Бид өөрсдөө засаад зардлаа шүүхээр нэхэмжилнэ гэж бодож байна гэв.

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: СӨХ-ны гэрчилгээний хуулбар /хх 2/, итгэмжлэл /хх 4/, СӨХ-ны дүрэм /хх 5/, СӨХ-ын ээлжит бус хурлын протокол /хх 6-7/, СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Ажилд томилох тухай шийдвэрийн хуулбар /хх 8/, СӨХ-ны удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүдийн хурлын 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 01/19 дугаар дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөр тогтоох тухай шийдвэрийн хуулбар /хх 9/, 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн СӨХ-ны удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захиралтай байгуулсан *** тоот гэрээний хуулбар /хх 10/, А.Ц***ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх 11/, /хх 20-22/, Төрийн банкны нэхэмжлэх /хх 12-16/.

 

4. Хариуцагчаас дараах баримтыг гаргаж өгсөн. Үүнд: Баянгол дүүргийн *** дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх 23/ гаргаж өгсөн.

 

5. Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 31-41/,

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *** СӨХ нь хариуцагч Г.*** т холбогдуулан СӨХ-ны төлбөрт нийт 1,156,156 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ ..СӨХ ажлаа хийдэггүй. Бүх гишүүдийн хурлыг жил бүр зохион байгуулах ёстой, санхүүгийн тайлангаа тавих ёстой боловч энэ үүргээ биелүүлээгүй гэсэн агуулгаар тайлбарлав.

 

Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

1. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т зааснаар орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна гэж, Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д орон сууц гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг хэлнэ гэж тус тус заасан байна. Эдгээр хуулийн заалтуудаас үзэхэд орон сууцны зориулалттай сууц өмчлөгч нь заавал Сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байхаар зохицуулжээ.

 

2. Хариуцагч Г.*** нь *** тоотод оршин суудаг эсэх талаараа маргаагүй бөгөөд тухайн орон сууц нь *** СӨХ-д харьяалагддаг болох нь тус холбоог 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэсэн №** тоот гэрчилгээгээр тогтоогдож байна. Иймд хариуцагч нь *** СӨХ-ны гишүүн байна.

 

3. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар гишүүн нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй ба мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд оролцох ёстой.

 

Хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан хугацааны СӨХ-ны төлбөрт нийт 1,156,156 төгрөгийг огт төлөөгүй байгаа талаараа маргаагүй учраас уг төлбөрийг шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна. Иймд хариуцагчаас 1,156,156 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *** СӨХ-нд олгоно.

 

4. Хариуцагч нь СӨХ-ны үйл ажиллагаа хангалтгүй гэж үзэж байгаа бол тэрээр Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар засвар, үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэхийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, СӨХ-ны үйл ажиллагаанд оролцох, хяналт тавих эрх нь нээлттэйг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,298 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*** ээс 32,298 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** СӨХ-нд олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Г.*** ээс 1,156,156 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** СӨХ-нд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,298 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*** ээс 32,298 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** СӨХ-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН