Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2023/00910

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2023/00910

*** хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, ***н овогт ***ын *** /РД:***/,

 

Хариуцагч: *** тоотод оршин суух, *** овогт ***ийн *** /РД:***/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 80,000,000 төгрөг гаргуулах

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.У***,

/Хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Т.*** т холбогдуулан 80,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нэхэмжлэгч Б.*** дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

Миний бие 2019 оны 7 дугаар сард иргэн Т.*** т тус бүр нь 6x4 хэмжээтэй буюу 24м.кв талбай бүхий, цахилгаан болон халаалтын системийг нь шийдсэн өвлийн зориулалттай, гадна болон дотор талыг битүү рейкэлсэн 2 сууцыг нэг бүрийг нь 40,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон. Хариуцагч Т.*** нь 14 хоногийн дотор зээл бүтэхээр мөнгийг чинь шилжүүлье, таны мөнгө бол юу ч биш, энэ олон байшингийн ордер гараад ирчихвэл тэрбум төгрөгийн хөрөнгө бүртгэлжих юм гээд баахан ордер гаргах гэж байгаа байшингийн материал үзүүлсэн. Мөн танаас авч байгаа энэ 2 байшин дээрээ ч гэсэн би ордер гаргуулаад авна гэх зэргээр ярьж мөнгөө 14 хоноод шилжүүлэхээр болсон. Хариуцагч Т.*** нь дээрх 2 байшинг өөрийн үйл ажиллагаа явуулдаг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх Гэрэлт гэр цогцолбортоо байршуулан хүлээлгэж өгөхийг хүссэний дагуу бид 2019 оны 7 дугаар сарын 20-ны үеэр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд аваачин суурилуулж өгсөн. Гэвч хариуцагч тал амлалтаа зөрчиж дээрх төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй нэхэмжлэгч талыг хохироож байна. Хариуцагч нь манайхаас худалдаж авсан дээрх хоёр ширхэг байшинг ашиглан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Гэрэлт гэр энтертайнмент төсөл нэртэйгээр үйл ажиллагаа явуулж, зориулалтын дагуу ашиглан одоог хүртэл орлого олж байгаа. Гэвч нэхэмжлэгч талтай ямар нэгэн төлбөрийн нөхцөлийн талаар тооцоо, тохиролцоо хийхгүй, утсаа авахгүй, биднээс нүүр буруулан зугтаасаар байгаа тул ийнхүү шүүхэд хандсан. Бидний хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй боловч нэхэмжлэлд дурдагдсан үйл баримт бодитойгоор хэрэгжээд дээрх 2 ширхэг хувийн сууц одоо ч хариуцагч талын эзэмшилд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байршиж байгаа. Нэхэмжлэлд хавсаргасан зургууд нь нэхэмжлэл гаргах үедээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд буюу одоогийн байршин буй газар дээр нь очиж авсан бодит зургууд болно. Иймд хариуцагч Т.*** аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 80,000,000 төгрөг нэхэмжилж байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд тайлбар ирүүлээгүй.

 

3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл /хх 1-2/, итгэмжлэл /хх 4/, фото зураг /хх 5-7/-ийг шүүхэд гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 10/-г гаргаж өгсөн.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Б.*** нь хариуцагч Т.*** аас 80,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гарган шүүхэд ханджээ.

 

Тэрээр өөрийн шаардлагын үндэслэлээ ...Хариуцагч Т.*** нь дээрх 2 байшинг өөрийн үйл ажиллагаа явуулдаг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх Гэрэлт гэр цогцолбортоо байршуулан хүлээлгэж өгөхийг хүссэний дагуу бид 2019 оны 7 дугаар сарын 20-ны үеэр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд аваачин суурилуулж өгсөн. ...Иймд хариуцагч Т.*** аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 80,000,000 төгрөг нэхэмжилсэн гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.*** болон хариуцагч Т.*** нар гэрээний зүйл, түүний үнэ, үнийг хэрхэн төлөх хэлцлийн гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар амаар хэлцэл хийгдсэн гэж үзэх ба энэхүү хэлцэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарч байна.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй, нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд заажээ.

 

Хариуцагч талаас нэхэмжлэлийг гардан авсан боловч нэхэмжлэлийн шаардлага, холбогдох нотлох баримтыг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаар бичгийн тайлбарыг нотлох баримтын хамт шүүхэд ирүүлээгүй, ямар нэг байдлаар эсэргүүцээгүй.

 

Нэгэнт нэхэмжлэгчийн ...2 сууцыг нэг бүрийг нь 40,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон. ...Хариуцагч Т.*** нь дээрх 2 байшинг өөрийн үйл ажиллагаа явуулдаг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх Гэрэлт гэр цогцолбортоо байршуулан хүлээлгэж өгөхийг хүссэний дагуу бид 2019 оны 7 дугаар сарын 20-ны үеэр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд аваачин суурилуулж өгсөн гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй учир шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.

Худалдагч гэрээний зүйл болсон эд хөрөнгө, оюуны үнэт зүйл, эд хөрөнгийн эрхийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь тэдгээрийг хүлээн авч, тохиролцсон үнийг төлөхтэй холбогдсон эрх, үүргийг зохицуулсан иргэн, хуулийн этгээдийн хэлцлийг худалдах-худалдан авах гэрээ гэх бөгөөд худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар амаар буюу бичгийн хэлбэрээр байгуулах боломжтой.

 

Тодорхой хэмжээний бараа, бүтээгдэхүүнийг нэхэмжлэгч тал хариуцагчид нийлүүлсэн үйл баримт тогтоогдсон гэж шүүхээс үзсэн учир хариуцагчаас 80,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 557,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*** аас 557,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*** т олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.*** аас 80,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*** т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*** аас 557,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*** т олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН