Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 2017/ШЦТ/232

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч П.Итгэл,

Шүүгдэгч Ц.Г- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Г-т холбогдох эрүүгийн 1738000100031 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц.Г-,

Шүүгдэгч Ц.Г- нь 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Баянгол гэх газарт иргэн Т.Б-тай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Г- нь 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Баянгол гэх газарт иргэн Т.Б-тай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

       Хохирогч Т.Б-ын: “...2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр ээжийнхийгээ нүүлгэчихээд өөрийнхөө ... дугаартай пронтер машинтай гэртээ ирэхэд манай хадам ээж, И.Б-, хадам эгч Ц.Г-, хадам эгч Г-ийн хүү М- хамт ирсэн байсан. Тэр гурав намайг ирэхийг хүлээж байсан юм байна лээ. Би гэртээ 20 цагийн үед ирсэн. Намайг гэртээ ороход л Ц.Г- над руу шууд дайраад хэл амаар доромжлоод нүүр рүү шууд цохиж авсан. Би цохиулахгүй гээд гараараа хаагаад аль болох цохиулахгүй гээд үзээд байсан. Хадам ээж И.Б- миний гарыг хойноос барьж аваад миний хоёр гарын хөдөлгөөнийг хориод би хааж чадахаа байхад Ц.Г- миний нүүр болон толгой руу цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

       Гэрч И.Б-ийн: “...2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр би өөрийн зээ хүү Мөнхбагана, охин Ц.Г- нартай хамт бэр Т.Б-ын гэрт очсон. Тэднийх Тосонцэнгэл сумын Баянгол гэдэг газар өвөлжөөнд байсан юм. Миний хүү Т.Б-тай гэр бүл болж амьдарч байгаад 2015 онд зам тээврийн осолд орж нас барсан. Т.Б- хүүгийн минь хоёр хүүхэдтэй гурвуулаа амьдарч байсан. Сүүлийн үед бэр Т.Б- нь нэг хүнтэй хамт амьдраад байна гээд нутгийн хүмүүс хэлээд байхаар нь үнэн эсэхийг мэдэхээр Т.Б-ын гэрт очсон юм. Т.Б-ын гэрт очиход туслах малчин Төр ганцаараа байхаар нь Т.Б-ыг асуухад ээжийнхээ гэрийг нүүлгэнэ гээд явчихсан гэсэн. Тэгэхээр нь бид гурав ирэхийг нь хүлээгээд байж байтал орой 20 цагийн үед Т.Б- ганцаараа пронтер маркийн машинтайгаа ирсэн. Энэ үед Ц.Г- очоод чи хүнтэй суух гэж байгаа гэл үү гэсэн чинь Т.Б- урдаас хоншоор ш дээ гэж хэлсэн. Тэгтэл тэр хоёр ноцолдоод зодолдоод эхэлсэн. Тэгэхээр нь би Т.Б-ыг барьж аваад, М- Ц.Г-ийг барьж аваад салгасан. Тэгсэн тэр хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаж байгаад тэгсхийгээд бид нар харьцгаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

       Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч О.Ням-Осорын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 412 дугаартай

       - Т.Б-ын биед гэмтэл тогтоогдлоо.

       - Т.Б-ын зүүн дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

       - Тухайн үүссэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна.

       - Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

       - Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 16-р хуудас/,

       Шүүгдэгч Ц.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгсэн орой 20 цагийн үед гэртээ ирэхээр нь би “чи манай дүүг нас бараад удаагүй байхад өөр хүнтэй явлаа, ядаж 3 жил болгочихгүй” гэсэн чинь Т.Б- миний урдаас чамд ямар хамаатай юм бэ гэхээр нь би очоод бид хоёр барьцалдаж аваад бие биенийгээ нэг хоёр удаа цохьсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Ц.Г- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч Т.Б- нь хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч Ц.Г-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн 1738000100031 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Ц.Г-ийг бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Ц.Г-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 2017 оны 12 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулахаар тогтсугай.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

      5. Ялтны ял эдлэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

      6. Эрүүгийн 1738000100031 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.НЯМСҮРЭН