Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 159/ШШ2023/0007

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 159/2023/0005/3

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Алтанцэцэг

Хариуцагч: Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дарга, улсын ахлах байцаагч Б.Дархижавын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 32-01/45 дугаартай хяналт шалгалтын танилцуулга, дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Алтанцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, хариуцагч О.Базаррагчаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дарга, улсын ахлах байцаагч Б.Дархижав нь Сүхбаатар сумын Засаг дарга Т.Пүрэвсүрэнгээс ирүүлсэн хүсэлтийн дагуу Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирал Д.Алтанцэцэгтэй холбоотой асуудалд хяналт шалгалт хийгээд 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 32-01/45 дугаартай хяналт шалгалтын танилцуулга, дүгнэлтийг гаргажээ.

Тус танилцуулга, дүгнэлтийг Д.Алтанцэцэг эс зөвшөөрч 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Д.Алтанцэцэг шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... Миний бие нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлаар 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн ажиллаж байгаа юм. Боловсрол шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын үнэлгээний төвөөс Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа нийт ерөнхий боловсролын сургуулиудын 2022 оны гүйцэтгэлийн үнэлгээг үнэлж дүгнэсэн. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий болоесролын 2 дугаар сургуулийн хувьд 1-р түвшинд үнэлэгдэж 76.735.700 төгрөгийн урамшуулал авахаар болсон.

Уг урамшууллын мөнгийг Боловсрол шинжлэх ухааны сайдын 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/500 дугаартай тушаал буюу “Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааны гүйцэтгэлийн чанар, үр дүнг үнэлж, үр дүнгийн нэмэлт урамшууллийн зардлыг санхүүжүүлэхэд баримтлах чиглэл”-д зааснаар 65 хувийг байгууллагын багш ажилтнуудад урамшуулал болгон олгохдоо сургуулийн удирдлагуудад 30 хувь. багш нарт 30 хувь, захиргаа аж ахуйн ажилтнуудад 40 хувь олгохоор заасан.

2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр сургуугийн дунд, ахлах ангийн багш нараас /29 багш/ өргөдөл ирүүлсэн ба утга нь ...уг урамшууллаас багш нарт оногдох 30 хувь болох 14.963.461 төгрөгөөс бага ангийн багш нарт 5.101.170 төгрөгийг хуваахаар, дунд ангийн багш нарт 9.862.262 төгрөгөөр хувааж олгуулахаар, мөн өмнө нь захирлаар ажиллаж байсан С.Энхтайван болон гэрээгээр ажиллаж байсан нийгмийн ажилтан С.Олонтуяа нарт байгууллагын удирдлагуудад хувиарлагдсан урамшууллаас тодорхой хувийг олгох тухай агуулгатай байсан.

Сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хурлаас дээрх багш нарт оногдох хувь буюу 14.963.460 төгрөгийг одоо ажиллаж буй 44 багшийн 2022 онд ажилласан сараас нь хамааран ижил тэнцүү олгохоор шийдвэрлэсэн. Мөн өмнөх захирал С.Энхтайван, гэрээгээр ажиллаж байсан С.Олонтуяа нарт удирдлагуудад хувиарлагдсан урамшууллаас тодорхой хувийг олгох тухай асуудлыг шийдвэрлээгүй. Гэтэл хурал дээр сургуулийн дунд, ахлах ангийн сургалтын менежер Х.Амарсүрэн нь дээрхи багш нараас гаргасан өргөдлийг дэмжсэн агуулгатай санал гаргасан ба түүнийг хүлээж аваагүй учраас хурлыг дуусгалгүй гарч явсан. Хэрвээ дээрхи багш нараас гаргасан өргөдлийг хүлээж авсан бол дунд ангийн багш нарт 9.862.262 төгрөг оногдох байсан ба үлдэгдэл 5.101.170 төгрөгийг бага ангийн багш нар нь хуваах нь тэдэнд /бага ангийн багш нарт/ хохиролтой байсан.

Мөн өргөдөлд гарын үсэг зурсан багш нар дундаас 8 багш нь сар бүрийн ур чадварын нэмэгдэл, багшийн гүйцэтгэлийн үнэлгээний урамшуулал авдаг ба дээрхи урамшууллаас дахин илүү мөнгө авах нь бусад багш нарт мөн хохиролтой байсан. Сургуулийн дунд, ахлах ангийн сургалтын менежер Х.Амарсүрэн нь энэ асуудлаар дахин дахин маргаан хийгээд байсан учраас миний зүгээс өөрт оногдох 4.621.068 төгрөгийг авахгүй, бусад багш, ажилтанд хувааж өгүүлэхээр болж /өөрөө авахгүйгээр/ 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/83 тоот тушаал гаргасан ба тус мөнгө нь Х.Амарсүрэнгийн дансанд орсон.

Гэтэл Х.Амарсүрэн нь уг шийдвэрийг эсэргүүцэж Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргад гомдол гаргасан ба уг гомдлын дагуу Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дарга, улсын ахлах байцаагч Б.Дархижавын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 32-01/45 дугаартай хяналт шалгалтын дүгнэлт гарсан.

Миний зүгээс Х.Амарсүрэн болон Б.Дархижав нар нь найз нөхдийн холбоотой, ашиг сонирхлын зөрчилтэй үндэслэлээр шалгуулахгүй гэсэн хүсэлтийг сумын Засаг даргад гаргасан боловч хариу ирээгүй. Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дарга, улсын ахлах байцаагч Б.Дархижавын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 32-01/45 дугаартай хяналт шалгалтын дүгнэлт нь хуульд заасан үндэслэл тодорхойгүй, хувийн шинжтэй харилцааг зохицуулсан агуулгатай, санхүүгийн дүгнэлт гаргасан гэхээсээ илүүтэй байгууллагын дотоод ажилд оролцсон шинжтэй гарсан гэж үзэхээр байна.

Мөн дүгнэлтэнд “...Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар төсвийн шууд захирагчийн эрх, үүргийг зөрчсөн үйлдэл гаргасан...” гэсэн ба энэ нь тухайн хуульд заасан зүйлийн аль заалтыг ямар байдлаар зөрчсөн гэсэн нь тодорхойгүй байна. Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дарга, улсын ахлах байцаагч Б.Дархижавын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 32-01/45 дугаартай хяналт шалгалтын дүгнэлт үндэслэлгүй гарснаараа надад ажлын хариуцлага тооцогдох, мөн багшийн ур чадварын нэмэгдэл болон урамшуулал авах боломжийг хязгаарлах үр дагавар үүсгэж байгаа тул өөрийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар нэхэмхлэл гаргаж байгаа болно.

Иймд Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт. дотоод аудитын албаны дарга, улсын ахлах байцаагч Б.Дархижавын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 32- 01/45 дугаартай хяналт шалгалтын танилцуулга, дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 2 дугаар захирал ажилтай иргэн Д.Алтанцэцэг нь Сэлэнгэ аймгийн Санхүугийн хяналт, дотоод аудитын албаны дарга, улсын ахлах байцаагч Б.Дархижавын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 32-01/45 дугаартай хяналт шалгалтын танилцуулга, дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ. Үүнд:

Х.Амарсүрэн болон Б.Дархижав нар нь найз нөхдийн холбоотой, ашиг сонирхлын зөрчилтэй үндэслэлээр шалгуулахгүй гэсэн хүсэлтийг сумын Засаг даргад гаргасан боловч хариу ирүүлээгүй. Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дарга улсын байцаагч Б Дарихжавын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 32-01/45 дугаартай хяналт шалгалтын дүгнэлт нь хуульд заасан үндэслэл тодорхойгүй, хувийн шинжтэй харилцааг зохицуулсан агуулгатай, санхүүгийн дүгнэлт гаргасан гэхээсээ илүүтэй байгууллагын дотоод ажилд оролцсон шинжтэй дүгнэлт гарсан гэжээ.

Хариу тайлбар: Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дарга хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Б.Дархижав нь өргөдлийн дагуу хяналт шалгалт хийхдээ “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Энэ хуулийн 23.8-д заасан журамд заасны дагуу албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана”.

Хуульд заасны дагуу ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргаж ажилласан байна. Санхүүгийн хяналт дотоод аудитын алба нь Төсвийн тухай хуулийн 69 дүгээр 69.1-д “Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжиин хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна”. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/75 дугаар захирамжаар баталсан Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны дүрмийн 3 дугаар зүйлиин 3.1-т “Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны үйл ажиллагааны зорилго нь хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, үнэлэлт дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангах чиглэлээр шалгагдсан тухай байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд оршино”. 5 дугаар зүйлийн 5.1.8-д “Байгууллагын дотоод хяналтын болон засаглал, эрсдэлийн удирдлагын тогтолцооны үр ашигтай байдалд аудит хийх” гэж заасны дагуу Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын байцаагч, дотоод аудитор нь шалгагдаж буй байгууллагын дотоод үйл ажиллагаанд танилцуулга дүгнэлт гаргаж болно.

Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дарга улсын байцаагч нь хяналт шалгалтын танилцуулгаа гаргахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.16-д “Хяналт шалгалтын дүнгийн тухай танилцуулга, бусад баримт бичгийг зохих журмын дагуу үйлдэж, хяналт шалгалт хийсэн тушаалтан гарын үсэг зурна.”. Мөн Сангийн сайдын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 107 дугаар тушаалаар баталсан Санхүүгийн хяналт шалгалтын стандартын дагуу Хяналт шалгалтьн танилцуулга гарган Төсвийн тухай хуульд заасныг үндэслэн шалгасан байгууллагын төсвийн үйл ажиллагаа, санхүү бүртгэлийн ажилд өгсөн дүгнэлт, албан тушаалтны үйл ажиллагаанд өгөх үнэлгээ, дутагдал болон зөрчлийг арилгах болон буруутай хүмүүст хүлээлгэх хариуцлагын талаар авах арга хэмжээний дээд шатны албан тушаалтан буюу төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлсэн байна.” гэжээ.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна гэж заасан. Өөрөөр хэлбэл гол зорилгыг нь харах юм бол үнэлэлт, дүгнэлт танилцуулга гаргана гэж заасан.

            Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4 дэх хэсэгт дотоод аудитор нь санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн эрхтэй байна гэж заасан. Хяналт шалгалтын тухай хуулийн 5.16 дугаар зүйлийг харахаар хяналт шалгалтын дүнгийн тухай танилцуулга, бусад баримт бичгийг зохих журмын дагуу үйлдэж, хяналт шалгалт хийсэн албан тушаалтан гарын үсэг зурна гэж заасан. Үүнээс харахад хяналт шалгалт хийгээд дүгнэлт гарна. Дүгнэлтээ танилцуулах хоёр албан бичиг гаргах заалт харагдаж байна. Яриад байвал маш олон зүйл байна. Гэхдээ хариуцагч өөрөө мэдэхгүй байгаа учраас Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7 дахь хэсэгт зөвхөн удирдамж хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ гэж заасан.

            Засаг даргын хяналт шалгалтын удирдамжийг харахаар нэгдүгээрт Х.Амарсүрэнгийн дансанд орсон 8.317.920 төгрөг хэний мөнгө болохыг тогтоох, хоёрдугаарт Д.Алтанцэцэг өөрт оногдсон 4.621.000 төгрөгийг Х.Амарсүрэнг захиран зарцуул гэж багш нарт бичсэн нь ямар хууль дүрэмд нийцсэн эсэхийг тогтоох., Х.Амарсүрэнг сахилгын арга хэмжээ авсан нь үндэслэлтэй эсэхийг тогтоох гэж хамааралгүй зүйлүүдийг дурьдсан байсан. Ийм гурван шалгалтын удирдамж өгсөн. Б.Дархижав зөвхөн удирдамжийн хүрээнд шалгах ёстой атал хамааралгүй зүйл шалгаж хувийн шинжтэй зүйлүүд гаргаж ирсэн. Аудитын газар хэр их хэмжээний байгууллагын төсвийн мөнгийг алдагдуулж ямар хүмүүсийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн гэх асуудлууд дээр санхүүгийн дүгнэлт гаргах ёстой болохоос биш илэрсэн зөрчил гэснээ мөнгөнөөсөө захиралд хуваарилаад эрхээ шилжүүлсэн албан бичгийг багш ажилтнуудад өгсөн нь Х.Амарсүрэнг тухайн мөнгийг өөртөө авсан гэж төөрөгдөлд оруулсан гэх дүгнэлт гарсан.

            Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9 дүгээр хэсэгт зааснаар хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх ба шалгалтын тэмдэглэлд дараахь үндсэн мэдээллийг тусгана гэж заасан. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.9.1 дэх хэсэгт шалгалтын явц болон шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал, 5 дугаар зүйлийн 5.9.3 дахь хэсэгт шалгуулагч этгээдийн санал, хүсэлтийн талаар заасан. Б.Дархижав байцаагч их олон зүйлсийг шалгаад тэмдэглэл үйлдэх ёстой байсан. Б.Дархижав байцаагч улсын байцаагчийн эрхтэй учраас ямар ч байгууллага руу орж тухайн албан байгууллагын бичигтэй танилцах эрхтэй. Байгууллагын дарга шалгуулахгүй гэж хэлсний дагуу шалгахгүй байж болохгүй. Хэрвээ шалгуулахгүй гэж байвал байгууллага дээр нь очоод энэ хүн шалгуулахгүй байна гээд тэмдэглэл үйлдэх ёстой.

            Сургуулийн захирал өөрт оногдсон ямар эрхийг зөрчсөн нь тодорхойгүй байна. Дүгнэлт нь дээрээ хамт олны дунд буруу ташаа ойлголт төрүүлж, багш нарын дунд сөрөг үр дагавар бий болгосон гэж санхүүгийн аудитын байж боломгүй дүгнэлт гаргасан. Мөн захирал Д.Алтанцэцэгт хариуцлага тооцвол зохино гэх саналыг Засаг дарга руу явуулсан. Д.Алтанцэцэг гэх хүн өөрийн эрх ашгаа хамгаалж шүүхэд нэхэмжлэл гаргахгүй байгаа тохиолдолд сая дурьдсан урамшууллаас гадна сахилгын арга хэмжээ авах бүрэн үндэслэлтэй юм. Ямар нэгэн байдлаар өөр албан тушаалд шилжихээр болвол энэ асуудал нь сөргөөр нөлөөлөх боломжтой. Мөн Д.Алтанцэцэгийг шүүхэд нэхэмжлэл гаргаагүй бол Х.Амарсүрэн багш Засаг дарга руу удаа дараа бичиг явуулах магадлалтай. Тиймээс цаашид Д.Алтанцэцэгийн эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг зөрчсөн гэж бичсэн байна. Тиймээс дүгнэлтийн доторх утга агуулгын хувьд зөрчсөн гэх дүгнэлт гаргасан байгаа учраас дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөөч гэж хүсэж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 32-01/45 дугаартай танилцуулгаар Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирал Д.Алтанцэцэгт холбогдох асуудлаар хяналт шалгалт хийж захирал Д.Алтанцэцэг нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасныг зөрчсөн үйлдэл гаргасан тул мөнгө зарцуулах тушаалдаа өөрчлөлт оруулах, албан бичгээр эрх мэдлээ шилжүүлсэн мэт хийсвэр ойлголт төрүүлснээ залруулах, үүрэг чиглэл өгч, хариуцлага тооцуулахаар дүгнэжээ.

            Нэхэмжлэгч Д.Алтанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дарга, улсын ахлах байцаагч Б.Дархижавын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 32-01/45 дугаартай хяналт шалгалтын танилцуулга, дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан журмаар цуглуулсан нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, бусад бичгийн чанартай нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            1.Боловсрол шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын үнэлгээний төвөөс Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа нийт ерөнхий боловсролын сургуулиудын 2022 оны гүйцэтгэлийн үнэлгээг үнэлж дүгнэжээ.

            2.Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн хувьд 1 дүгээр түвшинд үнэлэгдэж 76.735.700 төгрөгийн урамшуулал авахаар болжээ.

            3.Урамшууллын мөнгийг Боловсрол шинжлэх ухааны сайдын 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/500 дугаартай тушаал буюу “Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааны гүйцэтгэлийн чанар, үр дүнг үнэлж, үр дүнгийн нэмэлт урамшууллын зардлыг санхүүжүүлэхэд баримтлах чиглэл”-д зааснаар 65 хувийг байгууллагын багш ажилтнуудад урамшуулал болгон олгохдоо сургуулийн удирдлагуудад 30 хувь, багш нарт 30 хувь, захиргаа аж ахуйн ажилтнуудад 40 хувь олгохоор заажээ.

            4. 2 дугаар сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хурлаас дунд, ахлах ангийн багш нарт оногдох хувь буюу 14.963.460 төгрөгийг одоо ажиллаж буй 44 багшийн 2022 онд ажилласан сараас хамааран ижил тэнцүү олгохоор шийдвэрлэжээ.

            5. 2 дугаар сургуулийн дунд ахлах ангийн сургалтын менежер Х.Амарсүрэн дээрх шийдвэрийг зөвшөөрөөгүй маргаан хийсний улмаас сургуулийн захирал Д.Алтанцэцэг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр А/83 дугаартай тушаал гарган урамшууллаас өөрт оногдох 4.621.068 төгрөгийг бусад багш ажилтанд өгүүлэхээр шийдвэрлэж уг мөнгө менежер Х.Амарсүрэнгийн дансанд оржээ.

            6. 2 дугаар сургуулийн сургалтын менежер Х.Амарсүрэнгийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргад гаргасан гомдлоор Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дарга, улсын ахлах байцаагч Б.Дархижав 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хяналт шалгалт хийж 32-01/45 дугаартай танилцуулгыг Сүхбаатар сумын Засаг даргад хүргүүлжээ.

            7.Уг танилцуулгад захирал Д.Алтанцэцэг нь Х.Амарсүрэнг 4.621.068 төгрөгийг өөрөө дур мэдэж зарцуул гэж төсвийн ерөнхийлөн захирагчийн зөвшөөрөлгүйгээр өөрт нь олгосон эрх мэдлийг бусдад шилжүүлсэн байдал байдал гаргаж Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар төсвийн шууд захирагчийн эрх үүргийг зөрчсөн үйлдэл гаргасан тул хариуцлага тооцуулах талаар дүгнэжээ.

            Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх” 5.7-д “хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ”, 5.9-д “хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх ба шалгалтын тэмдэглэлд дараахь үндсэн мэдээллийг тусгана” 5.10-т “шалгуулагч этгээд шалгалтын тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд хэрэв гарын үсэг зурахаас татгалзсан бол энэ тухай шалгалтын тэмдэглэлд тусгана” гэж заасан хяналт шалгалт явуулах нийтлэг үндэслэл, журмыг хариуцагч зөрчсөн байна.

            Тухайлбал хариуцагчийн зүгээс иргэний өргөдлийн дагуу Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар сургуульд санхүүгийн хяналт шалгалтыг явуулахдаа өөрийн боловсруулж батлуулсан удирдамжид заасан асуудлын хүрээнээс өөр асуудлаар хяналт шалгалт хийсэн /санхүүгийн шалгалт гэхээсээ илүү байгууллагын дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон шинжтэй/, хяналт шалгалтыг хийхдээ тухайн урамшуулалтай холбоотой санхүүгийн анхан шатны баримттай огт танилцаагүй /нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй/, хяналт шалгалтыг явуулахдаа тэмдэглэл үйлдээгүй, шалгуулагчид тэмдэглэлийн нэг хувийг авч танилцах, зөвшөөрөхгүй бол татгалзах боломжийг олгоогүй байна.

            Мөн хариуцагч танилцуулгадаа нэхэмжлэгч Д.Алтанцэцэгийг Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж дүгнэсэн боловч 16 дугаар зүйлийн аль зүйл заалтыг ямар үндэслэлээр зөрчсөн талаар дурдаагүй, хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа энэ талаар тайлбарлаж чадаагүй, нэхэмжлэгчийг хууль зүйн үндэслэлтэй буруутгаж чадаагүй, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үгүйсгээгүй мөн няцаагаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Харин нэхэмжлэгч Д.Алтанцэцэгийн хувьд урамшууллаас өөрт оногдох хувь болох 4.621.068 төгрөгийг өөртөө авалгүй сайн дураараа бусад багш нарт хувааж өгөхөөр шийдвэрлэснийг Төсвийн тухай хууль зөрчсөн гэж үзэхгүй.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.7, 5.9, 5.10-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Алтанцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 32-01/45 дугаартай хяналт шалгалтын танилцуулгыг хүчингүй болгосугай.

            2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Алтанцэцэгт олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах журмаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Л.ОДБААТАР