Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 1240

 

 

 

 

 

 

 

 

 

 “ХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 101/ШШ2019/01328 дугаар шийдвэртэй

                         

Нэхэмжлэгч “ХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Э.У-, Э.Уч нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 57 673 533 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Б.Э, хариуцагч Э.У-ийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Бд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай банктай хариуцагч Э.У-, Э.Уч нар 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 1330044129 тоот дугаартай зээлийн гэрээ, мөн 1330044129/01 дугаартай барьцааны гэрээ байгуулж нийт 50 000 000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 37 сарын хугацаатай зээлсэн.

Уг гэрээнд хариуцагч Э.Уч нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон бөгөөд талууд Баянзүрх дүүрэг 7 дугаар хороо 31 дүгээр байр 128 тоот хаягт байрлах 26 м.кв талбайтай Ү-2204006832 тоот улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Гэвч хариуцагч нар үндсэн зээл, зээлийн хүү, үндсэн төлөлтийг төлөх үүргээ үл биелүүлж, 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийг зохих ёсоор төлөөгүй.

Энэ хугацаанд бид хариуцагч Э.У-, Э.Уч нарт зээлийг төлөхийг удаа дараа шаардсан хэдий ч тэд үүргээ огт биелүүлээгүй. Тийм учраас банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөр цуцалж, үндсэн төлбөр 48 648 648 төгрөг хүү, 8 828 576 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 196 310 төгрөг, нийт 57 673 533 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, нэхэмжлэлийг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын хамт гаргасан юм.

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг сонсоод хариуцагч Э.Учт холбогдох хэсгээс татгалзаж байна.

Иймд, хариуцагч Э.У-ээс 57 673 533 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Уч, Э.У- нар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Чулуунцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид нэхэмжлэгч “ХБ” ХХК-аас 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 50 000 000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 37 сарын хугацаатай зээлсэн ба зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 31 дүгээр байр, 128 тоот хаягт байрлах орон сууцыг барьцаалуулсан.

Эхний нэг сарын төлбөр 2 560 000 төгрөгийг төлсөн боловч үүнээс хойш төлөлт хийгээгүй. Хариуцагч Э.У-ийн эрхэлж байсан бизнес дампуурсан тул төлбөрийн чадваргүй болсон юм. Хариуцагч Э.Учийн хувьд Э.У-ийг зээл авахад хамтран зээлдэгч зайлшгүй шаардлагатай гэсэн тул хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон боловч тэрээр нэг ч төгрөг авч ашиглаагүй тул хариуцлага хүлээх ёсгүй. Хариуцагч нар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах талаар маргахгүй ба харин нэмэгдүүлсэн хүү 196 310 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүйгээс гадна зээл олгосны шимтгэлд 500 000 төгрөгийг суутган авсанд гомдолтой байна.

Учир нь, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт зээлийн хүүг гэрээнд заасан хугацаагаар тооцно гэж, мөн 24.3 дахь хэсэгт зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний 20 хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан. Өөрөөр хэлбэл, талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2021 онд дуусах байтал үүнээс өмнө нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж буй нь үндэслэлгүй. Нөгөө талаар нэхэмжлэгч “ХБ” ХХК-аас зээлийг төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээг цуцлах талаар мэдэгдэл өгөөгүй, шүүх хуралдаан эхлэхээс өмнө мэдэгдэл гэх баримтыг өгч байна.

Иргэний эрх зүйн харилцаанд талууд эрх тэгш оролцох ёстой. Гэтэл нэхэмжлэгч тал гэрээний 1.5.-д зааснаар 1 хувийн шимтгэл гэж 500 000 төгрөгийг авсан ба үүнээс гадна өмнө нь авсан төлөгдөөгүй зээлийг суутгасан байдаг. Гэхдээ бид нар өмнөх гэрээний үүрэг дуусгавар болоогүй байсан учир энэ талаар маргахгүй, харин нэмэгдүүлсэн хүү болон зээлийн шимтгэл 500 000 төгрөгийг төлөх ёсгүй. Хариуцагч нар уг 50 000 000 төгрөгийг 37 сарын хугацаанд бүрэн ашигласан бол үр ашгаа өгөх байсан, гэвч сар бүр 2 000 000 төгрөгийг төлөхөөр бүрэн ашиглахгүй байхад шимтгэл авсан байна. Иймд, хариуцагчийн төлсөн 699 331 төгрөгийг зээлийн үнийн дүнгээс хасч, зээлийн гэрээг өнөөдрөөр цуцалж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг тус тус үндэслэн хариуцагч Э.У-ээс 57 043 039.09 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 630 493.01 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 31 дүгээр байр, 128 тоот хаягт байрлах Ү-2204006831 тоот улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн хариуцагч Э.Учт холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2.-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 516 518 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 513 365 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Э.У- давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ “...зохигчдын байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг үзвэл талууд нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг сарын 0,4 хувь гэж тохирсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь талуудын байгуулсан зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүүг 0,4 хувь байна гэж тохиролцоогүй.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй” гэж заасан. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд гэрээний хугацааг 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 37 сарын хугацаатай байхаар тохиролцсон тул гэрээний дуусаагүй, нэмэгдүүлсэн хүү тооцох хууль зүйн үндэслэл бүрдээгүй байсан. Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “зээлийн гэрээнд заасан хугацаанд төлөгдөөгүй зээл, түүний хүүг хугацаа хэтэрсэн зээлийн болон тусгай дансанд бүртгэнэ” гэж, Мөн зүйлийн 25.2 дахь хэсэгт “хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана” гэж заасан нь үндсэн хүүгийн 20 хувиас хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тодорхой тоогоор тохиролцсон байхыг шаардаж байна гэж ойлгож байгаа бөгөөд банктай энэ талаар тохиролцоогүй.

Иймд нэмэгдүүлсэн хүүд тооцож гаргуулсан 196 310 төгрөгийг хасаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

 

 

            Нэхэмжлэгч “ХБ” ХХК хариуцагч Э.У-, Э.Уч нараас зээлийн гэрээний үүрэгт 57 673 533 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            “ХБ” ХХК нь Э.У-, Э.Уч нартай 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 50 000 000 төгрөгийг 37 сарын хугацаатай сарын 2 %-ийн хүүтэй зээлүүлж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Баянзүрх дүүрэг 7 дугаар хороо 15 дугаар хороолол 31 дүгээр байр 128 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг барьцаалсан байна. /хх 7-13 дугаар тал/

 

            Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан бөгөөд эдгээр гэрээ нь бичгийн хэлбэрээр байгуулах, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болох талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

            Хуульд зааснаар зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

            Гэрээний 1.5-д “Банк зээлийн үйлчилгээний шимтгэлийг гэрээнд заасан зээлийн нийт дүнгийн 1.00 %-иар тооцож, зээлийг бэлэн бусаар олгох үед харилцах данснаас бэлнээр олгох үед олгож буй зээлийн дүнгээс авна. Зээлийн үйлчилгээний шимтгэлийг зээлдэгчид буцаан олгохгүй” гэж заасан бөгөөд “ХБ” ХХК зээлийн гэрээний дагуу 50 000 000 төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр олгохдоо 1 %-ийн шимтгэл болох 500 000 төгрөгийг суутган авсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Зээлдэгч буюу “ХБ” ХХК нь зээл олгохдоо шимтгэл тооцож 500 000 төгрөг суутган авсныг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.4, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн заалтад нийцээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Талууд энэ талаар маргаагүй байна.

 

            Хариуцагч зээлийн гэрээний үүрэг 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 2 582 000 төгрөг төлсөн, нэхэмжлэгч “ХБ” ХХК хариуцагчийн төлсөн дээрх мөнгөнөөс 1 351 351.35 төгрөгийг үндсэн зээлд, 1 227 627.55 төгрөгийг зээлийн хүүд 3 201.10 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд суутган авчээ. /хх 23 дугаар тал/

 

            Анхан шатны шүүх үндсэн зээл, зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүгийн талаар үндэслэл бүхий тооцоолол хийж хариуцагчаас 57 043 039.09 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм.

 

            Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд “ХБ” ХХК нь үүрэг гүйцэтгэгч Э.У-ээс зээлийн гэрээний үүргийг төлүүлэхээр шаардах эрхтэй бөгөөд “ХБ” ХХК нь зээлийн гэрээний үүргийг зөвхөн нэг хариуцагчаас шаардсаныг буруутгах үндэслэлгүй байна.

 

            Хариуцагчийн “...нэмэгдүүлсэн хүүг 0.4 % байна гэж тохиролцоогүй” гэх үндэслэлээр давж заалдсан гомдлыг хангах боломжгүй юм. Учир нь талууд зээлийн гэрээний 4.1 дэх заалтад нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон нь хууль зөрчөөгүй байна.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 101/ШШ2019/01328 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 539 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.ОЮУНХАНД

 

                                                      ШҮҮГЧИД                                     Д.ЦОГТСАЙХАН

 

Ц.ИЧИНХОРЛОО