| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2023/00313/И |
| Дугаар | 102/ШШ2023/01119 |
| Огноо | 2023-03-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2023/01119
| 2023 оны 03 сарын 22 өдөр | Дугаар 102/ШШ2023/01119 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ***, өөрийн байранд оршин байх, *** ХХК /РД:***/,
Хариуцагч: *** тоотод оршин суух хаягтай, *** ургийн овогтой *** *** /РД:еп76070605/,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,747,015.65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А***,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.
/Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч Н.*** гаас зээлийн гэрээний үүрэгт 2,747,015.65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд:
Н.*** нь *** ХХК-тай 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр *** тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж 500,000.00 төгрөгийг бэлэн мөнгө авсаны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 2.0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 1.0 хувь, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан. Зээлдэгч Н.*** нь кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлөхгүй 66 сар хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар кредит картын гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 551,750.00 төгрөг, зээлийн хүүний төлбөр 1,015,426.30 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр 987,513.14 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний төлбөрт 192,326.21 төгрөг, нийт 2,747,015.65 төгрөгийг төлөөгүй байна. Зээлдэгч Н.*** гаас *** тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт нийт 2,747,015.65 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд тайлбар ирүүлээгүй.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, ***-ны өдрийн Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ, зээлийн картны тооцооллын хүснэгт, хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаартай шийдвэр.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч *** ХХК болон хариуцагч Н.*** нар №*** тоот Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулжээ.
Дээрх гэрээгээр хариуцагч Н.*** нь 500,000 төгрөгийн картыг 2 жилийн хугацаатай, жилийн хураамж 35,000 төгрөг, бэлэн мөнгө авсны жилийн хүү 42 хувь, бэлэн бус гүйлгээний жилийн хүү 24 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь байхаар ашиглах тохиролцоог хийжээ.
Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заагдсан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т ...зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсэн хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.
2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр *** ХХК нь хариуцагч Н.*** д холбогдуулж талуудын байгуулсан гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 551,750.00 төгрөг, зээлийн хүү 1,015,426.30 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 192,326.21 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 987,513.14 төгрөг, нийт 2,747,015.65 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан.
Хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй, нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд заажээ.
Хариуцагч нь нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийг гардан авсан боловч нэхэмжлэлийн шаардлага, холбогдох нотлох баримтуудыг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаар бичгийн тайлбарыг нотлох баримтын хамт шүүхэд ирүүлээгүй, ямар нэг байдлаар эсэргүүцээгүй.
Уг байдлыг хариуцагч гэрээг байгуулсан болон зээлийг хүлээн авсан эсэх, мөн зээлийн тооцоолол дээр маргаагүй гэж үзэхээс гадна нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийн мөнгийг бодитоор шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна. Нэгэнт нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан үүргээ гүйцэтгэсэн байх тул хариуцагчаас гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, хариуцагч гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй.
Талуудын байгуулсан Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ-ний 3.6-д төлбөр эргэн төлөх өдрөөс өмнө эргэн төлөх доод хэмжээг төлөөгүй бол эргэн төлөх доод хэмжээнээс хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 1 хувиар тооцно гэж заажээ.
Нэхэмжлэгч нь гэрээний дээрх заалтад үндэслэн зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр 987,513.14 төгрөг нэхэмжилсэн бөгөөд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасантай нийцээгүй байх тул гэрээний үндсэн хүүгийн төлбөр 1,015,426.30 төгрөгийн 20 хувь болох 203,085.26 төгрөгийг хариуцагчаас зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөрт гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Ийм учраас хариуцагч Н.*** гаас нийт 1,962,587.77 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *** ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.*** гаас 1,962,587.77 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 784,427.88 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,903 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Н.*** гаас 46,351 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН