Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/426

 

 

 

 

 

 

 

 

2025     09         24                                           2025/ШЦТ/426

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа,

Улсын яллагч Ж.Мөнхзул,

Шүүгдэгч С.Х, түүний өмгөөлөгч Р.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Хт холбогдох эрүүгийн 2534000000316 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Төв аймаг, газарт оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 865 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх С.Х

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймаг, Эрдэнэсант сум, Баян-Уул 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Д.Бын нүүрэн тус газар нь 1 удаа цохиж, Д.Бын зүүн хөмсөгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч С.Х нь: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүгдэгч С.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймаг, Эрдэнэсант сум, Баян-Уул 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Д.Бын нүүрэн тус газар нь 1 удаа цохиж, Д.Бын зүүн хөмсөгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Д.Бын “...Өчигдөр буюу 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 18 цагийн орчимд сумын төвд гэртээ байж байтал хашааны хаалга нүдэхээр нь гараад очоод хаалга онгойлготол манай сумын талийгаач н.Содномдоржийн хүү н.Баатараа, н.Баяраагийн хүү н.Зоригоо хоёр хашааны хаалга нүдсэн байсан. Тэгээд тэр н.Баатараа нь “танайд хонъё, архи ууя” гэхээр нь би өөдөөс нь “манайх ямар та нарын архины оромж юм уу” гэж хэлээд хашааны хаалгаа түгжих гэтэл н.Баатараа газраас чулуу аваад миний зүүн талын нүдний дээд талын хөмсөг хэсэгт нэг удаа цохисон. Тэр үед миний хөмсөгнөөс цус гарсан. Тэгээд нөгөө хоёр мотоцикль унаад яваад өгсөн. Тэрний дараа сумын эмнэлэг орж хөмсгөндөө 5 ширхэг оёдол тавиулсан. Эмч нь н.Энхсувд гэдэг эмч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 тал/,

- Хохирогч Д.Бын дахин өгсөн “...Би 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр тухайн асуудал болох үед сумын эрүүл мэндийн төвд очин яаралтай тусламж авсан. Түүнээс хойш 7 хоногийн боолт хийж цэвэрлэгээ үйлчилгээ хийлгэсэн. Өөрөөр хэвтэн эмчлүүлээгүй..., ...Би гомдолтой байна. Болсон үйл явдлаас хойш гарсан шатахуун тос болон бусад төрлийн зардал ойролцоогоор 1 сая төгрөг болсон тул тухайн мөнгийг гаргуулах авах болно..., ...Би хөдөө өөрийн төрсөн ээж Ж.Лхагва хөгшний хамт байдаг учраас шинжилгээ болон өөр үзлэгт орох боломж байхгүй. Иймд хүснэгтээр тогтоож өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/,

-Гэрч У.Э “...Тухайн өдөр 19 цаг 50 минутад би гэртээ байж байтал сумын эрүүл мэндийн төвийн ээлжийн сувилагч н.Мөнхжаргал эгч над руу залгаж хүнд зодуулчихсан гэсэн хүн ирлээ. Хөмсөг нь язарчихсан байна, оёдол тавих шаардлагатай юм байна гэж хэлэхээр нь би эмнэлэг очиход манай багийн Д.Б байсан. Д.Б ахын зүүн талынх нь хөмсөг хэсэг болон дээд хэсэгт нь язарсан шинэ шархтай, шархаа дагаж цус нь урссан байдалтай цус нь хатаагүй байсан. Үзлэгээр артерийн даралт нь 140/90-тэй, фулльс 103-тай, сатураци нь -95-тай, би?ийн халуун нь 35,5 ширхэг оёдол тавиад, тархи доргилтын монитолл фцрсомед -40 мл дуслаар хийгээд биеийн байдлыг нь ажиглаад тогтворжуулаад явуулсан. Тухайн үед Д.Б нь өөрөө явах боломжтой байсан учир ар гэрт нь хүлээлгэж өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/,

-Гэрч Б.З “...Би 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр би 14 цагийн орчимд хөдөө Бэрхийн ам гэдэг газарт н.Баатараа буюу С.Хын гэрт нь мотоцикльтой ганцаараа очиход н.Баатараа гэртээ ганцаараа байхаар нь бид хоёр хамт миний мотоцикльтой сумын төвд орж ирээд 2 хоног архи ууж 2 хоног хамт сумын н.Батбаатар гэдэг ахынд хоносон. Тэгээд н.Баатараа бид хоёр 06 дугаар сарын 12-ны өдөр нь н.Батбаатар ахын гэрт архи ууж байгаад 17-18 цагийн орчимд сумын н.Батнов ахын дэлгүүрээс 0.75 литрийн нэг шил архи худалдаж аваад замаараа тэдний гудамжинд байдаг н.Оохон ахын үүдэнд очиж зогсоод тэдний гэрт орж авч явсан архиа ууя гэж бодоод н.Баатараа хашааных нь хаалгыг нь нүдтэл н.Оохон ах гарч ирсэн. Тэгээд тэр үед би унаж явсан мотоцикль дээрээ сууж байсан. н.Баатараа, н.Оохон ахын гэрт нь орж архи ууя гэтэл н.Оохон ах гэртээ оруулахгүй гэж хэлтэл н.Баатараа оръё гэж хэлтэл н.Оохон ах гуйлгачин минь би чиний архины оромжыг бэлдэхгүй гэж хэлтэл н.Баатараа н.Оохон ахыг нүүрэн хэсэгрүү нь цохисон. Тэгтэл н.Оохон ахын толгой хөмсөг хэсэгнээс цус гарсан. Би тэр үед н.Баатараа, н.Оохон ахыг яг юугаар цохисонг нь бол харж чадаагүй. Ямар ч байсан н.Оохон ахыг гараараа нэг удаа л цохиход н.Оохон ахын зүүн нүднийх нь дээд талаас цус гараад байсан. Тэгээд бид хоёр хашааных нь үүдэнд н.Оохон ахыг хаячихаад яваад өгсөн. Тэгээд н.Батбаатар ахын гэрт нь очиж нөгөө авч явсан Хараа архиа уусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,

-Төв аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №ТӨВ0525/061 дугаартай “...Д.Бын биед зүүн хөмсөгт шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-25 тал/

-Шүүгдэгч С.Хын яллагдагчаар өгсөн “...Би гарсан тогтоолыг Р.Энхтуяагаар уншуулж танилцлаа. Надад саналт хүсэлт алга байна. Гэм буруу дээрээ маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 54 тал/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч С.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймаг, Эрдэнэсант сум, Баян-Уул 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Д.Бын нүүрэн тус газар нь 1 удаа цохиж, Д.Бын зүүн хөмсөгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

 

Прокуророос шүүгдэгч С.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч С.Хын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч С.Х нь хохирогч Д.Быг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа цохиж, зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.

 

Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

Энэ хэргийн тухайд шүүгдэгч С.Х нь хохирогч Д.Бын нүүрэн тус газар нь 1 удаа цохисны улмаас “зүүн хөмсөгт шарх” бүхий хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж, төгссөн гэмт хэрэг болж байна.

Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд зүүн хөлийн шагайд цус хуралт, зүүн хөлийн шагайд зөөлөн эдийн няцралт, баруун нүдний зовхинд цус хуралт, нуруу, баруун чихний ар хэсэгт зулгаралт, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Мөн шүүгдэгч С.Х нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдсон.

Иймд шүүгдэгч С.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Ж.Мөнхзул нь: “Шүүгдэгч С.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Шүүгдэгч С.Хт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл буюу хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.300.000 торгох ял оногдуулах саналтай байна. Энэ хэрэгтээ эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч С.Х нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна” гэх ялын дүгнэлтийг гаргасан байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Энхтуяа нь: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаа. Хөдөө мал дээрээ байдаг. Түүний хувийн байдлыг харгалзан 700.000 төгрөгөөр торгож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч С.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1- д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж шүүгдэгч С.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1300 /нэг мянга гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хт оногдуулсан 1300 /нэг мянга гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч С.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Хохирол хор уршиг, бусад асуудлын талаар:

Шүүгдэгч С.Хын гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч Д.Бын биед “зүүн хөмсөгт шарх” бүхий” хөнгөн хохирол учирчээ.

Шүүхийн шатанд хохирогч Д.Б нь “...700.000 төгрөгийн төлбөр авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж нотариатаар баталгаажуулсан хүсэлт гаргасан байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Хаас гаргуулах хохирол төлбөргүй,

Эрүүгийн 2534000000316 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Х нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч С.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1300 /нэг мянга гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1300 /нэг мянга гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч С.Хт шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн 2534000000316 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч С.Х нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ю.ЭНХМАА