Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2023/01120

 

 

 10 дугаар хороолол, 9 дүгээр байр, 2

 

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2023/01120

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, *** овогт ***гийн *** ,

 

Хариуцагч: *** тоотод оршин суух, *** овогт ***ийн *** ,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцыг гуравны хоёр хувиар өмчлөх давуу эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч В.*** ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э***,

Хариуцагч С.*** ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А***,

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Б***,

Гэрч Н.***

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хариуцагч С.*** т холбогдуулан орон сууцыг гуравны хоёр хувиар өмчлөх давуу эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд:

Миний бие нөхөр Ч.***тэй ***-ны өдөр гэр бүл болж хамт амьдарч байгаад ***-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлж *** тоот гэрлэгсдийн баталгаа авсан. Бид хоёр ** тоот, 3 өрөө орон сууцыг ***-ны өдөр худалдан авч би одоог хүртэл уг орон сууцандаа 25 дахь жилдээ амьдарч байна. Нөхөр Ч.*** 2020 оны 7 дугаар сарын 13-ны өдөр өвчний учир 82 настайдаа нас барсан. Ч.*** бид хоёрын дундаас хүүхэд төрөөгүй, хүүхэд үрчилж аваагүй, мөн дагавар хүүхэд байхгүй. Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийг хороон дээр очиж шүүлгэхэд *** 2006 онд миний орон сууцан дээр бүртгэлтэй, 7 жил хорих ял эдэлж байсан гэсэн бүртгэл гарч ирсэн. *** ийг миний нөхөр *** амьд ахуйдаа өөрөөрөө овоглосон юм байна. Би ч мэдээгүй. *** нь талийгаач нөхөр ***ийн дүү Сосорын хүүхэд болно. Нөхрөө нас барсны дараа орон сууцныхаа өмчлөх эрхийн гэрчилгээг олж аваад үзэхэд *** уг орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн байхыг олж мэдсэн. *** уг орон сууцыг нөхөр бид хоёр худалдан авахад ямар ч мөнгө төлөөгүй. Тэр үед *** 28 настай байсан. *** нь бид хоёртой хамт уг орон сууцанд огт амьдарч байгаагүй. Түүнийг миний орон сууцан дээр оршин суух бүртгэлтэй болохыг би мэдээгүй. *** нь нөхрийг маань нас барсны дараа 2021 онд миний гэрт дайран орж ирж том өрөө, нэг унтлагын өрөөг маань эзэмшин амьдрах болсон. Би уг орон сууцанд амьдарч байгаа 25 жилийн турш орон сууцны ашиглалтын зардлаа ганцаараа төлж ирсэн. Энэ тухай хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр байгаа. В.*** намайг *** тоот, 3 өрөө орон сууцыг гуравны хоёр хувиар өмчлөх давуу эрхтэй болохыг тогтоож өгнө үү. Нэхэмжлэлийг Иргэний хуулийн 105, 108 дугаар зүйлд зааснаар бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа В.*** нь хамтран амьдарч хөгжлийн бэрхшээлтэй С.*** намайг энэ байрнаас гаргаж өөрөө ганцаараа эзэмших гэж анхан шатны шүүхээс давж заалдах шүүхээр явсан боловч шүүх намайг өөрийн эцгийн байранд байх ёстой гэж шийдвэр гаргасан. Одоо миний эцгийн мөнгөөр авсан байрыг давуу эрхтэй өмчлөх гэж шүүхэд хандаж байна. Өмнө нь шүүхэд энэ байрны талаар *** аавын эгч, охин гэрчээр мэдүүлэг өгсөн ба энэ байрыг хэн авсныг гэрчилсэн байгаа. Иймд аавын минь хувийг надад болон миний эгч *** нар хувь эзэмших эрхтэй. Улсын бүртгэлийн хуулийн дагуу бүртгэлд байгаа хүмүүс адил эрхтэй гэж үзэж байна. Өмнө нь шүүхийн гаргасан шийдвэрүүдийг хавсаргаж надад болон эгч ***д эцгийн минь үлдээсэн хувийг олгож тогтоож өгнө үү. Миний эгчийн шүүхэд гаргасан өргөдлийг хавсарган өгөв гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 4/, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлгийн хуулбар /хх 5/, В.*** , Ч.*** нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх 6/, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар /хх 7/, Баянгол дүүргийн *** дугаар хорооны тодорхойлолт /хх 8/, Баянгол дүүргийн *** дугаар хорооны Засаг даргын ажлын албаны оршин суугаа газрын тодорхойлолт /хх 9/, Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын байцаагчийн бүртгэл хүчингүй болгох тухай дүгнэлтийн хуулбар /хх 10/, Нас барсны бүртгэлийн лавлагаа /хх 11/, тайлбар /хх /

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх 19/, хариу тайлбар /хх 20/, С.***гийн шүүхэд гаргасан тайлбар /хх 23-24/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал /хх 25-26/, фото зураг /хх 27/,

5. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдаанд гэрчээр Н.*** ээс мэдүүлэг авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нөхөр Ч.*** бид хоёрын дундаас хүүхэд төрөөгүй, хүүхэд үрчилж аваагүй, мөн дагавар хүүхэд байхгүй. Миний нөхөр *** амьд ахуйдаа *** ийг өөрөөрөө овоглосныг би мэдээгүй. Нөхрөө нас барсны дараа орон сууцныхаа өмчлөх эрхийн гэрчилгээг үзэхэд *** уг орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн байхыг мэдсэн. *** уг орон сууцыг нөхөр бид хоёр худалдан авахад ямар ч мөнгө төлөөгүй. Иймд В.*** намайг *** тоот, 3 өрөө орон сууцыг гуравны хоёр хувиар өмчлөх давуу эрхтэй болохыг тогтоолгоно гэж тодорхойлсон.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Миний эцгийн мөнгөөр авсан байрыг давуу эрхтэй өмчлөх гэж шүүхэд хандсан. Аавын өмчлөлийн хувийг би болон эгч *** нар хувь эзэмших эрхтэй. Улсын бүртгэлийн хуулийн дагуу бүртгэлд байгаа хүмүүс адил эрхтэй гэж тайлбарласан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг, В.*** , Ч.*** нарын гэрлэлтийн гэрчилгээ, хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, Баянгол дүүргийн *** хорооны тодорхойлолт, Баянгол дүүргийн *** хорооны Засаг даргын ажлын албаны оршин суугаа газрын тодорхойлолт, Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын байцаагчийн бүртгэл хүчингүй болгох тухай дүгнэлт, нас барсны бүртгэлийн лавлагаа, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаар магадлал зэрэг нотлох баримт болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч В.*** нь Ч.***тэй 1977 оны *** сарын 27-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, Ч.***ийн нас барсан өдөр буюу 2020 оны 7 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд түүнтэй хамт амьдарсан, Ч.*** нь өөрийн төрсөн дүү болох Ч.Сосорын хүүхэд С.*** ийг үрчилж авсан, ***  тоот 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр хариуцагч С.*** бүртгэгдсэн байна. Эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

Талууд *** тоот 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгч байсан Ч.*** нас барсан учир түүний өмчлөлийн хувийг давуу эрхтэй өвлөн авах талаар маргажээ.

 

Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа буюу хамтран өмчилж болох тухай Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д заасан. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч В.*** болон хариуцагч С.*** нар*** тоот 3 өрөө орон сууцыг хамтран өмчлөх эрхтэй болох нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаар магадлал, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт хууль ёсны өвлөгчийг нас барагчийн эхнэр, нөхөр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх гэж заажээ. С.*** нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-т зааснаар хууль ёсны өвлөгч байх бөгөөд эцгийнхээ өмчлөлийн хөрөнгөөс Иргэний хуулийн 520.1.1-т зааснаар адил хэмжээгээр өвлөх эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 10*** зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар буюу маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгч байсан Ч.***ийн өмчлөлийн хувийг хариуцагч С.*** оос илүү хувиар өмчлөх давуу эрхтэй гэж шаардах эрхээ тодорхойлсон. Иргэний хуулийн 10*** зүйлийн 105.1-д хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна гэж заажээ. Хуулийн энэ заалт нь хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж байсан аливаа этгээд өөрийн өмчлөлдөө авах давуу эрхийн талаарх ойлголт болно.

 

Иймд *** тоот 3 өрөө орон сууцыг гуравны хоёр хувиар өмчлөх давуу эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгчийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11*** зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 10*** зүйлийн 105.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул *** тоот 3 өрөө орон сууцыг гуравны хоёр хувиар өмчлөх давуу эрхтэй болохыг тогтоолгох тухай В.*** ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН