Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2023/00340

 

 

 

 

 

 

 

 

     2023           03             07                                     142/ШШ2023/00340

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                     

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул  дүүрэг, 0 дугаар хороо, хх-н байр, “ХХ” ХХК /регистрийн дугаар 0000000, утас: / нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ххх баг 0-0 тоотод оршин суух О овогт Г-н А /регистрийн дугаар: хх000000,/-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 6,727,568.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ““ХХ”-н” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлийн эрх бүхий карт эзэмшигч О овогт Г-ын А нь 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр “ХХ”-нтай 123 дугаартай зээлийн эрхтэй “Кредит картын гэрээ” байгуулж, 2,000,000.00 төгрөгийг сарын бэлэн бус гүйлгээний 2%, бэлэн гүйлгээний 3.5%, эрх хэтрүүлсэний 2%, хугацаа хэтрүүлсэний 1% хүүтэйгээр 24 /хорин дөрөв/ сарын хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн зээлийн эрхтэй карт нээлгэн зарцуулалтыг хийсэн болно. Зээлдэгч Г. Ариунболор нь 123 дугаарт Кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлж барагдуулах үүргээ удаа дараа зөрчин үүргийн гүйцэтгэлээс зайлсхийн төлбөрөө төлж барагдуулаагүй, 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш төлөлт огт хийгдээгүй, банкыг хохироож байгаа ба гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл биелэгдэх хугацаа дуүсгавар болсон зэргийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Зээлдэгч Г овогтой А холбогдуулан 123 дугаарт Кредит картын гэрээний 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөр 2,035,184.58 төгрөг, хүүний төлбөр 2,347,917.46 төгрөг, хугацаа хэтрүүлсэний хүүний төлбөр 1,306,501.07 төгрөг, эрх хэтрүүлсэний хүүний төлбөр 1,037,965.03 төгрөг, нийт 6,727,568.14 төгрөг. Зээлдэгч Г овогтой А-оос талуудын хооронд байгуулсан дугаар 123 тоот “Кредит картын гэрээ”-ний төлбөрт нийт 6,727,568.14 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж “ХХ”-нинд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү.”  гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр би г.А-той холбогдсон. Холбогдоод “ХХ”-н ХХК-ийн нэхэмжилсэн үнийн дүнгээс 1.800.000 төгрөгийг татгалзаж хасаад сар бүр 500.000 төгрөгөөр 6 сарын хугацаанд төлөхөөр утсаар ярьж тохиролцсон. Тэгээд хоёулаа уулзаад эвлэрлийн гэрээгээ байгуулъя гэхэд би вагонд суух гээд явж байна. Эрдэнэтэд очоод гэрээн дээр гарын үсэг зурчихъя гэсэн чинь очоогүй юм байна. Тэгээд би шүүх рүү эвлэрлийн гэрээгээ и-мэйлээр болон шуудангаар хүргүүлсэн гэв.

3. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3-4/, кредит картын гэрээ /хх-5-7/, кридщт картын тооцооллын хүснэгт /хх-8/, итгэмжлэл /хх-9/, “ХХ”-нны гүйцэтгэх захирлын тушаал /хх-10/, улсын бүртгэлийн гэрчилгээний  нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-12/, Сүхбаатар дүүргийн иргэний  хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны  өдрийн 181/ШЗ2021/13040 дугаартай  захирамжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-12-13/, А-дын иргэний хуулбар /хх-14/, эвлэрлийн гэрээ /хх-34/,зэргийг гаргаж өгсөн.

  

ҮНДЭСЛЭХ нь:   

Нэхэмжлэгч ““ХХ”-н” ХХК нь хариуцагч А-дт холбогдуулан 6,727,568.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмлэгдсэн төлөөлөгч О.Х нь хариуцагч А-дтой ярилцаж нэхэмжлэлийн шаардлагаас 1,800,000 төгрөг төгрөгөөс татгалзаж үлдэгдэл 4,927,568.14 төгрөгийг 6 сарын хугацаанд багтааж төлөхөөр тохиролцсон гэж тайлбарладаг.

 

Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Зохигчид 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр кредит картын гэрээ байгуулж, уг гэрээгээр 2,000,000.00 төгрөгийг сарын бэлэн бус гүйлгээний 2%, бэлэн гүйлгээний 3.5%, эрх хэтрүүлсэний 2%, хугацаа хэтрүүлсэний 1% хүүтэйгээр 24 /хорин дөрөв/ сарын хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-5-7/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр эрх бүхий хуулийн этгээд нь зээлдүүлэгчийн хувьд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан гэрээний харилцаа үүсчээ.

 

Хариуцагч А-д нь кредит картын гэрээний дагуу 2,035,184.58 төгрөгийг нэхэмжлэгч “ХХ”-ннаас бэлэн болон бэлэн бусаар кредит карт ашиглан авсан ба  тэрээр зээлийг эргэн төлөх нөхцлийг зөрчиж, кредит картын төлбөр төлөөгүй болох нь кредит картын тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна. /хх-8/

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

Зохигчид кредит картын гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан ба хариуцагч нь кредит картын төлбөрийг төлөх үүрэгтэй боловч тэрээр үүргээ зохих ёсоор тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй, гэрээний хуваарийг удаа дараа зөрчсөн үйл баримт тогтоогдсон.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй болно.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлимйн шаардлагаас 1,800,000 төгрөгөөс татгалзаж 4,927,568.14 төгрөг нэхэмжилсэн. Иймд хариуцагч А-доос 4,927,568.14 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ХХ”-н ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:     

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар хариуцагч А-доос 4,927,568.14 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ““ХХ”-н” ХХК-д олгосугай.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 125,591 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А-доос 93,791 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ХХ”-н ХХК-д олгосугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.        

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ц.ДАГИЙМАА