Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2017/ШЦТ/237

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч П.Итгэл,

Шүүгдэгч Б.Э- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-т холбогдох эрүүгийн 1738000000027 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Э-,

Шүүгдэгч Б.Э- нь 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Ө-тай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Э- нь 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Ө-тай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

       Хохирогч Г.Ө-ын: “...2017 оны 8 дугаар сарын 13-ны өглөө 09 цагийн үед би гэртээ “Уртын ам”-нд байхад манай үхэр доошоогоо бэлчээрт явсан чинь Б.Э- гуай та нар доошоогоо үхэр мал явууллаа гээд та чинь одоо юу болоо вэ, өмнө нь яваад болоод байсан, одоо юу болчихов гэсэн чинь өнөөдөр би тийшээ битгий мал явуул гэсэн юм гээд уурлаад чам шиг балай авгайг алсан ч бараг багадна гээд миний толгой хүзүү рүү гараараа шууд цохиж аваад хавсарч унагаан малын хашаа руу үсдэж дараад байсан. Тухайн үед манай нөхөр салгах гээд дийлээгүй юм. Тэгээд би таныг цагдаад мэдэгдэнэ гэсэн чинь чи хэлдэг газраа хэл чи өөрөө буруутан болно шүү гээд занаад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,

       Гэрч Д.Д-н: “...2017 оны 8 дугаар сарын 13-ны өглөө манай үхэр бэлчээрт гарах гэж байхад Б.Э- гуай танайх үхрээ доошоо битгий туух гээд бай өвөлжөө идүүлэх гээд байх юм гээд манай хүүхдийг загнаад над руу бас уурлаад хэлсэн юм. Тэгэхэд манай эхнэр та одоо юу яриад байгаа юм бэ, танай үхэр доошоогоо явчихсан байхад манайх юу гэж дээшээгээ явуулдаг юм бэ, ер нь ганц манай мал яваад байгаа юм биш энэ хавийн бүх айлын мал доошоогоо явж байхад манай хэдэн малыг хөөгөөд байхдаа яадаг юм бэ гэж хэлсэн чинь Б.Э- уурлаад хүрч ирээд манай эхнэрийн толгой руу шууд цохиод, хашаа руу шахчихаад толгой руу нь цохиод чамайг ер нь алчихсан байхад яадаг юм бэ балай авгай минь, чамайг алчихсан байхад Эрдэнэбулган сумын хүмүүс баярлана гээд цохиод байхаар нь би дундуур нь ороод арай гэж түлхэж салгасан юм. Миний гар муу, юм барьж чадахгүй болохоор би дундуур нь орж түлхэж холдуулсан. Тэгээд буцаж ирээд манай эхнэрийг хавсарч унагааж байгаад толгой руу нь бас 2-3 удаа цохиод авахаар нь би дахиж дундуур нь ороод боль гээд түлхэж хашаан дотроос гаргасан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,

       Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 503 дугаартай

       1.2. Г.Ө-ын биед баруун шанаанд зулгаралт, баруун мөр, бугалга, гуя, зүүн шуунд цус хуралт, тархинд доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо.

       3. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн цохих үйлчлэлээр үүсгэгдэнэ.

       4.  Г.Ө-ын биед учирсан гэмтлүүд нь нийлбэр дүнгээрээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

       5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 10 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Б.Э- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч Г.Ө- нь хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч Б.Э-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн 1738000000027 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Б.Э-ыг бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Э-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 2017 оны 12 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулахаар тогтсугай.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

      5. Ялтны ял эдлэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

      6. Эрүүгийн 1738000000027 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.НЯМСҮРЭН