Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 159/ШШ2023/0029

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 159/2022/0031/3

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Газар өмчлүүлэх тухай” ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 47 дугаартай захирамжийг үндэслэн нэхэмжлэгч *******ын ээж ******* 576.2 мкв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 40 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 0122457 дугаартай гэрчилгээ олгожээ.

            Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Газар өмчлүүлэх тухай” ******* дугаартай захирамжаар иргэн ******* Сүхбаатар сумын 8 дугаар баг, Буурын гол 8 дугаар гудамж, 822 тоотод байршилтай 700 мкв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлжээ.

            Улмаар 2018 онд нэхэмжлэгчийн өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөн авсан газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэр гараагүй байхад иргэн ******* Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай захирамжаар газргыг өмчлүүлснээр газрын давхцал үүссэн, мөн ******* дугаартай захирамжийг нэхэмжлэгчид мэдэгдээгүй тул нэхэмжлэгчээс миний газар эзэмших эрхийг зөрчиж байгаа үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гарган маргаж байна.

******* 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулан ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... *******ын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдох “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Газар өмчлүүлэх тухай” ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай хэрэгт тус шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 118 дугаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах тухай захирамж гарсан байна. Үүнд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл.нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон шалтгаан, захиргааны актын улмаас ямар эрх нь зөрчигдсөн гэж үзэж байгаа түүнийгээ хэрхэн сэргээлгэх асуудлын тухайд:

Нэхэмжлэгч ******* болон түүний аав ******* нар нь энэ маргааны бүхий газар дээр байшин барин 18 жил амьдарсан. ******* нь нас барах хүртлээ энэ газар болон орон сууцтай холбогдолтой асуудлыг шийдвэрлэх Иргэний болон Захиргааны хэргийн шүүхийн ажиллагаанд 2016 оноос хойш оролцсон. Өмнө нь энэ газар дээр барьсан орон сууцтай холбоотой маргаан Иргэний хэргийн 3 шатны шүүхээр, газар эзэмшихтэй холбоотой хэрэг маргааныг Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр 3 удаа. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр 2 удаа шийдвэрлэгдэж байсан болно. Нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон шалтгаан нь өмнө нь шүүхүүдэд гаргасан нэхэмжлэл, шийдвэр, одоо тус шүүхэд гаргасан байгаа нэхэмжлэлд тус тус хангалттай дурдагдсан гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд. Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ. 3 дахь хэсэгт “... хөдпөх, үл хөдпөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх өв залгамжлуулах эрхтэй ...” гэж заасан.

Энэ эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгчийн төрсөн ээж ******* сумын Засаг даргын 2008 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 47 дугаар захирамжаар 576.2 м.кв газартаа 0122457 дугаар газар эзэмших гэрчилгээг олгосныг 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээгээр газар нь хүү Отгонбаатарт шилжсэн. Дээрх ******* олгосон газрын гэрчилгээ болон нэхэмжлэгчид шилжсэн өвлөх эрхийн гэрчилгээ одоо болтол хүчинтэй байгаа, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хүчингүйд тооцсон ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгэсэн шийдвэр гараагүй ба тус газар дээр баригдсан орон сууцны маргаан нь аймгийн Засаг даргын захирамж гарах үед дуусаагүй байсан. Гэтэл Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Газар өмчлүүлэх тухай” ******* дугаар захирамжаар иргэн ******* тухайн газрыг өмчлүүлсэн нь нэхэмжлэгч ******* болон аав ******* нарын эрүүл аюулгүй орчинд амьдрах, эд хөрөнгө өмчлөх, эзэмших эрхийг зөрчсөн үйлдэл болсон.

Учир нь маргаан бүхий газар дээр 2 эзэмших эрхийн гэрчилгээ давхцсан байгаа, мөн шүүхээр өмчлөл болон газрын маргааны асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад дээрх захирамж гарсан, нөгөөтэйгүүр нэхэмжлэгч *******т өвлөх эрхийн гэрчилгээгээр дээрх газар шилжсэн байхад түүний эрхийг зөрчсөн эрх зүйн акт гарсан гэж үзэхээр байна. Иймээс тус шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Засаг даргын зүгээс гаргасан тайлбар, нотлох баримтаас шалтгаалж нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөж, нэмэгдэх эсэх боломжтой гэж үзэж байгаа. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Газар өмчлүүлэх тухай” ******* дугаар захирамжийг мэдсэн эсэх тухай:

Нэхэмжлэгч *******ын хувьд өвлөх эрхийн гэрчилгээрээр өөрт нь шилжсэн газар нь дээрх аймгийн Засаг даргын захирамжаар ******* өмчлөгдсөн гэдгийг өмнө нь мэдээгүй ба аав ******* нь дээрх асуудлуудаас болж сэтгэл зүйн дарамтанд орж 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гэнэт зүрх нь хаагдаж нас барсан үед ирж газартай холбоотой маргаан шүүх дээр байгааг мэдсэн. Түүнээс биш Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Газар өмчлүүлэх тухай” ******* дугаар захирамжийг мэдээгүй ба өмгөөлөгч надаар дамжуулан Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн материалаас захирамжийн хуулбарыг тэмдэг даруулан хуулбарлаж авснаар мэдсэн.

Нэхэмжлэгчийн аав Ж.Болбаатарын хувьд Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Газар өмчлүүлэх тухай” ******* дугаар захирамж гарсныг өмнө нь мэдээгүй. Нэхэмжлэлд дурьдсан сумын газрын албанд очсон асуудал бол Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/107 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжтай холбоотой асуудлыг утга агуулгын хувьд андуурч бичсэн байна. Мөн ******* нь харвалт өгсний улмаас нүд харах болон явах чадвар муутайгаас шалтгаалж төрийн байгууллагаар явж асуудлыг бие даан тодруулах боломжгүй байсан.

Харин эхнэр ******* олгосон гэрчилгээг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/107 дугаар захирамжаар хүчингүй тооцсныг мэдээд Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагч болох Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж зөвшөөрснөөр хэрэг дууссан. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс дээрх сумын Засаг даргатай холбоотой маргааныг шалгах явцдаа цуглуулсан материалд Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Газар өмчлүүлэх тухай” ******* дугаар захирамж байсныг өмгөөлөгч мэдээд хуулбарлаж авч нэхэмжлэгч *******т танилцуулсан шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар эрх бүхий төрийн байгууллага болон албан тушаалтнаас дээрх Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжийг мэдэгдсэн, гардуулсан, танилцуулсан зүйл байхгүй юм.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Иргэн Б.Мөнхдалай нь эзэмшиж буй газраа өмчилж авах тухай өргөдөл хүсэлтээ Сүхбаатар сумын газрын даамал Э.Болор-Эрдэнэд 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 12 цаг 42 минутад гаргаж, уг хүсэлтийг газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер 2 программд 04301-01-00042-16 тоот өргөдлөөр бүртгэн авч, өргөдөл хүсэлтийг нэгж талбарын тоот хувийн хэрэгт авагдсан баримт материалын хамт аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газар зохион байгуулалтын төлөвлөлт, газар өмчлөлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн *******т шилжүүлсэн.

Аймгиин Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтний зүгээс иргэн газар өмчилж авахаар гаргасан өргөдөл хүсэлтийг судлан үзэхэд шүүхээр шийдвэрлэгдэж байсан тул уг асуудлыг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл газар өмчлөх хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй нөхцөл үүсэн тул хүсэлт гаргасан иргэнд энэ талаар мэдэгдсэн. Газар өмчлөлийн мэргэжилтэн ******* нь дээрх шүүх ажиллагаанд хариуцагчаар оролцсон Сүхбаатар сумын газрын даамал тодруулга авахад Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 10 тоот шийдвэрээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангасан бөгөөд тус шийдвэрийг үндэслэн Сүхбаатар сумын Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/107 тоот захирамжаар Сүхбаатар сумын 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 47 тоот гэсэн бичиглэлтэй овогтой олгосон газар эзэмших эрхийн 0122457 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон талаар тайлбар өгчээ.

Мөн иргэн Б.Мөнхдайлайгийн зүгээс Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 тоот шийдвэр болон Сүхбаатар сумын Засаг даргын 2018 оны А/107 тоот захирамжийн хамт Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын Газар зохион байгуулалтын төлөвлөлт, газар өмчлөлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн *******т хүлээлгэн өгчээ. Иргэн 2016 оны 9 дүгээр сарын 26-нд гаргасан газар өмчлөх тухай хүсэлтийг шийдвэрлэх үед Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 10 тоот шийдвэрээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдвэр гарсан. Сүхбаатар сумын Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/107 тоот захирамж гарч газар давхардуулан олгосон зөрчлийг арилгасан байв.

Иймд Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Газар өмчлүүлэх тухай” ******* тоот захирамжаар Сүхбаатар сумын иргэн Цэмбэлтэн овогт Бат-Очирын Мөнхдалай /РД:МЭ40052035/-д Сүхбаатар сумын Буур хээрийн 8 дугаар баг Буурын голын 8 дугаар гудамжны 822 тоот хаягт байршилтай 700м2 буюу 2.625.000 төгрөгийн үнэ бүхий газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэ төлбөргүйгээр өмчлүүлсэн.” гэжээ.

Гуравдагч этгээд Б.Мөнхдалай шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “... Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 173 дугаар захирамжаар гуравдагч этгээдээр оролцуулах тухай захирамжийг гардаж аваад дараах тайдбарыг гаж байна. Үүнд:

Иргэн ******* нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 10 сарын 10-ны өдрийн “Газар өмчлүүлэх тухай” ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Гэтэл уг захирамжийн маргаан бүхий газар буюу Баянхааны 4 дүгээр баг 9 дүгээр хэсэгт байрлах газар нь 2011 оны 02 дугаар сарын 28-наас Буурхээр 8 дугаар баг болж өөрчлөгдсөн  бөгөөд 1969 оноос хойш Б.Мөнхдалай миний бие гэргий Г.Банзрагч болон хүүхдүүдийн хамтаар бүлээрээ амьдарч байгаад 1996 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээний үндсэн дээр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 756 мкв, ногоо тарих зориулалтаар 200 мкв, нийт 956 мкв газрыг 60 жилийн хугацаатай, 031825 дугаартайгаар хууль бусаар эзэмшсэн.

Ингээд дээрх газрыг 2005 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хот суурин газрын эдлэн газрьн улсын бүртгэлийн хуудсаар Б.Мөнхдалай миний нэр дээр баталгаажуулалт, кадастрын зураг хийгдэж, 2011 оны 02 дугаар сарын 28-ны өдөр аймгнйн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 54 тоот тогтоолоор дээрх газрын нэршил 8 дугаар баг 2 дугаар хэсэг болон өөрчлөхөд мөн л Б.Мөнхдалай миний нэр дээр өөрчлөгдөж бүртгэгдсэн ба 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Засаг даргын А/125 дугаартай захирамжаар кадастрын зургийг баталгаажуулж, уг захирамжаар нэгж талбарын дугаартай 700 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчилж олгож, газар эзэмшүүлэх гэрээг шинээр байгуулсан юм. Уг газар 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нэгж талбарын дугаартай 700 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, улсын бүртгэлийн Г-1317002330 дугаарт бүртгэгдэж, Б.Мөнхдалай миний дээр 000549155 тоот газар өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдэж, гэрчилгээ аван өмчлөх эрхтэй болсон юм.

Гэвч уг газартаа бид 2003 оноос гэх хүнийг амьдруулж байгаад, 2004 оноос хойш *******ынхыг амьдруулах болсон. Гэтэл түүний эхнэр Ш.Батгэрэл нь өөрийн нэр дээрээ 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 47 дугаар Сүхбаатар сумын Засаг даргын захирамжийн дагуу гэх нэгж талбарын 17120 дугаар бүхий 576.2 мкв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээг *******ын аав болох Болдбаатар нь Сэлэнгэ аймгийн газрын албанд жолоочооор ажиллаж байхдаа давхардуулан гаргуулж авсан байна. Гэтэл уг 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 47 дугаар Сүхбаатар сумын Засаг даргын захирамжаар нэр бүхий 11 иргэнд газар эзэмшүүлсэн боловч уг захирамжид нэр бичигдээгүй Ш.Батгэрэл гэрчилгээг гаргуулж авсан байна.

Үүнийг бид Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт гомдол гаргасны үндсэн дээр мэдэж Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 1/244 дугаар “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгээр Сүхбаатар сумын Засаг даргын “Газар эзэмших зөвшөөрөл олгох тухай” 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 47 дугаар захирамжийн хавсралтанд дурьдсан газар эзэмшүүлэх иргэдийн нэрсийн жагсаалтанд нэр нь ороогүй иргэнд газар эзэмшүүлэх асуудал гарсан байна. Иймээс энэхүү хууль бусаар газар давхардуулан олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээг ямар нэг байдлаар бусдад барьцаалах, эрх шилжүүлэх зэрэг эрсдэл гарч болзошгүй тул Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газарт 0122457 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг эх хувиар нь эргүүлэн хурааж хүчингүй болгон газар давхардуулж олгосон гэх асуудлыг шийдвэрлэж хууль ёсны эзэмшигчийн эрхийг шинэчилсэн кадастрын зургаар баталгаажуулах арга хэмжээг авахыг үүрэг болгосон байсан.

Гэтэл Сумын Засаг дарга арга хэмжээ авахгүй байсан тул “2008 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 0122457 дугаартай ******* газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бус гэдгийг тогтоолгох, гэрчилгээг хүчингүй болгохыг Сүхбаатар сумын Засаг даргад даалгах, 2008 оны 02 дугаар сарын 18-ны едрийн 0122457 дугаартай гэрчилгээнд бичигдсэн нэгж талбарын хүний газар дээр хийсэн кадастрын зургийг хүчингүй болгуулах давхардалтыг арилгуулахыг Сухбаатар сумын Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга даалгуулах” тухай нэхэмжлэлийг миний бие Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 10 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Дээрх захиргааны хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаад манай 2016 онд эзэмших эрхийн гэрчилгээгээ өмчлөх эрхтэй болгохоор хөөцөлдсөний дагуу 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Сухбаатар сумын Засаг даргын А/107 дугаар захирамжаар “... Засаг даргын захирамж гараагүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг ******* давхардуулан олгосон байна. Иймд Сүхбаатар сумын Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 47 тоот гэсэн бичиглэлтэй овогтои олгосон газар эзэмших эрхийн 0122457 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй тооцож, ******* холбогдох 18587566167896 дугаартай нэгж талбарын бүртгэлийг кадастрын бүртгэлээс хасаж шийдвэрлэсэн. Ингээд 2016 онд гаргасан хүсэлтийн маань дагуу 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар захирамжаар уг газрыг маань бидэнд хууль ёсоор өмчлүүлсэн.

Газрыг надад хууль ёсоор өмчлүүлэх болсон учраас шүух дэзр хзлэлцэгдэж байсан эрхийн маргаантай нэхэмжлэлээсээ татгалзаж 2018 оны 8 сарын 16-ны өдрийн 19 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тухайн үед гуравдагч этгээдээр оролцож байсан *******ын аав ******* уг газрын өмчлөх эрх ******* гарсан учраас нэхэмжлэлээсээ татгалзсан гэдгийг мэдэж байсан. Түүнчлэн Ш.Батгэрэлийн өвлөх эрх 2014 онд хүү *******т нь шилжсэн, мөн 2022 оны 4 дүгээр сарын 14-нд уг ******* захирамжаар өмчлөх эрх ******* үүссэн гэдгийг мэдсэн гэх боловч одоо 2022 онд буюу олон жилийн дараа 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргаж байгаа нь уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болж хэргийг хэлэлцэж болохгүй нөхцөл байдал бүрдсэн гэж үзэхээр байна. Иймд манай гэр бүл 1969 оноос хойш амьдарч, улмаар эзэмшиж байсан газартаа хууль ёсоор өмчлөх эрх олж авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай “Газар өмчлүүлэх тухай” захирамжаар гуравдагч этгээд ******* Сүхбаатар сумын 8 дугаар баг Буурын гол 8 дугаар гудамж 822 тоотод байршилтай 2.625.000 төгрөгийн үнэ бүхий 700 мкв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй өмчлүүлжээ.

            Нэхэмжлэгч ******* шүүхэд Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай “Газар өмчлүүлэх тухай” захирамж нь миний газар эзэмших эрхийг зөрчиж байх тул ******* өмчлүүлэхээр олгосон газар өмчлөх эрхийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гарган маргажээ.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан журмаар цуглуулсан нотлох баримт, нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар, иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол бусад нотлох баримтуудыг үнэлээд нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж заажээ.

            Сэлэнгэ аймгийн Засаг дарга Сүхбаатар сумын 8 дугаар баг Буурын гол 8 дугаар гудамж 822 тоотод байршилтай 700 мкв газрыг өмчлүүлэх шийдвэр гаргахдаа уг газрыг иргэн Б.Мөнхдалай өмчлөх эрх бүхий этгээд мөн болохыг нотлоогүй болох нь дараах үйл баримтуудаар тогтоогдож байна.

            Маргаан бүхий 576.2 мкв газрын тухайд

            1.Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 1996 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 11 дугаартай захирамжийг үндэслэн иргэн ******* Буурын гол Баянхааны 4 дүгээр баг, 9 дүгээр хэсэг /хуучнаар/-т байрлах 956 мкв газрыг орон сууцны хашаа, хүнсний ногооны зориулалтаар 60 жилийн хугацаагаар эзэмшүүлжээ.

            2.Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 47 дугаартай захирамжийг үндэслэн нэхэмжлэгч *******ын ээж ******* дээрх иргэн 956 мкв газартай давхцуулан нэгж талбарын 17120 дугаартай 576.2 мкв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 40 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 0122457 дугаартай гэрчилгээ олгожээ.

            3.Сэлэнгэ аймгийн тойргийн нотариатчийн 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 16 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр Ш.Батгэрэл нь 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдөр нас барсан учир Иргэний хуулийн 520, 531 дүгээр зүйлд тус тус заасныг үндэслэн хүү Болдбаатарын Отгонбаатарт Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд байрлах 0122457 дугаартай гэрчилгээтэй 576.2 мкв газрын эзэмших эрхийг өвлүүлжээ.

            4.Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрх баталгаажуулах тухай” А/125 дугаартай захирамжаар шинэчилсэн кадастрын зураглал хийж иргэн ******* Буур хээрийн 8 дугаар баг 2 дугаар хэсэг 161 тоотод 700 мкв /өмнө нь 956 мкв байсан/ газрыг 15 жилийн хугацаагаар гэр бүлийн хэрэгцээнд эзэмшүүлэхээр баталгаажуулж шийдвэрлэжээ.

            5.Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 10 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч нэхэмжлэлэээр Сүхбаатар сумын Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 47 дугаартай захирамжаар иргэн ******* эзэмшүүлэхээр олгосон нэгж талбарын 171120 дугаартай 576 мкв газрыг эзэмших 0122457 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

            6.Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 10 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд Ж.Болбаатар түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 332 дугаартай магадлалаар дээрх анхан шатны шүүхийн 10 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

            7.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 332 дугаартай магадлалын дагуу анхан шатны шүүхээс хэргийг дахин шүүх хуралдаанаар хэлэлцэхээр шалгаж байх хугацаанд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрх хүчингүйд тооцох тухай” А/107 дугаартай захирамж гарч 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 47 дугаартай захирамжаар иргэн ******* эзэмшүүлэхээр олгосон нэгж талбарын 171120 дугаартай 576 мкв газрыг эзэмших 0122457 дугаартай гэрчилгээг хүчингүй болгожээ.

            8.Сүхбаатар сумын Засаг даргын зүгээс дээрх газар эзэмших эрх хүчингүй болгосон А/107 дугаартай захирамжийг Ш.Батгэрэлийн нөхөр ******* болон түүний өв залгамжлагч хүү ******* нарт мэдэгдээгүй байна.

            9.Ш.Батгэрэлийн эзэмших эрхийн гэрчилгээг Сүхбаатар сумын Засаг дарга хүчингүй болгосон өдөр буюу 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 19 дугаартай захирамж гарч нэхэмжлэгч Б.Мөнхдалай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэсэхгүй болгожээ.

            10.Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Газар өмчлүүлэх тухай” ******* дугаартай захирамжаар иргэн ******* Сүхбаатар сумын 8 дугаар баг, Буурын гол 8 дугаар гудамж 822 тоотод байршилтай 700 мкв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлжээ.

            11.Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/46 дугаартай захирамжаар Сүхбаатар сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/107 дугаартай захирамжийг хүчингүй болгосон бөгөөд Ш.Батгэрэлийн 2008 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 47 дугаартай захирамжаар олгосон 0122457 дугаартай 576.2 мкв газрын эзэмших эрхийн гэрчилгээ хүчинтэй хэвээр үлджээ.

            12.Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн захирамжаар хариуцагч Сүхбаатар сумын Засаг дарга нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Сүхбаатар сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/107 дугаартай захирамжийг хүчингүй болгосон тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            13.Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/203 дугаартай захирамжаар Сүхбаатар сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/46 дугаартай захирамжийг хүчингүй болгосон бөгөөд энэ талаараа эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй иргэн ******* болон уг газар, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өв залгамжлагч *******ын хүү ******* нарт мэдэгдээгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасныг зөрчсөн үйл баримтууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож байна.

            Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэж үзвэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгосон Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 10 дугаартай шүүхийн шийдвэрийг үндэслэж Сүхбаатар сумын Засаг дарга 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/107 дугаартай захирамжаар нэхэмжлэгч *******ын ээж ******* олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ”, 40.3-т “эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж заасныг зөрчиж, Сүхбаатар сумын Засаг дарга А/107 дугаартай захирамжийг нэхэмжлэгч талд мэдэгдээгүй, энэ талаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч  нэхэмжлэл болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдсан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарыг үгүйсгээгүй нь дээрх хуульд заасан нэхэмжлэгчид захиргааны актыг мэдэгдэх, мэдэгдсэнээр нэхэмжлэгчийн шүүхэд гомдол гаргах эрхийг хангаагүй буруутай байна.

            Сүхбаатар сумын Засаг даргын А/107 дугаартай захирамж болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хүчингүй болсон 10 дугаартай шийдвэрийг үндэслэн Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газраас гуравдагч этгээд Б.Мөнхдалай, нэхэмжлэгч ******* нарын газрын маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэж дууссан ямар нэг зөрчилгүй гэж үзэж, Сэлэнгэ аймгийн Засаг даргад өргөн мэдүүлснээр Сэлэнгэ аймгийн Засаг дарга 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай захирамж гаргаж, ******* маргаан бүхий газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

            Тодруулбал Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж зааснаар иргэн Б.Мөнхдалайг тухайн газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотлохгүйгээр өмчлүүлжээ.

            Өөрөөр хэлбэл 2 иргэнд давхардуулан олгосон эзэмших эрхтэй газрын маргаан дуусаагүй, нэхэмжлэгчид Газрын тухай хуульд заасан шүүхэд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжийг хариуцагч олгоогүй байхад аймгийн Засаг дарга маргаан бүхий газрыг гуравдагч этгээд ******* өмчлүүлсэн нь нэхэмжлэгч *******ын өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөгдсөн газраа эзэмших, өмчлөх эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.

            Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх  үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заасан ажиллагаануудыг хийлгүйгээр иргэн ******* газар өмчлүүлэх шийдвэр гаргасан гэж дүгнэхээр байна.

            Зүй нь Ш.Батгэрэлийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон сумын Засаг даргын шийдвэр хуульд нийцсэн эсэх, захирамжид гомдол гаргах эрхийг нь хангасан эсэх, газар эзэмшихтэй холбоотой маргаан шүүхийн шатанд болон Сүхбаатар сумын Засаг даргын шатанд эцэслэн шийдвэрлэгдсэн эсэх, иргэн Б.Мөнхдалай маргаан бүхий газрыг өмчлөх эрхтэй нь хангалттай нотлогдсон эсэх зэргийг нарийвчлан шинжлэн судалж, бодит нөхцөл байдлыг шалган тогтоох, үнэлэх үүргээ биелүүлэхгүйгээр газар өмчлүүлэх шийдвэр гаргасан нь хуульд нийцэхгүй байна.

            Мөн нэхэмжлэгч *******ын 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 16 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ одоог хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгааг дурдах нь зүйтэй.

            Маргаан бүхий газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн талаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээд Иргэний хэргийн гурван шатны шүүхээр маргасан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч талыг тогтоосон шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх бөгөөд нэхэмжлэгч ******* нь аав *******, ээж Ш.Батгэрэл нарын хамт 2004 онд М.Бахетжан гэгчээс худалдаж авсанаас хойш одоог хүртэл уг газартаа амьдарч байгаа бөгөөд 2018 оныг хүртэлх хугацаанд гуравдагч этгээдийн зүгээс газар эзэмших эрхтэй холбоотой ямар нэг маргаан гаргаж байгаагүй байна.

            Мөн Ш.Батгэрэлийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон 2018 оны А/107 дугаартай захирамжийг нэхэмжлэгч талд огт мэдэгдээгүй байх бөгөөд хуульд заасны дагуу мэдэгдэж, гомдол гаргах эрхийг нь хангаж газар эзэмших эрхийг давхцуулан олгосон маргааныг ямар нэг байдлаар /захиргааны байгууллагаар эсхүл шүүхээр/ эцэслэн шийдвэрлэсний дараа хэн өмчлөх эрхтэйг нотолсоны үндсэн дээр тухайн газрын өмчлөлийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Маргаан бүхий захиргааны акт болох Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны ******* дугаартай захирамж гарснаас хойш Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/46 дугаартай захирамж, 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/203 дугаартай захирамжуудад эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

            Анхан шатны шүүхийн 10 дугаартай хүчингүй болсон шийдвэрийг үндэслэж гарсан Сүхбаатар сумын Засаг даргын А/107 дугаартай захирамжийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт гэж үзэж өмчлөх эрхийн захирамж гаргасан Сэлэнгэ аймгийн Засаг даргын ******* дугаартай захирамж хууль бус байх тул хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т заасныг баримтлан *******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Газар өмчлүүлэх тухай” ******* дугаартай захирамжийг хүчингүй болгосугай.

            2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Л.ОДБААТАР