Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/519

 

 

М.Пд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Туяа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/190 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 20 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлээр М.Пд холбогдох 2110002570118 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Ц овгийн Мын П, 1986 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

            Шүүгдэгч М.П нь 2020 оны 11 дүгээр сард Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, 60а байрны орцны үүднээс хохирогч Л.Сгийн эзэмшлийн “iPhone X” загварын гээсэн гар утсыг олж, бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж ашиглан завшсан гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: М.Пын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц овгийн Мын Пыг бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Пыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Пд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шүүгдэгч М.Пд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

            Прокурор О.Алтангэрэл бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, өөрөөр хэлбэл шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хуульд зааснаас дордуулсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шүүх тогтоож” болохоор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “торгох ялыг биелүүлэх хугацааг 90 хоногоос доошгүй байхаар” тус тус зааж, шүүхийн практикт энэ хугацааг сайн дураараа биелүүлэх боломжит богино хугацаа гэж тогтоосон байна. Гэтэл шүүхээс шүүгдэгч М.Пд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэх хугацааг 2 сараар тогтоож, түүний эрх зүйн байдлыг дордуулсан байна. Мөн шүүхийн шийдвэрт торгох ялаар шийтгүүлсэн этгээдийн хувьд ялыг заавал биелүүлэх үүрэгтэй байхад “ноцтойгоор зайлсхийвэл ... хорих ялаар сольж ...” гэсэн хуулийн зохицуулалтаас өөр шалгуур тогтоосон, шүүхээс тогтоосон хугацааг хэзээнээс эхлэн тоолохыг тогтоолдоо тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй байна. Шийтгэх тогтоолын удиртгал хэсгийн шүүгдэгчийн биеийн байцаалт хэсэгт “Очирхүүгийн Нямхүү” гэж шүүгдэгчийн эцгийн болон өөрийн нэр буруу бичигдсэн байгааг дурдах нь зүйтэй. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/190 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтад өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

            Прокурор Д.Туяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч М.П нь 2020 оны 11 дүгээр сард Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, 60а байрны орцны үүднээс хохирогч Л.Сгийн эзэмшлийн “iPhone X” загварын гээсэн гар утсыг олж, бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж ашиглан завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Л.Сгийн “...Маргааш өглөө ... гар утсаа хайтал байхгүй байсан. Хаа нэг газар харих замдаа хаясан байх гэж бодож байна. ...Би бараг сарын дараа ... хаясан гар утсанд бүртгэлтэй Apple ID-аа оруулаад үзэхэд нэг хүн ашиглаж байсан. ...Цагдаад ... тэр хүнийг дуудаж уулзаад хаясан гар утсаа олж авсан. ...” /хх 17-18/,

М.Пын яллагдагчаар өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын дундуур ... ажилдаа явах гэж гараад Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, 60а байрны 2 дугаар орцны үүднээс “iPhone X” загварын ... гар утас олсон. ...Тухайн гар утасны сим картыг хаяад өөрийн сим картыг хийж, тус гар утсыг ашигласан. ...” /хх 34/ гэсэн мэдүүлгүүд,

эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх 10/, 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 11/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 24-25/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч М.П нь бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч М.П нь 2020 оны 11 дүгээр сард Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, 60а байрны орцны үүднээс хохирогч Л.Сгийн эзэмшлийн “iPhone X” загварын гээсэн гар утсыг олж, ашигласан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс шүүгдэгч М.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон гэж үзэв.

Прокурор О.Алтангэрэл “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шүүх тогтоож” болохоор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “торгох ялыг биелүүлэх хугацааг 90 хоногоос доошгүй байхаар” тус тус зааж, шүүхийн практикт энэ хугацааг сайн дураараа биелүүлэх боломжит богино хугацаа гэж тогтоосон байна. Гэтэл шүүхээс шүүгдэгч М.Пд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэх хугацааг 2 сараар тогтоож, түүний эрх зүйн байдлыг дордуулсан байна. Мөн шүүхийн шийдвэрт торгох ялаар шийтгүүлсэн этгээдийн хувьд ялыг заавал биелүүлэх үүрэгтэй байхад “ноцтойгоор зайлсхийвэл ... хорих ялаар сольж ...” гэсэн хуулийн зохицуулалтаас өөр шалгуур тогтоосон, шүүхээс тогтоосон хугацааг хэзээнээс эхлэн тоолохыг тогтоолдоо тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй байна. Шийтгэх тогтоолын удиртгал хэсгийн шүүгдэгчийн биеийн байцаалт хэсэгт “Очирхүүгийн Нямхүү” гэж шүүгдэгчийн эцгийн болон өөрийн нэр буруу бичигдсэн байгааг дурдах нь зүйтэй. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтад өөрчлөлт оруулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн ...шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж ...гардуулан өгнө” гэж, мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажлын 5 өдрийн дотор хүргүүлнэ” гэж заажээ.

Улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд заасны дагуу шийдвэр хүлээн авах, хуваарилах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэг үүсгэх зэрэг хуульд заасан хугацаатай ажиллагаанууд явагддаг ба мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 “Ялтан торгох ял оногдуулсан ... шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” хэмээн торгох ялыг биелүүлэх доод хугацааг тогтоожээ.

Өөрөөр хэлбэл, дээрх хуульд заасан журмын дагуу хийгдэх ажиллагаа нь тухай бүрдээ хуульд заасан тодорхой хугацаатай бөгөөд энэхүү хугацааг ялтны торгох ял төлөх хугацаанд оруулан тооцох нь түүний эрх зүйн байдал дордохоор байгааг цаашид анхаарвал зохино.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино.” гэж заасан байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэг “...шүүгдэгч нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл ...” гэж анхан шатны шүүх Эрүүгийн хуульд байхгүй үг, хэллэгээр бичсэнийг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй.

Иймд прокурор О.Алтэнгэрэлийн бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/190 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Түүнчлэн, шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт нэр буруу бичигдсэн асуудлын хувьд, хэрэгт авагдсан хуралдааны тэмдэглэл, шийтгэх тогтоол дээр ямар нэгэн буруу бичигдсэн зүйлгүй байх бөгөөд прокурор, хэргийн оролцогч нь цаашид шүүхийн шийдвэрт техникийн шинжтэй асуудал байгаа гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт шүүхэд гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулж болно.” гэж заасан хуулийн зохицуулалтаар шийдвэрлүүлэх боломжтойг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/190 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Пд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Пд оногдуулсан 500 тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. ...” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан М.П нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. ...” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...Шүүгдэгч М.Пд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. ...” гэснийг “...Шүүгдэгч М.Пд оногдуулсан 500 тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, прокурор О.Алтангэрэлийн бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                       

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                                       М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ