Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/408

 

 

 

 

 

 

 

2025      09        09                                           2025/ШЦТ/408

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа,

-улсын яллагчаар Б.Лувсанцэрэн,

-шүүгдэгч Ж.Л нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ж.Лд холбогдох эрүүгийн 2534000000368 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1974 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 1, ганцаараа Төв аймаг, гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Ж.Л

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Л нь Төв аймаг, Эрдэнэсант сум, Баянтуул 3 дугаар багийн нутагт “Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газар” буюу улсын тусгай хамгаалалттай нутагт хамаарах “Баянбулаг” гэх газраас 2025 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хууль бусаар зөвшөөрөлгүйгээр 3 тооны тарвага агнаж амьтны аймагт 3.690.000 төгрөгийн хохирол буюу Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан хохирлын нөхөн төлбөрийг тооцохдоо тухайн амьтны экологи, эдийн засгийг үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлж амьтны аймагт нийтдээ 7.380.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ж.Л нь: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүгдэгч Ж.Л нь Төв аймаг, Эрдэнэсант сум, Баянтуул 3 дугаар багийн нутагт “Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газар” буюу улсын тусгай хамгаалалттай нутагт хамаарах “Баянбулаг” гэх газраас 2025 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хууль бусаар зөвшөөрөлгүйгээр 3 тооны тарвага агнаж амьтны аймагт 3.690.000 төгрөгийн хохирол буюу Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан хохирлын нөхөн төлбөрийг тооцохдоо тухайн амьтны экологи, эдийн засгийг үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлж амьтны аймагт нийтдээ 7.380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01 тал/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-12 тал/,

-Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-21 тал/,

-2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №3640 дугаартай “Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол /хх-ийн 22 тал/,

-2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №96 дугаартай “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 24 тал/,

-2025 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №3640 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-29 тал/,

-2025 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №3640 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоол /хх-ийн 30 тал/,

-Шүүгдэгч Ж.Лхагвын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 33-35 тал/,

-Гэрч Л.А мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/,

-Гэрч Б.Ммэдүүлэг /хх-ийн 42-43 тал/,

-Гэрч Х.М мэдүүлэг /хх-ийн 46-47 тал/,

-Гэрч Н.Э мэдүүлэг /хх-ийн 50-51 тал/,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ганбаярын мэдүүлэг /хх-ийн 58-59 тал/,

-Иргэний нэхэмжлэгч Х.О мэдүүлэг /хх-ийн 63-64 тал/,

-2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №ТЦ25-61 дугаартай “Дамно” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 71-79 тал/,

-2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн №13/082 дугаартай “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 93-96 тал/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №ЕГ0125/1989 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 106-111 тал/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 39-ний өдрийн №ЕГ0325/5056 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 116-117 тал/,

-Эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 121-125 тал/,

-Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн №07/695 дугаартай албан бичиг /хх-ийн 127 тал/,

-Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №409 дугаартай албан бичиг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 129-130 тал/,

-Шүүгдэгч Ж.Лхагвын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 164-165 тал/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Шүүх хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Ж.Л нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Л нь 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 173 тал/,

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Лувсанцэрэн нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлт /хх-ийн 173 тал/-ийг хүлээн авч 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр №191 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-ийн 176-177 тал/ 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Ж.Л нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Ж.Лд холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол нь үндэслэлтэй, байна.

Шүүгдэгч Ж.Лхагвын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж , 4.2-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.3-д “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.4-д “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” гэж 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж тус тус заасан шаардлагад нийцэж байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ж.Л нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Ж.Лхагвыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

прокурорын саналыг хүлээн авч, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирол хор уршиг, бусад асуудлаар:

Шүүх хуралдааны товыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ганбаяр, иргэний нэхэмжлэгч Х.О нарт мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, хэрэгт авагдсан баримтын дагуу хохирлоо нэхэмжилнэ” гэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан.

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд Байгаль орчныг хамгаалах тухайн хуулийн 49 дүгээр зүйл 4.2-д зааснаар /амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр/ экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээгээр 7.380.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Ж.Л нь мөрдөн байцаалтын шатанд 7.380.000 /хх-ийн 168 тал/ төгрөгийг төлсөн байх тул түүнээс гаргуулах хохирол, төлбөргүй байна.

 

Харин шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Ж.Л” улсын дугаартай “Toyota prius Alpha XW” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №96 дугаартай “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай” прокурорын тогтоол, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №3640 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоол тус тус хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох хүсэлт гаргасан хүлээн авах боломжгүй.

Учир нь шүүгдэгч Ж.Лд холбогдох эрүүгийн 2534000000368 дугаартай хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзэн гэм буруутайд тооцсон бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг урьдчилан бэлтгэж, хууль бусаар ан агнаж, 3 тооны тарвагыг биеэр авч явах боломжгүй тул зөөж тээвэрлэх зорилгоор гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзнэ.

 

Иймд шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг журамлан 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №3640 дугаартай “Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол, 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №96 дугаартай “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай” прокурорын тогтоол, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №3640 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-29 тал/, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №3640 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоол” прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн “ТОЗ-78-01” загварын бууг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна”, 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ...” гэж тус тус зааснаар шүүгдэгч Ж.Лхагвын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “” улсын дугаартай “Toyota prius alpha” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 22.785.000 төгрөгийг шүүгдэгч Ж.Лас гаргуулж улсын орлого болгож

Эрүүгийн 2534000000368 дугаартай хэрэгт шүүгдэгч Ж.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Заан овогт Жаргалсайханы Лхагвыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Лд 5.600 /таван мянга зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.600.000 /таван сая зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Лд оногдуулсан 5.600 /таван мянга зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.600.000 /таван сая зургаан зуун мянга/ торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

  1. Шүүгдэгч Ж.Лд оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг биелүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг журамлан 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №3640 дугаартай “Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол, 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №96 дугаартай “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай” прокурорын тогтоол, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №3640 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-29 тал/, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №3640 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоол” прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн “ТОЗ-78-01” загварын бууг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг шүүгчийн туслах Н.Өнө-Эрдэнэд даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.Лхагвын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “” улсын дугаартай “Toyota prius alpha” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 22.785.000 төгрөгийг шүүгдэгч Ж.Лас гаргуулж улсын орлого болгосугай.

 

  1. Эрүүгийн 2534000000225 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч Ж.Л нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ю.ЭНХМАА