Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2023/01518

 

 

 

 

 

 

                                2023       03          27

                   101/ШШ2023/01518

           

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

          Нэхэмжлэгч: "Э" СӨХ

 

          Хариуцагч:  Г. Г /рд:/-д холбогдох

 

939,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч У.Т, хариуцагч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.         Нэхэмжлэгч “Э” СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч У.Т нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” Сууц өмчлөгчдийн холбоо нь Баянзүрх дүүрэг, дугаар хорооны Хүннүгийн гудамжинд байрлах “Э”-ы дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг. Оршин суугч Г.Г нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний үлдэгдэл төлбөр, мөн 2022 оны 01    дүгээр сараас 2023 оны 01 дүгээр сарын Дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг төлж барагдуулаагүй. Үүнд:

•           2022 оны 01 дүгээр сарын 01 -ний үлдэгдэл 220,200 төгрөгийн төлбөр;

•           2022 оны 01 дүгээр сараас 2023 оны 01 дүгээр сар хүртэлх 718,900 төгрөг бөгөөд нийт төлбөр 939,100 төгрөг болсон.

“Э” Сууц өмчлөгчдийн холбооноос удаа дараа төлбөрийн талаар мэдэгдэх зорилгоор төлбөрийн нэхэмжлэх, мэдэгдэх хуудас болон мэйл хаягаар явуулсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг төлж барагдуулахгүй байна. Дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 939,100 төгрөгийг Г.Ггаас гаргуулж “Э” Сууц өмчлөгчдийн холбоод олгож өгнө үү.

1а. Хариуцагч нь оршин суудаг боловч засвар үйлчилгээний зардлыг хамтран зарцуулах үүрэгтэй боловч төлдөггүй. 1 гарашд 10 000 төгрөг, засвар, үйлчилгээнд 10 000 төгрөг, харуул хамгаалалтад 5 000 төгрөг, цэвэрлэгээ 2 000 төгрөг гэх мэтээр нэг айл сард 55 300 төгрөг төлөх ёстой байсан. Манай СӨХ нь 2021.9.1-с үйл ажиллагаа явуулсан. 2022.1.1-ны өдөр хүртэл 220 200 төгрөг, 2023 оны 1 сар хүртэл 718 900 төгрөг төлөгдөөгүй. Нийт 939 100 өнөөдрийн хүртэл төлөөгүй. Удаа дараа мэдэгдэж байсан боловч төлөөгүй. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд 939 100 төгрөг гаргуулж өгнө үү. Хариу тайлбар нь баримтаар нотлогдоогүй. СӨХ хохирлыг хариуцах ёстой гэсэн баримтгүй. Албан бичгээ хэрэгт өгөөгүй байх тул хангах үндэслэл болохгүй. СӨХ шинэчлэгдэж байгаа тул ажлаа хийж байгаа юм. 3 хаалттай гэсэн боловч баримтгүй. Хаалга машин дээр буусан гэсэн баримтгүй гэв.

 

2.         Хариуцагч Г.Г нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж Эы -р байранд байрлах “Э” Сууц өмчлөгчдийн холбоо нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг,  дугаар хороо, Хүннүгийн гудамж Эы -р байрны  тоотод оршин суугч Г. Г Утас:  надаас СӨХ-ийн төлбөр болох 939100 төгрөг нэхэмжилж байгааг өгөх хүсэхгүй байна.

Учир шалтгаан нь: Миний бие 2021.10.17-ны өдөр 20 цаг 55 минутын үед гэрлүүгээ орох гээд авто машинтайгаа гарашийн орох хаалгаар чип уншуулан нэвтрэх үед хаалганы төхөөрөмж чипэндээ удирдагдахгүй хаалга гэнэт хаагдаж авто машины копуд, урд нүүрэн хэсэгт эвдрэл гэмтэл учруулсан. Үүнээс үүдэн автомашинд маань 1,934,000 төгрөгийн хохирол учирсан үйлдэл нь Эы СӨХ-д шууд хамааралтай асуудал гэж үзэж байгаа юм. Тодруулбал:

1.         Эы дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээг Эы СӨХ нь 2021.09.01-ны өдрөөс өнөөдрийг хүртэл бүрэн хариуцан ажиллаж байгаа.

2.         2021.10.17-ны өдөр Эы СӨХ-ийн зүгээс гарашийн орох хаалга хэсэгт хуучин зөв зүгээр ажиллаж байсан чип төхөөрөмж дээр давхардуулан шинэ чип төхөөрөмж суурилуулсан. Үүнээс үүдэн хуучин төхөөрөмжийн удирдлагын функцэд контакт үүсэж намайг автомашинтай чип уншуулан хаалгаар нэвтрэх үед алдаа заан хаалга авто машин дээрээс шууд буусан байх магадлалтай үйлдэл нь Эы СӨХ-д шууд хамааралтай гэж миний бие үзэж үзэж байгаа юм.

Энэ талаар миний бие Эы СӨХ-д тайлбар тавьж албан бичиг өргөдлөөр "Учирсан хохирлыг минь барагдуулж өгнө үү” гэх утга бүхий төлбөрийн нэхэмжлэл хүсэлт гаргасан. Эы СӨХ-ийн зүгээс хариу ямар нэг арга хэмжээ аваагүй, шийдсэн хариу огт өгөөгүй. Эсрэгээрээ надаас тухайн сард гарсан СӨХ-ийн төлбөр нэхэмжлэхэд нь

-           Эхлээд миний хохирлыг барагдуулаад өгчихөө, дараа нь нь би СӨХ-ийн төлбөрөө төлий.

-           Аль эсвэл миний авто машинд учирсан хохирлын хэмжээ болох 1,934,000 төгрөгтэй дүйцэхүйц хэмжээний СӨХ-ийн төлбөр хүртэл би СӨХ-ийн төлбөрийг төлөхгүй байх хүсэлтэй байгаагаа удаа дараа хэлсэн.

Миний бие Эы оршин суугчийн хувьд СӨХ-ийн төлбөрөөс гадна ашиглалтын бүх зардлаа цаг тухай бүрд нь төлж явдаг. Ямар ч өр шир, төлбөр хоцрогдуулах асуудал нэг ч удаа гаргаж байгаагүй найдвартай оршин суугч гэж өөрийгөө үздэг. Иймд миний Эы СӨХ-ийн зүгээс нэхэмжилж буй 939,100 төгрөгийг эхлээд миний автомашинд учирсан 1,934,000 төгрөгийг хохирлыг Эы СӨХ бүрэн барагдуулж дууссаны дараа төлөх хүсэлтэй байна.

2а. Нэхэмжлэгчийн төлөөлөгч хэлж байна. 2021.9.1-с үйл ажиллагаа явуулсан гэж байна. Засвар үйлчилгээг хариуцсан гэж байна. 2021.10.17-нд машинд хохирол учирсан юм. Би гарашид машинаа оруулж явах үед хаалга алдаа заагаад машин дээрээс унасан юм. Энэ талаар би эхлээд ашиглалтыг хариуцаж байсан газар нэхэмжлэх гаргасан юм. Гэтэл Хай спийд групп нь СӨХ-д бүрэн шилжүүлж өгсөн тул хариуцахгүй гэж хариу өгсөн юм. Үүнийг үндэслээд СӨХ-д хохирол барагдуулах талаар хүсэлт гаргахад хариу өгөөгүй юм. СӨХ-с төлбөр нэхэхэд нь би эхлээд миний хохирлыг барагдуулаад өгчих гэдэг. Би төлбөр төлөхөөс зайлсхийгээгүй. Хаалганаас болж учирсан хохирол хамааралгүй гэдэг. Тухайн өдөр өөрийн чипийг тавьсан байдаг. Хаалга хамааралгүй гэсэн боловч яагаад давхар чип тавьсан бэ. Үүнээс болж алдаа гарсан байх гэж бодож байна. Мөн дахиад төхөөрөмж тавьсан. 3 давхардуулж тавьснаас болж алдаа заасан. Хаалга манайд хамааралгүй гэсэн боловч давхар хаалт байршуулсан. Эхний хохирогч нь би тул эхлээд хохирол барагдуулах ёстой. Хариу өгдөггүй. Төлбөр нь тус тусдаа төлөгддөг юм. Өмнө нь бүх төлбөрөө нэг авдаг байсан. Баримт байхгүй гэж байгаа боловч сөрөг дээр би алдаа гаргасан байж магад. Энэ талаар би нэхэмжлэл гаргасан байгаа юм гэв.

 

3.         Нэхэмжлэгч нь шүүхэд: 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 01 дугаар бүх гишүүдийн хурлын тогтоолын хуулбар /хх5/, 2021 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн 2 дугаар удирдах зөвлөлийн хурлын тогтоолын хуулбар /хх6/, зардлын тооцооны хуулбар /хх7/, төлбөрийн нэхэмжлэх /хх8/, 1 ширхэг гэрэл зураг /хх9/, төрийн банкны төлбөрийн тооцоо /хх32/-г нотлох баримтаар ирүүлсэн.

3а. Хариуцагч нь шүүхэд: үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хх30/, 4 хуудас гэрэл зураг /хх33-36/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

      ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 939,100 төгрөг гаргуулж шийдвэрлэв.

 

2.         Нэхэмжлэгч “Э” СӨХ нь 2021 оны 09 дүгээр сараас 2023 оны 01 дүгээр сарыг дуусах хүртэл нийт 17 сарын хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд нийт 939,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.         Хариуцагч Г.Г нь 2021 оны 10 дугаар сард түүний автомашинд гарашийн хаалганаас болж хохирол учирсан тул төлбөрийг төлөөгүй гэж маргасан. Өөрөөр хэлбэл, дурдсан хугацааны төлбөрийн мөнгөн дүн болон төлөөгүй гэх үйл баримтын талаар маргаагүй.

 

4.         Хариуцагч Г.Г нь Баянзүрх, дугаар хороо, Хүннүгийн гудамж, байр, тоот орон сууцны өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн  дугаартай гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх30/

 

5.         Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлын өөрт ногдох хэсгийг сууц өмчлөгчийн холбоонд төлөх үүрэгтэй.

5а. “Э” СӨХ-ны удирдах зөвлөлийн хурлын 2021 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн 2 дугаар тогтоолоор дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлын нэг айлд ногдох хэмжээг баталсан байна. Харин цахилгаан шатны хувьд хариуцагчийн орон сууц нь 5 давхарт байрлах бөгөөд энэ нь 6,000 төгрөгийн төлбөрт хамаарах талаар маргаагүй. /хх6-7/

Үүнээс үзэхэд хариуцагч нь сард 55,300 төгрөг төлөх үүрэгтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч нь эхний сарын төлбөрийг 54,300 төгрөгөөр тооцсон гэж тайлбарлаж байна.

 

6.         Дээрх үйл баримтаас үзэхэд хариуцагч нь нийт 939,100 /54,300+55,300*16/ төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

 

7.         Хариуцагчийн маргаж буй автомашинд хохирол учруулсан гэх үйл баримтын хувьд энэ нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Харин энэ асуудлаар жич нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй.

 

8.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,089 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 27,089 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч Г.Ггаас 939,100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Э” СӨХ-д олгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,089 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 27,089 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Д.ГАНБОЛД