Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2023/00456

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2023/00456

Орхон аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Б-Ө сум, У баг, 3-***** тоотод оршин суух, Х овогт Ж-ийн З /регистрийн дугаар: ФА**********, 88******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Б-Ө сум, У баг Даниста худалдааны төвд байрлах, Д-О ХХК /регистрийн дугаар: 2**********, 70350508, 99*********/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтооолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, 6,242,569.28 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Ж.З,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.У,

Хариуцагчийн төлөөлөгч: Г.Г,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э-Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.З нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ж.З би 2012 оноос эхлэн Д-О ХХК-д заал зохион байгуулагчаар ажилласан юм. Миний бие 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүүхэд төрүүлээд хүүхдээ асрах чөлөөтэй байсан юм. Манай хүүхэд дутуу төрсөн учир асаргаа шаардлагатай байгаа юм. Би хүүхдээ асрах шаардлагатай байгаа болохоор 1 жилийн хугацаагаар ажлаасаа чөлөө авахыг хүссэн өргөдлөө гаргаж компаны захирал Г.Гт 2022 оны 9-р сарын 20-ны өдөр өгсөн юм. Гэтэл 2022 оны 10-р сарын 18-ны өдөр 39 дугаартай тушаал гаргаж намайг ажлаас халсан байна. Би гомдолтой байна. Ажлаас халсан тушаалд намайг 2019 онд түрээслэгч нартай давхар түрээсийн гэрээ байгуулан компанид орох орлогоос 6.242.569.28 төгрөгийг хувьдаа завшсан гэж үндэслэлгүй зүйл бичсэн явдалд их гомдолтой байна. Би үүрэгт ажлаа сайн гүйцэтгэж байсан юм. Би компаниас мөнгө төгрөг завшаагүй, гэмт хэрэг хийгээгүй юм. Намайг хуулийн үндэслэлгүйгээр ажлаас халсан тул Д-О-ХХК-ний заал зохион байгуулагчийн ажилд эгүүлэн оруулж өгнө үү. Ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж өгч нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ж.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2012 оноос эхлэн Д-О ХХК-д заал зохион байгуулагчаар ажилласан. Миний бие 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр амаржсан одоо хүүхэд асрах чөлөөтэй байгаа. Манай хүүхэд дутуу төрсөн учир асаргаа шаардлагатай байсан. Тэр хугацаанд манай ажил дээр аудитын шалгалт орсон байсан. Тухайн үед миний хийж байсан ажил дээр шалгалт орох гэж байна гэж ажлаас болон Аудитын байгууллагаас надад огт мэдэгдээгүй. Энэ тухай би хүүхдээ асрах шаардлагатай байсан болохоор 1 жилийн хугацаагаар ажлаасаа чөлөө авахыг хүссэн өргөдлөө компаны захирал Г.Гт 2022 оны 9-р дүгээр сарын 20-ны өдөр өгөхдөө мэдсэн. Ажлаас халсан тушаалд намайг 2019 онд түрээслэгч нартай давхар түрээсийн гэрээ байгуулан компанид орох орлогоос 6.242.569.28 төгрөгийг хувьдаа завшсан гэдэг үндэслэлгүй шалтгаанаар ажлаас халсан тул Д-О ХХК-ний заал зохион байгуулагчийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Г.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Тус компанид Заал зохион байгуулагч"-аар ажиллаж байсаннь 2019 онд түрээслэгч нартай Түрээсийн гэрээ байгуулахдаа 14 түрээслэгчтэй давхар түрээсийн гэрээ байгуулан компанид орох түрээсийн орлого болох 6,242,569,28 төгрөгийг хувьдаа завшсан болох нь Мөнгө нөөц баялаг аудит ХХК-ийн 2020 оны А/01 TOOT, 2021 оны А/32 тоот аудитын дүгнэлтүүдээр тогтоогдсон. Ажил ологчийн зүгээс Ж.Зийн компанийн хөрөнгө завшсан дээрх үйлдлийг хөдөлмөрийн ноцтой зөрчил" гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5, компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар бүлгийн 5.4 дэх заалтыг үндэслэж, Гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 39 тоот тушаалаар ажлаас чөлөөлсон болно. Иймд Ж.Зийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Харуцагчийн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зулцэцэг нь 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр энэ талаар мэдсэн гэж байна. Өмнө энэ талаар утсаар мэдэгдсэн. 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 14 цаг 30 минут 88106598 гэсэн дугаар луу албаны 70350508 дугаараас манай зохион байгуулагч мэдэгдсэн. Компанийн жилийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн учир тэр болгон мэдэгдээд байх шаардлаггүй бол уу гэж бодож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Г шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай компанид "Заал зохион байгуулагч"-аар ажиллаж байсан Ж.З нь 2019 онд түрээслэгч нартай Түрээсийн гэрээ байгуулахдаа 14 түрээслэгчтэй давхар түрээсийн гэрээ байгуулан компанид орох байсан түрээсийн орлого болох 6,242,569,28 төгрөгийг хувьдаа завшсан бапох нь Мөнгө нөөц баялаг аудит" ХХК-ийн 2020 оны А/01 тоот, 2021 оны А/32 тоот аудитын дүгнэлтүүдээр тогтоогдсон нь хөдөлмөрийн ноцтой зөрчил гэж үзэж, Ж.Зтэй хийсэн Хөдөлмөрийн гэрээ, компанийн Хөдөлмөрийн дотод журам болон холбогдох хуулийн хүрээнд ажлаас нь чөлөөлсөн билээ. Энэ талаар хариу тайлбартаа тодорхой бичсэн болно. Ж.З нь компанийн хөрөнгө /мөнгө/-ийг хувьдаа завшсан үйлдлээ үгүйсгээгүйгээс гадна өнөөдрийг хүртэл дээрх хохирлыг компанид эргүүлж төлөөгүй, компанид хохирол учруулсан асуудал нь түүнийг ажлаас халсан асуудалтай шалтгаант холбоотой, маргаан үүсэх болсон эх үүсвэр нь Ж.З нь тухайн үед компанид эдэлж байсан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж бидний хувьд үзэж байх тул Ж.З нь компанид учруулсан хохирлыг нөхөн төлөх үүргээсээ чөлөөлөгдөхгүй гэж үзэж, дараах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Ж.Зээс компанид учруулсан хохирол болох 6,242,569.28 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.З сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Жанцансамбуу овогтой Зулцэцэг нь "Д-О" ХХК-д зохион байгуулагчийн ажил хийж байгаад 2019 оны 07-р сард жирэмсний амралтаа аваад 2022 оны 09-р сарын 27-нд дутуу төрсөн. 3 жилийн хүүхэд асрах чөлөө маань дуусаж 2022 оны 09-р сарын 28-ны өдөр ажлаасаа чөлөө хүссэн.

 

Гэтэл миний ажил дээр 2019, 2020 онд аудитын шалгалт орсон байсан. Энэ тухайд миний бие 2022 оны 10-р сарын 18-ны өдрийн ажлаас халагдах тушаалаас мэдсэн.

 

"Мөнгө нөөц баялаг аудит" ХХК нь 2020 оны А/01 тоот, 2021 оны А/32 тоот аудитын дүгнэлтээр эрх бүхий ажилтан түрээслэгч нартай давхар түрээсийн гэрээ байгуулсан компанид 6,242,569.28 мөнгө хувьдаа завшиж залилангийн шинж чанартай үйлдэл гарсан гэдгээр намайг ямар ч үндэслэлгүй ажлаас халах тушаал гаргажээ.

 

1.Миний ажил дээр аудитын шалгалт орох гэж байгааг надад мэдэгдээгүй.

2.Гарсан дүгнэлтийг тухайн үед надад мэдэгдээгүй.

3.1999 оны хөдөлмөрийн хуулийн 131.2-т, 2021 онд батлагдсан хөдөлмөрийн хуулийн 123.4-т заасны дагуу сахилгын зөрчил гарсан өдрөөс эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш 6 сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш 1 сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ноогдуулна гэж заасан байна. Энэ тохиолдолд надад 2021 онд арга хэмжээ авах байсан.

4.Гүйцэтгэх захирал Ганзориг гэж хүн нярав, нягтлан, захирал нарыг цагдаагаас шалгуулж байсан. Гүйцэтгэх захирал байсан манай аав болох Х.Жанцансамбуу, нярав нягтлан болон намайг удаа дараа шалгаад гэм буруугүй гэмт хэргийн шинжгүй гэж цагдаагийн байгууллага тогтоосон байгаа.

5.Миний хийдэг зохион байгуулагчийн ажил нь оны эхэнд түрээслэгч нартай гэрээ байгуулдаг, заалны өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьдаг. Мөн гадаа талбайг, үйлчлэгч нартайгаа хариуцдаг энэ талаар миний ажлын байрны тодорхойлолт дээр бичсэн байгаа.

6.Миний ажил огт мөнгөтэй харьцдаггүй бөгөөд түрээслэгч нар түрээсээ хураалгахдаа: нярав капитанз бичээд, бэлнээр хураадаг байсан. Санхүүгийн тайлан, мөнгө, орлого, зарлагыг нярав, нягтлан нар хариуцдаг.

7.Би Д-О ХХК-ийн хувь эзэмшигч Энхболдын тушаалаар давхар гэрээ байгуулж байсан. Нэг удаа бие нь муу ирэхдээ эмчилгээний зардал их хэрэгтэй байна аа, давхар гэрээ хийгээд мөнгийг нь би авъя гэсэн. Энэ тухай цагдаа удаа дараа шалгасан. Энхболд гэж хүнийг би хар багаасаа мэднээ. Аавтай хар багийн найзууд. Мөнгө их хэрэг байна гээд аавын хувийн мөнгөнөөс хүртэл аваад явж байсан. Жааяа /манай аавын дууддаг нэр/ дараа хоёулаа болно гээд. Ахыг ирэх үед бид нар нярав, нягтлан амралтын өрөөндөө хоол унд хийж өгөөд явуулдаг байсан. Давхар гэрээнээс гарсан мөнгийг Энхболд түүний эхнэр Б.Эрдэнэцэцэг нарын данс руу шилжүүлж байсан.

8. Мөнгө нөөц баялаг аудит ХХК надаас аман болон бичгээр утсаар нэг ч удаа тайлбар аваагүй, надад миний ажилд аудит орох гэж байгаа, гарсан үр дүнг танилцуулаагүй, тайлбар асуумж асуугаагүй байж залилагч гэж тайлан дээрээ дүгнэн бичсэнд маш их гомдолтой байна.

 

Мөн Аудит нь асуумж асууж яг ямар шалтгаанаар гэрээ байгуулсан дансны хуулга, өөрөө хүлээн зөвшөөрч байна уу? би баталгаат гарын үсэг зурсны дараа дүгнэлт гаргах ёстой байтал дүгнэлтэнд залилагч гэж бичсэн зүйд нийцэхгүй. Өөрөөр хэлбэл аудит 6,242,569.28 мөнгө дутаасан гэж бичнэ үү гэхээс залилангийн шинжтэй үйлдэл хийсэн бол холбогдох байгууллага болох цагдаа, шүүхийн байгууллага шалгаж шийдвэрлэх юм. Би хамт олонтойгоо тэгш эрхтэй, найрсаг байсан тухай надтай ажиллаж байсан хүмүүс, түрээслэгч нар гэрчлэн хэлнэ.

 

Мөн аудит дээр нэг ч хүний хөдөлмөрийн гэрээ байхгүй байна гэж бичсэн мөртлөө шүүх дээр гэнэт миний хөдөлмөрийн гэрээ гараад ирсэн.

 

Уг гэрээн дээр байгаа гэрийн хаяг дээрээ 2016 оноос амьдарч эхэлсэн.

 

99994575 дугаарыг 2018 оноос барьсан. Хуурамч гэрээ хийж миний болон гүйцэтгэх захирлын гарын үсгийг ашигласан гэж үзэж байна.

 

"Д-О ХХК нь 3 хувь эзэмшигчтэй. Одооны гүйцэтгэх захирал хийж байгаа Ганзориг нь хувь эзэмшигч гэх Дамбапэлжээгийн өөрийн хүн, томилсон хүн бөгөөд нөгөө хувь эзэмшигч Эрдэнэцэцэг манай аав буюу Жанцансамбуу нар шүүхээр заргалдаж байгаа ба энэ Ганзориг гэж хүн хуучны Жанцансамбуугийн үеийн хүмүүсийг бүгдийг нь зайлуулна гэж ярьж байгааг хүмүүс надад олон удаа хэлж байсан. Надтай ажиллаж байсан бүх хүмүүс ажлаасаа гарсан. Тухайн үед нягтлан Алтанцэцэг бид 2 үлдсэн. Алтанцэцэгийг ч гэсэн 1 сарын 1-нд үдэж өгнө ажлаасаа гарахад бэлдэж байгаарай гэж дарамталж байгааг сонссон.

 

Хувь эзэмшигчдэд болон гүйцэтгэх захирал нарын маргаанд намайг хавчуулах, залилагч хэмээн батлагдаагүй, нотолгоогүй миний аваагүй зүйлд хэлмэгдүүлж доромжилж байгаад маш их гомдолтой байна.

 

Надад дур мэдэн гэрээ хийх эрх мэдэл байхгүйгээр барахгүй компаниас дрилл, хүрз зэргийг хувьдаа ашиглахад хүртэл, нярав он сартай тэмдэглэл хөтөлж өгдөг байсан.

 

Хэргийн материалдаа хувьцаа эзэмшигчдийнхээ шаардлагыг хавсаргасан нь надад ямар ч хамаагүй байхад, надаас нэхэмжилж байгаа 6 сая төгрөгийг дур мэдэж залилан гэж бичсэн аудитын бичвэрийг тушаал дээрээ хуулж бичсэн /надад их өшрөхсөн бололтой/ байгаа нь мэдлэг байхгүйг илтгэж байна. Би энэ хүнтэй 1 минут ч ажиллаж үзээгүй. Цэвэр өс хонзонгийн шинжтэй байна гэж бодож байна гэжээ.

 

Нэхэмжлэгчээс: Д-О хариуцлагатай хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 39 дугаартай тушаал /хх-3/8 сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар /хх-79-81/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2012 оны 01 сарын тайлан /хх-89-90/, хүсэлт /хх-103/, зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Хариуцагчаас: 000161697 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-10/, 2011 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ /хх-11/, ажлын байрны тодорхойлолт-04 /хх-12/, Ж.Зийн гаргасан хүсэлт /хх-13/, Д-О ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өрийн 01/20 дугаартай Чөлөө олгох тухай тушаал /хх-14/, мэдэгдэл /хх-15/, Д-О ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 39 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-16/, шаардлага хүргүүлэх тухай /хх-17/, Мөнгө нөөц баялаг аудитын ХХК-ийн хараат бус аудиторын тайлан /хх-18-33, 34-44/, Д-О ХХК-ийн захирлын 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 46/21 дугаартай тушаал /хх-51/, Д-О ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам /хх-52-69/, түрээсийн гэрээ /хх-127-139/, зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс: нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу гэрчийг асуусан тэмдэглэл /хх-147-152/,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.З нь хариуцагч Д-О ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Ж.З нь 2012 оноос эхлэн Д-О ХХК-д заал зохион байгуулагчаар ажилласан юм. Миний бие 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүүхэд төрүүлээд хүүхдээ асрах чөлөөтэй байсан. Манай хүүхэд дутуу төрсөн учир асаргаа шаардлагатай байгаа. Би хүүхдээ асрах шаардлагатай байгаа болохоор 1 жилийн хугацаагаар ажлаасаа чөлөө авахыг хүссэн өргөдлөө гаргаж компаний захирал Г.Гт 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн. Гэтэл 2022 оны 10-дугаар сарын 18-ны өдөр 39 дугаартай тушаал гаргаж намайг ажлаас халсан байна. Би гомдолтой байна гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг үндэслэж байна.

 

Нэхэмжлэгч нь Д-О ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 39 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5, Компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар бүлгийн 5.4, Мөнгө нөөц баялаг аудит ХХК-ийн гаргаж танилцуулсан 2020 оны А/01 тоот, 2021 оны А/32 тоот аудитын дүгнэлтүүдийг үндэслэн ажлаас чөлөөлсөн байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг Мөнгө нөөц баялаг аудит ХХК-ийн гаргасан аудитын дүгнэлтээр 2019 оны түрээсийн орлого цуглуулах эрх бүхий ажилтан түрээслэгч нартай давхар түрээсийн гэрээ байгуулан компанид орох орлогоос 6,242,569,28 төгрөгийг хувьдаа завшиж залилангийн шинж чанартай үйлдэл гаргасан болох нь нотлогдсон гэж үзэн, энэхүү байдлыг ажлаас чөлөөлөх үндэслэл болгожээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д заасан Хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн байна.

 

Ж.З нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Д-О ХХК-ийн захиргаанд хандан хүүхэд асрах чөлөө авах хүсэлт гаргасан байх ба Д-О ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01/20 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн түүнд хүүхэд асрах чөлөө олгосон байна.

 

Түүнчлэн Д-О ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 39 дугаартай тушаалд Ж.Зийн хүүхэд асрах чөлөө дуусч 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа орох байсан боловч 1 жилийн хугацаатай хүүхэд асрах чөлөө хүссэн өргөдөл гаргасан тул компанийн зүгээс холбогдох хууль дүрмийг судалж дахин хүүхэд асрах чөлөө олгох боломжгүй болохыг мэдэгдлээр танилцуулсан гэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн эрхэлдэг зохион байгуулагчийн ажил нь захирлын өгсөн үүрэг даалгаврын дагуу оны эхэнд түрээслэгч нартай гэрээ байгуулдаг, заалны өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьдаг, мөн гадаад талбайг, үйлчлэгч нарын хамт хариуцдаг байсан нь хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтоор батлагдаж байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь Түрээслэгч нарын түрээсийн мөнгийг нярав квитанц бичиж, бэлнээр хураадаг байсан, 2019 оны 07 дугаар сард жирэмсний амралтаа аваад 2022 оны 09 дүгээр сарын 27-нд дутуу төрсөн, 3 жилийн хүүхэд асрах чөлөө маань дуусч 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ажлаасаа чөлөө хүссэн. Гэтэл миний ажил дээр 2019, 2020 онд аудитын шалгалт орсон байсан гэж тайлбарлаж байна.

 

Ийнхүү нэхэмжлэгчийн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д заасан Хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил буюу 2019 онд түрээслэгч нартай давхар түрээсийн гэрээ байгуулан компанид орох орлогоос 6,242,569,28 төгрөгийг хувьдаа завшсан гэх үйлдэл тогтоогдохгүй байх бөгөөд түүнийг ажлаас үндэслэлгүй халсан байх тул эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагыг хангаж, харин ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч нотлох баримтаар нотлож үнийн дүнгээ тодорхойлоогүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хэрвээ нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол Хөдөлмөрийн тухай 1999 оны хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2, 2021 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 123 дугаар зүйлийн 123.4-т сахилгын зөрчил гарсан өдрөөс эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш 6 сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш 1 сарын дотор Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ноогдуулна гэж заасны дагуу хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ авах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ: "Заал зохион байгуулагч"-аар ажиллаж байсан Ж.З нь 2019 онд түрээслэгч нартай Түрээсийн гэрээ байгуулахдаа 14 түрээслэгчтэй давхар түрээсийн гэрээ байгуулан компанид орох байсан түрээсийн орлого болох 6,242,569,28 төгрөгийг хувьдаа завшсан бапох нь Мөнгө нөөц баялаг аудит" ХХК-ийн 2020 оны А/01 тоот, 2021 оны А/32 тоот аудитын дүгнэлтүүдээр тогтоогдсон нь хөдөлмөрийн ноцтой зөрчил гэж үзэж, Ж.Зтэй хийсэн Хөдөлмөрийн гэрээ, компанийн Хөдөлмөрийн дотоод журам болон холбогдох хуулийн хүрээнд ажлаас нь чөлөөлсөн.

 

Иймд Ж.Зээс компанид учруулсан хохирол болох 6,242,569.28 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тодорхойлсон. Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: "Мөнгө нөөц баялаг аудит" ХХК нь 2020 оны А/01 тоот, 2021 оны А/32 тоот аудитын дүгнэлтээр эрх бүхий ажилтан түрээслэгч нартай давхар түрээсийн гэрээ байгуулсан компанид 6,242,569.28 мөнгө хувьдаа завшиж залилангийн шинж чанартай үйлдэл гарсан гэдгээр намайг ямар ч үндэслэлгүй ажлаас халах тушаал гаргасан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч нэхэмжлэгчийг 2019 онд түрээслэгч нартай давхар түрээсийн гэрээ байгуулан компанид орох орлогоос 6,242,569,28 төгрөгийг хувьдаа завшиж залилангийн шинж чанартай үйлдэл гаргасан гэж буруутгаж байгаа боловч дээрх үйлдлийг Цагдаагийн байгууллагаас шалгаад гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д заасныг баримтлан Ж.Зийг Д-О ХХК-ийн заал зохион байгуулагчийнх нь ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан нэхэмжлэгчээс 6,242,569.28 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Д-О ХХК-д даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.З нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 114,831 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5.Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН