Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 00238

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Сумъяажав,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд,

Шүүгдэгч Ц.Намжилсүрэн нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэрэнсүрэнгийн Намжилсүрэнд холбогдох эрүүгийн 1738001070038 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хотгойд овогт Цэрэнсүрэнгийн Намжилсүрэн, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1991 оны 7 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 26 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн туслах багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 19-13 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Регистрийн РЮ91073161 дугаартай.

Шүүгдэгч Ц.Намжилсүрэн нь 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 19-13 тоотод иргэн Ж.Даваачимэгийг хулгай хийлээ гэх шалтгааны улмаас зодож биед нь тархи доргилт, баруун, зүүн бугалга, шуу, нуруу, баруун, зүүн гуя, зүүн тавхай хэсгийг нэлэнхүйд нь хамарсан цус хуралт, зүүн мөр, нуруунд зулгаралт, нэг хурууны хумсны мултрал, шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Намжилсүрэн нь 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 19-13 тоотод иргэн Ж.Даваачимэгийг хулгай хийлээ гэх шалтгааны улмаас зодож биед нь тархи доргилт, баруун, зүүн бугалга, шуу, нуруу, баруун, зүүн гуя, зүүн тавхай хэсгийг нэлэнхүйд нь хамарсан цус хуралт, зүүн мөр, нуруунд зулгаралт, нэг хурууны хумсны мултрал, шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

       Хохирогч Ж.Даваачимэгийн: “...Намжилсүрэн намайг хоёр удаа зодсон. Эхлээд бүжгэн дээрээс барьж аваад 7 дугаар сарын 30-ны шөнө гэртээ аваачаад галын хайчаар цохиж зодсон. ...дараа нь 7 дугаар сарын 30-ны үдээс хойш намайг цагдаа дээрээс барьж аваад гэртээ аваачаад хашаан дотроо гараашныхаа хажууд мотоциклийн амартизатороор цохиж зодсон. ...зодуулсны дараа биеэ харахад бие маань энд тэндгүй хөхөрчихсөн байсан. ..намайг гэрээсээ хулгай хийсэн байна, хулгай хийсэн зүйлээ гаргаж өг, хаана байна гээд зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

          Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч О.Ням-Осорын 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 479 дугаартай

       - Жавзандуламын Даваачимэгийн биед гэмтэл тогтоогдлоо.

       - Жавзандуламын Даваачимэгийн биед тархи доргилт, баруун, зүүн бугалга, шуу, нуруу, баруун, зүүн гуя, зүүн тавхай хэсгийг нэлэнхүйд нь хамарсан цус хуралт, зүүн мөр, нуруунд зулгаралт, нэг хурууны хумсны мултрал, шарх бүхий гэмтэл учирсан байна.

        - Тухайн үүссэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна.

        - Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

        - Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

        - Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 16-р хуудас/,

       Шүүгдэгч Ц.Намжилсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр манай гэрт хулгайч орж эд зүйл алдагдсан юм. Манай гэрээс Даваачимэг хулгай хийснийг мэдээд Даваачимэгийг бүжгэн дээр явж байхад нь олж аваад хулгай хийсэн эд зүйл хаана байгааг зааж өгөхийг хүсэхэд ийш тийш яваад худлаа хэлээд байхаар нь миний уур хүрээд 2 алгадаад галын хайчаар гарын булчин тус газарт цохьчихсон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Ц.Намжилсүрэн нь ам бүл 4, 9 настай хүү Н.Ууганбаяр, 3 настай хүү Н.Содбаяр, 9 сартай охин Н.Номин-Эрдэнэ нарын хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11  дүгээр багийн 19-13 тоотод оршин суудаг өрх толгойлсон эмэгтэй мөн болохыг тодорхойлов гэх Мөрөн сумын Наран багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 29 дүгээр хуудас/ хэрэгт авагдсан байх тул түүний хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч Ж.Даваачимэг нь хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч Ц.Намжилсүрэнг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн 1738001070038 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Хотгойд овогт Цэрэнсүрэнгийн Намжилсүрэнг бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Намжилсүрэнд ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Намжилсүрэнд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдахыг үүрэг болгосугай.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

      5. Ялтны ял эдлэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

      6. Эрүүгийн 1738001070038 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Намжилсүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.НЯМСҮРЭН