Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1288

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/01206 дугаар шийдвэртэй

                         

Хүсэлт гаргагч Ш.Б-гийн нэхэмжлэлтэй

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан этгээдийн нөхөн олговор гаргуулахыг хүссэн иргэний хэргийг

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, түүний өмгөөлөгч С.Т, прокурор Д.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Хүсэлт гаргагч Ш.Б-гийн шүүхэд гаргасан хүсэлт болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би өвөөгөө сайн мэдэхгүй, миний аав бол Монгол Улсын шинжлэх ухааны салбарт насаараа ажилласан Шагдарын Бира гэж хүн. Аав маань 10 настай байхдаа эцгийгээ алдаад хүнд, хэцүү амьдралаар амьдарч ирсэн. Манай өвөө Шагдар буюу Шагдаржав нь 1911 онд Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө зүтгэж, үүнийхээ төлөө Богд хаант Засгийн газраас цол, шагналаар шагнуулж байсан нь манай улсын архив, тагнуулын архивт хадгалагдан үлдсэн байдаг. Манай өвөө 13 хүүхэдтэй байсан бөгөөд хамгийн бага нь миний аав Ш.Б- байсан. 7 хүүхэд нь халдварт өвчнөөр нас барж, ах, эгч нар нь манай аавыг хүн болгож хүмүүжүүлсэн гэж аав минь ярьдаг. Өвөө Шагдаржав маань Монголын 30 баяны нэг гэгдэж явсан бөгөөд 1931 онд баригдаад 1932 онд суллагдсан. 1938 онд 3 дугаар сард улс төрийн хилс хэрэгт дахин баривчлагдаж, 1938 оны 4 дүгээр сард Онцгой бүрэн эрхт тусгай комиссын хурлын 15 дугаар тогтоолоор буудан алах ялаар шийтгэгдсэн. Ингэхдээ хамаг хөрөнгөө хураалгасан бөгөөд үүнээс үр, хүүхдүүдэд нь юу ч оногдоогүй, бүгд хөсөр хаягдаж, маш их хохирол амссан. Түүний хэргийг шалгаад 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсын Дээд шүүхийн цэргийн коллегийн 176 дугаар магадлалаар цагаатгаж, 1994 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гэрчилгээ өгсөн. 1998 онд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд заасан 1 000 000 төгрөгийн нөхөн олговрыг авсан. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд орсон нэмэлтээр 80 000 000 төгрөгийн нөхөн олговор олгохоор болсныг дуулаад аавын минь ач буян харж үзэж байна гээд аав маань их баярлаж байгаа. Аав маань 1965 онд Хан-Уул дүүрэгт байрлах 120 мянгатын байранд орсон бөгөөд уг байраа зараад дээр нь хүүхдүүд нь мөнгө нэмэрлээд одоо амьдарч байгаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Гурван оргил хотхон, 63 дугаар байрны 33 тоот орон сууцыг авсан. Хан-Уул дүүрэг, 120 мянгатад байрлах байр нь түүний аав Шагдаржавтай ямар ч хамааралгүй, түүний гэр орон, эд хөрөнгийг хураасны нөхөн олговорт тооцож өгөөгүй юм. Ааваас минь өөр нөхөн олговор авах эрхтэй хүн гарч ирэхгүй бөгөөд өвөө Шагдаржавын үлдсэн ганц хүүхэд нь манай аав Ш.Б- юм. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, түүний үр, хүүхдүүдэд олгож буй нөхөн олговрыг аав авах эрхтэй гэж үзэж байна. Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд заасны дагуу 80 000 000 төгрөгийн нөхөн олговрыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Прокурор Д.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Ш.Б-гийн төрсөн эцэг Дашдэндэвийн Шагдар /Шагдаржав/ нь 1938 онд улс төрийн хилс хэрэгт баривчлагдаж Онцгой бүрэн эрхий комиссын 1938 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаар хурлын тогтоолоор шүүх цаазын бичгийн 44, 45, 47 дугаар хурлын тогтоолоор ялын дээд хэмжээгээр шийтгүүлж, Улсын Дээд шүүхийн 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 176 дугаар тогтоолоор цагаатгасан тул нөхөн олговрыг төрөөс нэхэмжилжээ. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл, түүний дагуу бүрдүүлсэн материалыг хянахад хилс хэрэгт хэлмэгдсэн Д.Шагдарын төрсөн хүү нь Ш.Б- мөн болох нь тогтоогдож байгаа, эдгээр баримтууд нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна. Иймд Ш.Б- нь нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн байна. Иймд нэхэмжлэгч Ш.Б-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэжээ.

 

Шүүх: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хүсэлт гаргагч Ш.Б-гийн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан этгээдийн нөхөн олговор гаргуулахыг хүссэн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 57 57.1 дэх хүсэлт гаргагч Ш.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О давж заалдах гомдолдоо:

... "Хүсэлт гаргагч Ш.Б-агийн шүүхэд гаргасан хүсэлтийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мөн Прокурор Д.Ширэндэв шүүх хуралдаанд: "...Иргэн Ш.Б-гийн төрсөн эцэг Дашдэндэвийн Шагдар /Шагдаржав/ нь 1938 онд улс төрийн хилс хэрэгт баривчлагдаж Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаар хурлын тогтоолоор шүүх цаазын бичгийн 44,45,47 дугаар хурлын тогтоолоор ялын дээд хэмжээгээр шийтгүүлж, Улсын Дээд шүүхийн 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 176 дугаар тогтоолоор цагаатгагдсан тул нөхөн олговор нэхэмжилжээ. Хүсэлт гаргагч Ш.Б- нь хэлмэгдэгч Дашдэндэвийн Шагдар /Шагдаржав/-ын төрсөн хүүхэд мөн байх тул Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 10 дугаар зүйлийн 10.1.3-т зааснаар нөхөн олговрыг нэхэмжлэх эрхтэй байна. Хүсэлт гаргагч Ш.Б- нь: "... эцэг Д.Шагдар /Шагдаржав/-ыг улс төрийн хилс хэрэгт шийтгүүлж, нас барснаас хойш 1965 онд улсаас Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат,14 дүгээр байрны 6 тоот хаягт байршилтай орон сууцыг авсан, улмаар Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 22 дугаар тогтоолоор С.Дулмаа, Б.Аръяа нарын хамт өмчлөн авсныг 2008 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр иргэн Б.Долгормаа, Ц.Цэцэнбилэг, Ц.Цэцэнзаяа нарын өмчлөлд шилжүүлсэн болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, улсын бүртгэлийн лавлагаа, түүнд хавсаргаж ирүүлсэн баримтуудаар нотлогдож байна гэж тус тус зөв дүгнэсэн атлаа хүсэлт гаргагч Ш.Б- нь урьд улсаас орон сууц өгснийг хувьчлан авсан байх тул дээрх нөхөн олговорт олгох үндэслэлд хамаарахгүй байна гэж Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13-р зүйлийн 13.2.1, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх заалтуудыг илтэд буруу тайлбарлаж, хооронд нь хольж хутган буруу дүгнэлт хийж шийдвэр гарган хүсэлт гаргагч Ш.Б-г хохироож байгаад маш гомдолтой байна. Учир нь дээрх хуулийн заалтуудад хэлмэгдсэн этгээдийн эхнэр нөхөр, үр хүүхэд өмнө нь байр, орон сууц хувьчлан авсан бол нөхөн олговорт олгогдох 80 000 000 төгрөг болон орон сууц, гэрийг олгохгүй гэсэн нэг ч үг үсэг байхгүй байх бөгөөд иргэн Ш.Б- нь 1965 онд өөрийн ариун цагаан хөдөлмөрөөрөө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат, 14 дүгээр байрны 6 тоот хаягт байршилтай орон сууцыг бусад иргэдийн нэгэн адил Нийслэлийн Орон сууц хувьчлах товчооны 1998 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 22 дугаар тогтоолоор өмчлөн авсан гэдэг үндэслэлээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн зохих заалтуудад хамрагдахгүй гэж илт буруу шийдвэр гаргасан. Мөн нэхэмжлэгч Ш.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг төрийг төлөөлөн оролцож байгаа прокуророос бүхэлд нь хүлээн зөвшөөрч дэмжсэн байхад анхан шатны шүүхээс ямар ч үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д "...шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй" гэж заасны дагуу хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангаагүй байна.

 

            Хүсэлт гаргагч Ш.Б- нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай 13 дугаар зүйлийн 13.2.1-д заасан үндэслэлээр хүсэлт гаргаж, үндэслэлээ миний аав Шагдаржав 1938 оны 3 дугаар сард улс төрийн хилс хэрэгт дахин баривчлагдаж,1938 оны 4 дүгээр сард Онцгой бүрэн эрхт тусгай комиссын хурлын 15 дугаар тогтоолоор буудан алах ялаар шийтгүүлж, 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсын Дээд Шүүхийн цэргийн коллегийн 176 дугаар магадлалаар цагаатгагдсан гэж тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хэлмэгдэгч Дашдэндэвийн Шагдаржав нь 1938 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Онцгой бүрэн эрхт комиссын 15 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 44, 45, 47 дугаар тогтоолоор хуулийн дээд хэмжээ буюу буудан алах ялаар шийтгэгдсэн ба Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 176 дугаар магадлалаар хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан болох нь Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн архивын лавлагаа, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 176 дугаар магадлал, Улсын Дээд шүүхээс 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр нөхөн олгосон цагаатгалын үнэмлэх зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-4-7, 10 дугаар тал/

 

Үндэсний төв архивын 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 03-2/290 дугаар “Төв аймгийн Баянгол сумын 1 дүгээр багийн 1933 оны хүн амын тооллогын бүртгэлийн 101 дүгээр хуудсанд: Дашдондогийн Шагдар эрэгтэй, 65 настай, хүү Шагдарын Дамдинсүрэн лам, 24 настай, эхнэр Дашдондогийн Цэндсүрэн 46 настай, дүү Дашдондогийн Буяндэлгэр 46 настай, охин Шагдарын Сугарнэрэн 19 настай, охин Шагдарын Жамбалсүрэн 14 настай, хүү Шагдарын Дондонлигшид 13 настай, хүү Шагдарын Бариа /Бира/ 6 настай гэж бүртгэгдсэн байна” гэх лавлагаа, Шагдарын Бирагийн эцэг нь Д.Шагдар, эх нь Б.Цэндсүрэн гэх лавлагаа, түүний иргэний үнэмлэхний хуулбар, нөхөх олговроо нэхэмжилсэн иргэдийн жагсаалтад Шагдарын Бира нь хэлмэгдэгч Дашдэндэвийн Шагдар /Шагдаржав/-ын хүүхэд нь гэж зарлагдсан Зууны мэдээ сонины 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн №43, 44 дугаарын 5 дугаар талд авагдсан баримтуудаас үзэхэд хүсэлт гаргагч Ш.Б- нь хэлмэгдэгч Дашдэндэвийн Шагдар /Шагдаржав/-ын төрсөн хүүхэд мөн болох нь тогтоогдсон байна.

 

            Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.3-т зааснаар Ш.Б- нь өөрийн эцэг Д.Шагдар /Шагдаржавын/ нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй.

 

Анхан шатны шүүх хүсэлт гаргагч Ш.Б- нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу орон сууц аваагүй, одоог хүртэл орон сууцгүй байгаа гэж үзэхгүй гэсэн үндэслэлээр түүний нөхөн олговор гаргуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

Учир нь, Тагнуулын ерөнхий газрын 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн архивын лавлагаанд “Дашдэндэв /Дашдорж/-ийн Шагдаржав нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харьяат, 1868 онд төрсөн, Ард, ам бүл 6 эхнэр Цэндсүрэн, хүү Дамдинсүрэн, Сугарнаранжав, Бираа, Гэндэнсүрэн, Жамбалсүрэн, хөрөнгө: бод 143, гэр 1. 1932 онд цуурхал тараасан хэргээр 1 жил хоригдсон. Хувийн худалдаа ба малын ажил хийж явсан. Д.Шагдаржавыг 1938 оны 3 дугаар сарын 17-ны өдөр улс төрийн хэрэгт баривчлан, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаар хурлын тогтоолоор, Шүүх цаазын бичгийн 44, 45, 47 дугаар хурлын тогтоолоор хуулийн дээд хэмжээгээр шийтгэсэн. Хэргийг хянаад Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 176 дугаар магадлалаар цагаатгасан” байх бөгөөд хүсэлт гаргагч Ш.Б- нь “аав Д.Шагдаржав нь Монголын 30 баяны нэг байсан ба хөрөнгийг нь хураалгасан, уг хөрөнгөөс үр хүүхдүүдэд нь оногдоогүй” гэх тайлбар гаргасан, түүнд эцгийнх нь хураалгасан хөрөнгийг буцаан олгосон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

            Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Хувьчлах орон сууцыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн үндсэн дээр орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүд тухайн сууцаа хувьчлан авах эрхтэй” гэж заасан бөгөөд Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 22 дугаар тогтоолоор Ш.Б- нь гэр бүлийн гишүүн эхнэр С.Дулмаа, Б.Аръяа нарын хамт 1965 оноос амьдран сууц байсан Хан -Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат, 14 дүгээр байрны 6 тоот хаягт орон сууцыг хувьчлан авчээ.

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараах нөхөх олговрыг доор дурдсанаар олгоно”, 13.2.1-д “Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 000 000 төгрөг олгоно” гэж заасан байна.

 

Иймд хүсэлт гаргагч Ш.Б-гийн Орон сууц хувьчлах тухай хуулийн дагуу гэр бүлийн гишүүдийн хамт хувьчлан авсан орон сууцыг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх заалттай хамааруулан үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Анхан шатны шүүх хуулийн буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул уг үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах шатны шүүхээс хэрэг авагдсан нотлох баримтын хүрээнд үнэлэлт дүгнэлт өгч, хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй гэж тогтов.   

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д заасан үндэслэлээр хүсэлт гаргагч Ш.Б-д 80 000 000 төгрөг гаргуулан олгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүх 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШЗ2019/03569 тоот захирамжид Ш.Б-гийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсан атлаа шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтад хүсэлт гаргагчийн төлөөгүй мөнгийг улсын орлогод оруулахаар шийдсэн нь зөрчилтэй болжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/01206 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн санхүүгийн хэлтсээс 80 000 000 /наян сая/ төгрөг гаргуулан Шагдарын /Шагдаржавын/ Бирад олгосугай.

 

2. Шийдвэрийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, шийдвэрийн 3 дахь заалтын дугаарыг 2, 4 дэх заалтыг 3 гэж тус тус өөрчилсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ш.Б- заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НАРАНЦЭЦЭГ

 

      ШҮҮГЧИД                                     Ш.ОЮУНХАНД

 

Ц.ИЧИНХОРЛОО