Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2021/ДШМ/600

 

Э.Уа, Л.О нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Н.Батсайхан, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Дүүрэнбилэг,

хохирогч Б.За,

хохирогч О.Н, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн,

шүүгдэгч Э.Уа, Л.О нарын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 2021/ШТ/84 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Баярхүүгийн бичсэн 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 26 дугаартай эсэргүүцэл болон шүүгдэгч Э.Уа, Л.О нарын өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан давж заалдах гомдлоор Э.Уа, Л.О нарт холбогдох 1902009090033 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Б овгийн Эийн Уа, 1980 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, - тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:-/;

            Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 210 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

            Чингэлтэй дүүргийн шүүхийн 2000 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 320 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 210 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2001 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 75 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 5 сар 29 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

            Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 264 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хорих ялаар, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар, мөн хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд оногдуулсан хөнгөн ялуудыг хүндэд нь багтаан, нийт 10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 851 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

            2. Б овгийн Лагийн О, 1994 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:-/;

            Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 359 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1,61.4 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

            Шүүгдэгч Э.Уа нь Л.Отай бүлэглэн О.Н, Б.За нарыг насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж, биеийг нь үнэлүүлэх зорилгоор эмзэг байдлыг нь далимдуулан эрхшээлдээ оруулан элсүүлж, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 2-14 тоот гэртээ орогнуулж, тээвэрлүүлэх зорилгоор Л.От дамжуулан улмаар 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэргийг хүүхэд гэдгийг мэдсээр байж, хоёр ба түүнээс олон хүнийг худалдаалж, байнга тогтвортой үйлдсэн гэмт хэргийг зохион байгуулж, хамтран оролцсон,

            шүүгдэгч Л.О нь Э.Уатай бүлэглэн О.Н, Б.За нарыг насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж, эмзэг байдлыг нь далимдуулан биеийг нь үнэлүүлэх зорилгоор Э.Уаас дамжуулан хүлээн авч, улмаар 19-68 УНА улсын дугаартай “Toyota Corolla” загварын тээврийн хэрэгслээр 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт тээвэрлэж, бусдад дамжуулан худалдаалсан гэмт хэргийг хүүхэд гэдгийг мэдсээр байж, хоёр ба түүнээс олон хүнийг худалдаалж, байнга тогтвортой үйлдсэн гэмт хэргийг гардан гүйцэтгэж, хамтран оролцсон тус тус гэмт хэрэгт холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: Э.Уа, Л.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Хохирогч Б.За, насанд хүрээгүй хохирогч Э.Н нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн эрс зөрүүтэй мэдүүлгүүдийг шүүх үнэлэх нотлох баримтын хэмжээнд тооцох эсвэл үгүйсгэх боломжгүй байна. Мөн хохирогч нарын энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр байсан эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тодруулах нь зүйтэй байна.

Үүнээс гадна хохирогч Б.За, насанд хүрээгүй хохирогч Э.Н хувийн байдлыг нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний лавлагаа, урьд ял шийтгүүлсэн эсэх төдийгөөр хязгаарлахгүй гэр бүл, хувийн онцлог шинж зэргийг хамааруулан авч үзэж нэмж тодруулах шаардлагатай...” гэсэн үндэслэлээр Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Уад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар,

шүүгдэгч Л.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1902009090033 дугаартай хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч Э.Уа, Л.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Прокурор Б.Баярхүү бичсэн эсэргүүцэлдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.За, насанд хүрээгүй хохирогч Э.Н нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах, хохирогч нараас удаа дараа мэдүүлэг авах ажиллагааг хийж гүйцэтгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн хамт тухай бүр оролцуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан гэж үзнэ. Мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан тусгай журмыг баримтлан насанд хүрээгүй хохирогч нараас мэдүүлэг авахад “...Э.Уа эгчийнд байрлаж биеэ үнэлдэг байсан, олсон мөнгөнөөсөө Э.Уа эгчид өгдөг байсан, дуудлагаар явахдаа Э.Уа эгч Л.Оыг дууддаг, заримдаа бид өөрсдөө Л.Оыг дуудаж хүргүүлдэг байсан. ...” талаар удаа дараа мэдүүлсэн байдаг. Гэвч 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үеэр насанд хүрээгүй хохирогч нар нь шүүгдэгч Э.Уа, Л.О нарыг гэмт хэрэг үйлдээгүй, бид сайн дураараа биеэ үнэлсэн гэж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдээсээ үндэслэлгүйгээр буцсан. Хэдийгээр насанд хүрээгүй хохирогч нар нь шүүх хуралдааны явцад өмнө нь буюу мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдээсээ буцсан хэдий ч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд нь үнэн зөв болох нь хууль заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрч У.Ану, О.Ууганбаяр нарын мэдүүлгүүд, гэрч У.Анугийн Хаан банк дахь 5429509118 дугаартай, мөн шүүгдэгч Л.Оын Хаан банкин дахь 5071247100 дугаартай харилцах дансны дэлгэрэнгүй хуулгууд, гар утасны бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа, Э.Уын сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогддог. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан ба тус прокурорын газраас Э.Уа, Л.О нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн бөгөөд уг хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзнэ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.За, насанд хүрээгүй хохирогч Э.Н нарын хувийн байдлыг нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний лавлагаа, урьд ял шийтгүүлсэн эсэх төдийгөөр хязгаарлалгүйгээр хохирогч нарын гэр бүл, хувийн байдал онцлог шинжийг шалгаж тогтоох зорилгоор тэдгээрийн гэр бүлийн гишүүн, хууль ёсны төлөөлөгч, дунд сургуулийн багш нар зэрэг хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах, мөн Нийслэлийн Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болон Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн зэрэг эрх бүхий албан тушаалтнаас тодорхойлолт, мэдэгдэх хуудас авах зэргээр хохирогч нарын хувийн байдлыг тогтоох чиглэлээр шаардлагатай бүхий л мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэсэн. Гэвч шүүхийн тогтоолд хохирогч нарын хувийн байдлыг нэмж тодруулах шаардлагатай талаар дурдсан боловч ямар тодорхой ажиллагааг нэмж хийлгэх, юуг тодруулах шаардлагатай талаар тодорхой заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэснийг зөрчсөн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүн худалдаалах” гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа нь хохирогч төвтэй явагддагаараа бусад төрлийн гэмт хэргээс ялгаатай байдаг. Энэ утгаараа хууль тогтоогчоос дээрх гэмт хэргийг шинжийг тодорхойлохдоо тайлбар хэсгийг нэмэлтээр оруулсан. Уг тайлбарт дээрх гэмт хэргийг “хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй.” гэж, мөн “энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход хохирогч өөрийг нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар хохироож байгааг өөрөө зөвшөөрсөн эсэх нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.” гэж заасныг шүүх анхаарч үзэлгүй хэргийг буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 2021/ШТ/84 дугаартай шүүхийн тогтоолыг “шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй”, мөн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг Анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

            Шүүгдэгч Э.Уа, Л.О нарын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Б.За, насанд хүрээгүй хохирогч Э.Н нар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Э.Уа, Л.О нар нь гэм буруутай үйлдэл гаргасан зүйлгүй, бид нар сайн дурын үндсэн дээр бусадтай бэлгийн харьцаанд ордог байсан, бид нарыг бусдад мөнгө олох зорилгоор зарж, худалдсан зүйл байхгүй, мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн мөрдөгч нараас байнгын дарамт шахалтад хууль зөрчиж мэдүүлэг авсан, хэл амаар доромжилж, нэр төрд халддаг байсан. ...” гэжээ. Хэрэгт цугласан нотлох баримтаар насанд хүрээгүй хохирогч О.Н болон Б.За нар нь мөрдөн байцаалтын ажиллагааны явцад процесс ажиллагааны үед хууль зөрчсөн, бид нарын дарамталдаг байсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан хууль ёсны байх, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан эрүү шүүлт хүнлэг бус харьцаж мэдүүлэг авах хууль бус үйлдэл гаргасан. Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авах журмыг зөрснөөс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлахад эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн хуулийн заалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэл тогтоогдож байна. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 84 дугаартай шүүхийн шийтгэх тогтоол нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэргийг прокурорт буцаахдаа урьдчилсан хэлэлцүүлэгийн үед дараах нөхцөл байдал тогтоогдвол хэргийг прокурорт буцаана гэж заасан. Гэтэл уг хэрэгт би өөрөө урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт гаргасан боловч шүүхээс хүсэлтийг хүлээн аваагүй. Эрүүгийн хуулийн зорилт нь гэм буруугийн шүүх хуралдаан хэлэлцэгдсэн үед гэм бурууг нь тогтоох эсвэл цагаатгах гэсэн зорилттой. Гэтэл шүүхийн тогтоолд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Иймд тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 2021//84 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Э.Уа, Л.О нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй байх тул хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Б.За тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатны шүүх хуралдаанд үнэн ярьсан. ...” гэв.

Хохирогч О.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие шүүх хуралдаанд оролцсон. Батцэрэн ахыг дандаа дарамталдаг гэж ярьсан болохоос биш, Ууганаа байцаагчийг мэдүүлгээ ингэж, тэгж авдаг, өгсөн мэдүүлгүүд бүгд худлаа гэж яриагүй. Ууганаа байцаагчид өгсөн мэдүүлгүүд үнэн байгаа. ...” гэв.

Хохирогч О.Нийн өмгөөлөгч Д.Баасансүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын гаргасан эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй байна. Хохирогч нар насанд хүрээгүй хүүхдүүд учраас хэргээ сольж холиод байна. Цацаа, Уа гэх хоёр хүний холбогдох хэрэгт хохирогчоор явж байгаа болохоор сольж яриад байна гэдэг. Хохирогч нар Батцэрэнд дарамтлуулсан, мөн шүүгдэгч нарыг харахаараа буруу зөв хэлдэг талаараа тайлбарласан. Ууганзаяа байцаагчид өгсөн бүх мэдүүлэг үнэн зөв байдаг. Мэдүүлгээсээ буцсан асуудал байхгүй. Шүүгдэгч нар таслан сэргийлэх арга хэмжээ авсантай холбогдуулан хохирогч нарт чатаар нөлөөлсөн асуудал байдаг. Мөн өмгөөлөгч нар нь үг зааж өгсөн байдаг. Эдгээр хүүхдүүд насанд хүрээгүй болохоор өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох буюу өөрөө зөвшөөрсөн эсэхийг харгалзан үзээгүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр хэргийг шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

Прокурор А.Дүүрэнбилэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж байгаа боловч шүүх хуралдааны явцад шүүгч тайлбарласан. Хэргийг цагаатгах үндэслэл байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлобол зохих байдлыг бүрэн тодруулсан. Мөн насанд хүрээгүй хохирогч нараас мөрдөгчийн зүгээс хууль бус дарамт үзүүлэн мэдүүлэг авсан гэж мэдүүлсэн. Гэвч мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтанд гомдол гаргасан зүйл байхгүй. Насанд хүрээгүй хохирогч нарын мэдүүлэг бусад нотлох баримтуудаар давхар нотлогддог. Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэл болон давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос Э.Уа нь Л.Отай бүлэглэн О.Н, Б.За нарыг насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж, биеийг нь үнэлүүлэх зорилгоор эмзэг байдлыг нь далимдуулан эрхшээлдээ оруулан элсүүлж, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 2-14 тоот гэртээ орогнуулж, тээвэрлүүлэх зорилгоор Л.От дамжуулан улмаар 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэргийг хүүхэд гэдгийг мэдсээр байж, хоёр ба түүнээс олон хүнийг худалдаалж, байнга тогтвортой үйлдсэн гэмт хэргийг зохион байгуулж, хамтран оролцсон, шүүгдэгч Л.О нь Э.Уатай бүлэглэн О.Н, Б.За нарыг насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж, эмзэг байдлыг нь далимдуулан биеийг нь үнэлүүлэх зорилгоор Э.Уаас дамжуулан хүлээн авч, улмаар 19-68 УНА улсын дугаартай “Toyota Corolla” загварын тээврийн хэрэгслээр 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт тээвэрлэж, бусдад дамжуулан худалдаалсан гэмт хэргийг хүүхэд гэдгийг мэдсээр байж, хоёр ба түүнээс олон хүнийг худалдаалж, байнга тогтвортой үйлдсэн гэмт хэргийг гардан гүйцэтгэж, хамтран оролцсон” гэж тус тус дүгнэж Э.Уа, Л.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад тус тус зааснаар хэргийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шүүгдэгч Э.Уа, Л.О нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд дахин шалгуулахаар хэргийг прокурорт буцаасан шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, илт үндэслэлгүй болжээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан, анхан шатны шүүхийн тогтоолд заасан “...хохирогч нарын энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр байсан эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгах” шаардлагаггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

Түүнчлэн, яллагдагч, түүний өмгөөлөгч нараас шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж, хэрэгт цугларч, бэхжүүлэгдсэн нотлох баримтын хүрээнд үнэлэлт, дүгнэлт өгч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд прокурор Б.Баярхүүгийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн “хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгах” талаар бичсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Э.Уа, Л.О нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 2021/ШТ/84 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, Э.Уа, Л.О нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл Э.Уа, Л.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

           

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.ОЧ

                        ШҮҮГЧ                                                                       Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ