Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 129/ШШ2023/00184

 

 

 

 

 

 

 

 

 

                              129/ШШ2023/00184

 

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                       

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг ... дугаар хороо ... тоотод оршин суух Д овогт Б

Хариуцагч: А аймгийн Ц сумын ... баг, ... тоотод оршин суух А овгийн Ж.Б

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэг 4,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Б /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл

Хариуцагч Ж.Ба-гад шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Б нь Ж.Ба-д холбогдуулан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэг 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:            

- Би хариуцагч Ж.Ба-ай 2020 оны 11 сарын 06-ны өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Б нарт холбогдох зээлийн гэрээний төлбөр гаргуулах иргэний хэрэгт хариуцагчид эрх зүйн туслалцаа үзүүлж, Ж.Ба, Б нарыг итгэмжлэлийн үндсэн дээр бүрэн төлөөлсөн. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 сарын 20-ны өдрийн 1196 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 7 сарын 09-ний өдрийн 1094 дүгээр магадлалаар дээрх хэргийг шийдвэрлэж дууссан. Ж.Ба-тай байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд төлбөр 3,000,000 төгрөг гэж тохирсон бөгөөд дээрх төлбөрийг 2021 оны 02 сарын 06-нд бүрэн төлж дуусгана гэж заасан. Хариуцагч Ж.Б нь 2021 оны 02 сарын 06-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд гэрээнд заасан төлбөрөө төлөөгүй учир гэрээний 3.4-т заасны дагуу алданги тооцоход 3,000,000 төгрөгийн 0.5 хувийн алданги /өдрийн 15000 төгрөг/ буюу 2021 оны 02 сарын 06-ны өдрөөс 2022 оны 9 сарын 29-ний өдөр хүртэл хугацаа хэтэрсэн 645 хоногийн алданги нь 1,500,000 төгрөг болж байгаа. Гэрээний үндсэн төлбөрт 3,000,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг нийт 4,500,000 төгрөгийг Ж.Б-с нэхэмжилж байна. Би Ж.Ба-ад гэрээний дагуу төлбөрөө төлөх бүтэн 2 жилийн хугацаа олгосон. Төлбөрөө төлөх ямар боломж байгааг Ж.Б-аас тодруулахад өвлийн идэш, модон эдлэл өгөөд төлбөрөө барагдуулъя гэсэн боловч идэш, модон эдлэлийн алиныг нь ч өгөөгүй. Ж.Ба-ас 2020 оны 11 сарын 06-ны өдөр байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу түүнээс үндсэн төлбөрт 3,000,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг нийт 4,500,000 төгрөг гаргуулна гэв.  

 

3. Нэхэмжлэгчээс:

- Б.Би-ний 2021 оны 01 сарын 21-ний өдрийн 3046 дугаар өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн гэрчилгээ

- Б.Б, Ж.Ба нарын 2020 оны 11 сарын 06-ны өдөр байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ

- Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 сарын 20-ны өдрийн 101/ШШ2021/01196 дугаар шийдвэр

- Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 7 сарын 09-ний өдрийн 1094 дүгээр магадлал

- Ж.Ба-аас Б.Билгү-д олгосон 2020 оны 11 сарын 06-ны өдрийн, Ж.Б-ээс Б.Би-д олгосон 2021 оны 02 сарын 04-ний өдрийн итгэмжлэл зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хариуцагч Ж.Ба-с гэрээний үүрэг 4,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгох үндэслэлтэй байна.

 

            2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

- Би хариуцагч Ж.Б-атай 2020 оны 11 сарын 06-ны өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Ба Ж.Ба нарт холбогдох зээлийн гэрээний төлбөр гаргуулах иргэний хэрэгт хариуцагчид эрх зүйн туслалцаа үзүүлж, тэднийг итгэмжлэлийн үндсэн дээр бүрэн төлөөлсөн. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 сарын 20-ны өдрийн 1196 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 7 сарын 09-ний өдрийн 1094 дүгээр магадлалаар дээрх хэрэг шийдвэрлэгдэж дууссан. Ж.Бат-тай байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд төлбөр 3,000,000 төгрөг гэж тохирсон бөгөөд дээрх төлбөрийг 2021 оны 02 сарын 06-нд бүрэн төлж дуусгана гэж заасан боловч 3,000,000 төгрөгийг төлөөгүй учир гэрээний  3.4-т заасны дагуу 0.5 хувийн алдангийг /өдрийн 15000 төгрөг/ 2021 оны 02 сарын 06-ны өдрөөс 2022 оны 9 сарын 29-ний өдөр хүртэл тооцож 1,500,000 төгрөг, үндсэн үүрэг 3,000,000 төгрөг, нийт 4,500,000 төгрөгийг Ж.Ба-аас нэхэмжилж байна гэжээ.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Б.Би-ий 2021 оны 01 сарын 21-ний өдрийн 3046 дугаар өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн гэрчилгээ, Б.Би, Ж.Ба нарын 2020 оны 11 сарын 06-ны өдөр байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 сарын 20-ны өдрийн 101/ШШ2021/01196 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 7 сарын 09-ний өдрийн 1094 дүгээр магадлал, Ж.Ба-гаас Б.Билг-нд олгосон 2020 оны 11 сарын 06-ны өдрийн, Ж.Ба-ээс Б.Билг-д олгосон 2021 оны 02 сарын 04-ний өдрийн итгэмжлэл, нэхэмжлэгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч Б.Би нь хариуцагч Ж.Ба-атай 2020 оны 11 сарын 06-ны өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулжээ.

 

Өмгөөллийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох шалгалтад тэнцэж өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, эрх авсан хуульч өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлнэ гэж заасан бөгөөд өмгөөлөгчөөс үйлчлүүлэгчийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор үзүүлж байгаа хууль зүйн мэргэжлийн туслалцаа үйлчилгээг өмгөөллийн үйл ажиллагаа гэдэг.

 

Нэхэмжлэгч Б.Би хууль зүйн мэргэжлийн туслалцаа үйлчилгээ үзүүлэх эрхтэй болох нь 3046 дугаар өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн гэрчилгээгээр тогтоогдддог бөгөөд тэрээр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулах эрхтэй байна.

 

Б.Би, Ж.Ба-га нарын байгуулсан 2020 оны 11 сарын 06-ны өдрийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 1.2-т Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Ж.Ба-гад холбогдох иргэний хэрэгт үйлчлүүлэгчид холбогдох хууль зүйн туслалцаа үзүүлэх, 4.1-д эрх зүйн туслалцаа үзүүлсний хөлсөнд үйлчлүүлэгч талаас туслалцаа үзүүлэгч талд 3,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсныг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 сарын 20-ны өдрийн 1196 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 7 сарын 09-ний өдрийн 1094 дүгээр магадлалаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.Би нь хариуцагч Ж.Бат-г гэрээнд заасан хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлс 3,000,000 төгрөгийг төлөөгүй гэж нэхэмжилдэг.

 

Талуудын байгуулсан гэрээний 4.1-д  3,000,000 төгрөг төлөхөөр, 4.2-т  урьдчилгаа төлбөрт 500,000 төгрөгийг гэрээ байгуулсан даруй төлнө, үлдэгдэл төлбөрийг 3 сарын дараа төлж барагдуулахаар, 4.3-т үйлчлүүлэгч тал гэрээнд заасан хугацаанд гэрээний төлбөрийг төлөөгүй нөхцөлд 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэгч Б.Бил хариуцагч Ж.Ба-с гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг болон алданги шаардах эрхтэй бөгөөд алданги 1,500,000 төгрөгийг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэж байна.

 

Хариуцагч Ж.Ба 2022 оны 11 сарын 15-ны өдөр нэхэмжлэгч Б.Бил-ий нэхэмжлэлийг гардан авч 2022 оны 11 сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч энэ үүргээ биелүүлээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйүийн 100.3-т заасныг баримтлан хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ж.Бат-с 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Би-нд олгож шийдвэрлэлээ.

 

5. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,050 төгрөгөөс 86,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.Ба-с 86,950 төгрөг болон нэхэмжлэгчийн илүү төлсөн 1100 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ж.Ба-с 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Би-нд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,050 төгрөгөөс 86,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.Б-с 86,950 төгрөг, улсын орлогоос 1100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-нд олгосугай.

 

             3. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй зохигчид гардуулах, гардуулах боломжгүй бол хүргүүлэх бөгөөд ийнхүү хүргүүлснийг гардан авсанд тооцохыг тус тус тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Д.БАЙГАЛМАА