| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2022/02077/И |
| Дугаар | 102/ШШ2023/00245 |
| Огноо | 2023-01-12 |
| Маргааны төрөл | Даалгавар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2023/00245
| 2023 оны 01 сарын 12 өдөр | Дугаар 102/ШШ2023/00245 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо тоотод оршин суух Б овогт Т С /РД: /
Хариуцагч: Баянгол дүүрэг 6 дугаар хороо тоотод оршин суух Б овогт Б Х /РД: /
25,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.А, хариуцагч Б.Х, хариуцагчийн өмгөөлөгч Т.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.С нь хариуцагч Б.Хт холбогдуулан 25,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Уг шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Б.Хаар дамжуулан 35 тонн түлшийг заруулах, хөлс өгөхөөр тохиролцсон, тухайн өдрөө Б.Х нь 35,000,000 төгрөг өгсөн, үүнээс тохиролцсон хөлсийг нь өгсөн ба үлдэгдэл 25,000,000 төгрөгийг удалгүй өгөхөөр тохирсон боловч өгөөгүй тул цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.
1.2. Тухайн үед хариуцагч нь төрийн байгууллагад ажиллаж байгаа, албан тушаал дэвшихээр АТГ-т материалаа хүргүүлсэн байгаа гэж гуйж, төлбөрийг хурдан хугацаанд төлөхөөр болж, 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн дотор 25,000,000 төгрөгийг төлөхөөр 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр “төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн ба цагдаагийн байгууллагад гаргасан гомдлоосоо татгалзсан.
1.3. Хариуцагч нь төлбөр барагдуулах гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа тул үлдэгдэл 25,000,000 төгрөгийг шаардаж байна гэжээ.
2. Хариуцагч нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:
2.1. Нэхэмжлэгчтэй тохиролцож 35тн түлшийг Өмнөговь аймгийн Цагаан-Хад боомтын жолооч нарын түлш худалддаг үнээр худалдаж, түлшний үнэ 35,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн. Гэтэл нэхэмжлэгч нь зах зээлийн үнээс бага үнээр худалдсан үндэслэлээр түлшний зөрүү үнэ 25,000,000 төгрөгийг өгөхгүй байна гэж цагдаагийн газарт гомдол гаргасан.
2.2. Тухайн үед төрийн байгууллагад ажилладаг байсан, мөн янз бүрээр дарамталж байсан тул аргагүйн эрхэнд Т.Соос шагналд авсан мөнгөнөөсөө 3,000,000 төгрөгийг өгөхөөр тохирч бэлнээр өгсөн ба мөн нотариат орж 25,000,000 төгрөгийн баримт үйлдэж, гарын үсэг зурсан. Иймд 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн төлбөр барагдуулах гэрээний дагуу 25,000,000 төгрөг төлөх үндэслэлгүй, мөн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: 419 дүгээр нээлттэй хорих ангийн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 1/400 дугаар тодорхойлолт, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1711 дугаартай прокурорын тогтоол, 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн төлбөр барагдуулах гэрээ, Баянгол дүүргийн 1 дүгээр Цагдаагийн хэлтэст гаргасан Т.Сын өргөдөл, 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, хохирогч, иргэний нэхэмжлэгчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, Баянгол дүүргийн 1 дүгээр Цагдаагийн хэлтэст гаргасан Т.Сын хүсэлт, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, мөн дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Баянгол дүүргийн Прокурорын газарт гаргасан хүсэлтүүд, тэдгээрийн хариу албан бичгүүд, прокурорын тогтоол гардуулсан баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. /ХХ-ийн 5-17, 122-128, 146-149 дугаар тал/
4. Хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгөөгүй байна.
5. Хариуцагч талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шүүх бүрдүүлсэн. Үүнд: Т.Сод холбогдох Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/1536 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2019/ДШМ/1134 дугаар магадлал /ХХ-ийн 70-80 дугаар тал/
6. Шүүхийн санаачлагаар дараах баримтуудыг цуглуулсан байна. Үүнд: Хэрэг бүртгэлтийн 180504073 дугаартай хэргийн материалаас Б.Хаас авсан мэдүүлэг /ХХ-ийн 114-119 дугаар тал/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Б.Хтай тохиролцон 35 тонн түлшийг заруулахаар өгсөн ба тухайн өдрөө 35,000,000 төгрөгийг өгсөн. Түлшний үлдэгдэл төлбөрийг өгөхгүй байсан тул цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулсан. Гомдлыг шалгуулж байх хугацаанд Б.Х нь төрийн байгууллагад ажилладаг, албан тушаал дэвшихээр АТГ-т материалаа хүргүүлсэн байгаа, иймд төлбөрийг төлж барагдуулна гэж гуйсны дагуу 2019 оны 1 дүгээр сарын 31-ний дотор 25,000,000 төгрөг өгөхөөр тохирч, нотариатчаар гэрчлүүлсэн. Иймд түлшний үлдэгдэл төлбөр 25,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: 35тн түлшийг Өмнөговь аймгийн Цагаан хад боомтын жолооч нарын түлш борлуулдаг ханшаар зарж, 35,000,000 төгрөгийг өгсөн. Бид анхнаасаа бөөний үнээр заруулахаар тохирсон. Харин нэхэмжлэгч нь гэнэт зөрүү мөнгө өгөхийг шаардаж, цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ба янз бүрээр дарамтлах болсон, төрийн албанд ажиллаж байсан зэргээс шалтгаалан 25,000,000 төгрөгийн баримтад гарын үсэг зурсан. Уг нь түлш зарсан шагналд авсан мөнгөнөөсөө 3,000,000 төгрөг буцааж төлөхөөр тохирсон байсан. 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн баримтаар мөнгө төлөх үндэслэлгүй, мөн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэжээ.
4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Т.С нь 2018 оны 6 дугаар сард хариуцагч Б.Хаар 35тн түлш заруулах, хөлсөнд нь 6,000,000 төгрөг төлөхөөр тохиролцжээ. Энэхүү гэрээний агуулга, шинж, талуудын хүлээсэн үүргээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээний харилцаа үүссэн байна.
Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Уг гэрээний дагуу хариуцагч нь 35тн түлшийг худалдан борлуулж, нэхэмжлэгчид 35,000,000 төгрөг өгсөн, нэхэмжлэгч нь хариуцагчид тохиролцсон хөлс болох 6,000,000 төгрөгийг өгсөн үйл баримт тогтоогдсон, энэ асуудлаар талууд маргаагүй байна.
Иргэний хуулийн 400 дугаар зүйлийн 400.3 дахь хэсэгт “Даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн шаардлагаар гүйцэтгэж байгаа ажлын явцын талаар мэдээлэх, даалгавар гүйцэтгэхтэй холбогдуулан хүлээж авсан бүх зүйлийг даалгавар өгөгчид нэн даруй шилжүүлэх үүрэгтэй” гэж заасан. Үүнд даалгавар гүйцэтгэхтэй холбогдуулж даалгавар өгөгчөөс хүлээн авсан зүйлээс гадна даалгавар гүйцэтгэх явцад олсон эд хөрөнгө, гэрээний үнэ /эд хөрөнгийн дагалдах зүйлс, үр шим, шаардах эрх гэх мэт/ бүхий л бий болсон зүйлс хамаарна. Өөрөөр хэлбэл даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй гэрээ байгуулсан бол тухайн гэрээний дагуу даалгавар өгөгчийн хүлээж авах бүхий л зүйлсийг даалгавар өгөгчид шилжүүлэх үүргийг хүлээнэ. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас 35тн түлшний үнийг шаардах эрхтэй байна.
Дээрх гэрээний дагуу хариуцагчийн нэхэмжлэгчид төлвөл зохих төлбөрийн хэмжээг 25,000,000 төгрөгөөр тодорхойлж, 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр “төлбөр барагдуулах гэрээ”-г бичгээр хийж, нотариатчаар гэрчлүүлсэн байх ба уг гэрээний дагуу хариуцагч нь 25,000,000 төгрөгийг 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр төлөх үүрэг хүлээжээ. Энэхүү төлбөр төлөх баталгааны баримтад хариуцагч гарын үсэг зурж, нотариатчаар гэрчлүүлсэн үйл баримтад маргаагүй боловч тухайн баримтыг нэхэмжлэгчийн шахалт, дарамтын улмаас үйлдсэн, уг баримтыг үндэслэн төлбөр төлөх үндэслэлгүй, түлшийг Өмнөговь аймгийн Цагаан хад боомт дахь бөөний үнээр худалдан борлуулахаар тохирсоны дагуу худалдаж, 35,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан байна. Тухайн тайлбар, татгалзалтайгаа холбогдуулан хариуцагч нь ямар нэг нотлох баримт гаргаж өгөөгүй байх ба хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагчийн татгалзлын үндэс болж буй нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг татгалзлын үндэс болж байгаа байдлаа нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
Иймд 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн баримтыг үндэслэн хариуцагчийн нэхэмжлэгчийн өмнө гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээг 25,000,000 төгрөг гэж тодорхойлох үндэслэлтэй байх бөгөөд уг төлбөрийн үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.
Дээрх шаардах эрхийг нэхэмжлэгч нь хариуцагчийн эсрэг хэрэгжүүлэхэд тодорхой хугацаатай болохыг Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж заасан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт энэ хуульд өөрөөр заагаагүй бол гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчлэх талаар заажээ. Иймд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах эрхэд хөөн хэлэлцэх хугацаа хамаарах ба тухайн гэрээний төрөлд хөөн хэлэлцэх тусгай хугацааг заагаагүй бол хөөн хэлэлцэх хугацааны ерөнхий зохицуулалт үйлчилнэ. Иймд нэхэмжлэгч нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 3 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ гэж ойлгоно.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно”, мөн зүйлийн 76.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан ...үеэс үүснэ” гэж заасан. Иймд талуудын тохиролцсоноор хариуцагчийн төлбөр төлөх хугацаа 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр дуусах ба нэхэмжлэгч нь гэрээний үүрэг шаардах эрхээ 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэгжүүлэхээр байна. Энэ хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх ба хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй. Ийнхүү хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлгүй гэж үзсэн.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/1536 дугаар шийтгэх тогтоолоор Т.С нь 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр суллагдсан болох нь тогтоогдож байна. /ХХ-ийн 70-80, 128 дугаар тал/
Дээрх хугацаанд нэхэмжлэгч нь олон нийтээс тусгаарлагдаж, тусгай хамгаалалт, хяналт бүхий нөхцөлтэй хорих байгууллагад ял эдэлж байсан нь зөрчигдсөн эрхээ иргэний эрх зүйн хүрээнд хамгаалуулахаар өөрийн нэрийн өмнөөс болон бусад этгээдээр төлөөлүүлэн нэхэмжлэл гаргахад саад болохгүй юм. Иймд дээрх нөхцөл байдал нь хариуцагчийн эсрэг шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй болно.
Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4 дэх хэсэгт “Цэргийн алба хаагчийн итгэмжлэлийг түүний алба хааж байгаа анги, байгууллагын удирдлага, хоригдлын итгэмжлэлийг хорих байгууллагын дарга гэрчилж болно” гэж заасан байх тул ковид-19 цар тахлын улмаас нэхэмжлэгчээс бусдад итгэмжлэл олгох боломжгүй нөхцөл байдал байсан гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна. Мөн Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан хууль хэрэглэх зарчимтай болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан түлшний үлдэгдэл мөнгийг өгөхгүй залилан мэхлэж байгаа үндэслэлээр цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дагуу хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан байх ба хариуцагчийн үйлдэл “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1711 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаажээ. Уг тогтоолыг Т.Сод 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр танилцуулж, түүний өмгөөлөгчид 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гардуулсан баримтыг нэхэмжлэгч тал нотлох баримтаар гаргаж өгсөн байна. Нэхэмжлэгч нь эрх зөрчигдсөн болохоо цагдаагийн байгууллагад гомдол гаргасан үеэс мэдсэн байх ба гомдлыг шалгаж байх хугацаанд талууд харилцан тохиролцож төлбөр төлөх хугацааг тодорхойлсон байна. Иймд прокурорын тогтоолыг Т.Сын өмгөөлөгчид гардуулсан үеэс нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн, энэ үеэс нэхэмжлэгчийг эрх зөрчигдсөн болохоо мэдсэн гэж үзэхгүй бөгөөд шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг өмгөөлөгчид тогтоол гардуулсан үеэс тоолохгүй.
Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж зааснаар хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “төлбөр барагдуулах гэрээ” гэсэн нэр бүхий баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй боловч уг баримтыг талууд үйлдэж, нотариатчаар гэрчлүүлсэн үйл баримтад маргаагүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Хт холбогдох 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Сын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА